- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 169 дүгээр тогтоолын хавсралт
/Энэ тогтоолыг 2003 оны 37 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
1. Энэхүү дүрмийн зорилго нь Аялал жуулчлалын хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн аялал жуулчлалын салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон стандарт, дүрэм, журмын хэрэгжилтэд тавих захиргааны хяналт шалгалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад оршино.
2. Аялал жуулчлалын улсын хяналтыг улсын хэмжээнд Засгийн газрын тохируулагч агентлаг Дэд бүтцийн улсын хяналтын алба, аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх мэргэжлийн хяналтын алба, орон нутгийн аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг хянан зохицуулах үүрэг бүхий байгууллага болон аялал жуулчлалын хяналтын талаар мэргэшсэн улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч /цаашид "улсын байцаагч" гэх/ хэрэгжүүлнэ.
3. Үйл ажиллагааных нь онцлогийг харгалзан төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын агентлагт ажиллах улсын байцаагчийг Дэд бүтцийн улсын хяналтын албаны дарга, орон нутгийн аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг хянан зохицуулах үүрэг бүхий байгууллагад ажиллах улсын байцаагчийг аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын ерөнхий байцаагчтай зөвшилцсөний үндсэн дээр томилж, чөлөөлөх бөгөөд улсын байцаагчийн эрхийг нь аялал, жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.
4. Улсын ерөнхий байцаагчийг аялал, жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилох, чөлөөлөх бөгөөд ерөнхий байцаагчийн эрх олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.
5. Аялал жуулчлалын хяналтын улсын байцаагч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.
6. Улсын хяналтыг дор дурдсан чиглэлээр хэрэгжүүлнэ:
а/аялал жуулчлалын талаар улсын хэмжээнд мөрдөж байгаа хууль тогтоомж, тэдгээрийг үндэслэн Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;
б/аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх болон хөтөч-тайлбарлагчийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох тэдгээрийн ангилал, зэрэглэл тогтоох журмын мөрдөлтийг хянаж, зөвшөөрөл эзэмшигч болон түүнийг олгогч байгууллагын үүргийн биелэлтийг хангуулах;
в/аялал жуулчлалын байгууллага болон жуулчны үйлчилгээний байгууллага, хөтөч-тайлбарлагчийн үүргийн биелэлтийг хангуулах, жуулчны баазын тухайн ангилал зэрэглэлд тавигдах шаардлага, холбогдох стандартын заалтыг мөрдүүлэх.
7. Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан улсын байцаагчийн нийтлэг үүргээс гадна дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/хяналт шалгалтыг энэ дүрмийн 6-д заасан чиглэлийн дагуу дангаар болон бусад байгууллага, мэргэжлийн хяналтын улсын байцаагчтай хамтран зохион байгуулж илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;
б/аялал жуулчлалын тухай хуулийн 23.2-т заасан үүргийг биелүүлж ажиллах.
8. Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 27 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 7, 9-д заасан улсын байцаагчийн нийтлэг эрхээс гадна дор дурдсан эрх эдэлнэ:
а/аялал жуулчлалын тухай хуулийн 23.1, 30.1-д заасан эрхийг хэрэгжүүлэх;
б/аялал жуулчлан тухай хуулийн 30.1.1-д заасан үндэслэлээр хуурамч буюу хүчингүй болсон гэрээ, хэлэлцээр тусгай зөвшөөрөл худалдан авах зэргээр аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулсан бол орлогыг хурааж түүнийг аялал жуулчлалын санд төвлөрүүлнэ;
в/аялал жуулчлал эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан, зөвшөөрсөн үйл ажиллагааг зөрчсөн буюу аялал жуулчлалын үйлчилгээг зохих ёсоор бүрэн гүйцэтгээгүй, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр буюу бүрмөсөн зогсоох;
г/Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42, Аялал жуулчлалын тухай хуулийн 30 дугаар зүйлийг үндэслэн зөрчил гаргасан буруутай этгээдэд захиргааны шийтгэл ногдуулах;
д/жуулчны үйлчилгээнд бусад салбарын харилцааг зохицуулсан хууль, стандарт, дүрэм, журмаар тогтоосон шаардлагыг хангаагүй зөрчил илэрвэл энэ талаар холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагад тухай бүр мэдэгдэж уг зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах.
9. Улсын байцаагчийн албан шаардлагыг байгууллага, аж ахуйн нэгж нь хугацаанд нь биелүүлж, хариуг албан ёсоор өгөх үүрэгтэй.
10. Шалгагдсан байгууллага, аж ахуйн нэгж нь улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо уг шийдвэр гаргасан өдрөөс 10 хоногийн дотор шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид буюу улсын ерөнхий байцаагчид гаргана.
11. Гомдол гаргах нь торгууль, шийтгэврээр ногдуулсан төлбөр төлөхийг зогсоох үндэслэл болохгүй бөгөөд гомдлыг хүлээн авсан байгууллагын эрх баригч буюу улсын ерөнхий байцаагч нь түүнийг авсан өдрөөс 30 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A