A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • Хүчингүй болсон - ХУУЛЬ, БУСАД ШИЙДВЭРИЙН ТӨСЛИЙГ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХ, УЛСЫН ИХ ХУРАЛ, ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ТАВЬСАН АСУУДАЛД ХАРИУ ӨГӨХӨД БАРИМТЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Засгийн газрын 1994 оны 144 дүгээр тогтоолын хавсралт
/Засгийн газрын 2003 оны 256 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
 
ХУУЛЬ, БУСАД ШИЙДВЭРИЙН ТӨСЛИЙГ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХ, УЛСЫН ИХ ХУРАЛ, ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ТАВЬСАН АСУУДАЛД ХАРИУ ӨГӨХӨД БАРИМТЛАХ ЖУРАМ
  
1. Энэхүү журмыг:
      -Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл /цаашид энэхүү журамд  "төсөл" гэх/-ийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, хэлэлцүүлэх болон Улсын Их Хурал, түүний байнгын хороод, Тамгын газраас Засгийн газарт тавьсан асуудалд хариу өгөхөд;
     -Зарлиг, Ерөнхийлөгчийн бусад шийдвэрийн төслийг Засгийн газраас Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх, Ерөнхийлөгч болон түүний Тамгын газраас тавьсан асуудалд хариу өгөхөд тус тус баримтална.
  2. Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон төсөлд хуралдаанаас өгсөн чиглэл, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусгаж, уг төсөл, түүнтэй холбогдсон бусад материалыг тухайн асуудлыг хариуцсан Засгийн газрын гишүүн 2 долоо хоногийн дотор Улсын Их Хурлын даргын 1993 оны 22 дугаар захирамжаар баталсан "Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг өргөн мэдүүлэх журам"-ын 6, 7 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу бүрдүүлж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ.
     Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтсон зарлиг, бусад шийдвэрийн төслийг зохих журмын дагуу бэлтгэж Ерөнхий сайдын гарын үсэг бүхий албан бичигтэйгээр өргөн мэдүүлнэ.
 3. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга ажлын 2 өдрийн дотор уг төсөл, холбогдох бусад материалыг хянаж, тэдгээр нь энэхүү журамд заасан шаардлагыг бүрэн хангасан байвал Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулж, түүний зөвшөөрснөөр уг материалыг Улсын Их Хурлын Тамгын газарт албан бичгээр хүргүүлнэ.
     Хуралдаанаар хэлэлцэх явцад төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй болон уг төсөл нь энэ зүйлд заасан шаардлагыг хангасан байвал түүнийг өргөн мэдүүлэхээр Улсын Их Хурлын Тамгын газарт шууд хүргүүлж болно.
   4. Засгийн газраас санаачилсан төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаас товлож мэдэгдсэн өдөр, цагт тухайн асуудлыг хариуцсан сайд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх төслийг Ерөнхий сайдын гарын үсэг бүхий албан бичигтэйгээр Улсын Их Хурлын даргад өргөн барина.
     Төслийг Улсын Их Хурлын даргад өргөн барихад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга /түүний эзгүйд дэд дарга/ байлцана.
     Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргатай зөвшилцсөнөөр зарим төслийг урьдчилан хүргүүлэлгүйгээр товлосон хугацаанд нь шууд өргөн мэдүүлж болно.
  5. Төсөл, холбогдох бусад материал нь энэхүү журамд заасан шаардлагыг хангаагүй байвал Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга энэ тухай Монгол Улсын Ерөнхий сайдад мэдэгдэж, тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүнд буцааж хүргүүлнэ.
      Ийнхүү буцаасан төсөл, холбогдох бусад материалыг хүлээн авсан Засгийн газрын гишүүн ажлын 2 өдөрт багтаан зохих журмын дагуу гүйцээн бүрдүүлж  Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ.
 6. Хуулийн эцэслэн боловсруулсан төслийг Улсын Их Хуралд өргөн  мэдүүлэхийн өмнө Хууль зүйн сайдын зөвшөөрөл /уг хуулийн төслийг  боловсруулах явцад Хууль зүйн сайдын өгсөн санал /виз/ үүнд үл  хамаарна/-ийг авсан байна.
     Энэ нь Хууль зүйн сайдын өөрийнх нь эрхлэх асуудлын хүрээнд хариуцан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх төсөлд хамаарахгүй. /Засгийн газрын 1999 оны 9 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
 7. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын чуулган буюу байнгын хорооноос албан ёсоор буцаасан төсөлд тухайн асуудлыг хариуцсан сайд Улсын Их Хурал, Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэл, саналыг тусгаж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсний үндсэн дээр уг төслийг Ерөнхий сайдын гарын үсэг бүхий албан бичигтэйгээр Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид зохих журмын дагуу өргөн мэдүүлнэ.
  8. Албан ёсоор буцаагаагүй боловч зарчмын зарим нэг асуудлаар эргэж Засгийн газартай санал тохиролцох шаардлага гарвал түүнийг тухайн асуудлыг хариуцсан сайд Монгол Улсын Ерөнхий сайдад буюу шаардлагатай гэж үзвэл Засгийн газрын хуралдаанд танилцуулан ярилцаж тохиролцсон саналыг Засгийн газрын нэрийн өмнөөс хүргүүлнэ.
 9. Монгол Улсын Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын гишүүдээс санаачилсан төсөлд Засгийн газраас санал авахаар ирүүлбэл тухайн асуудлыг хариуцсан сайд хариуцан санал бэлтгэж Засгийн газрын хуралдаанд оруулан танилцуулж, хэлэлцэж тохиролцсон саналыг Засгийн газрын нэрийн өмнөөс хүргүүлнэ.
     Хэрэв төсөв, хөрөнгөтэй холбогдсон асуудлаар санал авахаар ирүүлсэн бол түүнийг Сангийн сайд хариуцан, шаардлагатай гэвэл Засгийн газрын хуралдаанд танилцуулж хариу өгнө.
 10. Хуульд заасны дагуу Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, түүний байнгын хороодтой зөвшилцөх асуудлыг уг асуудлыг хариуцсан сайд, эсвэл түүний зөвшөөрснөөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга тэдгээрийн Тамгын газарт хүргүүлж, албан бичгээр хариуг нь авна.
 11. Улсын Их Хуралд төсөл хэлэлцүүлэх явцад тухайн асуудлыг хариуцан хэлэлцүүлж байгаа Засгийн газрын гишүүн нь Засгийн газрын нэрийн өмнөөс тайлбар хийж, санал, бодлоо хэлэхдээ Засгийн газрын хуралдаан дээр олонхийн саналаар шийдсэн зарчмыг хүндэтгэн сахиж баримтална.
     Энэ нь Засгийн газрын гишүүнээр томилогдон ажиллаж байгаа Улсын Их Хурлын гишүүн сайдын Улсын Их Хурлын гишүүний нэрийн өмнөөс тайлбар хийж, санал, бодлоо илэрхийлэх болон холбогдох сайд нар мэргэжлийн үүднээс хийх тайлбарт үл хамаарна.
 12. Улсын Их Хурлын гишүүнээс бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газарт албан ёсоор тавьсан асуулт, асуулга, санал, хүсэлтийн хариуг холбогдох сайд, яам, газар бэлтгэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газраар уламжлан Улсын Их Хурлын Тамгын газарт хүргүүлнэ.
     Улсын Их Хурлаас уг асуулт, асуулгын хариуг чуулганд, эсвэл холбогдох байнгын хорооны хуралд биеэр мэдээлэх шаардлагатай талаар чиглэл өгсөн тохиолдолд Ерөнхий сайд, эсвэл түүний эрх олгосноор тухайн асуудлыг хариуцсан сайд, тусгай газрын дарга мэдээлж байна.
 13. Улсын Их Хурал болон Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх шийдвэрийн төслөөс бусад асуудлаар Ерөнхийлөгч, Улсын Их Хурлаас ирүүлсэн албан бичигт тухайн асуудлыг хариуцсан сайд Засгийн газрын нэрийн өмнөөс хариу өгнө.
     Уг албан бичигт дурдсан асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн байвал тухайн шийдвэрийг уламжилсан хэлбэрээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хариу өгч болно.
 14. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраар уламжлан Улсын Их Хурал, түүний байнгын хороо, Ерөнхийлөгч, тэдгээрийн Тамгын газарт яам, газруудаас хуулийн төсөл болон зарчмын асуудал /мэдээлэл, лавлагааны чанартай материал үүнд хамаарахгүй/-аар албан бичиг, санал оруулахдаа Засгийн газрын гишүүний гарын үсэг бүхий албан бичигтэйгээр оруулна.
 15. Улсын Их Хурлын тогтоолын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж, албан бичиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийн биелэлтийн явц байдлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар улирал тутам сайд, тусгай газрын дарга нэг бүрийн нэрээр гаргаж, дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулсны үндсэн дээр Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлж байна.
 16. Улсын Их Хурал, түүний байнгын хороо, Ерөнхийлөгчийн шийдвэрээр байгуулсан ажлын хэсэгт Засгийн газрын гишүүн орж хууль, зарлиг, Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн бусад шийдвэрийн төслийг боловсруулахад  оролцвол уг төсөлд тусгагдсан зарчмын асуудлыг Ерөнхий сайдад, шаардлагатай гэж үзвэл Засгийн газарт урьдчилан танилцуулж зохих чиглэл авч болно.
 
 
-------оОо-------