A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • Хүчингүй болсон - ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ГЭР БҮЛЭЭС СУРАЛЦАГЧИЙН СУРГАЛТЫН ЗАРДЛЫГ ТӨРӨӨС ХАРИУЦАН САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979
/Засгийн газрын 2000 оны 201 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ГЭР БҮЛЭЭС СУРАЛЦАГЧИЙН СУРГАЛТЫН ЗАРДЛЫГ ТӨРӨӨС ХАРИУЦАН САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ
 Нэг.Нийтлэг үндэслэл
      1.Энэхүү  журмыг  өмчийн бүх хэлбэрийн их, дээд сургууль, коллеж, тусгай  мэргэжлийн  дунд сургууль /цаашид "мэргэжлийн сургууль"  гэнэ/-д төрийн албан хаагчийн гэр бүлээс элссэн нэг хүүхэд  /цаашид "суралцагч" гэнэ/-ийн сургалтын зардлыг төрөөс хариуцан санхүүжүүлэхэд мөрдөнө.
      2.Мэргэжлийн  сургуульд  Боловсролын  тухай хуулийн дагуу сургалтын ажил эрхлэхээр тусгай зөвшөөрөл авсан бөгөөд боловсролын  асуудал хариуцсан  төрийн захиргааны төв байгууллагаас баталсан  дүрмийн  дагуу элсэлтийн  шалгалтыг зохион байгуулж оюутан,  сурагч  элсүүлсэн  өмчийн бүх хэлбэрийн их, дээд  сургууль, коллеж, тусгай мэргэжлийн дунд сургуулиуд хамаарна.
      З.Суралцагч нь мэргэжлийн сургуульд элсэн суралцах эрхийг тогтоосон журмын дагуу олж авсан байна.
      4.Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага,  аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн сургуулиуд дараагийн  хичээлийн жилд элсүүлэх элсэгчдийн тоо, сургах мэргэжлийн захиалгыг  жил  бүрийн  З дугаар сарын 1-ний дотор боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
      5.Дараагийн хичээлийн жилд мэргэжлийн сургуулиудад элсүүлэх  хүүхдийн тоо,сургах мэргэжлийн жагсаалтыг энэ журмын 4 дүгээр  зүйлийн  дагуу ирүүлсэн  захиалгыг үндэслэн боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хянаж санхүүгийн  асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр Шинжлэх ухаан, боловсролын яам, Үндэсний  хөгжлийн газраас баталж мэргэжлийн сургуулиудад хүргүүлнэ.
      6.Суралцагчийн  сургалтын зардлыг төрөөс хариуцан санхүү жүүлэх хугацаа  нь тухайн мэргэжлийн сургуулийн сургалтын хөтөлбөрийн  агуулгыг эзэмшүүлэхээр  боловсрол хариуцсан төрийн захиргааны  төв  байгууллагаас тогтоосон хугацаагаар тогтоогдоно.
      7.Төрийн  албан  хаагчийн  гэр  бүлд  Монгол Улсын төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалын  ангилал, төрлийг үндэслэн Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан  төрийн албан хаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэл,  түүнд  хамаарах  албан  тушаалын жагсаалтад орсон албан тушаалыг хашиж байгаа эцэг, эх хамаарна.
      8.Төрийн  албан хаагчийн гэр бүл нь төрөөс зардлыг нь хариуцан  сургах нэг хүүхдээ өөрөө сонгоно.
 Хоёр.Сургалтын зардлыг санхүүжүүлэх
      9.Суралцагчийн  төрөөс  хариуцан  санхүүжүүлэх  сургалтын зардалд багш, хичээлийн туслах ажилтны цалин, нэмэгдэл, бусад нэмэгдэл  хөлс, тэдгээрээс тооцох бүх төрөл /нийгмийн даатгалын,  эрүүл  мэндийн  даатгалын зэрэг/-ийн шимтгэл, ном хэвлэл, сургалтын хэрэгсэл  худалдан  авах, сургалтын материал хэвлэн олшруулах, үйлдвэрлэлийн дадлага, судалгааны ажлын шууд зардал багтана.
      1О.Суралцагчийн  төрөөс  хариуцан  санхүүжүүлэх сургалтын зардлын хэмжээг тухайн мэргэжлийн сургуулийн зэрэглэл, суралцагчийн  эзэмших мэргэжил  зэргийг  харгалзан ангийн ялгавартайгаар  боловсролын болон санхүүгийн  асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хамтран хичээлийн жилээр жил бүрийн 5 дугаар сарын 15-ны дотор тогтооно.
 Хувийн  сургуульд суралцагчийн сургалтын төлбөрийг төрийн өмчийн  адилтгах сургууль,  мэргэжлээр суралцагчийн сургалтын төлбөрийн жишгээр тогтооно.
      11.Суралцагчийн  эцэг /эх/ хүүхдээ тухайн мэргэжлийн сургуульд элссэнээс хойш нэг сарын дотор суралцагчийн зардлыг хэнийхээ нэр  дээр төрөөр хариуцуулан санхүүжүүлэх тухайг ажиллаж буй  албан байгууллагатайгаа  тохиролцон гэрээ байгуулж, карт нээлгэн тушаалаар баталгаажуулна.
      12.Суралцагч хүндэтгэх шалтгаангүйгээр сургуулиа орхисон, сурлага, сахилга батаар тэнцээгүйн улмаас сургалтыг үргэлжлүүлэх  боломжгүй болсон тохиолдолд төрөөс хариуцан санхүүжүүлсэн хөрөнгийг  эргүүлж  төлөх  тухай эцэг /эх/ нь баталгаа гаргаж, төлбөрийг барагдуулах хугацааг гэрээгээр баталгаажуулна. Гэрээний  үлгэрчилсэн загварыг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
      13.Суралцагч элссэн сургуульдаа бүртгүүлэх үед түүний тухайн  жилийн сургалтын  зардлын  төлбөр мэргэжлийн сургуулийн дансанд төлөгдсөн байна.
      14.Суралцагч сургалтын зардлын төлбөрийг өөрөө төлсөн  тохиолдолд мөнгө тушаасан баримт, суралцагч, элсэлтийн тоо,  мэргэжлийн захиалгад багтсан тухай сургуулийн тодорхойлолтыг үндэслэн  эцэг, эхийн ажиллаж буй байгууллага нь зардлыг нөхөн олгоно.
      15.Мэргэжлийн  сургуульд суралцагч нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төр хариуцсан тухайг эцэг, эхийн хоёулангийнх нь иргэний  паспортод  "нэг хүүхдийн  зардлыг төр хариуцсан" гэсэн тэмдэглэгээг  сургалтын  зардлыг төлсөн  байгууллага тушаалаа үндэслэн нэгэн зэрэг хийнэ.
      16.Төсвийн  шууд  эрх  захирагч төрийн албан хаагчийн гэр бүлээс мэргэжлийн сургуульд суралцаж байгаа нэг хүүхдийн сургалтын  зардлыг жил бүрийнхээ төсөвт тооцон тусгаж, харьяалах санхүүгийн байгууллагатай тооцоо хийж байна.
      17.Суралцагчийн  сургалтын  зардлыг төрийн албан хаагчийн төрийн албан  тушаал эрхэлж байгаа хугацаанд нь олгоно. Харин төрийн  албанаас өөрчлөгдвөл  суралцагчийн  сургалтын зардлын санхүүжилтийг зээлийн буюу бусад хэлбэрт шилжүүлнэ.
      18.Суралцагч хүүхэд төрүүлсэн, өвчилсний улмаас холбогдох хууль тогтоомжийн  дагуу  чөлөөтэй  байх  хугацааны сургалтын зардлын санхүүжилтийг түр түдгэлзүүлж үргэлжлүүлэн суралцахад нь зардлын санхүүжилтийг олгоно.
      19.Суралцагчийн сургалтын зардлын санхүүжилттэй холбогдох маргалдагч талуудын хооронд гарсан маргааныг боловсролын асуудал  хариуцсан төрийн захиргааны төв байгууллага материалыг хүлээн  авснаас хойш 14 хоногт багтаан шийдвэрлэнэ. Уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.
      2О.Төрийн албан хаагчийн гэр бүлийн нэг хүүхэд зохих журмын  дагуу элсэлтийн шалгалт өгч, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр гадаад орны мэргэжлийн  сургуульд суралцвал сургалтын зардлыг дотоодын мэргэжлийн  сургуулийн  жишгээр  тооцож дараахь байдлаар зохицуулна:
         а/суралцагч  нь  Засгийн  газар хоорондын хэлэлцээрээр оюутан солилцох хэлбэрээр суралцвал түүний эцэг /эх/-ийг ажиллуулж  байгаа байгууллага сургалтын зардлын төлбөрийн тооцоог боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /сургалтын төрийн сан/-тай хийнэ;
         б/гадаад орны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр суралцвал сургалтын төлбөрийг давхардуулан олгохгүй;
         в/төлбөртэйгээр  суралцсан тохиолдолд сургалтын төлбөр нь  дотоодын  адилтгах мэргэжлийн сургуулийн сургалтын зардлын жишгээс илүү байвал зөрүүг нь сургалтын төрийн сангаас зээлээр олгох буюу суралцагч өөрөө хариуцна.
 Гурав.Бусад асуудал
  21.Суралцагчийн  сургалтын  зардлыг буруу олгосон төсвийн эрх захирагч,  нягтлан бодогч нараар учруулсан хохирлыг хууль тогтоомжийн дагуу төлүүлнэ
22. Суралцагчийн эцэг, эх сургалтын төлбөрийн талаар хуурамч материал бүрдүүлсэн, хүүхдээ сургуулиас хасагдсаныг нуун дарагдуулсан, төлбөрийг нь давхардуулан авсан зэрэг зөрчил гаргавал зохих хууль тогтоомжийн дагуу тэдэнд хариуцлага хүлээлгэнэ..
-----оОо------