A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1999 оны 108 дугаар тогтоолын хавсралт
 
Засгийн газрын 2003 оны 256 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
 
ӨНДӨР ХЭМЖЭЭНИЙ ЗОЧИН АВАХ, ГАДААДАД АЙЛЧЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ,САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ
 
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын даргатай адилтгах зиндааны гадаадын зочин, төлөөлөгч Монгол Улсад айлчлах болон Монгол Улсаас дээрх албан тушаалтны гадаадад хийх өндөр хэмжээний айлчлалыг төлөвлөх, санхүүжүүлэхэд энэхүү журмыг мөрдлөг болгоно.
2.Өндөр хэмжээний зочин авах, гадаадад айлчлах зардлыг холбогдох Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газартай хамтран Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс баталсан зөвлөмжийн дагуу Гадаад харилцааны яамтай урьдчилан тохиролцсоны үндсэн дээр төлөвлөн тухайн байгууллагын жилийн төлөвлөгөөнд тусгуулахаар төсвийн төлөвлөгөө хэлэлцэх хуульд заасан хугацаанд Сангийн яаманд хүргүүлсэн байна. Сангийн яам өндөр хэмжээний айлчлалын зардлыг тухайн байгууллагын төсөвт зориулалтын дагуу тусгаж өгнө.
3.Төсөв, төлөвлөгөөнд тусгагдаагүй боловч зайлшгүй шаардлагатай төлөвлөгөөт бус өндөр хэмжээний айлчлалын зардлыг тухай бүр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн Засгийн газрын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхээо шийдвэрлэн  түүний дагуу Сангийн яам холбогдох байгууллагад гаргаж өгнө.
 
Хоёр.Төсөв батлах, хяналт тавих
4.Тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан өндөр хэмжээний айлчлалын зардлын төсвийг шаардагдах үйлчилгээний захиалгын дагуу Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар уг арга хэмжээ болохоос өмнө холбогдох газруудаас гаргуулан батлуулж, санхүүжилт хийлгэнэ:
а/Монгол Улсын Ерөнхийлөгчийн шугамаар хийгдэх өндөр хэмжээний айлчлалын төсвийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга баталж, гүйцэтгэлд нь хяналт тавина;
б/Улсын Их Хурлын даргын шугамаар хийгдэх өндөр хэмжээний айлчлалын төсвийг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга баталж, гүйцэтгэлд нь хяналт тавина;
в/Монгол Улсын Ерөнхий сайдын шугамаар хийгдэх өндөр хэмжээний айлчлалын төсвийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга баталж, гүйцэтгэлд нь хяналт тавина.
 
Гурав.Айлчлалын төсөвт зардлыг санхүүжүүлэх
5.Хянан батлагдсан өндөр хэмжээний айлчлалын төсөвт зардлыг холбогдох арга хэмжээнд гарган санхүүжүүлэх, гүйцэтгэлийн  тайланг  уг  арга  хэмжээ  дууссанаас  хойш 10 хоногийн дотор Сангийн яам болон холбогдох газруудад Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар гаргаж өгнө.
6.Төсөвлөгдсөн зардлаас хэмнэсэн мөнгийг Сангийн яамтай тооцоо нийлж зориулалтын дагуу дараагийн арга хэмжээнд зарцуулах үүргийг Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар хүлээнэ.
7.Өндөр хэмжээний айлчлалд зориулан төсөвлөгдсөн хөрөнгийг өөр зүйлд зарцуулахыг хориглоно..
 
 
 
 
 
----оОо----