A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын  1993 оны 13 дугаар тогтоолын  хавсралт
/Засгийн газрын 2001 оны 41 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/
 
ТАМГА, ТЭМДЭГ, БАТАЛГААНЫ ТЭМДЭГ, ХЭВЛЭМЭЛ ХУУДАС ХИЙЛГЭХ, ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Төр, засгийн болон бусад байгууллагаас тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх журмыг энэ заавраар зохицуулна.
 2.Дор дурдсан байгууллага, албан тушаалтан тамга хэрэглэнэ:
 а/Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний Тамгын газар;
 б/Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газар;
 в/Монгол Улсын Засгийн газар, түүний Хэрэг эрхлэх газар;
 (Өөрчилсөн : 1993 оны 113 тоот Засгийн газрын тогтоол)                      
 г/Монгол Улсын яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг түүнчлэн үйл ажиллагаа нь Монгол Улсын хуулиар буюу Засгийн газрын шийдвэрээр тодорхойлогддог төрийн захиргааны байгууллага;
 (Өөрчилсөн : 1996 оны 309 тоот Засгийн газрын тогтоол)                     
 д/аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал;
 е/бүх шатны Засаг дарга, аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, хот, тосгоны захирагч;
 (Өөрчилсөн : 1994 оны 141 тоот Засгийн газрын тогтоол)                     
 ж/шүүх, прокурор, цагдаагийн байгууллага;
 з/ тус улсаас гадаад орон, олон улсын байгууллагад суугаа төлөөлөгчийн газар, өргөмжит консул. /ЗГ-ын 1997 оны 172 дугаар тогтоолоор нэмсэн./
 Улсын архив, нотариат, шүүхийн шийдвэр биелүүлэх болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллага албан хэрэгтээ тамга хэрэглэнэ. /ЗГ-н 1997 оны 157 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/
 Дээр дурдсан байгууллага нь албан хэрэгтээ тамганы зэрэгцээ тэмдэг хэрэглэж болно.
 Монгол Улсын сайд төрийн яамыг тэргүүлж байгаагийн хувьд яамны ажилтай холбоотой асуудлаар албан бичиг явуулахад тухайн яамны хэвлэмэл хуудас, тамгыг хэрэглэнэ.
/Засгийн газрын 1993 оны 113-р тогтоолоор нэмсэн./
 3.Энэ зааврын 2 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, аж ахуйн нэгж тэмдэгтэй байна.
 4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгыг Ерөнхийлөгч, Их Хурлын тамга, тэмдгийг Улсын Их Хурлын дарга, дэд дарга, Засгийн газрын тамга, тэмдгийг Ерөнхий сайд, шадар сайдын гарын үсэг зурсан бичиг баримт дээр дарна.
 Монгол Улсын сайд Засгийн газрын гишүүний хувьд өөрийн эрхэлсэн асуудлын хүрээнд Ерөнхийлөгч, Улсын Их Хуралд Засгийн газрын өмнөөс санал оруулахад болон хариуцсан дэд бүтцийн холбогдолтой асуудлаар албан бичиг явуулахад Засгийн газрын хэвлэмэл хуудас, Засгийн газрын тамгыг хэрэглэнэ.
Яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг түүнчлэн үйл ажиллагаа нь Монгол Улсын хуулиар буюу Засгийн газрын шийдвэрээр тодорхойлогддог төрийн захиргааны байгууллага, тус улсаас гадаад ороон, олон улсын байгууллагад суугаа төлөөлөгчийн газрын тамгыг сайд, дарга, тэдгээрийн орлогчид; тэмдгийг газар, хэлтэс, тасаг, албаны дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны гарын үсэг зурсан бичиг баримт дээр дарна. /ЗГ-н 1993 оны 113 дугаар тогтоолоор нэмсэн/.
 Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын тамга, тэмдгийг Засаг дарга, тэдгээрийн  орлогч, хот, тосгоны захирагчийн тамга, тэмдгийг хот, тосгоны захирагч, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамгыг Хурлын дарга, Хурлын Тэргүүүлэгчдийн дарга, нарийн бичгийн дарга, Иргэдийн Нийтийн Хурлын тамгыг Хурлын Тэргүүлэгчдийн даргын гарын үсэг зурсан бичиг баримт дээр дарна.
Тамгыг тухайн байгууллагын Тамгын газрын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтан түших бөгөөд баг /хороо/-ийн Засаг дарга тосгоны захирагч тамгаа өөрөө түшнэ. /ЗГ-ын 1994 оны 141 дүгээр тогтоолоор өөрчлөл орсон/
 5.Төр, засгийн байгууллага, иргэдийн Төлөөлөгчдийн болон иргэдийн Нийтийн Хурлын тамга, тэмдэг нь дөрвөлжин хэлбэртэй, үг нь монгол дармал үсгээр сүүлийн үеийн бичвэрээр бичигдсэн байна.
 6.Төр, засгийн байгууллага, иргэдийн Төлөөлөгчдийн болон иргэдийн Нийтийн Хурлын тамга, тэмдэгний дардасны хэсгийг резинээр хийсэн байх бөгөөд дор дурдсан хэмжээтэй байна:
а/Монгол Улсын Ерөнхийлөгч, Их Хурал, Засгийн газрын тамга нь 5,5х5,5х2,0 см-ийн, Ерөнхийлөгч, Их Хурлын Тамгын газрын болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тамга нь 5,0х5,0х1,0 см-ийн хэмжээтэй байна; /1993 оны 113 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон/
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамганы төв хэсэгт соёмбо байрлуулсан, түүний баруун талд "Монгол Улсын", зүүн талд "Ерөнхийлөгч" гэсэн уламжлалт бичээстэй; Их Хурлын тамганы төв хэсэгт соёмбо байрлуулсан, түүний баруун талд "Монгол Улсын", зүүн талд "Их Хурал" гэсэн бичээстэй; Засгийн газрын тамганы төв хэсэгт соёмбо байрлуулсан, түүний баруун талд "Монгол Улсын", зүүн талд "Засгийн газар" гэсэн бичээстэй байна.
"Монгол Улсын Ерөнхийлөгч, Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тамга нь төв хэсэгтээ соёмботой түүний баруун талд тус тус "Монгол Улсын Их Хурлын", "Монгол Улсын Ерөнхийлөгчийн", "Монгол Улсын Засгийн газрын", зүүн талд "Тамгын газар", "Хэрэг эрхлэх газар" гэсэн бичээстэй байна.
(Өөрчилсөн : 1993 оны 113 тоот Засгийн газрын тогтоол)                     
 б/яам, түүнчлэн үйл ажиллагаа нь Монгол Улсын хуулиар буюу Засгийн газрын шийдвэрээр тодорхойлогддог төрийн захиргааны байгууллага, тус улсаас гадаад орон, олон улсын байгууллагад суугаа төлөөлөгчийн газар, өргөмжит консул, аймаг, нийслэлийн Засаг дарга /хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаа/, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон шүүх, прокурор, цагдаагийн төв байгууллагын тамга нь 5,0х5,0х1,0 см хэмжээтэй, тамганы гол хэсэгт соёмбо байрлуулж, баруун талд "Монгол Улсын", зүүн талд нь тухайн байгууллагын нэр буюу "...аймгийн /нийслэлийн/ Засаг дарга /хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаа/" гэсэн бичээстэй байна. /1997 оны 172 дугаар тогтоолоор нэмсэн/
"Аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн хурлын тамганд "...аймаг /нийслэл/-ийн иргэдийн төлөөлөгчдийн хурал" гэсэн үгийг, сум, дүүргийн Төлөөлөгчдийн Хурлын тамганд "...аймаг /нийслэл/-ийн ..................сум /дүүрэг/-ын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал" гэсэн үгийг соёмбын 2 талд тэгш байршуулан бичнэ. /1993 оны 79 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/
Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагийн тамга нь 4,5х4,5х1,0 см хэмжээтэй, тамганы гол хэсэгт соёмбо байрлуулж, баруун талд "Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг," эсхүл "Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг," зүүн талд нь тухайн агентлагийн оноосон нэрийг бичнэ.
(Өөрчилсөн : 1996 оны 309 тоот Засгийн газрын тогтоол)                     
 в/шүүх, прокурор, цагдаагийн орон нутгийн байгууллага, сум, дүүргийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хотын захирагч, аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын тамга, түүнчлэн аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасаг, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албаны тэмдэг нь 4,5х4,5х1,0 см хэмжээтэй, тамганы гол хэсэгт соёмбо байрлуулж, түүний баруун талд нутаг дэвсгэрт нь оршиж байгаа засаг захиргааны нэгжийн нэрийг, зүүн талд уг байгууллагын нэрийг бичсэн байх ба сум, дүүргийн Засаг даргын тамга нь "...сумын /дүүргийн/ Засаг дарга", хотын захирагчийн тамга нь "... хотын захирагч" гэсэн бичээстэй байна;
  (Өөрчилсөн : 1994 оны 141 тоот Засгийн газрын тогтоол)                     
  г/баг, хорооны Засаг дарга, Иргэдийн Нийтийн Хурал, хот, тосгоны захирагчийн тамга, сум дүүргийн хэлтэс, тасаг, хот, тосгоны захирагчийн ажлын албаны тэмдэг нь 4,0х4,0х1,0 см хэмжээтэй, тамганы гол хэсэгт соёмбо байрлуулсан байна. Баг, хорооны Засаг дарга, Иргэдийн Нийтийн Хурал,  хот, тосгоны захирагчийн тамганд "...сум /дүүрэг/-ын ...  дугаар баг /хороо/-ийн Засаг дарга", "...сум /дүүрэг/-ын  ... дугаар баг /хороо/-ийн Иргэдийн Нийтийн Хурал", "...аймгийн ...сумын ... хот /тосгон/-ын захирагч" гэсэн үгийг соёмбын хоёр талд тэгш байрлуулан бичнэ.
(Өөрчилсөн : 1994 оны 141 тоот Засгийн газрын тогтоол)                     
 д/аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн тэмдэг нь "...аймгийн /нийслэл, дүүргийн/ Засаг даргын Тамгын газрын хэлтэс" гэсэн бичээстэй байна.
 7.Энэ зааврын 2 дугаар зүйлд заасны дагуу тамганы зэрэгцээ хэрэглэх тэмдэг нь тухайн байгууллагын тамгатай ижил хэмжээтэй байна.
 Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газар болон тус улсаас гадаад оронд суугаа Элчин сайдын яам, Байнгын төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газар нь гол хэсэгтээ соёмбо байрлуулсан, соёмбоны баруун талд "Монгол Улсын", зүүн талд тус тус "Гадаад харилцааны яамны Консулын газар";  "Элчин сайдын яам"; "Байнгын төлөөлөгчийн газар"; "Ерөнхий Консулын газар"; гэсэн бичээстэй 2х2 см-ийн хэмжээтэй дөрвөлжин дардас бүхий тамгатай байж болно. Энэ тамгыг зөвхөн тус улсын  иргэд гадаадад, гадаадын иргэд тус улсад зорчих виз, зөвшөөрөл олгоход паспортан дээр дарахад зориулан хэрэглэнэ.
 (Өөрчилсөн : 1993 оны  69 тоот Засгийн газрын тогтоол)                     
 8.Тэмдэг хэрэглэх байгууллагын тэмдэгний гол хэсэгт тухайн байгууллагын харьяалал, нэрийг бичнэ. Харин аж ахуйн нэгжийн тэмдэгт түүний харьяалал, оноосон нэр, өмчийн хариуцлагын ялгааг /тэмдэг эзэмшигч нь хувь хүн бол овог, нэрийг/ бичсэн байна.
 9.Байгууллага, иргэд баталгааны тэмдэг хэрэглэж болно. Баталгааны тэмдэгт байгууллагын /иргэний/ нэр, индексийг заана.
 10.Бүх тэмдэг, баталгааны тэмдэгт цагдаагийн байгууллагаас олгосон регистрийн дугаарыг бичнэ.
 11.Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудасны хэв маягийг бусад байгууллага хуулбарлан хэрэглэхийг хориглоно.
 12.Тамга хэрэглэх эрх бүхий байгууллага нь албан бичигт А4, А5 хэмжээний, тогтоол, тушаал, захирамжид А4 хэмжээний хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Монгол Улсын Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 9-д зааснаас бусад тамга хэрэглэх эрх бүхий байгууллагын хэвлэмэл хуудас соёмботой байна.
 Сүлд, соёмбыг хэвлэмэл хуудасны зүүн гар талын дээд өнцөгт талбайн захаас 35 мм зайд байрлуулна.
 (Өөрчилсөн : 1994 оны 116 тоот Засгийн газрын тогтоол/                     
 13.Байгууллагын хэвлэмэл хуудсанд харьяалах дээд болон тухайн байгууллагын нэр, байнгын орших аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нэр, индекс, байгууллагын регистрийн дугаар, шуудангийн хаяг, харилцах утас, алсын холбооны /телекс, факс/ дугаар, огноог бичсэн байна.
 14.Төр, засгийн бус байгууллага хэвлэмэл хуудсанд өөрийн байгууллагын билэгдэл тэмдэг хэрэглэж болно.
 15.Хэвлэмэл хуудсыг Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон зөвхөн хуулийн этгээдийн эрх бүхий байгууллага хэрэглэнэ. Байгууллагын хэвлэмэл хуудасны оронд бичгийн нүүрийг А4, А5 хэмжээний цаасан дээр дарж хэрэглэж болно.
 (Өөрчилсөн : 1993 оны 113 тоот Засгийн газрын тогтоол)                     
  ХОЁР.Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх
16.Тамга хийлгэх зөвшөөрлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх зөвшөөрлийг цагдаагийн байгууллага олгоно.
 Өөрчилсөн : 1993 оны 113 тоот Засгийн газрын тогтоол)                     
 17.Тэмдэг, баталгааны тэмдгийг хийлгэхдээ тухайн байгууллагын шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээ болон захиалах загварыг аймаг, хотын цагдаагийн байгууллагад өгч хянуулан, хийлгэх хугацаа, материалыг тохиролцоно.
 18.Тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг загварын дагуу цагдаагийн байгууллага хийж бүртгэн, дарсыг авч захиалагчид олгоно.
  19.Цагдаагийн байгууллагад бүртгүүлж регистрийн дугаар авсан тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг гадаадад хийлгэх, түүнчлэн цагдаагийн бус байгууллагаар хийлгэхийг хориглоно.
  ГУРАВ.Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас ашиглах, хадгалах
 20.Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас эзэмшигч нь тэдгээрийг тодорхой хүнд хариуцуулж, бөх бат саванд хадгална.
 21.Тамга, тэмдгийг баримт бичигт гарын үсэг зурж батламжлагдсаны дараа албан тушаалын нэрийн эхний үсгүүдийг оруулан бүтэн, тэгш, тод дарна.
 22.Тусгайлан заагаагүй бол албан бичгийн гадаадын байгууллагад явуулах хувь дээр тамга, тэмдэг дарахгүй.
 23.Байгууллага нь өөрчлөн байгуулагдсаны улмаас ашиглахгүй болсон тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг цагдаагийн байгууллагад заавал хураалгана.
 24.Гэмтэлтэй, анхны загвараас дардас нь зөрүүтэй тамга, тэмдэг ашиглахыг хориглох бөгөөд ийм тамга, тэмдгийг цагдаагийн байгууллагад хураалгаж шинээр хийлгэнэ.
 25.Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг алдагдвал цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж харьяа болон харьцдаг байгууллагадаа уг тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хүчингүй болсныг зарлана.
Алдагдсан тамга, тэмдэг, баталгааны тэмдэг олдвол түүнийг дахин хэрэглэхгүй. Тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг дахин шинээр хийлгэсэн тухай тэмдэглэл хийнэ.
 26.Тамга, тэмдэг, баталгааны тэмдгийн ашиглалтад цагдаагийн байгууллага хяналт тавина.
 27.Энэ заавар Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хамтарсан байгууллага, гадаадын иргэд, харьяалалгүй хүмүүст нэгэн адил хамаарна.
 
--------ОоО-------