- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - УЛСЫН ХЭРЭГЦЭЭНД ГЭРЭЭГЭЭР КИНО ХИЙЛГЭХ ТУХАЙ ЖУРАМ
Засгийн газрын 1996 оны 62 дугаар тoгтooлын 1-p xaвcpaлт
Засгийн газрын 2002 оны 35 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон
УЛСЫН ХЭРЭГЦЭЭНД ГЭРЭЭГЭЭР КИНО ХИЙЛГЭХ ТУХАЙ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1. Төрөөс кино урлагийн талаар баримтлах бодлого, чиглэлийн хүрээнд үзэгчдийн оюун санааны эрэлт хэрэгцээнд зориулан зайлшгүй шаардлагатай уран сайхны болон баримтат киног улсын хэрэгцээнд гэрээгээр хийлгэхэд энэхүү журмыг мөрдөнө.
2.Улс, нийгмийн зайлшгүй хэрэгцээ шаардлагыг судлан үзэж, тухайн жилд болох түүхэн тэмдэглэлт үйл явдал болон төр, засгийн арга хэмжээ, тэдгээрийг кино уран бүтээлд тусган харуулах тухай холбогдох байгууллага, газруудын санал, захиалгыг урьдчилан авч улсын хэрэгцээнд гэрээгээр хийх киноны бүтээлийн сэдэв, төлөвлөгөө, урьдчилсан төсвийг гаргасны үндсэн дээр энэ зориулалтаар шаардагдах зардлыг жил бүрийн төвлөрсөн төсөвт тусгуулах асуудлыг соёл, урлагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан гүйцэтгэнэ.
Хоёр.Төсөл сонгож шалгаруулах, санхүүжүүлэх
З.Батлагдсан сэдэв, төлөвлөгөө, төсвийн хүрээнд улсын хэрэгцээнд гэрээгээр хийх уран сайхны, баримтат киноны зохиол болон кино найруулагч, студийг сонгож шалгаруулах ажлыг Монгол Улсын соёл, урлагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон киноны уран бүтээлийн мэргэжлийн комисс (цаашид мэргэжлийн комисс гэнэ) гүйцэтгэнэ.
4.Мэргэжлийн комиссын бүрэлдэхүүн, ажиллах журмыг Монгол Улсын соёл, урлагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж мөрдүүлнэ.
5.Захиалгат киног бүтээхээр шалгарсан кино студи нь кино хийх найруулагч болон бусад уран бүтээлчидтэй гэрээ хийж, тэднийг томилж ажиллуулах шийдвэр гаргана.
6.Соёл, урлаг хөгжүүлэх сан (захиалагч) кино хийх студи (гүйцэтгэгч)-тэй гэрээ байгуулж, кино хийх зардлыг санхүүжүүлнэ.
7.Улсын хэрэгцээнд кино хийх студид эхний ээлжинд үйлдвэрлэлийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний урьдчилгааг олгох бөгөөд кино хийх ажлын явцад зардлын 20 хүртэл хувийг нэмж санхүүжүүлж болно. Харин үлдэх хэсгийг кино үйлдвэрлэл дууссаны дараа гэрээний дагуу эцсийн тооцоо хийж санхүүжүүлнэ.
8.Уран бүтээлчдийн шагналын 60 хувийг урьдчилгаа болгон олгож, үлдсэн хэсгийг олгох, эсэх асуудлыг захиалагч киног хүлээж авсны дараа уг киноны уран сайхны түвшингийн зэрэглэлээс хамааруулан шийдвэрлэнэ. Уг шагналыг захиалагч олгохгүй тохиолдолд уран бүтээлчдийн (хэрвээ тухайн уран бүтээлч буруугүй бол) шагналын үлдэх хэсгийг кино хийх зөвшөөрөл авсан студи хариуцан олгоно.
9.Захиалгаар кино хийх зардлыг улсын төсвөөс жил бүр Соёл, урлаг хөгжүүлэх санд хуваарилж байна. Ийнхүү хуваарилагдсан хөрөнгийг тухайн уран бүтээлийг хийх талаар энэ журмын 6, 7 дугаар зүйлд заасны дагуу байгуулсан гэрээг үндэслэн санхүүжүүлнэ.
10.Улсын захиалгаар баримтат кино, кино мэдээ хийж байгаа кино сурвалжлагч нь улс, олон нийтийн болон бусад байгууллагуудад нэвтрэх эрх эдэлнэ. Тусгай нэвтрэх үнэмлэхийг Монгол Улсын соёл, урлагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн кино сурвалжлагчдад олгоно.
Гурав.Киног хүлээж авах
11.Киног нэг плёнк дээр буулгахаас өмнө мэргэжлийн хүмүүст үзүүлж зөвлөлгөө авах урьдчилсан үзлэгийг кино студи хариуцан зохион байгуулна.
12.Кино үйлдвэрлэл бүрэн дууссаны дараа уг киноны уран сайхны түвшинг Монгол Улсын соёл, урлагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон уран сайхны зөвлөл тогтооно. Киноны уран сайхны түвшинг дараахь З зэрэглэлээр тогтооно:
а/1 дүгээр зэрэглэл:
-урлаг уран сайхан, ур чадварын хувьд мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн;
-захиалагчийн хэрэгцээг бүрэн хангасан;
-дэлхийн кино урлагийн түвшинд хүрэхүйц болсон;
-уран сайхны зөвлөлөөс "Онц" гэсэн үнэлгээ авсан.
б/2 дугаар зэрэглэл:
-урлаг, уран сайхан, ур чадварын хувьд мэргэжлийн түвшинд хийгдсэн;
-захиалагчийн хэрэгцээг хангасан;
-уран сайхны зөвлөлөөс "Сайн"-аас доошгүй үнэлгээ авсан.
в/З дугаар зэрэглэл:
-урлаг уран сайхны хувьд жигд биш, мэргэжлийн дунд түвшинд хийгдсэн;
-захиалагчийн хэрэгцээг бүрэн хангаагүй боловч уг киног хүлээн авахыг зөвшөөрсөн;
-уран сайхны зөвлөлөөс "Дунд"-аас доошгүй үнэлгээ авсан.
Хийсэн кино нь 1 дүгээр зэрэглэлийн түвшинг хангавал уран бүтээлчдэд олгох уран бүтээлийн шагналын үлдсэн хэсгийг 100 хувь, 2 дугаар зэрэглэлийн түвшинг хангавал шагналын үлдсэн хэсгийн 50 хувийг олгоно. Хэрэв уран сайхны зөвлөл уг киног З дугаар зэрэглэлийн түвшинд хийгдсэн байна гэж үнэлбэл шагналын үлдсэн хэсгийг олгохгүй.
13.Бэлэн болсон киног дэлгэцнээ гаргах, дотоод гадаадын киноны байгууллагад худалдах асуудлыг киног дэлгэцнээ гаргах зөвшөөрөл олгох журмын дагуу шийдвэрлэнэ.
14.Улсын хэрэгцээнд гэрээгээр хийсэн киног дууссаны дараа З0 хоногийн дотор захиалагч, гүйцэтгэгч нар байгуулсан гэрээгээ дүгнэж, санхүүгийн тооцоог бүрэн дуусгана.
15.Кино студи (гүйцэтгэгч) нь архивт хадгалуулах зорилгоор киноны эх материал негатив, дууны фонограмм, киноны товч тайлбар, монтажийн хуудас, найруулагчийн төлөвлөгөө позитивын нэг хувийг захиалагчид хүлээлгэн өгнө.
16.Улсын хэрэгцээнд гэрээгээр кино хийх тухай журмыг зөрчиж (санхүүжилтийн хөрөнгийг өөр зориулалтаар ашиглах, гэрээгээр авсан үүргээ зөрчих, биелүүлэхгүй байх гэх мэт) улсад болон уран бүтээлчдэд учруулсан хохирлыг холбогдох кино студиэр төлүүлж цаашид уг кино студид улсын захиалгаар кино хийх зөвшөөрөл олгохгүй байж болно.
17.Кино хийхтэй холбогдсон гэрээ, хөрөнгө санхүүгийн асуудлаар захиалагч, гүйцэтгэгч байгууллагын хооронд маргаан үүсвэл уг асуудлыг зохих дээд шатны байгууллага, эсвэл шүүхээр шийдвэрлүүлнэ.
-------оОо--------
Текст томруулах
A
A
A