- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - АЖИЛЛАХ ХҮЧ ГАДААД ОРОНД ГАРГАХ, ГАДААД ОРНООС АВАХ ЖУРАМ
Засгийн газрын 1994 оны 49 дүгээр тогтоолын хавсралт
/Засгийн газрын 2001 оны 137 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/
АЖИЛЛАХ ХҮЧ ГАДААД ОРОНД ГАРГАХ, ГАДААД ОРНООС АВАХ ЖУРАМ
Нэг.Ерөнхий зүйл
1.Төсөвт байгууллага, аж ахуйн нэгж /цаашид байгууллага гэнэ/ хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч гадаад оронд гаргах, гадаад орноос авч ажиллуулах гэрээ, хэлэлцээр байгуулахдаа энэхүү журмыг баримтална.
2.Ажиллах хүч гадаад оронд гаргах, гадаад орноос авах тухай ойлголтод Монгол Улсын иргэн гадаад оронд явж ажиллах, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа гадаадын байгууллагад болон гадаад орноос Монгол Улсад гадаадын иргэн хөдөлмөрийн гэрээ, хэлэлцээрээр ирж ажиллахыг хэлнэ.
3.Байгууллага нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч гадаад оронд гаргах, гадаад орноос авахдаа хүн амын хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө оруулалтын бүтцийн бодлого зэрэгтэй уялдуулан зохион байгуулна.
4.Ажиллах хүчийг гадаад оронд гаргах, гадаад орноос авах тухай гэрээ, хэлэлцээр байгуулахад баримтлах ерөнхий нөхцөлийг Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам холбогдох бусад яам, газартай хамтран тогтооно.
1.Байгууллага нь хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг үндэслэн энэхүү журмын дагуу гадаадын үйлдвэр, аж ахуйн газарт тодорхой хугацаагаар ажиллах хүч гаргах, өөрийн ажилчдыг дадлага хийлгэх талаар гэрээ, хэлэлцээр байгуулж болох бөгөөд гэрээ, хэлэлцээрийн хугацаа 3 жилээс илүүгүй байна.
2.Гэрээ, хэлэлцээрийг ерөнхий нөхцөлийн дагуу хэлэлцэн тохирогч хоёр улсын үндэсний хэлээр байгуулах бөгөөд тэдгээр нь Монгол Улсын Хөдөлмөрийн болон бусад хууль тогтоомжтой нийцсэн байвал зохино.
3.Байгууллага нь ажилллах хүч гаргах талаар гадаадын үйлдвэр, аж ахуйн газартай хийх гэрээ, хэлэлцээрийн төслийг тухайн салбарыг харьяалах удирдах дээд байгууллагын саналын хамт Хүн амын бодлого, хөдөлмөрийн яаманд ирүүлж зөвшөөрөл авна.
4.Гэрээ, хэлэлцээрийн төсөлд зөвшөөрөл авсны дараа ажиллах хүч авч ажиллуулах гадаад орны байгууллагуудтай гэрээ байгуулна.
5.Ажиллах хүч авч ажиллуулах гэрээ байгуулсны дараа гэрээгээр гарч ажиллах хүч нэг бүрт дараахь материалыг бүрдүүлж, гадаад оронд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүмүүсийн жагсаалт, дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлэн Хүн амын бодлого, хөдөлмөрийн яаманд ирүүлж эцсийн шийдвэр гаргуулна. Үүнд:
а/өргөдөл, гэр бүл, асран хамгаалуулагч, нутаг дэвсгэрийн сум, хорооны зөвшөөрөл;
б/иргэний паспорт;
в/хөдөлмөрийн дэвтэр;
г/эрүүл мэндийн магадлагаа.
6.Гадаад оронд ажиллах хүмүүсийг гэр бүлээр нь авахаар хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан бол дагалдах ам бүлийн хүмүүст аймаг, нийслэлийн Засаг дарга, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны даргын захирамжийг үндэслэн гадаад паспорт олгоно.
Энэхүү захирамжийг гаргахдаа гэр бүл нь, эсвэл асран дэмжигч нь хөдөлмөрийн гэрээгээр гадаад оронд явж ажиллах болсон тухай Хүн амын бодлого, хөдөлмөрийн яамны шийдвэр, нэг ам бүлд багтаж амьдардагийг нотолсон тухайн сум, дүүргийн Засаг дарга, хорооны Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны даргын тодорхойлолт, гэр бүлийн баталгаа, цагдаагийн байгууллагын зөвшөөрөл, эрүүл мэндийн магадлагаа зэргийг үндэслэнэ.
7.Хувь хүн гадаад орны үйлдвэр, аж ахуйн газар, пүүс, компанитай гэрээ, хэлцэл байгуулаад тодорхой хугацаагаар ажиллахаар явж болно.
8.Гадаад орны үйлдвэр, аж ахуйн газар, пүүс, компанитай гэрээ, хэлцэл байгуулсан хувь хүнд энэ журмын 2,3,4,5-д заасан бичиг баримт, зөвшөөрлийг бүрдүүлсний үндсэн дээр Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам гадаадад хөдөлмөрийн гэрээгээр гарч ажиллах шийдвэр гаргана.
9.Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам гадаад оронд ажиллах хүч гаргах тухай гэрээ, хэлэлцээрийн нэг хувийг тухайн оронд суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн буюу консулын газарт хүргүүлнэ.
10.Ажиллах хүч гаргах тухай гэрээ, хэлэлцээрийн биелэлтэд тухайн оронд суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн буюу Консулын газар, монгол иргэдийн асуудал хариуцсан төлөөлөгч хяналт тавина.
11.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа гадаадын байгууллага /гадаад орны дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллага болон өөрийн төсвөөр санхүүждэг гадаадын бусад байгууллага/ Монгол Улсын иргэн, тус улсад байнга оршин суугаа гадаадын иргэн /цагаач/,
аль ч улсын харъяалалгүй хүнийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулахдаа Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам болон түүний эрх олгосон байгууллагатай хөдөлмөрийн харилцааны асуудлыг тохиролцож байна.
12.Байгууллага нь хөдөлмөрийн гэрээгээр гадаадад ажиллахаар явах иргэдэд тухайн орны хөдөлмөр, нийгэм хангамж, эрүүл мэндийн тогтолцооны тухай болон бусад хууль тогтоомж, цаг агаар, уур амьсгал, газар нутгийн байршил, үндэстний онцлог, зан заншил зэргийг танилцуулах ажлыг зохион байгуулна.
13.Байгууллага нь хугацаанаас өмнө цуцлагдсан буюу дахин хугацаа сунгагдсан гэрээ, хэлэлцээрийн талаар Хүн амын бодлого, хөдөлмөрийн яаманд тухай бүр мэдээлж байна.
Гурав.Ажиллах хүч гадаад орноос авах
1.Байгууллага нь Монгол Улсын тухайн оронтой байгуулсан гэрээ, хэлэлцээрийг үндэслэн шинээр үйлдвэр, цех байгуулах, тоног төхөөрөмж угсрах зэрэг мэргэжлийн өндөр ур чадвар шаардах бөгөөд урьд нь манайд мэргэжилтэн бэлтгэгдээгүй ажил мэргэжлээр хамтын үйлдвэр, аж ахуйн газар, байгуулагад ажиллах хүчийг гадаад орноос авч ажиллуулах тухай гэрээ, хэлэлцээрийг гадаадын үйлдвэр, аж ахуйн газар, иргэдтэй байгуулж болно.
2.Байгууллага нь хөдөлмөрийн гэрээгээр гадаад орноос ажиллах хүч авах гэрээ, хэлэлцээр байгуулахын өмнө уул хүн ирээд ажиллах аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаа, тухайн асуудал эрхэлсэн яам, газар болон Хүн амын бодлого, хөдөлмөрийн яамны зөвшөөрлийг бичгээр авна. Энэхүү зөвшөөрлийг авсны дараа ажиллах хүч авч ажиллуулах тухай гэрээ, хэлэлцээрийг байгуулна.
/3-6 дахь хэсэг Засгийн газрын 1997 оны 110-р тогтоолоор хүчингүй болсон./
7.Гадаадын иргэд Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж амьдрах зөвшөөрлийг жилээр өгч хугацаа дуусмагц анх байгуулсан гэрээ, ажиллуулагч байгууллагын хүсэлтийг үндэслэн сунгана.
8.Гэрээ, хэлэлцээрийн дагуу ажиллах гадаадын иргэдэд Монгол Улсын хөдөлмөрийн болон бусад хууль тогтоомжийг танилцуулах үүргийг хүлээн авагч байгууллага хүлээнэ.
9.Байгууллага нь хугацаанаас өмнө цуцалсан болон сунгагдсан гэрээ, хэлэлцээрийнхээ талаар Хүн амын бодлого, хөдөлмөрийн яаманд тухай бүр мэдээлж байна.
Дөрөв.Бусад зүйл
1.Байгууллага нь гадаад оронд ажиллах хүч гаргасан болон гадаад орноос ажиллах хүч авсан тухай мэдээг жил бүрийн 1 дүгээр сарын 10-ны дотор гаргаж Хүн амын бодлого, хөдөлмөрийн яаманд ирүүлнэ.
2.Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр гадаад оронд ажиллахаар явсан, тэрчлэн тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар ирсэн иргэдийн талаархи мэдээг Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам нэгтгэж Үндэсний хөгжлийн газар болон холбогдох бусад байгууллагад мэдээлж байна.
3.Ажиллах хүчний төлбөр, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал, бусад хураамжийн хэмжээг ажиллах хүч гадаад оронд гаргах, гадаад орноос авах тухай гэрээ, хэлэлцээрээр тохиролцож тогтооно.
4.Энэхүү журам болон ажиллах хүч гадаад оронд гаргах, гадаад орноос авах асуудлаар байгуулсан гэрээ, хэлэлцээрийн биелэлтэд Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам, Цагдаагийн ерөнхий газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаа тус тусын чиг үүргийн дагуу хяналт тавина.
5.Байгуулсан гэрээ, хэлэлцээрийн заалт зөрчигдөх буюу хэрэгжихгүй тохиолдолд Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам уг гэрээ, хэлэлцээрийг түдгэлзүүлэх, зогсоох хүртэл арга хэмжээ авна.
6.Ажиллах хүч гадаад оронд гаргах, гадаад орноос авах тухай гэрээ, хэлэлцээр нь Монгол Улсын хууль тогтоомжтой зөрчилдсөн буюу түүнд ерөнхий нөхцөл бүрэн тусгагдаагүй бол хууль тогтоомжтой нийцүүлэх шаардлага тавина.
7.Энэхүү журмын гадуур байгуулсан гэрээ, хэлэлцээрээр Монгол иргэдийг гадаад оронд ажиллуулсан, эрх ашгийг нь хохироосон, журам зөрчиж гадаадын иргэн ажиллуулахаар урьсан, ажиллуулсан иргэн, албан тушаалтанд Монгол Улсын захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
------оОо-----
Текст томруулах
A
A
A