A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1996 оны 38 дугаар тoгтooлын xaвcpaлт
БАГШЛАХ ЭРХ, МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, ХАСАХ ТУХАЙ ЖУРАМ
  НЭГ.Нийтлэг үндэслэл
1.Энэхүү журмыг хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсрол, техникийн болон мэргэжлийн сургууль, их, дээд сургууль, коллежийн багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасахад дагаж мөрдөнө.
2.Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсрол, техникийн болон мэргэжлийн дунд сургуульд зохих диплом буюу бакалаврын зэрэгтэй; их, дээд сургууль, коллеж  /үндсэн мэргэжлийн хичээлийг/-д магистраас доошгүй зэрэгтэй багшийг ажиллуулна.
  ХОЁР.Багшлах эрх олгох, хасах
З.Багш бэлтгэдэг төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллеж /цаашид "багш бэлтгэдэг сургууль" гэнэ/ төгсөгчид багшлах эрхийн үнэмлэхийг дипломын хавсралт болгож олгоно.
4.Багшаас өөр мэргэжлийн сургууль төгсөгчийг сурган хүмүүжүүлэх боловсрол олгох сургалтад хамруулсны дараа багшлах эрх олгоно.
5.Онцгой авьяас, ур чадвар шаардагдах мэргэжлийг шавь сургалтаар өвлүүлэн эзэмшүүлэх зорилгоор онцгой авъяас, ур чадвартан /боловсролыг нь харгалзахгүйгээр/-ыг сурган хүмүүжүүлэх боловсрол олгох сургалтад хамруулсны дараа их, дээд сургууль, коллеж, техникийн болон мэргэжлийн сургуульд багшлах эрх олгож болно.
6.Ерөнхий боловсролын сургуульд багш дутагдсан нөхцөлд багшлах сонирхолтой бөгөөд 1О дугаар ангийг онц дүнтэй төгсөгчийг сонгон шалгаруулж сурган хүмүүжүүлэх боловсрол олгох сургалтад хамруулан багшлах эрх олгосны дараа гэрээгээр багшлуулж болно. Гэрээнд түүний багшлах хугацааг тусгана. Гэрээний хугацаа дуусмагц багшлах эрх нь хүчингүй болно.
7."Багшлах эрхийн үнэмлэх"-ийн загварыг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална.
8.Сурган хүмүүжүүлэх боловсрол олгох сургалт нь өдрийн, оройн, эчнээ, экстернат хэлбэртэй байна.
9.Боловсролын түвшин, мэргэжлийн онцлогоос нь шалтгаалан багшийн мэргэжил эзэмшээгүй иргэнд сурган хүмүүжүүлэх боловсрол олгох орой, өдрийн сургалтыг дараахь хугацаагаар явуулна:
а/их, дээд сургууль, коллеж, техникийн болон мэргэжлийн сургуульд багшлах дээд боловсролтой иргэнд багшлах эрх олгох сургалт 1,5 сар;
б/техникийн болон мэргэжлийн сургуульд багшлах тусгай дунд боловсролтой иргэнд багшлах эрх олгох сургалт З сар;
в/онцгой авьяас, ур чадвар шаардагдах мэргэжлийг шавилан сургах замаар өвлүүлэн эзэмшүүлэх зорилгоор багшлах бүрэн дунд болон түүнээс доош боловсролтой иргэнд багшлах эрх олгох сургалт 4 сар;
г/10 дугаар анги онц дүнтэй төгсөгчдөөс шалгарсан иргэнд багшлах эрх олгох сургалт 6 сар.
10.Сурган хүмүүжүүлэх боловсрол олгох эчнээ сургалтын хугацааг сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөртэй нь уялдуулан боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
11.Сурган хүмүүжүүлэх боловсрол олгох сургалт явуулах зөвшөөрлийг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага олгоно.
12.Сурган хүмүүжүүлэх боловсрол олгох сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг тухайн сургуулиас сургалтын хэлбэртэй уялдуулан боловсруулж боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн сургуулийн захирал батална.
13.Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас зохих журмын дагуу олгосон зөвшөөрлийг үндэслэн багш бэлтгэдэг их, дээд сургууль, коллеж сурган хүмүүжүүлэх боловсрол олгох сургалтыг зохих төлбөртэйгээр зохион байгуулна. Төлбөрийн жишгийг боловсролын болон санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага зөвшилцөн тогтооно.
14.Сурган хүмүүжүүлэх боловсрол олгох сургалтыг суралцагчдын тооноос хамааруулан зохион байгуулах бөгөөд захиалгыг дор дурдсанаар хийнэ:
а/ерөнхий боловсрол, техникийн болон мэргэжлийн сургуулийн сурган хүмүүжүүлэх зөвлөлийн дүгнэлт, саналыг үндэслэн тухайн сум, дүүргийн Засаг дарга;
б/их, дээд сургуулийн эрдмийн зөвлөлийн дүгнэлт, саналыг үндэслэн тухайн сургуулийн захирал;
в/коллежийн сургалт арга зүйн зөвлөлийн дүгнэлт, саналыг үндэслэн тухайн коллежийн захирал.
15.Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсрол, техникийн болон мэргэжлийн сургуулийн удирдах зөвлөлийн тодорхойлолт, сумын Засаг дарга, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дүгнэлт, саналыг үндэслэн аймаг, дүүргийн Засаг дарга, эрдмийн болон сургалт арга зүйн зөвлөлийн дүгнэлт саналыг үндэслэн тухайн их, дээд сургууль, коллежийн захирал дараахь тохиолдолд багшлах эрхийг тус тус хасна:
а/түвшин тогтоох шалгалтаар сургалтыг онол-арга зүйн зохих түвшинд явуулах чадваргүй болох нь тогтоогдсон;
б/төр,засгийн эсрэг үйл ажиллагаа явуулах, төрийн нууцыг задлах, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, садар самуунд оролцох, хүчирхийлэх зэргээр гэмт хэрэг үйлдсэн, тэдгээрт суралцагчийг албадан оруулж багшийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчин хууль тогтоомжийг гажуудуулсан;
в/боловсролын баримт бичгийг санаатайгаар хуурамчаар үйлдсэн, түүнчлэн суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг буруу үнэлсний улмаас хөдөлмөрийн хуулийн дагуу сахилгын шийтгэлийг шат дараалан оногдуулсан боловч дээрх дутагдал давтагдсан;
г/хариуцлагагүйн улмаас хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны норм, хэм хэмжээг зөрчиж суралцагчийн бие эрхтэнд ноцтой гэмтэл учруулсан.
16.Багшлах эрхийг хасах талаар эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн иргэн гомдлоо шүүхэд гаргана.
17.Багшийн эрхийг хассан байгууллага шийдвэрээ хүчингүй болгох замаар багшлах эрхийг сэргээж болно.
  ГУРАВ.Багшийн мэргэжлийн зэрэг олгох,хасах
18.Багшийн мэргэжлийн зэрэг нь түүний оюуны чадавхи, мэргэжлийн түвшин, ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, онол, заах аргын мэдлэгийн дээшлэлтийг үнэлэх шалгуур мөн.
19.Багшид энэ журамд заасан болзол, шалгуурыг үндэслэн зөвлөх багш, тэргүүлэх багш, заах аргач багш гэсэн зэрэг олгоно.
20.Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсрол, техникийн болон мэргэжлийн сургуулийн багшид мэргэжлийн зэрэг олгоход дараахь болзол, шалгуур үзүүлэлтийг үндэс болгоно:
а/зөвлөх багш:             
-сурган хүмүүжүүлэх судалгааны ажил хийх, удирдах, төлөвлөх, гүйцэтгэх чадвар сайтай, өөрийн болон бусад сургууль, цэцэрлэгийн багш нарт мэргэжлийн ба арга зүйн зөвлөлгөө өгөх, сургалт явуулах түвшинд хүрсэн, сурах бичиг, гарын авлага, зөвлөмж бичсэн, сурган хүмүүжүүлэх уншлагад улсад шалгарч байсан;
-үйл ажиллагаа, ажлын түвшингийн хувьд үлгэр жишээч, "Тэргүүлэх багш"-ийн зэрэг аваад 5-аас доошгүй жил ажилласан;      
-заадаг хичээлийн хувьд агуулга, арга зүй, үнэлгээний стандарт хангасан буюу сүүлийн хичээлийн жил, улирлынхаас сурагчдын сурлагын амжилт, онц ба сайны эзлэх хувь нь "Магадлан шалгах комисс"-ын мэдлэгийн түвшин тогтоох шалгалтын үнэлгээгээр 10-аас илүү хувиар буураагүй байх;     
-уламжлалт олимпиад, уралдаан тэмцээнд багш өөрөө болон бэлтгэсэн шавь нь улсад эхний гурван байрт шалгарсан байх;                  
-багшийн ёс зүйн хэм хэмжээг сахидаг байх.
б/тэргүүлэх багш:        
-ерөнхий боловсрол, техникийн болон мэргэжлийн сургуулийн багшийн хувьд ажиллах хугацаандаа З-аас доошгүй багшийг дадлагажуулан "Заах аргач багш" бэлтгэсэн, хамт олондоо ажил мэргэжлээрээ нөлөөлөх чадвартай болсон, арга туршлага нь нийтэд сурталчлагдсан, заах аргын нэгдлийг З-аас доошгүй жил удирдсан байх;   
-цэцэрлэгийн багшийн хувьд нэг багшийг дадлагажуулан "Заах аргач багш"-аар бэлтгэсэн, заах аргын нэгдлийн ажилд тэргүүлэх үүрэгтэйгээр оролцдог байх;       
-үйл ажиллагаа, ажлын түвшингийн хувьд тэргүүний болон сайн ажиллаж байгаа багшийн үнэлгээ авсан, "Заах аргач багш"-ийн зэрэг аваад З-аас доошгүй жил ажилласан байх;               
-уламжлалт олимпиад, уралдаан тэмцээнд багш өөрөө болон бэлтгэсэн шавь нар нь сум, дүүрэгтээ эхний гурван байранд шалгардаг байх;               
-заадаг хичээлийн агуулга, арга зүй, үнэлгээний стандартыг хангасан буюу сүүлчийн хичээлийн жил, улирлынхаас сурагчдын сурлагын амжилт, онц ба сайны эзлэх хувь нь "Магадлан шалгах комисс"-ын үнэлгээгээр 1О-аас илүү хувиар буураагүй байх;
-багшийн ёс зүйн хэм хэмжээг сахидаг байх.
в/заах аргач багш:      
-өөрийн гэсэн заах арга эзэмшиж, заах аргын нэгдлийн багш нартаа ажил мэргэжлээрээ нөлөөлөх чадвартай болсон байх;                  
-үйл ажиллагаа, ажлын түвшингийн хувьд тэргүүний ба сайн түвшинд ажиллаж байгаа багшийн үнэлгээ аваад З-аас доошгүй жил ажилласан байх;      
-заадаг хичээлийн хувьд агуулга, арга зүй, үнэлгээний стандарт хангасан буюу сүүлийн хичээлийн жил, улирлынхаас "Магадлан шалгах комисс"-ын мэдлэгийн түвшин тогтоох шалгалтын үнэлгээгээр сурагчдын сурлагын амжилт, онц ба сайны эзлэх хувь 10-аас илүү хувиар буураагүй байх;
г/уламжлалт олимпиад, уралдаан тэмцээнд багш өөрөө болон бэлтгэсэн шавь нь амжилттай оролцдог байх;
д/багшийн ёс зүйн хэм хэмжээг сахидаг байх.
21.Их, дээд сургууль, коллежийн багшид зэрэг олгоход дараахь болзол, шалгуур үзүүлэлтийг үндэс болгоно:
а/зөвлөх багш:             
-их, дээд сургууль, коллежид 15-аас доошгүй жил багшилсан;     
-бүтээл нь гадаад,дотоодод хэвлэгдсэн;              
-их, дээд сургууль, коллежийн сурах бичиг, гарын авлага, хичээлийн хэрэглэгдэхүүн 2-оос доошгүйг сүүлийн таван жилд хэвлүүлсэн;      
-шавь сургалтаар магистраас дээш зэрэгтэй боловсон хүчин бэлтгэсэн;   
-судалгаа шинжилгээний үр дүн нь сургалтад, эсвэл үйлдвэрлэлд нэвтэрсэн нь зохих ёсоор батлагдсан байх;            
-магистрант, аспирантын ажлын удирдагч, зөвлөхөөр тогтмол ажилладаг;              
-бусдад үлгэр жишээч,тэргүүний багш байх.
б/тэргүүлэх багш:        
-их,дээд сургууль, коллежид 10-аас доошгүй жил багшилсан;      
-их, дээд сургууль, коллежийн сурах бичиг, гарын авлага 2-оос доошгүйг сүүлийн таван жилд хэвлүүлсэн;   
-шавь сургалтаар магистр бэлтгэсэн;    
-магистрант, аспирантын ажлын удирдагч, зөвлөхөөр тогтмол ажилладаг;              
-бусдад үлгэр жишээч, тэргүүний багш байх.
в/заах аргач багш:      
-их,дээд сургууль,коллежид 5-аас доошгүй жил багшилсан;          
-диплом, бакалавр, магистрын ажлын удирдагч буюу зөвлөхөөр тогтмол ажилладаг;           
-тодорхой чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийж үр дүн нь нийтлэгдсэн, эсвэл үйлдвэрлэлд нэвтэрсэн байх;                             
-оюутны судалгаа шинжилгээний ажил удирддаг, тэдний бүтээл нь сүүлийн 2 жилд улсад болон сургуульдаа байр эзэлсэн;            
-их, дээд сургууль, коллежийн заах арга зүйг эзэмшсэн;
-өөрийн хариуцан заадаг хичээлээр кабинет, лаборатори байгуулсан буюу тохижуулсан, энэ талаар эрх бүхий байгууллагаас гэрчилгээ авсан байх;          
-сургалтдаа компьютер зэрэг орчин үеийн техник хэрэгсэл ашиглаж тодорхой үр дүнд хүрсэн байх;               
-заадаг хичээлээрээ сүүлийн 5 жилд аргачлал, зөвлөмж 2-оос доошгүйг боловсруулан гаргасан, сургалтдаа хэрэглэдэг байх;                  
-гадаад хэлний мэдлэгийг зохих түвшинд эзэмшсэн байх;             
-бусдад үлгэр жишээч, тэргүүний багш байх.
22.Сургалтын онцлог, тавих шаардлагатай нь уялдуулан боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас тухайн их, дээд сургууль, коллежийн зөвлөх багш, тэргүүлэх багш, арга зүйч багшийн мэргэжлийн зэрэг олгоход баримтлах нэмэлт болзол, шалгуурыг тогтоож болно.
2З.Энэ журмын 20, 21 дүгээр зүйлд заасан болон мөн журмын 22 дугаар зүйлийг үндэслэн боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон нэмэлт болзол, шалгуурын нөхцөлийг бүрэн хангасан багш мэргэжлийн зэрэг олгох шалгалтад орж болно.
24.Багшийн мэргэжлийн зэрэг хамгаалуулах шалгалтыг 5 жилд нэг удаа хийнэ.
25.Багшид мэргэжлийн зэрэг олгох, мэргэжлийн зэргийг хамгаалуулах шалгалтыг дараахь байдлаар зохион байгуулна:
а/хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсрол, техникийн болон мэргэжлийн сургуулийн багшийн мэргэжлийн зэргийн шалгалтыг аймаг, дүүргийн нийгмийн бодлогын хэлтэс /Боловсролын асуудал хариуцсан алба/-ийн ажилтан боловсролын мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч, боловсролын төвийн ажилтан, тэргүүний багш нарын бүрэлдэхүүнтэйгээр багшийн мэргэжлийн зэрэг олгох, хамгаалуулах ажлыг эрхлэн явуулах аймаг, дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулсан комисс, их, дээд сургууль, коллежийн багшийн мэргэжлийн шалгалтыг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр байгуулсан комисс тус тус авна;
б/комисс нь багшийн мэргэжлийн зэрэг олгох, хамгаалуулах шалгалт авахдаа сум, дүүргийн мэргэжлийн шалгаруулалтын комисс, тухайн сургуулийн удирдах зөвлөлтэй хамтран энэхүү журамд заасан болзол,шалгуурыг хангасан эсэхийг харгалзан багшийн ажлын түвшин тогтоосон материал, тухайн сургуулийн сурган хүмүүжүүлэх болон эрдмийн зөвлөл, сургалт арга зүйн зөвлөлөөр хэлэлцэж гаргасан дүгнэлт, саналтай танилцаж, шалгалтыг тестийн хэлбэрээр авч дүнг сургуулийн сурган хүмүүжүүлэх хамт олны хуралд танилцуулан саналыг нэгтгэн энэ тухай тэмдэглэл хөтөлнө;
в/комиссын шалгалтын дүн, хамт олны хурлын шийдвэрийг үндэслэн тухайн сургуулийн захирал багш нарт мэргэжлийн зэрэг олгох тухай тушаал гаргана.
г/50-иас дээш насны багш нар болон 20-иос дээш жил багшилсан багш мэргэжлийн зэргээ 2 удаа давтан хамгаалсан бол шалгалтаас чөлөөлөгдөж, 5 жил тутам тайлан хамгаалалт хийнэ. Энэ ажлыг сургууль, аймаг, нийслэлийн боловсролын төв хамтран зохион байгуулна.
26.Дараахь тохиолдолд багшийн мэргэжлийн зэргийг хүчингүйд тооцно:
а/мэргэжлийн ноцтой алдаа гаргасан;
б/мэргэжлийн зэрэг хамгаалах шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаандаа ороогүй;
в/мэргэжлийн зэргээ хамгаалж чадаагүй.             
Хүндэтгэн үзэх шалтгаанаар зэрэг хамгаалах шалгалтад хугацаандаа ороогүй багшийн мэргэжлийн зэргийг хэвээр үлдээж дахин шалгалтад орж хамгаалах хүртэл нь мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгохыг зогсооно.     
Мэргэжлийн зэргээ хамгаалж чадаагүй тохиолдолд дараа жил нь мэргэжлийн зэргээ бататгахаар хүсэлт гаргаж болно. Хэрэв дахин шалгалтаар зэргээ хамгаалж чадахгүй бол зэргийг нь бууруулах буюу хасч болно.
27.Аймаг, нийслэлийн болон боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын комиссын үйл ажиллагаа, шалгалтын дүнд боловсролын улсын хяналтын алба хяналт тавина.
28.Аймаг,дүүрэг болон боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь багш нарын мэргэжлийн онол, арга зүй, эрх зүйн мэдлэгийг шалгах тестийн сантай байх бөгөөд түүнийгээ нууцлан хадгалж байнга баяжуулж байна.
 
------оОо-----