A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • Хүчингүй болсон - АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА /ХОТЫН АРДЫН ХУРЛЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРГАА/-ААС НУТАГ ДЭВСГЭРТЭЭ НИЙТЭЭР ДАГАЖ МӨРДҮҮЛЭХЭЭР ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ ХЯНАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Засгийн газрын 1993 оны 162 дугаар тогтоолын хавсралт
/Засгийн газрын 2003 оны 7 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА /ХОТЫН АРДЫН ХУРЛЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРГАА/-ААС НУТАГ ДЭВСГЭРТЭЭ НИЙТЭЭР ДАГАЖ МӨРДҮҮЛЭХЭЭР ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ ХЯНАХ ЖУРАМ
 Нэг.Нийтлэг үндэслэл
1.Аймаг, нийслэлийн Засаг дарга /хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаа/-аас нутаг дэвсгэртээ нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэр /цаашид "шийдвэр" гэнэ/-ийг хянан үзэж, Монгол улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцүүлэхэд энэхүү журмыг дагаж мөрдөнө.
 Хоёр.Шийдвэрт тавигдах үндсэн шаардлага
2.Шийдвэр нь Монгол улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцсэн байна.
3.Шийдвэр нь төр, засгийн дээд байгууллагаас батлан гаргасан хууль тогтоомжийн зүйл, заалтыг хуулбарлан давхардуулаагүй, тэдгээрт заасан хэм хэмжээг зөрчөөгүй байна.
4.Шийдвэрийн төслийг баталж гаргахын өмнө холбогдох газар, хэлтэс, хуулийн мэргэжилтнээр хянуулан виз авсан байвал зохино. Шийдвэр нь эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга дарснаар хүчин төгөлдөр болно.
5.Урьд гаргасан шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай шийдвэрийг Хууль зүйн яаманд ирүүлж хянуулж байна.
6.Шийдвэр нь хууль тогтоомж боловсруулах техник, бичиг хэргийн стандартад нийцсэн байна.
 Гурав.Шийдвэрийг хүлээн авах, хянах
7.Шийдвэрийн албан ёсны эх хувь буюу тогтоосон журмаар баталгаажсан /хуулбар үнэн болохыг гэрчилсэн албан тушаалтны гарын үсэг, тэмдэг бүхий/ хуулбарыг хэрэв хавсралттай бол хавсралтын хамт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор Хууль зүйн яаманд явуулна.
8.Шийдвэрийг өөр аймаг, нийслэлийн Засаг дарга /хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга/, төрийн захиргааны төв байгууллагын удирдлагатай хамтран гаргасан бол тухайн шийдвэрт нэр нь эхлэн бичигдсэн аймаг, нийслэл, хот, төрийн захиргааны төв байгууллага хариуцан мөн хугацааны дотор Хууль зүйн яаманд явуулна.
9.Хууль зүйн яаманд хянуулахаар ирүүлсэн шийдвэрийн эх хувь буюу хуулбарыг буцаахгүй.
10.Хууль зүйн яам шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор хянан хариуг дор дурдсан хэлбэрээр мэдэгдэнэ. Үүнд:
 а/шийдвэр нь хууль тогтоомжид нийцсэн гэж үзвэл албан ёсоор хариуг мэдэгдэх шаардлагагүй;
б/хянах явцад шийдвэр нь бүхэлдээ буюу түүний зарим хэсэг нь Монгол улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн заалтыг зөрчсөн байвал энэ тухай тодорхой үндэслэл, тайлбар бүхий дүгнэлт гаргаж хүргүүлнэ;
в/өөр аймаг, нийслэл, хот, төрийн захиргааны төв байгууллагатай хамтран гаргасан шийдвэрийн зөрчлийн талаар нэр нь эхлэн бичигдсэн аймаг, нийслэл, хот, төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэнэ.
11.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь шийдвэр бүхэлдээ буюу зарим хэсэг нь хууль тогтоомжид харшилж байгаа тухай Хууль зүйн яамны дүгнэлтийг хүлээн авснаас хойш өөрийн гаргасан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг дахин хянан үзэж, хууль тогтоомжид хэрхэн нийцүүлсэн тухайгаа ажлын 10 өдрийн дотор Хууль зүйн яаманд албан ёсоор мэдэгдэнэ.
Хэрэв Хууль зүйн яамны дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор өөрийн үндэслэл бүхий тайлбараа Хууль зүйн яаманд ирүүлнэ.
12.Хууль зүйн яамны дүгнэлтийн хариуг энэ журмын 11 дүгээр зүйлд заасан хугацааны дотор ирүүлээгүй буюу дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсан үндэслэл нь хууль тогтоомжийн заалтад харшилж байвал Хууль зүйн яам уг шийдвэрийг бүхэлд нь буюу түүний зарим хэсгийг хүчингүй болгуулахаар Ерөнхий сайдад өргөн мэдүүлэн шийдвэрлүүлж байна.
 
---oOo---