- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ТӨСВИЙН ХӨРӨНГИЙГ ЭРГЭЖ ТӨЛӨГДӨХ НӨХЦӨЛӨӨР АШИГЛУУЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 1995 оны 10 дугаар тогтоолын хавсралт
/Засгийн газрын 2003 оны 256 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
ТӨСВИЙН ХӨРӨНГИЙГ ЭРГЭЖ ТӨЛӨГДӨХ НӨХЦӨЛӨӨР АШИГЛУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Төсвийн хөрөнгийг эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглуулахтай холбогдож зээлдэгч, зээлдүүлэгч /цаашид Талууд гэнэ/-ийн хооронд үүсэх харилцаа /хөрөнгийн эх үүсвэр, зориулалт, ашиглах хугацаа, хүүгийн хэмжээ, Талуудын харилцан эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлага гэх мэт/-г энэхүү журмаар зохицуулна.
Хоёр. Хөрөнгийн зориулалт
2. Засгийн газрын төслийг хэрэгжүүлэхээр шалгарсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэд /энэ журамд зээлдэгч гэнэ/-д төсвийн хөрөнгийг эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглуулна. Засгийн газар нь төсвөөс эргэж төлөгдөх нөхцөлөөр хөрөнгө ашиглуулах замаар хэрэгжүүлэх Засгийн газрын төслийг нийтэд зарлаж, шалгарсан гүйцэтгэгчид төсвөөс эргэж төлөгдөх нөхцөлөөр хөрөнгө ашиглуулна.
Гурав. Хөрөнгийн эх үүсвэр
3. Засгийн газрын төслийг хэрэгжүүлэхээр шалгарсан гүйцэтгэгчид эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглуулах хөрөнгийн эх үүсвэр улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө байна.
4. Төсвийн орлого, зарлагын байдал, цаашдын төлөв, төсвийн дансуудад байгаа хөрөнгийн үлдэгдэл зэргийг харгалзан хөрөнгийн боломжтой үед батлагдсан төсвийн хүрээнд төсвийн хөрөнгийг эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглуулна.
5. Тухайн жилийн төсөвт нэр зааж тусгагдсан арга хэмжээг хүмүүжүүлэх хөрөнгийг өөр зориулалтаар ашиглуулахыг хориглоно.
Дөрөв. Хөрөнгө ашиглуулах тухай шийдвэр, хугацаа, хүү
6. Засгийн газрын төслийг хэрэгжүүлэхээр шалгарсан гүйцэтгэгчид төсвийн хөрөнгийг эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглуулах тухай асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.
7. Энэ журмын дагуу эргэж төлөгдөх нөхцөлөөр төсвөөс хөрөнгө олгох хугацаа 5 жилээс, зээлийн хүү сар тутам 5 хувиас тус тус хэтрэхгүй байна.
8. Засгийн газрын төсвийг хэрэгжүүлэхээр шалгарсан гүйцэтгэгч нь Сангийн яам /яам журамд зээлдүүлэгч гэнэ/-тай төсвийн хөрөнгийг эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглах талаар гэрээ байгуулж, уг гэрээг хоёр хувь үйлдэнэ.
9. Төсвийн хөрөнгийг эргэж төлөх нөхцөлөөр ашиглах аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээг тухайн салбарын удирдах дээд байгууллага, харин иргэдтэй байгуулсан гэрээг тухайн орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчтай хамтран Сангийн яам тус тус батална. Талууд иргэний хууль тогтоомжид нийцүүлэн хөрөнгийн зориулалт, хэмжээ, хөрөнгө олгох болон эргүүлж төлөх хугацаа, хүү, торгуулийн хэмжээ, харилцан эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлага, түүнчлэн үүсэж болох маргааныг шийдвэрлэх журмын талаар гэрээнд тодорхой тусгана.
Тав. Талуудын эрх, үүрэг
10. Төсвийн хөрөнгийг эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглуулах талаар талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан хэмжээний хөрөнгийг зээлдэгчийн мэдэлд шилжүүлэн өгөх үүргийг зээлдүүлэгч хүлээнэ.
11. Зээлдүүлэгч нь эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглуулж байгаа хөрөнгийн зориулалт, ашиглалтад хяналт тавьж, шаардлагатай гэж үзвэл зээлдэгчийн санхүүгийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийнэ.
12. Төсвийн хөрөнгийг гэрээнд заасан зориулалтаар үр ашигтай захиран зарцуулах, хугацаанд нь эргүүлж /ашигласан хугацааны хүүгийн хамт/ төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ.
13. Зээлдэгч нь өөрийн санхүүгийн үйл ажиллагаатай холбогдсон тооцоо судалгаа, эргүүлж төлөх нөхцөлөөр хөрөнгө ашиглан төсөл хэрэгжүүлснээс гарах үр дүн, техник эдийн засгийн үндэслэлийн талаар мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж зээлдүүлэгчид өгнө.
14. Зээлдэгч нь төсвийн хөрөнгийг эргүүлж төлөх эх үүсвэрийн талаар өөрийн эд хөрөнгө, хэрэв хөрөнгө хүрэлцэхгүй бол бусад байгууллага, иргэдийн эд хөрөнгөөр барьцаалан баталгаа гаргуулж болно. Барьцаалан баталгаа гаргах эд хөрөнгийн хэмжээ нь эргэж төлөх нөхцөлөөр ашиглах хөрөнгийн хэмжээнээс багагүй байна.
15. Зээлдэгч нь эргэж төлөх нөхцөлөөр авч ашигласан хөрөнгийг гэрээнд заасан хугацаанаас өмнө эргүүлэн төлсөн, түүнчлэн хөрөнгийг зүй зохистой зарцуулж техник-эдийн засгийн үндэслэлд тодорхойлсноос илүү үр ашигтай ашигласан бол гэрээнд заасан хүүгийн хэмжээг бууруулах буюу төсвийн хөрөнгийг хөнгөлөлттэй хүүтэйгээр эргэж төлөгдөх нөхцөлөөр дахин ашиглуулж болно.
16. Эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглуулж байгаа хөрөнгө, түүний хүү, торгуулийг санхүүгийн болон аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэлд тусгаж, Талууд жилд 2-оос доошгүй удаа тооцоо нийлж гэрээний биелэлтийг дүгнэж байна.
-------oOo---------
Текст томруулах
A
A
A