- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ ЖУРАМ
Засгийн газрын 1994 оны 121 дүгээр тогтоолын хавсралт
/Засгийн газрын 1999 оны 121 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх аливаа төслийн байгаль орчинд хэрхэн нөлөөлөх байдлыг үнэлж, уг төслийг хэрэгжүүлэх зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхэд энэ журмыг мөрдлөг болгоно.
2. Төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлэх /цаашид нөлөөлөх байдлыг үнэлэх" гэнэ/ зорилго нь уг төслийг хэрэгжүүлсний улмаас байгалийн төлөв байдал өөрчлөгдөх, тэнцвэр нь алдагдах, байгаль орчинд болон хүн амын эрүүл мэндэд хохирол учрахаас сэргийлэх үндсэн нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
3. Нөлөөлөх байдлыг үнэлэх нь уг төслийг хэрэгжүүлснээр байгаль орчинд учруулж болох аливаа нөлөө, хохирол, үр дагаврыг урьдчилан тогтоож, түүнээс сэргийлэх арга хэмжээг төсөлд тусгах, төслийн экологи-эдийн засгийн үр дүнг дээшлүүлэх, улмаар байгаль орчинд болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй аргаар төслийг хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд туслах, тэднийг учирч болох алдагдал, хохирлоос сэргийлэхэд чиглэнэ.
4. Аж ахуйн нэгж, байгууллага энэ журмын дагуу хариуцан хэрэгжүүлэх төслийнхөө байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлүүлж, зөвшөөрөл авсан байна.
5. Энэ журмын дагуу нөлөөлөх байдлыг үнэлэхэд хамаарагдах төслийн ангиллыг Байгаль орчны яам, Үндэсний хөгжлийн газар хамтран тогтооно.
Хоёр. Нөлөөлөх байдлыг үнэлэх, шийдвэр гаргах зарчим
6. Нөлөөлөх байдлыг үнэлэх ажлыг ерөнхий, нарийвчилсан гэсэн хоёр түвшинд хийнэ. Ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ гаргах заавар, аргачлал, шалгуур үзүүлэлтийг Байгаль орчны яамнаас тогтооно.
7. Ерөнхий үнэлгээг төслийн төлөвлөлтийн эхний үе шатанд хөрөнгө оруулалтын өмнөх судалгааны анхдагч мэдээлэлд тулгуурлан хийх бөгөөд тухайн төслийн байгаль орчинд нөлөөлөх байдал, сөрөг үр дгаврыг урьдчилсан байдлаар тодорхойлж, цаашид нарийвчлан үнэлэх шаардлагатай эсэхийг тогтооно.
8. Ерөнхий үнэлгээгээр тухайн төслийн байгаль орчинд нөлөөлөх байдал, түүний үр дагаврыг урьчилан тогтоож дүгнэлт гаргасны үндсэн дээр дор дурдсан шийдвэрийг гаргана:
а/төслийн эерэг, сөрөг нөлөөлөл, үр дагавар нь тухайн үед мөрдөж буй байгаль орчны болон эрүүл ахуйн стандарт, норм, дүрэм, журмаар зөвшөөрсөн хэмжээтэй нийцэж байвал цаашид уг төсөлд нарийвчилсан үнэлгээ хийх шаардлагагүй гэж үзэж түүнийг хэрэгжүүлэх зөвшөөрөл олгох.
б/ төслийн сөрөг нөлөөлөл, үр дагавар онц уршигтай бус бөгөөд удирдлага, зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авах замаар уг нөлөөллийг багасгах, арилгаах боломжтой нь тогтоогдвол тухайн төсөлд нэмж тусгах арга хэмжээ болон заавал хангасан байвал зохих шаардлага, биелүүлэх хугацааг зааж тодорхой нөхцөл, болзолтойгоор хэрэгжүүлэх зөвшөөрөл олгох;
в/ төслийн сөрөг нөлөөлөл, үр дагавар ноцтой уршигтай болох нь тогтоогдвол түүнийг цаашид нарийвчилсан үнэлгээнд хамруулахаар шийдвэрлэх.
9. Нарийвчилсан үнэлгээг төслийн техник, эдийн засгийн үндэслэл, ажлын зураг-төсөл боловсруулалтын үе шатанд хийж, байгаль орчинд нөлөөлөх эерэг, сөрөг нөлөө, үр дагавар, учруулах хохирлын хэмжээг зохих аргачлал, зааврын дагуу тогтоох, тэдгээрийг багасгах, арилгах арга хэмжээ, технологийн шийдлийг төсөлд тусгах талаар судалгаа хийж зөвлөмж гаргана.
10. Нарийвчилсан үнэлгээ нь төслийн байгаль орчинд болон эрүүл мэндэд нөлөөлөх эерэг, сөрөг нөлөө, үр дагавар, хамрагдах хүрээ, учруулах хохирлын байдлаас шалтгаалан хэсэгчилсэн, иж бүрэн гэсэн хоёр хэлбэртэй байна.
11. Ерөнхий үнэлгээгээр төслийн нөлөөлөл, түүний үр дагавар нь байгаль орчны тодорхой нэг буюу зарим шинж байдалтай холбоотой бол хэсэгчилсэн үнэлгээ хийх бөгөөд байгаль орчинд ноцтой хор уршигтай байж болзошгүй бол төсөлд иж бүрэн үнэлгээ хийнэ.
12. Төсөл хэрэгжүүлэгч ерөнхий үнэлгээний дүгнэлт, шийдвэрийг үндэс болгон эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тохиролцож нарийвчилсан үнэлгээг хийлгэнэ.
13. Нарийвчилсан үнэлгээ хийхэд Байгаль орчны яамнаас баталсан аргачлал, шалгуур үзүүлэлт, түүнчлэн ерөнхий үнэлгээний дүгнэлтийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж, тайлан гаргана.
14. Нарийвчилсан үнэлгээний тайланд Байгаль орчны яам, аймаг, нийслэл /хот/, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын зохих албад шүүмж хийнэ.
Шаардлагатай гэж үзвэл шүүмж хийхэд холбогдох эрдэмтэн, мэргэжилтнийг шинжээчээр оролцуулж болно. Шинжээч нь дүгнэлтийнхээ үнэн зөвийг хариуцна.
15. Шүүмжийн дүгнэлтийг үндэслэн тухайн төслийг хэрэгжүүлэх эсэх талаар
эрх бүхий байгууллагууд энэ журамд заасны дагуу шийдвэр гаргана. Уг төслийг хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн шийдвэр гарсан тохиолдолд Байгаль орчны яам, аймаг, нийслэл /хот/, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар төсөл хэрэгжүүлэгчид зөвшөөрлийн гэрчилгээ олгоно. Зөвшөөрлийн гэрчилгээ олгох журмыг Байгаль орчны яам батлан мөрдүүлнэ.
16. Төсөл хэрэгжүүлэгч нь үйл ажиллагааныхаа явцад хэрэгжүүлэх байгаль орчны төлөвлөгөө, мониторингийн хяналтын хөтөлбөр боловсруулж зөвшөөрөл олгосон байгууллагатай тохиролцн мөрдөж ажиллана.
17. Байгаль орчны төлөвлөгөө мониторингийн хөтөлбөрийн хэрэгжилтэд Байгаль орчны яам, аймаг, нийслэл /хот/, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар хууль тогтоомжоор олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина.
18. Үнэлгээ болон шүүмж хийгч, шийдвэр гаргагч аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаандаа олон нийтийн саналыг авч тусган хэрэгжүүлэх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/ үнэлгээ, шүүмж, шийдвэртэй танилцах боломжийг олон нийтийн төлөөлөгчдөд олгох;
б/ нарийвчилсан үнэлгээний явцад олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн санал, шүүмжлэл, зөвлөмж болон нэмэлт мэдээллийг боломжит хэлбэрээр авч тайланд тусгах;
в/ төслийн талаар шаардлагатай мэдээг нийтэд зарлан мэдээлж байх.
19. Олон нийтийн байгууллага, иргэд нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үнэлгээний ажлын явц, зөвлөмжийн хэрэгжилтэд сайн дурын хяналт тавьж болно.
20. Үнэлгээтэй холбогдсон судалгаа шинжилгээний ажил, тайлан, зөвлөмж нь шинжлэх ухааны үндэслэл бүхий бөгөөд үнэн бодит нотолгоонд тулгуурласан байна.
21. Нарийвчилсан үнэлгээг зураг төсөл боловсруулах явцад хийж гүйцэтгэх зарчмыг баримталбал зохино.
22. Нарийвчилсан үнэлгээний ажлын зардлыг тухайн төслийн төсөвт өртөгт багтаан төлөвлөнө. Гүйцэтгэлийг энэ журмын 12-т заасан нарийвчилсан үнэлгээний ажлын гэрээгээр дүгнэнэ.
23. Шаардлагатай тохиолдолд энэ журмын 22-т заасан үнэлгээний ажлын зардалд Байгаль орчны яам шүүлт хийж болно.
24. Төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлэх ажлын хүрээнд өгөх ерөнхий, нарийвчилсан үнэлгээний талаархи тайланд шүүмж бэлтгэх, төслийг хэрэгжүүлэх, эсэх тухай шийдвэр гаргах, зөвшөөрлийн гэрчилгээ олгох ажлыг Байгаль орчны яам, аймаг, нийслэл /хот/, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар эрхэлнэ.
25. Аймаг, нийслэл /хот/, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын түвшинд хийгдэх үнэлгээнд хамаарах төслийн ангиллыг энэ журмын 5-д заасан ангилалд тодотгон тусгана.
26. Үнэлгээнд хамаарах Засгийн газрын төсөл, арга хэмжээний жагсаалтыг Байгаль орчны яам, Үндэсний хөгжлийн газартай хамтран батална.
27. Шаардлагатай гэж үзвэл сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь аймаг, нийслэл /хот/-ийн Засаг даргын Тамгын газарт, аймаг, нийслэл /хот/-ийн Засаг даргын Тамгын газар нь Байгаль орчны яаманд тус тус өөрийн хийсэн үнэлгээг оруулж магадлан шалгуулж, баталгаажуулж болно.
28. Нарийвчилсан үнэлгээг ийм үнэлгээ хийх эрх бүхий бөгөөд төсөл хариуцагчаас үл хамаарах хөндлөнгийн аж ахуйн нэгж, байгууллага хийнэ.
Нөлөөлөх байдлын үнэлгээ хийх эрхийг Байгаль орчны яамнаас аж ахуйн нэгж, байгууллагад олгоно.
Байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлэх эрх олгох журам, шалгуур үзүүлэлтийг холбогдох яам, тусгай газартай зөвшилцөн Байгаль орчны яамнаас тогтооно.
29. Тухайн төсөл хэрэгжүүлэгч нь энэхүү журмын шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Байгаль орчны яам, аймаг, нийслэл /хот/, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар дор дурдсан арга хэмжээ авна:
а/үнэлгээ хийлгэлгүйгээр төсөл хэрэгжүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагын энэ талаархи үйл ажиллагааг зогсоох тухай саналыг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх;
б/олгосон зөвшөөрөлд заасан нөхцөл, болзол болон нарийвчилсан үнэлгээний зөвлөмжийг биелүүлээгүй тохиолдолд төсөл хэрэгжүүлэгчид олгосон зөвшөөрлийг хүчингүй болгох.
в/ гэм буруутай албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу захиргааны хариуцлага ногдуулах.
30. Ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний үндэслэл, дүн, шүүмжийн дүгнэлт, шийдвэртэй холбогдон төсөл хэрэгжүүлэгч, үнэлгээ, шүүмж гаргагч, бусад талуудын хооронд гарсан маргааныг үнэлэх ажлыг эрхлэгчийн дээд шатных нь байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хянаж шийдвэрлэнэ. Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл маргалдагч тал гомдлоо шүүхэд гаргаж шийдвэрлүүлнэ.
Текст томруулах
A
A
A