A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2001 оны 72 дугаар тогтоолын хавсралт
 
/Засгийн газрын 2003 оны 75 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
 
МОНГОЛ УЛСЫН ВИЗ ОЛГОХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Монгол Улсын виз (цаашид "виз" гэнэ) олгоход Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон энэхүү журмыг мөрдөнө.
2. Энэ журам иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний заалтыг хөндөхгүй.
 
Хоёр. Виз, түүний зэрэг, ангилал
3. Виз нь дипломат, албан, энгийн гэсэн зэрэгтэй байна.  Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд олгох визийн зэрэг нь тэдгээрийн паспорт буюу түүнийг орлох хууль ёсны  баримт бичгийн төрөлд тохирсон байна.
4. Виз нь дор дурдсан ангилалтай байх бөгөөд виз олгохдоо холбогдох ангиллыг заасан латин үсгийг түүнд дараахь байдлаар тэмдэглэнэ:
1/Дипломат төлөөлөгчийн газар болон Консулын газарт ажиллах дипломат ажилтны визэд "D";
2/олон улсын байгууллагын ажилтны визэд "ОҮ";
3/гадаадын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид ажиллах хүний визэд "Т";
4/албан хэргээр зорчих визэд "А";
5/хувийн хэргээр зорчих визэд "Н";
6/жуулчлах визэд "J";
7/суралцах визэд "S";
8/хөдөлмөрийн гэрээгээр ажиллах визэд "HG";
9/цагаачлах визэд  "TS";
10/ажил хэргийн шугамаар ирэх визэд "В";
11/Засгийн газрын бус байгууллага болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагын шугамаар зорчих визэд "О".
 
Гурав. Виз олгох байгууллага, тэдгээрийн эрх, үүрэг
5. Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага виз олгох талаар дараахь эрх, үүрэгтэй:
1/Дипломат, албан зэргийн виз олгох, сунгах, хүчингүй болгох ;
2/Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны зөвшөөрлийг үндэслэн дипломат, албан зэргээс бусад зэрэг, ангиллын виз олгох, сунгах, ангиллыг өөрчлөх, хүчингүй болгох;
3/Монгол Улсын нутаг дэвсгэрт паспорт буюу түүнийг орлох хууль ёсны баримт бичгээ үрэгдүүлэн шинээр дипломат, албан паспорт, буцах үнэмлэх авсан гадаадын иргэнд гарах виз олгох;
4/Дипломат төлөөлөгчийн болон Консулын газар, Монгол Улсын Өргөмжит консулаас олгосон визийн улирлын мэдээг дараа улирлын эхний сарын 16-ны дотор гаргуулан авч нэгдсэн бүртгэл хөтлөх, виз олгох үйл ажиллагаанд хяналт тавих, шалган зааварлах;
5/Энэ журмын 5 дахь заалтын "4"-т заасан мэдээг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба /цаашид "Алба" гэх/-нд мэдээлэх;
6/өөрийн харьяа виз олгох эрх бүхий бусад байгууллагад визийн хуудас олгож, зарцуулалтад нь хяналт тавих.
6. Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас  олгох визэд консулын асуудал хариуцсан хэлтсийн дарга, түүний эзгүйд эрх зүй, консулын асуудал хариуцсан газрын захирал, дэд захирал нар гарын үсэг зурж, визийн тэмдэг дарж баталгаажуулсан байна.
7. Гадаад улсад суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн болон Консулын газар виз олгох талаар дараахь эрх, үүрэгтэй:
1/гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гарах зориулалттайгаас бусад бүх зэрэг, ангиллын виз олгох;
2/Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх гадаадын иргэн, харьяалалгүй хүн виз авах хүсэлт гаргасан тохиолдолд дамжин өнгөрөх визийг галт тэрэг, нисэх онгоцоор зорчигчдод 48 цаг, автомашинаар зорчигчдод тав хүртэл хоногийн хугацаагаар олгох;
3/албаны болон хувийн урилгаар Монгол Улсад ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүн, жуулчдын зохих ангиллын визийг 30 хүртэл хоногийн хугацаагаар олгох;
4/суугаа болон хавсран суугаа орон, тойргийн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа Өргөмжит консулд виз олгох талаар заавар, чиглэл өгөх;
5/виз олгох үед Монгол Улсын виз, бүртгэлийн журмыг тайлбарлах, зөвлөлгөө өгөх.
8.Дипломат төлөөлөгчийн болон Консулын газрын тэргүүн, эсхүл түүнийг орлож байгаа консулын албан тушаалтан визэд гарын үсэг зурж, визийн тэмдэг дарж баталгаажуулсан байна.
9. Алба виз олгох талаар дараахь эрх, үүрэгтэй:
1/гадаадын иргэнд дипломат, албан зэргийнхээс бусад визийг 30 хоногоос дээш хугацаагаар олгох  асуудлыг виз хүсэгчийн материалыг хүлээн авснаас хойш 48 цагийн дотор хянан шийдвэрлэж,  гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын консулын асуудал хариуцсан нэгжид зөвшөөрөл өгөх,  татгалзсан тохиолдолд хүсэлт гаргагч байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд энэ тухай мэдэгдэх;
2/хууль тогтоомжид заасан үндэслэл байвал виз олгохоос татгалзах, визийн хугацааг богиносгох, сунгах,  ангиллыг нь өөрчлөх, олгосон визийг хүчингүй болгох зэрэг асуудлыг хянан шийдвэрлэх буюу холбогдох төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх;
3/Монгол Улсад байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн, харьяалалгүй хүнд гарах, гарах-орох визийг 120 хүртэл хоногийн хугацаагаар олгох;
4/Монгол Улсад байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн, харьяалалгүй хүн гадаадад 120 хүртэл хоногийн хугацаагаар зорчих тохиолдолд Монгол Улсад оршин суух үнэмлэхийг нь  авч хадгалах;
5/Монгол Улсад байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн, харьяалалгүй хүн тус улсаас бүрмөсөн гарч явах, эсхүл 120-иос дээш хоногийн хугацаагаар гадаадад зорчих бол түүний Монгол Улсад оршин суух үнэмлэхийг нь хураан авах;
6/Монгол Улсын хилийн олон улсын нээлттэй боомт дээр гадаадын зорчигчдод орох-гарах визийг 30 хүртэл хоногийн хугацаагаар, дамжин өнгөрөх визийг галт тэрэг, нисэх онгоцоор зорчигчдод 48 цаг, автомашинаар зорчигчдод тав хүртэл хоногийн хугацаагаар олгох. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд Албаны даргын зөвшөөрснөөр гарах виз олгох;
7/Монгол Улсад хуурамч бичиг баримтаар орж ирсэн, эсхүл паспортоо үрэгдүүлсэн, паспорт нь хүчингүй болж гарах үнэмлэх авсан гадаадын иргэнд гарах виз олгох.
10. Визэд Албаны дарга, түүний эзгүйд Зөвшөөрөл, бүртгэлийн хэлтсийн дарга гарын үсэг зурж, визийн тэмдэг дарж баталгаажуулна. Хилийн олон улсын нээлттэй боомт дээр олгосон визэд Албаны даргын эрх олгосноор албаны ажилтан гарын үсэг зурж, визийн тэмдэг дарж баталгаажуулна.
11. Удаа дараа виз, бүртгэлийн журам зөрчиж захиргааны шийтгэл хүлээсэн, тус улсын нутаг дэвсгэрээс албадан гаргах арга хэмжээ авагдсан буюу алан хядах байгууллагын гишүүн, нийгмийн онц аюултай халдварт өвчтэй, мансууруулах бодис хэрэглэгч, худалдан борлуулагч гэж үзэх үндэслэл бүхий этгээдэд болон хуульд заасан бусад үндэслэл байвал  Монгол Улсад орох визийн зөвшөөрөл, виз олгохгүй байх, олгосон зөвшөөрөл, визийг хүчингүй болгож болно.
12. Монгол Улсын Өргөмжит консул гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрлийг үндэслэн орох, орох-гарах, дамжин өнгөрөх виз олгох бөгөөд түүнд Өргөмжит консул гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна.
 
Дөрөв. Бусад зүйл
13. Монгол Улсын виз авсан гадаадын иргэн паспортоо үрэгдүүлсэн, сольсон бөгөөд энэ журмын 18 дахь заалтад заасан хугацаа хэтрээгүй тохиолдолд уг визийг шинэ паспортад нөхөн олгож болно.
14. 30 хоногт багтан тус улсын нутаг дэвсгэрээс гарч чадахгүй болсон гадаадын иргэн, харьяалалгүй хүн визийн хугацаа дуусахаас гурав хоногийн өмнө үндэслэл бүхий хүсэлтээ гаргасан тохиолдолд Алба визийн хугацааг 30 хүртэл хоногийн хугацаагаар нэг удаа сунгаж болно.
15. Визийн хугацааг хэтрүүлсэн бол сунгахдаа хэтэрсэн  хугацааг хасаж тооцно.
16. Визийг хүчингүй болгохдоо түүн дээр "хүчингүй" гэсэн дардас тавина.
17. Визийн хугацааг богиносгох тохиолдолд уг визийг хүчингүй болгож зохих хугацааны визийг шинээр олгоно.
18. Монгол Улсад орох, орох-гарах виз нь олгосон өдрөөс хойш гурван сарын хугацаанд, гарах виз нь олгосон өдрөөс хойш арав хоногийн хугацаанд  хүчин төгөлдөр байна.
19. Визийн үйлчлэх хугацааг Монгол Улсын хилийг нэвтэрсэн өдрөөс эхлэн тооцно.
20. Визийн хураамжийг Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу ногдуулна.
21. Визэд гарын үсэг зурах албан тушаалтны гарын үсэг, дардасны загвар өөрчлөгдөх тохиолдолд гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Алба хилийн цэргийн байгууллагад шинэ загварыг урьдчилан хүргүүлж хуучин загвар хүчингүй болмогц тэр даруй мэдэгдэх арга хэмжээ авна.
22. Гадаадын иргэнийг тус улсад урих урилгын загварыг Албаны дарга батална. Уг урилгын болон түүнд гарын үсэг зурах албан тушаалтны гарын үсэгний загвар, тамга, тэмдэгний дардас, тэдгээрт орсон өөрчлөлтийн талаархи мэдээллийг Дипломат төлөөлөгчийн болон Консулын газарт хүргүүлэх үүргийг Алба, аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль зүйн хэлтэс хариуцна.
23. Виз олгох эрх бүхий байгууллага нь визтэй холбогдох материалыг архивын зааврын дагуу эмхлэн жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор Албанд ирүүлнэ.
     
 
 
-----оОо-----