- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ЯАМ, ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГААС НИЙТЭЭР ДАГАЖ МӨРДҮҮЛЭХЭЭР ГАРГАСАН ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИГИЙГ ХЯНАЖ БҮРТГЭХ ЖУРАМ
Засгийн газрын 1997 оны 178 дугаар тогтоолын хавсралт
/Засгийн газрын 2003 оны 7 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
ЯАМ, ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГААС НИЙТЭЭР ДАГАЖ МӨРДҮҮЛЭХЭЭР ГАРГАСАН ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИГИЙГ ХЯНАЖ БҮРТГЭХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Яам,тохируулагч агентлагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан эрх зүйн баримт бичгийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг Хууль зүйн яам улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхэд энэ журмыг мөрдөнө.
2.Нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан эрх зүйн баримт бичиг гэдэг нь яам, тохируулагч агентлагаас хуулиар олгогдсон өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар гаргасан тухайн салбарын болон улсын хэмжээнд байнга дагаж мөрдүүлэх заалт бүхий эрх зүйн хэм хэмжээ тогтоосон баримт бичиг /тушаал, тогтоол/-ийг хэлнэ.
3.Яам, тохируулагч агентлаг нь зөвхөн хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон нөхцөлд нийтээр дагаж мөрдүүлэх эрх зүйн баримт бичиг гаргана. Нийтээр дагаж мөрдүүлэх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн баримт бичгийн тэмдэглэх хэсэгт тусгайлан эрх олгосон хууль тогтоомж болон Засгийн газрын тогтоолын заалтыг үндэслэл болгон заавал дурдаж байна.
Хоёр.Эрх зүйн баримт бичгийг хүлээн авах,бүртгэх
1.Яам,тохируулагч агентлаг нь нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан эрх зүйн баримт бичгийнхээ албан ёсны эх хувийг ажлын 5 өдрийн дотор /хэрэв хоёр буюу түүнээс олон яам, тохируулагч агентлаг хамтарч гаргасан бол тухайн баримт бичигт нэр нь эхлэн бичигдсэн яам, тохируулагч агентлаг хариуцан мөн хугацаанд/ улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр Хууль зүйн яаманд ирүүлнэ.
2.Эрх зүйн баримт бичгийг Хууль зүйн яам хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор хянаж, хариуг дор дурдсан хэлбэрээр албан ёсоор бичгээр мэдэгдэх бөгөөд хянуулахаар ирүүлсэн баримт бичгийн эх хувийг буцаахгүй:
а/уг баримт бичиг нь хууль тогтоомжид нийцэж байна гэж үзвэл эрх зүйн баримт бичгийн албан ёсны эх хувь дээр улсын бүртгэлд оруулсан тухай тусгай тэмдэглэл хийн баталгаажуулж, нийтээр дагаж мөрдүүлэхийг зөвшөөрч улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж дугаар олгосон тухай мэдэгдэх хуудас хүргүүлнэ. 2 буюу түүнээс дээш яам, тохируулагч агентлаг хамтран гаргасан баримт бичгийг хянаж бүртгэсэн тухай уг баримт бичигт нэр нь эхлэн бичигдсэн яам, агентлагт мэдэгдэнэ;
б/баримт бичиг нь бүхэлдээ буюу түүний аль нэг заалт нь Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн байвал уул зөрчлийг арилгуулах тухай тодорхой үндэслэл, тайлбар бүхий дүгнэлт гаргаж албан бичгээр хүргүүлнэ.
3.Тухайн баримт бичиг холбогдох хууль тогтоомжид харшилж байгаа тухай Хууль зүйн яамны дүгнэлтийг хүлээн авсан яам, тохируулагч агентлаг өөрийн гаргасан эрх зүйн баримт бичгийнхээ хууль зүйн үндэслэлийг ажлын 5 өдрийн дотор дахин хянан үзэж, зохих хууль тогтоомжид нийцүүлэн өөрчилж улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлнэ.
Хэрэв Хууль зүйн яамны дүгнэлтийг хүлээж авах үндэслэлгүй гэж үзвэл энэ тухайгаа Хууль зүйн яаманд ажлын 5 өдрийн дотор мэдэгдэнэ.
Ийнхүү тухайн яамнаас ирүүлсэн хариуг хууль зүйн үндэслэлгүй гэж үзвэл Хууль зүйн яам дүгнэлтээ Засгийн газарт өргөн мэдүүлж эцэслэн шийдвэрлүүлнэ.
4.Хууль зүйн яаманд хянуулж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй яам, тохируулагч агентлагийн нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан эрх зүйн баримт бичгийг Хууль зүйн яамнаас өргөн мэдүүлсний дагуу Засгийн газар уг эрх зүйн баримт бичгийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүчингүй болгох, эсвэл үйлчлэлийг тодорхой хугацаагаар түр зогсоож зохих нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох даалгавар өгнө. Ийнхүү даалгавар өгөхдөө Засгийн газрын хуралдааны протоколд тэмдэглэнэ. Тухайн яам, агентлаг хэрхэн арга хэмжээ авсан тухайгаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажлын 5 өдрийн дотор мэдэгдэнэ.
5.Хэрэгжүүлэгч агентлагаас батлан гаргасан ийм төрлийн баримт бичгийг эрхлэх асуудлын хүрээ, харьяаллын дагуу тухайн яам хянан хууль тогтоомжид нийцүүлэх арга хэмжээ авна.
6.Шаардлагатай гэж үзвэл холбогдох байгууллагуудын даалгавар, шаардлагаар Хууль зүйн яам, хэрэгжүүлэгч агентлагийн нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан эрх зүйн баримт бичгийг энэ журамд заасны дагуу хянаж болно.
7.Яам, тохируулагч агентлаг нь нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан эрх зүйн баримт бичгээ хүчингүй болгосон тухай шийдвэрээ ажлын 5 өдөрт багтааж Хууль зүйн яаманд ирүүлж улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авахуулна.
Гурав.Эрх зүйн баримт бичгийг мэдээлэх
8.Яам,тохируулагч /шаардлагатай бол хэрэгжүү-лэгч/ агентлагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргаж энэ журмын дагуу бүртгүүлсэн эрх зүйн баримт бичиг болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар Хууль зүйн яам нийтэд тогтмол мэдээлж байна.
9.Яам, тохируулагч агентлагийн нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан эрх зүйн баримт бичгийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг Хууль зүйн яам эрхлэн байгууллага, иргэдэд мэдээллээр зохих журмын дагуу үйлчилнэ.
10.Яам,тохируулагч агентлаг нь өөрийн салбарт нийтээр дагаж мөрдүүлэх эрх зүйн баримт бичгийн бүртгэл, мэдээллийн сан байгуулах, эмхтгэл, лавлагааны материалыг хэвлүүлэхдээ түүнд орж байгаа эрх зүйн баримт бичгүүд нь улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн тухай Хууль зүйн яамны албан ёсны тодорхойлолтыг заавал авна.
---оОо---
Текст томруулах
A
A
A