- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - АРХИНД ДОНТОХ ӨВЧТЭЙ ХҮҮМҮҮСИЙГ АЛБАДАН ЭМЧЛЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН АЖИЛЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 1994 оны 175 дугаар тогтоолын хавсралт
АРХИНД ДОНТОХ ӨВЧТЭЙ ХҮҮМҮҮСИЙГ АЛБАДАН ЭМЧЛЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН АЖИЛЛАХ ЖУРАМ
1. Архинд донтох өвчтэй нь мэргэжлийн эмч нарын дүгнэлтээр тогтоогдсон, бусдын эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг зөрчсөн этгээдийг албадан эмчилгээнд явуулж эмчлүүлэхэд энэхүү журмыг баримтална.
2. Байнга архидан согтуурдаг этгээдийн талаар архинд донтох өвчтэй болсон эсэхийг нь тодруулж дүгнэлт гаргуулах хүсэлтийг сум, баг, хорооны Засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, цагдаагийн байгууллага, иргэн эмнэлгийн байгууллагад гаргаж болно.
3. Байнга архидан согтуурдаг бөгөөд зөрчил гаргасан этгээдийн талаар архинд донтох өвчтэй болсон эсэх тухайд нь дүгнэлт гаргуулахтай холбогдуулан цагдаагийн байгууллага зохих хуулийн дагуу түүнийг түр албадан саатуулж болно.
4. Цагдаагийн байгууллагаас албадан саатуулсан этгээд архинд донтох өвчтэй эсэхийг нь тогтоосон дүгнэлтийг эмнэлгийн байгууллага 24 цагийн дотор гаргаж өгнө.
5. Бусдын эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг зөрчсөн, архинд донтох өвчтэй нь тогтоогдсон этгээдийг албадан эмчлэх тухай шийдвэр гаргуулахаар цагдаагийн байгууллага шүүхэд шилжүүлнэ. Ингэж шилжүүлэхдээ эмч нарын дүгнэлт, зөрчлийн тухай тэмдэглэлийг хамт хүлээлгэн өгнө.
6. Албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсны дараа цагдаагийн байгууллага уг этгээдийг албадан эмчилгээний байгууллагад дор дурдсан бичиг баримтын хамт хүлээлгэж өгнө:
а/шүүхийн шийдвэрийн хуулбар;
б/мэргэжлийн эмч нарын дүгнэлт;
3/иргэний паспорт;
г/ эрүүл мэндийн даатгалын дэвтэр.
7. Иргэний паспортгүй этгээдийг цагдаагийн байгууллага албадан эмчилгээ хийлгэх хугацаанд багтаан зохих журмын дагуу иргэний бүртгэлд хамруулах арга хэмжээ авна.
8. Эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй этгээдийн тухайд албадан эмчлүүлэх хугацаанд багтаан даатгалд хамруулах арга хэмжээг эмнэлгийн байгууллага авна.
9. Албадан эмчилгээг өвчтөнүүд эмчилгээнээс зайлсхийх болон оргох боломж гаргуулахгүй байх шаардлага хангасан, цагдаагийн байнгын харуул, хамгаалалт бүхий эмнэлгийн байгууллагад зохих дэглэмийн дагуу явуулна.
Албадан эмчилгээний дэглэмийг Эрүүл мэндийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргын хамтарсан тушаалаар баталж мөрдүүлнэ.
10. Цагдаагийн ажилтан нь албадан эмчилгээний дэглэмийг сахиулах, гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс сэргийлэх шаардлагын үүднээс Цагдаагийн байгууллагын тухай хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
11. Эмчлүүлэгчийн ар гэрт гачигдал тохиолдсон тохиолдолд түүнд чөлөө олгох эсэх тухай асуудлыг эмнэлгийн дарга шүүхэд тавьж шийдвэрлүүлнэ.
Шүүхийн шийдвэрийн дагуу эмчлүүлэгчийн чөлөөтэй байсан хугацааг албадан эмчлүүлэх хугацаанд оруулж тооцохгүй.
12. Эмчлүүлэгч нь энэ журам болон эмчилгээний дэглэмийг чанд сахиж, эмчийн зөвлөлгөө, цагдаагийн байгууллагын ажилтны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.
13. Албадан эмчилгээний байгууллага нь эмчлүүлэгчид 60 хоног курс эмчилгээ хийсний дараа үр дүнг эмч нарын зөвлөлгөөнөөр хэлэлцээд шаардлагатай бол хугацааг сунган эмчилгээг үргэлжлүүлэх асуудлыг шүүхэд тавьж шийдвэрлүүлнэ.
14. Албадан эмчилгээний байгууллага эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнг харгалзан эмч нарын зөвлөлгөөнөөс эмчилгээг хугацаанаас нь өмнө зогсоох тухай саналыг шүүхэд тавьж болно.
15. Албадан эмчилгээний байгууллага эмчилгээ дууссан тухай эмчлүүлэгчийг харьяалах нутаг дэвсгэрийн наркологийн кабинет, цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ.
16. Эмчлүүлэгч нь асран хамгаалах хүнгүй, гэр оронгүй, өндөр настай бол эмчилгээ дууссаны дараа эмчилгээний үр дүнг хангах зорилгоор түүнийг зохих асрамжийн газарт шилжүүлэх тухай саналыг албадан эмчилгээний байгууллага нутгийн захиргааны холбогдох байгууллага, албан тушаалтанд тавьж болно.
17. Албадан эмчилгээ хийлгэсэн хүн согтууруулах ундааг үргэлжлүүлэн байнга хэрэглэснээс дахин албадан эмчлүүүлэх тохиолдолд түүнийг төлбөртэйгээр эмчилнэ.
------оОо------
Текст томруулах
A
A
A