- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛ ХАВСРАХ, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭХ ЖУРАМ
Засгийн газрын 1995 оны 215 дугаар тогтоолын 1 дугаар хавсралт
/Засгийн газрын 2004 оны 111 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛ ХАВСРАХ, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭХ ЖУРАМ
Нэг.Төрийн захиргааны албан тушаал хавсрах
1.Төрийн захиргааны албан хаагч үндсэн ажлынхаа зэрэгцээгээр өөрийн ажиллаж байгаа байгууллагад буюу төрийн бусад аль нэг байгууллагад өөр ажил, орон тооны төрийн захиргааны албан тушаал (цаашид энэ журамд "өөр ажил, албан тушаал" гэх) хавсран гүйцэтгэж болно.
Харъяа байгууллагынхаа буюу удирдлага, хяналтдаа байдаг өөр ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгэхийг хориглоно.
2.Албан тушаал хавсран гүйцэтгүүлэхдээ холбогдох байгууллагуудын захиргаа болон ажилтан урьдчилан тохиролцсоны үндсэн дээр албан тушаал хавсруулах байгууллагын эрх баригч шийдвэр гаргаж,түүндээ албан тушаал хавсран гүйцэтгэгчийн хавсран ажиллах цагийн хэмжээ, олгох цалин хөлс, уг албан тушаалыг хавсран гүйцэтгэх нийт хугацаа зэргийг тодорхой заасан байна.
З.Өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгүүлэхдээ тухайн ажилтны үндсэн үүрэгт ажлаа бүрэн гүйцэтгэх нөхцөлийг хангасан байвал зохино.
4.Өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэсний цалин хөлсийг хавсарсан ажил, албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас илүүгүй хэмжээгээр тогтоож олгоно.
5.Өөр ажил,албан тушаал хавсран гүйцэтгэж байгаа хүмүүсийн ээлжийн амралт буюу ээлжийн амралтаа биеэр эдлээгүйн мөнгөн шагналыг зөвхөн үндсэн албан тушаалын цалинг баримтлан олгоно. Өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэж байгаа хүмүүст олгох хөдөлмөрийн чадвараа түр алдсаны,жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг үндсэн албан тушаалын цалингаас нь тооцож олгоно.
6.Өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэж байгаа хүнийг хавсарсан ажил, албан тушаалаас нь өөрчилбөл ажлаас халагдсаны тэтгэмж олгохгүй.
7.Дор дурдсан тохиолдолд өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэсэнд тооцохгүй:
а/үндсэн ажлынхаа зэрэгцээгээр орон тооны биш боловч цалин хөлстэй ажил гүйцэтгэх;
б/төр, захиргааны эрх барих дээд байгууллагаас зарим ажлыг тусгайлан үзэж зохих албан тушаалын хүмүүст хариуцуулан нэмэгдэл хөлс олгож байгаа ажил;
в/тус бүр хагас орон тоонд тооцогдох хоёр өөр албан тушаал хавсран ажиллах;
г/нэг орон тоонд батлагдсан албан тушаал.
Хоёр.Албан үүргийг түр орлон гүйцэтгэх
8.Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын газар, хэлтэс, түүнтэй адилтгах бүтцийн нэгжийн дарга, түүнчлэн төрийн өмчийн төсөвт байгууллагын дарга, ерөнхий /ахлах/ нягтлан бодогч зэрэг удирдах албан тушаалтныг ээлжийн амралт эдлэх, эмчлүүлэх, ажлаас түр чөлөөлөгдөж мэргэжил дээшлүүлэх сургалт, семинарт хамрагдах, хууль тогтоомжид заасны дагуу тусгай чөлөө эдлэх, албан томилолтоор ажиллах, төр, засгийн дээд байгууллагын шийдвэрээр тусгай даалгавар,ажил, үүрэг гүйцэтгэх үед тэдний байгууллагын захиргаанаас албан тушаалын ангилал, зэрэглэлийн дараагийн тушаалын ажилтнаар түр орлуулан гүйцэтгүүлнэ. Албан үүргийг түр орлуулан гүйцэтгүүлэх асуудлыг уг үүргийг орлон гүйцэтгэх ажилтантай тохиролцсон байна.
9.Албан үүргийг түр орлон гүйцэтгэсэн ажилтанд ийнхүү орлон гүйцэтгэсэн хугацааны цалингийн зөрүүг олгоно.
Хэрэв албан ёсны орлогч нь орлон ажилласан тохиолдолд цалингийн зөрүүг олгохгүй.
10.Энэ журмын 8 дугаар зүйлд зааснаас бусад албан тушаалтны мөн зүйлд заасан шалтгааны улмаас эзгүй байх үед тухайн байгууллага, газар, хэлтсийн дотоод журам, ажил, үүргийн хуваарь, хөдөлмөрийн гэрээний дагуу түүнтэй адил буюу бусад ангилал, зэрэглэлийн албан тушаалтанд ажлыг нь түр орлуулна. Энэ тохиолдолд түр орлон ажилласны хөлс тусгайлан олгохгүй бөгөөд тухайн ажилтны ажлыг дүгнэх, зэрэг дэв ахиулах, шагнаж урамшуулахад харгалзан үзнэ.
11.Албан үүргийг орлуулан гүйцэтгүүлэх тухай байгууллагын эрх баригчийн шийдвэр гарсны дараа уг албан үүргийг орлон гүйцэтгэх ажилтанд албан ёсоор хүлээлгэн өгнө.
12.Албан үүрэг орлон гүйцэтгэгч тухайн ажлыг орлон гүйцэтгэх хугацаандаа бүрэн хариуцах бөгөөд тухайн байгууллагын эрх баригчийн шийдвэрт өөрөөр заагаагүй бол үндсэн ажлаа нэгэн адил хариуцна.
Гурав.Бусад зүйл
1З.Өөр ажил, албан тушаал хавсран болон албан үүргийг түр орлон гүйцэтгэсэн ажилтанд олгох цалин хөлсийг тухайн байгууллагын цалингийн сангаас гаргана.
----оОо-----
Текст томруулах
A
A
A