A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1996 оны 62 дугаар тoгтooлын  2-p xaвcpaлт
Засгийн газрын 2002 оны 35 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон
КИНОГ ДЭЛГЭЦНЭЭ ГАРГАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТУХАЙ ЖУРАМ
  Нэг.Нийтлэг үндэслэл
1.Монголын киноны уран бүтээлчдийн туурвин нийтэд дэлгэцнээ гаргах уран сайхны болон баримтат, зурмал (мультфильм), хүүхэлдэйн киноны нэгдсэн тоо бүртгэлийг хөтлөх, дүн шинжилгээ хийх, уран сайхны түвшинг үнэлэх, үзэгчид ялангуяа хүүхэд залуучуудын оюуны хэрэгцээ, танин мэдэхүйн эрэлт хэрэгцээг хангахад тус дэмжлэг үзүүлж кино үзвэр, үйлчилгээний ажлыг зохицуулан зохион байгуулахад энэхүү журмын зорилго оршино.
2.Энэхүү журмын дагуу зөвшөөрөл авсан кино олон улсын наадам үзлэгт оролцох хийгээд гадаад, дотоодын зах зээлд борлогдох эрх эдэлнэ.
З.Шинээр хийсэн Монголын уран сайхны болон баримтат, зурмал, хүүхэлдэйн кино, мөн түүнчлэн гадаад орны дэлгэцийн болон дүрс бичлэгийн киног тус улсын нутаг дэвсгэрт дэлгэцнээ гаргаж нийтэд үзүүлэх зөвшөөрөл (цаашид "зөвшөөрөл" гэнэ) олгоход энэ журмыг мөрдөнө.
4.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр кино хийх, үйлдвэрлэх, нийтэд зориулан үзвэр, үйлчилгээ явуулах ажил эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэн энэ журмыг дагаж мөрдөнө.
5.Энэ журмын З-т заасан зөвшөөрлийг Монгол Улсын соёл, урлагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тушаалаар томилогдсон орон тооны бус зөвлөл (цаашид "зөвлөл" гэнэ) олгоно.              
Зөвлөлийн бүрэлдэхүүнд соёл, урлагийн нэрт зүтгэлтэн, судлаачид, төрөл бүрийн мэргэжлийн шинжээчид , уран бүтээлчид, кино үзвэрийн байгууллагын ажилтан, хууль эрх зүйн мэргэжилтэн, хүн амын янз бүрийн хэсгийн төлөөлөгчдийг оруулна.
6.Энэ журам нь байгаль орчныг хамгаалах, шинжлэх ухаан, танин мэдэхүй, сурталчилгааны зориулалттай баримтат кино болон хувь хүний хэрэгцээнд худалдан авсан видео кино, телевизийн нэвтрүүлэг хийх эрх бүхий байгууллагын нэвтрүүлэгт зориулсан кинонд үл хамаарна.
7.Телевизээр нийтэд зориулан үзүүлэх уран сайхны кинонд зөвшөөрөл олгох асуудлыг Радио, телевизийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас жичид нь тогтоож мөрдүүлнэ.
  Хоёр. Зөвшөөрөл олгох үндэслэл, хураамж, үйлчилгээний хөлс
8.Энэ журмын дагуу шинээр хийсэн Монголын дэлгэцийн болон дүрс бичлэгийн (видео) киног дэлгэцнээ гаргах зөвшөөрөл авах байгууллага, хүмүүс дор дурдсан баримт бичгийг бүрдүүлж зөвлөлд ирүүлнэ:
а/киног дэлгэцнээ гаргах зөвшөөрөл хүссэн албан бичиг буюу өргөдөл;
б/киноны товч танилцуулга (киноны нэр, кино хийсэн болон ивээн тэтгэсэн байгууллага, аж ахуйн нэгжийн нэр, зардлын хэмжээ, үргэлжлэх хугацаа, стандарт хэмжээ, хийсэн хугацаа эхэлсэн, дууссан гэх мэт);
в/киноны монтажийн хуудас;
г/зөвшөөрөл олгохоор үзэх киноны хяналтын хувь;
д/зохиогчийн эрхийн хуулийн дагуу уг киног эзэмших эрхийг нотлох гэрчилгээ.
9.Гадаад орноос худалдан авсан дэлгэцийн болон дүрс бичлэгийн киног дэлгэцнээ гаргах зөвшөөрөл олгоход дор дурдсан баримт бичгийг бүрдүүлж зөвлөлд ирүүлнэ:
а/киног дэлгэцнээ гаргах зөвшөөрөл олгохыг хүссэн албан бичиг буюу, өргөдөл;
б/киноны товч танилцуулга (киноны нэр, бүтээсэн улс, төрөл, анги бүлгийн тоо, стандарт хэмжээ, ямар хэлнээ хийгдсэн болох, өнгөт, хар цагаан гэх мэт);
в/тухайн киног худалдан авсан улсын эрх бүхий байгууллагын тухай танилцуулга, хаяг;
г/уг киног худалдан авсан тухай төлбөрийн баримт;
д/зөвшөөрөл олгоход үзүүлэх киноны хувь.
10.Киног гадаад оронд худалдах, солилцоход дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ:
а/киног худалдах, солилцох, хилээр гаргах зөвшөөрөл хүссэн албан бичиг;
б/уг киног дэлгэцнээ гаргах зөвшөөрлийн хуулбар;
в/киног худалдах, солилцох тухай киноны болон эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээний хуулбар;
г/киног захиран зарцуулах эрх бүхий эзэмшигчдийн зөвшөөрөл, зохиогчийн эрхийг эзэмшигчийн гэрчилгээ.
11.Зөвлөл нь гишүүдийнхээ 75-аас доошгүй хувийн бүрэлдэхүүнтэйгээр киног үзэж, нууцаар санал хураан олонхийн саналаар нийтэд үзүүлэх зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.
12.Хуял тачаал (эротик), аймшгийн киног тусгай зэрэглэлд хамааруулж, түүнийг зөвхөн зөвшөөрөгдсөн тодорхой газар гаргаж үзүүлэхээр зөвшөөрөл олгоно.
13.Улс, үндэстэн ястны түүхийг мушгин гуйвуулсан, хооронд нь дайсагнах үзэл санааг агуулж дэвэргэсэн, хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан, гэмт хэргийн үйлдлийн аргыг нарийвчлан үзүүлсэн киног нийтэд зориулан дэлгэцнээ гаргах зөвшөөрөл олгохгүй.
14.Энэ журмын 8, 9, 10-д заасан баримт бичгийг бүрдүүлсэн киног дэлгэцнээ гаргах, худалдах зөвшөөрөл авахыг хүссэн байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хүсэлтийг зөвлөл хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэж зохих хариу өгнө.
15.Киног дэлгэцнээ гаргах зөвшөөрөл олгохдоо хууль тогтоомжид заасны дагуу хураамж, үйлчилгээний хөлс авна.
  Гурав.Хориглох зүйл
16.Киног дэлгэцнээ гаргах зөвшөөрлийг хуулбарлах, бусдад шилжүүлэх болон өөр хэлбэрээр ашиглахыг хориглоно.
17.Зөвлөлөөс зөвшөөрөл аваагүй кино Монгол Улсын нутаг дэвсгэрт дэлгэцнээ гаргахыг хориглоно.
  Дөрөв.Хариуцлага
18.Дэлгэцнээ гаргах зөвшөөрөлгүй киногоор үйлчилсэн, эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар кино үйлчилгээ явуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд Захиргааны хариуцлагын тухайР Монгол Улсын хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
19.Киног дэлгэцнээ гаргах зөвшөөрөл олгох журмын хэрэгжилтэд тавих олон нийтийн хяналт, оролцоог идэвхжүүлэх зорилгоор зохих зөвшөөрөлгүй кино, дүрс бичлэг гаргаж байгаа тухай бодитой үнэн зөв мэдээлэл өгч, тэр нь нотлогдсон тохиолдолд гэм буруутай этгээдэд энэ журмын 18-д заасныг үндэслэн торгууль ногдуулж олсон орлогын хэмжээтэй уялдуулан мэдээлэл өгсөн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд соёл, урлаг хөгжүүлэх сангаас зохих урамшуулал олгоно.
20.Энэ журмыг удаа дараалан зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгж, иргэний урьд нь зөвшөөрөл авсан бол түүнийг нь хүчингүй болгож, зөвшөөрөл дахин олгохгүй байж болно.
-----------оОо----------