A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1996 оны 62 дугаар тoгтooлын 3-p xaвcpaлт
Засгийн газрын 2002 оны 35 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон
ГАДААД БАЙГУУЛЛАГА, ИРГЭДЭД КИНО ЗУРАГ АВАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ
  Нэг.Нийтлэг үндэслэл
1.Тус улсын нутаг дэвсгэрт гадаадын байгууллага, иргэдээс бүх төрлийн мэргэжлийн кино зураг (уран сайхны, баримтат, телевизийн, дүрс бичлэгийн кино) авах (цаашид "кино зураг авах" гэнэ) үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.
2.Гадаадын байгууллага, иргэд Монгол Улсын нутаг дэвсгэрт дангаараа буюу монголын байгууллага, иргэдтэй хамтран кино зураг авах, хамтарсан кино хийхэд Монгол Улсын соёл, урлагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид "эрх бүхий байгууллага" гэнэ)-аас зөвшөөрөл олгоно.
  Хоёр.Зөвшөөрөл олгох үндэслэл, үйлчилгээний төлбөр
З.Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авах гадаадын байгууллага, иргэд хүсэлтээ эрх бүхий байгууллагад урьдчилан ирүүлнэ.
4.Гадаадын байгууллага, иргэдээс Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авах зөвшөөрөл авахын тулд дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ:
а/зөвшөөрөл олгохыг хүссэн албан бичиг буюу өргөдөл;
б/хамтран ажиллах болон үйлчилгээ үзүүлэх байгууллага, аж ахуйн нэгж, иргэнтэй байгуулсан гэрээний хуулбар;
в/зураг авахад хэрэглэх техник хэрэгслийн жагсаалт;
г/авах кино зургийн тухай товч танилцуулга;
д/кино зураг авах Монголын болон гадаадын киноны байгууллага, иргэдийн албан ёсны хаяг;
е/кино зураг авах хугацаанд гадаадын уран бүтээлчдийн Монгол Улсад байрлах хаяг.
5.Зөвшөөрөл олгохыг хүссэн дээрх баримт бичгийг эрх бүхий байгууллага хүлээн авснаас хойш 1 сарын дотор шийдвэрлэж  хариу өгнө.
6.Эрх бүхий байгууллага дор дурдсан зүйлийг кинонд тусган харуулахаар байвал кино зураг авах, хамтран кино бүтээх зөвшөөрөл олгохоос татгалзаж болно:
а/улс, үндэстний түүхийг санаатайгаар мушгин гуйвуулсан, тэдгээрийн хооронд үл итгэх, дайсагнах уур амьсгалыг бий болгоход чиглэсэн;
б/дайн, хүчирхийлэл, садар самууныг сурталчлан харуулсан кино зураг авах;
в/гэмт хэргийн үйлдлийн аргыг кино зурагт нарийвчлан үзүүлэх;
г/Монгол Улсын болон манай иргэдийн нууцыг задруулах хандлагатай;
д/хүний эрхийг зөрчсөн, хувь хүнийг гүтгэсэн, эрх ашгийг нь хохироохоор бол.
7.Тус улсын нутаг дэвсгэр дээр кино зураг авах зөвшөөрөл олгохдоо хууль тогтоомжид заасны дагуу хураамж, үйлчилгээний хөлс авна.
8.Монгол Улсын улс төрийн асуудлаар сурвалжлага хийх телевизийн сурвалжлагад Гадаад харилцааны яамны, хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх, байгаль орчныг хамгаалах, шинжлэх ухаан танин мэдэхүйн сургалтад зориулсан кино хийх зөвшөөрөл олгоход холбогдох яам, газрын санал, тодорхойлолтыг үндэслэн эрх бүхий байгууллага зөвшөөрөл олгоно.
9.Нэг удаа олгох зөвшөөрөл нь тухайн киног хийх хугацаанд хүчин төгөлдөр байна.
10.Эрх бүхий байгууллага нь гадаадын байгууллага, иргэдэд кино зураг авах зөвшөөрөл олгосон тухайгаа холбогдох яам, тусгай газар, аймаг, нийслэл, сумын Засаг даргын Тамгын газарт албан ёсоор мэдэгдэнэ.
11.Кино зураг авах хураамж, үйлчилгээний хөлс төлсөн баримтыг З хувь үйлдэж нэгдүгээр хувийг киноны зураг авах зөвшөөрөл авсан байгууллага (иргэн)-д, хоёрдугаар хувийг гаалийн байгууллагад өгч, гуравдугаар хувь нь зөвшөөрөл олгосон байгууллагад үлдэнэ.
      Энэхүү баримт бичиг нь гадаадын байгууллага, иргэдээс Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авахаар авчирсан кино хальс, киноны тоног төхөөрөмж, бусад материалыг улсын хилээр оруулах, гаргахад үндэслэл болно.
12.Кино зураг авалтын дунд үед угаалгах негатив, зураг авалтын ажиллагаа дууссаны дараа авч явах үлдсэн негативаа хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийн дагалдах хуудсыг кино авах зөвшөөрөл олгосон байгууллагаас гадаадын байгууллага, иргэдэд олгоно. Дагалдах хуудсанд авсан кино зургийн стандарт хэмжээ, плёнкны төрөл, улсын хилээр гарах боомт, тээврийн хэрэгсэл, хугацаа, авч явах албан тушаалтанг тодорхойлж баталгаажуулсан байна.
Гурав. Хориглох зүйл
13.Гадаадын байгууллага, иргэд нь кино зураг авах зөвшөөрлийг өөр зориулалтаар ашиглахыг хориглоно.
Дөрөв. Хариуцлага, хяналт
14.Энэ журмын хэрэгжилтэд соёл, урлагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хяналт тавина.
15.Кино зураг авах зөвшөөрөл бүхий этгээд Монгол Улсын хууль, тогтоомжид харш үйл ажиллагаа явуулбал эрх бүхий байгууллага уг зөвшөөрлийг хүчингүй болгоно. Энэ тохиолдолд хураамж, үйлчилгээний хөлсийг буцааж  олгохгүй.
16.Кино зураг авах зөвшөөрөл авсан байгууллага, иргэн энэ журмыг зөрчиж байна гэж үзвэл Монгол Улсын хууль хяналтын байгууллагуудын оролцоотойгоор гарсан зөрчлийг илрүүлэн арилгах арга хэмжээг авна.
17.Зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн буюу бусдад шилжүүлэн ашигласан, энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Монгол Улсын захиргааны хариуцлагын тухай хуульд заасан хариуцлагыг хүлээлгэнэ.
18.Зөвшөөрөлгүй кино зураг авсан тохиолдолд холбогдох этгээдэд зохих хууль тогтоомжийн дагуу торгууль ногдуулах бөгөөд уг кино зургийн материалыг улсын хилээр гаргахгүй.
19.Энэ журмын хэрэгжилтэд олон нийтийн зүгээс тавих хяналт, оролцоог идэвхжүүлэх зорилгоор журам зөрчсөн тухай бодитой, үнэн зөв мэдээлэл ирүүлсэн байгууллага, иргэдэд зохих урамшлыг Соёл, урлаг хөгжүүлэх сангаас олгоно.