- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ХАНДИВ ӨРГӨХ, ХАНДИВЛАСАН ЭД ХӨРӨНГИЙГ ЭЗЭМШИХ, АШИГЛАХ, ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 1992 оны 80 дугаар тогтоолын хавсралт
/Засгийн газрын 2003 оны 256 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
ХАНДИВ ӨРГӨХ, ХАНДИВЛАСАН ЭД ХӨРӨНГИЙГ ЭЗЭМШИХ, АШИГЛАХ, ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
1.Аж ахуйн нэгж, төсөвт байгууллага болон олон нийт шашны байгууллага /цаашид "байгууллага" гэнэ/-ын үйл ажиллагааг дэмжиж иргэд, байгууллагаас /цаашид "хандивлагч" гэнэ/ хандив өргөх, хандивласан эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахад энэ журмыг мөрдөнө.
НЭГ.Хандив өргөх
2.Хандивлагчаас төр, байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, туслах зорилгоор сайн дурын үндсэн дээр тодорхой зориулалттайгаар болон зориулалт заахгүйгээр байгууллагын эзэмшилд буцалтгүй өгсөн хөрөнгийг хандивласан эд хөрөнгө гэж үзнэ. Хандивласан эд хөрөнгө нь мөнгөн болон эд хөрөнгө, үнэ төлбөргүй ажилд, үйлчилгээний хэлбэртэй байна.
3.Хандивлагчаас байгууллагад өргөх хандивын эд хөрөнгийн хэмжээнд хязгаар тогтоохгүй.
4.Гадаадын хандивлагч орон, иргэд, олон улсын байгууллагаас төрд хандивласан эд хөрөнгө, мөн байгууллага, хувь хүмүүсээс улс төрийн намуудад хандивласан эд хөрөнгө энэ журамд хамаарахгүй.
ХОЁР.Хандивын эд хөрөнгийг эзэмших
5.Хандивын эд хөрөнгө нь хандивлагчийн эзэмшлээс гарснаар тухайн байгууллагын эзэмшилд тооцогдоно.
6.Байгууллага нь хандивласан эд хөрөнгийг хүлээн аваад түүний зориулалт, тоо хэмжээний талаар хандивлагч иргэд, байгууллагад тодорхойлолт гарган өгч болно.
7.Хандивын эд хөрөнгийг иргэд хувийн өмчөөсөө гаргана.
8.Байгууллага нь хандивласан эд хөрөнгийг зохих ёсоор хүлээн авч орлого болгон бүртгэх ба түүнийг өөрийн мэдлийн хөрөнгийн нэгэн адил эзэмшинэ.
9.Төрд хандивласан эд хөрөнгийг улсын төсөвт оруулж тусад нь бүртгэн зарцуулна.
10.Хандивлагч тодорхой зориулалт зааж, эсвэл заахгүйгээр хандив өргөж болно. Хэрэв тодорхой зориулалт заасан бол байгууллага нь түүнийг зөвхөн уг зориулалтын дагуу зарцуулах үүрэг хүлээнэ.
11.Байгууллага нь тодорхой зориулалт заагаагүй өргөсөн хандивын эд хөрөнгийг энэ журмын гурвын 14-т заасан арга хэмжээнд зориулан ашиглах асуудлыг хамт олны саналын үндсэн дээр шийдвэрлэнэ.
12.Байгууллага нь хандивын эд хөрөнгийг хандивлагч бүрээр, эд хөрөнгийн тоо хэмжээг тусгайлан бүртгэнэ. Хандивлагчаас үнэ төлбөргүй хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээг тухайн үеийн үнэ ханшаар үнэлж орлого болгоно. Байгууллага нь өөрийн үйл ажиллагааны жил, улирлын тайлан тэнцэлд хандивын эд хөрөнгийг тусгана.
13.Хандивын эд хөрөнгийн зарцуулагдаагүй үлдэгдлийг дараа онд шилжүүлэн зарцуулж болно.;
ГУРАВ. Хандивласан эд хөрөнгийг ашиглах, захиран зарцуулах
14.Байгууллага нь хандивласан эд хөрөнгийг өөрийн дүрэм, мөрийн хөтөлбөрт заасан үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах хөрөнгийн нэмэгдэл эх үүсвэр болгон ашиглахын зэрэгцээгээр дор дурдсан арга хэмжээнд зориулан үр ашигтай зарцуулна.Үүнд:
а/өөрийн байгууллагынхаа материаллаг баазыг бэхжүүлэхэд;
б/ажиллагсдынхаа мэргэжил боловсролын түвшинг дээшлүүлэхэд;
в/ядуу дорой амьдралтай иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, орон сууц, ахуйн нөхцөлийг сайжруулахад;
г/түүхийн дурсгалт зүйлийг сэргээн засварлах, соёл урлагийг хөгжүүлэхэд.
15.Байгууллагын эрх захирагч нь хандивласан эд хөрөнгийг зарцуулах талаар шийдвэр гаргаж захиран зарцуулах эрхтэй.
16.Байгууллага нь хандивлагчаас өргөсөн эд хөрөнгийн хэмжээ, зориулалт, зарцуулалтын талаар нийтэд зарлан мэдээлж байна;
17.Хандивласан эд хөрөнгөөс шагнал урамшил олгох, өөр байгууллага, иргэдэд зээлдүүлэх, дахин хандивлах, ивээн тэтгэх болон тэсрэх дэлбэрэх, хорт бодис, хар тамхи, зэвсэг худалдан авах, үйлдвэрлэх, хуулиар хориглосон бусад үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулан ашиглахыг хориглоно.
18.Байгууллага нь хандивласан эд хөрөнгийн ашиглалт, үр дүнгийн талаар хамт олондоо жил тутам тайлангаж байна. Мөн тодорхой зориулалт заасан хандивын эд хөрөнгийн ашиглалтын талаар хандивлагчиддаа тайлагнаж байна.
19.Хандивын эд хөрөнгийн бүртгэл, ашиглалт, зориулалтын байдалд төрийн санхүүгийн хяналт шалгалтын алба хяналт тавьж, шаардлагатай гэж үзвэл баримтын шалгалт хийж, холбогдох арга хэмжээ авч болно.
--------оОо---------
Текст томруулах
A
A
A