- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ЖУРАМ
Засгийн газрын 2000 оны 56 дугаар тогтоолын хавсралт
Засгийн газрын 2001 оны 265 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон
ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Энэ журмын зорилго нь цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, цацрагийн үүсгүүрийг ашиглах, хадгалах зөвшөөрөл олгох, тэдгээртэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2.Улсын хэмжээнд цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, цацрагийн нэмэгдэл шарлага үүсгэх практик үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг Цацрагийн хяналтын алба (цаашид "Хяналтын алба" гэх) хэрэгжүүлнэ.
3.Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах талаар гарсан хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, бусад эрхийн актын биелэлтэд тавих улсын хяналтыг Хяналтын алба гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн хэрэгжилтийг бүх шатны Засаг дарга, цацрагтай холбогдсон үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд, албан тушаалтан эрх хэмжээнийхээ дагуу хариуцна.
4.Цацрагтай холбогдсон үйл ажиллагаа явуулж буй бүх хуулийн этгээд, иргэн энэ журмыг дагаж мөрдөнө.
5.Энэхүү журамд заасан "цацрагийн үүсгүүр" гэдэгт Цацрагийн аюулгүйн норм /ЦАН-83/-д заасан цацраг идэвхт бодис болон ионжуулагч цацраг гаргагч техник зэрэг үүсгүүрийг ойлгоно.
Хоёр.Цацрагийн үүсгүүрийг ашиглах зөвшөөрөл олгох, зөвшөөрлийг сунгах, цуцлах
6.Энэхүү журмын 8-д заасан шаардлагын дагуу хүсэлт гаргасан дараахь хуулийн этгээд, иргэнд цацрагийн үүсгүүр ашиглах зөвшөөрөл (цаашид "зөвшөөрөл" гэх) олгоно. Үүнд:
а/Монгол Улсын хуулийн этгээд, иргэн;
б/Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд, иргэн.
7.Зөвшөөрөл авахыг хүссэн хуулийн этгээд буюу иргэн нь Хяналтын албанаас баталсан загварын дагуу өргөдөл гарган тус албанд өгнө.
8.Өргөдөлд дор дурдсан баримт бичгийг хавсаргана:
а/цацрагийн үүсгүүр ашиглаж явуулах үйл ажиллагааны техникийн үндэслэл;
б/цацрагийн үүсгүүрийн үйлдвэрийн гэрчилгээ, үндсэн үзүүлэлтүүд;
в/тухайн үүсгүүрийг ашиглах хуулийн этгээдийн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хариуцсан ажилтан томилсон тушаал;
г/практик үйл ажиллагаа явуулах зорилго болон чиглэлийн тухай танилцуулга;
д/практик үйл ажиллагаа явуулах байрны тодорхойлолт;
е/тухайн үүсгүүр нь цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын шаардлагыг хангасан тухай Хяналтын албаны дүгнэлт;
ж/хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм;
з/байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;
и/улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт;
к/хуулийн этгээд, иргэний албан ёсны нэр, хаяг, харилцах утас, факсын дугаарыг тусгасан тодорхойлолт.
9.Зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан хуулийн этгээд, иргэн нь цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах практик үйл ажиллагаа явуулах талаар зохих мэдлэгтэй байна.
10.Энэ журмын 8, 9-д заасан шаардлага, нөхцөлийг хангаагүй тохиолдолд Хяналтын алба өргөдлийг хүлээж авахгүй.
11.Хяналтын алба нь зөвшөөрөл авах тухай өргөдлийг хүлээж авснаас хойш ажлын 10 хоногийн дотор тухайн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг хянан үзэж, шаардлага хангасан гэж үзвэл зөвшөөрөл олгож улсын бүртгэлд бүртгэнэ.
12.Нэг зөвшөөрлийг зөвхөн нэг этгээдийн нэр дээр олгоно.
13.Явуулж буй практик үйл ажиллагааны нөхцөлөөс хамааран зөвшөөрлийг 2 жил хүртэл хугацаагаар олгоно.
14.Зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацаа сунгуулах тухай өргөдлөө Хяналтын албанаас баталсан загварын дагуу тус албанд гаргана. Өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана:
а/практик үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл;
б/улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт;
в/цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хянасан тухай Хяналтын албаны магадалгаа.
15.Хяналтын алба зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор зөвшөөрөл эзэмшигч нь түүнийг сунгуулах шаардлагыг хангасан эсэхийг хянан тогтоож асуудлыг шийдвэрлэнэ.
16.Дараахь тохиолдолд Хяналтын алба зөвшөөрлийг хүчингүй болгоно:
а/зөвшөөрлийг хууль бусаар олж авсан нь тогтоогдсон;
б/бүртгэл, зөвшөөрөлд тусгагдсан нөхцөлийг зөрчсөн, эсхүл зөвшөөрөлд заасан нөхцөл өөрчлөгдсөн;
в/зөвшөөрөл эзэмшигч нь хууль тогтоомж, холбогдох бусад эрхийн акт болон энэхүү журмыг удаа дараа зөрчсөн;
г/зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь нарийн мэргэжлийн ажилтангүй болсон;
д/хуулийн этгээд нь өөрчлөн байгуулагдсан, татан буугдсан, эсхүл дампуурсан нь шүүхээр тогтоогдсон.
Гурав. Цацрагийн үүсгүүрээс хамгаалах, түүнийг ашиглах,үйлдвэрлэх,экспортлох,импортлох, хадгалах, тээвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, цацраг идэвхт хаягдлыг булшлахад тавих шаардлага
17.Цацрагийн үүсгүүрээс хамгаалахад тавих шаардлага:
а/цацрагийн үүсгүүрийг ашиглах явцад хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх хортой нөлөөллөөс хамгаалах арга хэмжээг практик үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд, иргэн өөрийн зардлаар хэрэгжүүлнэ;
б/хуулийн этгээд практик үйл ажиллагаа явуулахдаа энэхүү журам, холбогдох бусад норм, дүрэм, технологийн горимыг мөрдөж ажиллана.
Энэ журамд заасан норм, дүрэм, технологийн горимыг Хяналтын алба тогтооно.
18.Цацрагийн үүсгүүрийг үйлдвэрлэх, экспортлох, импортлоход тавих шаардлага:
а/цацрагийн үүсгүүрийг үйлдвэрлэхдээ тухайн үйлдвэрт ашиглах, шинээр гарган авах үүсгүүрийн шинж чанар, цацрагийн төрөл, цацраг идэвхийн хэмжээ, нөлөөллийн талаар тодорхой мэдээлэл бэлтгэж Хяналтын албанд гаргаж өгнө;
б/цацрагийн үүсгүүрийг үйлдвэрлэх, экспортлох, импортлоход Хяналтын албанаас дүгнэлт гаргуулж, зөвшөөрөл авна;
в/цацрагийн үүсгүүрийг үйлдвэрлэхэд 18-аас дээш насны зохих мэдлэг, дадлага туршлагатай хүнийг ажиллуулна.
19.Цацрагийн үүсгүүрийг хадгалахад тавих шаардлага:
а/тухайн үүсгүүрийн онцлог шинж чанарыг харгалзан түүнийг зориулалтын тусгай байранд цацрагийн хамгаалалт, аюулгүйн дүрмийн дагуу хадгална;
б/цацраг идэвхийн хэмжээ нь технологийн болон аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй болсон, эсхүл ашиглагдахгүй байгаа цацрагийн үүсгүүрийг улсын төвлөрсөн, тусгай зориулалтын байранд хадгална;
Улсын төвлөрсөн хадгалах байр нь улсын онцгой объект байна.
в/цацрагийн үүсгүүр алдагдсан нь илэрсэн тохиолдолд Хяналтын алба, Цагдаагийн болон Тагнуулын ерөнхий газарт нэн даруй мэдэгдэнэ.
20.Цацрагийн үүсгүүр, цацраг идэвхт хаягдлыг тээвэрлэхэд тавих шаардлага:
а/цацрагийн үүсгүүр, цацрагийн үүсгүүртэй аппарат, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг тээвэрлэхэд эрх бүхий байгууллагаас баталсан дүрмийг мөрдөнө;
б/цацрагийн үүсгүүрийг хүн, мал, амьтан болон бараа, бүтээгдэхүүнтэй хамт тээвэрлэхийг хориглоно;
в/хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол цацрагийн үүсгүүрийг улс хооронд тээвэрлэхэд олон улсын байгууллагын зөвлөмж болон гэрээг дагаж мөрдөнө.
21.Цацраг идэвхт хаягдлыг тээвэрлэхэд энэ журмын 20-д заасан журмыг мөрдөнө.
22.Цацрагийн үүсгүүрийг ашиглахад тавих шаардлага:
а/цацрагийн үүсгүүрийн ашиглалтын бүртгэлийг хөтөлж, тайлан, мэдээгээ Хяналтын албанд жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор гаргаж өгнө;
б/цацрагийн үүсгүүрийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор Хяналтын алба, Тагнуулын ерөнхий газар болон түүний орон нутгийн салбар нэгжид мэдэгдэж бүртгүүлнэ;
в/практик үйл ажиллагааг цацрагийн аюулгүйн норм, дүрэм болон хөдөлмөр хамгааллын нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан зориулалтын байранд явуулна;
г/практик үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд, иргэн аюулгүй ажиллагааны дүрмийг боловсруулж, байцаагчаар батлуулан үйл ажиллагаандаа мөрдөнө;
д/гарсан осол, зөрчлийг Хяналтын алба болон иргэний хамгаалалтын байгууллагад нэн даруй мэдээлж, ослын хор уршгийг арилгах, аюулгүй болгох арга хэмжээг холбогдох хууль, дүрэм, журмын дагуу яаралтай авч хэрэгжүүлнэ;
е/цацрагтай ажиллагсад нь тусгай хөтөлбөр, журмын дагуу явагдах цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын сургалт, давтан сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байна;
ж/хуулийн этгээд,иргэн нь практик үйл ажиллагааны явцад гарч болзошгүй ослоос сэргийлэх, ослын хор уршгийн цар хүрээг харгалзан түүнийг арилгах, аюулгүй болгох арга хэмжээг өөрийн зардлаар хэрэгжүүлнэ;
з/цацрагийн үүсгүүрийг Хяналтын албаны зөвшөөрөлгүйгээр шуудангаар илгээх, хөндлөнгийн хүнээр дамжуулах, биедээ авч нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг хориглоно.
и/цацрагийн үүсгүүр, цөмийн материалыг зэвсгийн зориулалтаар үйлдвэрлэх, нөөцөлж хадгалахыг хориглоно;
к/цацрагийн үүсгүүрийн нэр төрөл, шинж чанар, идэвхийн хэмжээ, хэрэглэх зориулалт, аргачлал нь тодорхой бус бол түүнийг хэрэглэхийг хориглоно.
23.Цацрагийн үүсгүүр, цацраг идэвхт хаягдал, цөмийн материалыг улсын хилээр нэвтрүүлэхэд тавих шаардлага:
а/зохих журмын дагуу авсан зөвшөөрөлгүйгээр цацрагийн үүсгүүр болон цацрагийн үүсгүүр бүхий аппарат, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно;
б/цацрагийн үүсгүүр болон цацрагийн үүсгүүр бүхий аппарат, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг улсын хилээр нэвтрүүлэхэд тавих хяналтыг гаалийн байгууллага Хяналтын албатай хамтран хэрэгжүүлнэ.
24.Цацраг идэвхт хаягдлыг булшлахад тавих шаардлага:
а/цацрагийн хяналтын улсын байцаагчаар дүгнэлт гаргуулан Хяналтын албанаас зөвшөөрөл авсны үндсэн дээр цацраг идэвхт хаягдлыг булшилна;
б/цацраг идэвхт хаягдлыг булшлахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гаргуулсан байна;
в/цацраг идэвхт хаягдлыг булшлах ажлыг холбогдох мэргэжилтний удирдлага, цацрагийн хяналтын болон төрийн захиргааны мэргэжлийн хяналтын холбогдох байгууллагын байцаагч нарын хяналтын дор гүйцэтгэнэ.
Дөрөв.Мэргэжлийн болон эмнэлгийн шарлагад тавих хязгаарлалт
25.Цацрагтай ажиллагчид нь хувийн дозиметрийн хяналтад заавал хамрагдана.
26.Цацрагтай ажиллагчид нь цацрагийн аюулгүйн нормд заасан тунгийн хязгаараас илүү шарлагад өртөж болохгүй.
27.Цацрагийн үүсгүүрээр оношилгоо, эмчилгээ хийхдээ энэ журам, цацрагийн аюулгүйн норм болон бусад холбогдох дүрэм, журмыг хатуу мөрдөж ажиллана.
28.Цацрагийн үүсгүүрээр оношилгоо, эмчилгээ хийхэд ашиглаж байгаа багаж төхөөрөмж, аппаратын тохируулга, баталгаажуулалт, хяналтыг тогтмол хийж байна.
29.Жирэмсэн эх буюу өсвөр насны хүүхдэд цацрагийн үүсгүүрээр оношилгоо, эмчилгээ хийхдээ тухайн өвчтөн буюу түүнийг хуулийн дагуу төлөөлөх этгээдийн зөвшөөрлийг үндэслэнэ.
30.Рентген оношилгооны явцад тухайн өвчтөнөөс бусад хүмүүсийг үндэслэлгүйгээр цацрагийн шарлагад өртүүлэхийг хориглоно.
31.Цацрагтай ажиллагчид нь цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын шаардлага, хөдөлмөрийн хэвийн нөхцөлийг хангах асуудлаар холбогдох байгууллагын захиргаанд шаардлага тавих, ажиллахаас татгалзах, Хяналтын албанд хандах эрхтэй.
Тав.Цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглахад тавих үндсэн шаардлага
32.Цацраг идэвхт ашигт малтмал, хүдэр (цаашид "цацраг идэвхт ашигт малтмал" гэх)-ийг ашиглах, олборлох, боловсруулах, баяжуулах, импортлох, экспортлох, тээвэрлэх, гарах хаягдлыг булшлах, ашиглалтын дараа газрыг сэргээх зэрэг үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд, иргэн, гадаадын болон олон улсын байгууллага нь Хяналтын албанаас зөвшөөрөл авна.
33.Энэ журмын 32-т заасан үйл ажиллагаа явуулах явцад хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлөхөөс хамгаалах арга хэмжээг уг үйл ажиллагааг явуулж буй иргэн, дотоодын болон гадаадын хуулийн этгээд, олон улсын байгууллага өөрийн зардлаар хэрэгжүүлнэ.
34.Иргэн, дотоодын болон гадаадын хуулийн этгээд, олон улсын байгууллага нь энэ журмын 32-т заасан үйл ажиллагаа явуулахдаа энэхүү журам болон бусад холбогдох дүрмийг дагаж мөрдөнө.
35.Цацраг идэвхт ашигт малтмалыг тээвэрлэхэд энэ журмын 20-д заасан журмыг дагаж мөрдөнө.
Зургаа.Бусад зүйл
36.Энэхүү журмыг зөрчиж бусдад хохирол учруулсан бол хууль тогтоомжид заасны дагуу гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж зохих хариуцлага хүлээлгэнэ.
----оОо----
Текст томруулах
A
A
A