- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - КАЗИНОГИЙН АСУУДАЛ ЭРХЛЭХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Засгийн газрын 1998 оны 36 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
/Засгийн газрын 1999 оны 17 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
КАЗИНОГИЙН АСУУДАЛ ЭРХЛЭХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
1.Казиногийн асуудал эрхлэх Зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/-ийн үйл ажиллагааг Монгол Улсын Казиногийн тухай хууль, холбогдох хууль тогтоомж болон энэхүү дүрмээр зохицуулна.
2.Зөвлөлийн дарга нь хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна. Зөвлөлийн дарга Зөвлөлийн үйл ажиллагааг удирдаж, түүний үүрэг, зорилтыг хэрэгжүүлэх ажлыг Монгол Улсын Засгийн газрын өмнө хариуцна. Зөвлөлийн даргын эзгүйд түүний үүргийг түүний томилсон Зөвлөлийн гишүүн гүйцэтгэнэ.
3.Зөвлөлийн гишүүнийг Казиногийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан журам, үндэслэл, хугацаагаар томилж, чөлөөлнө.
4.Зөвлөл нарийн бичгийн даргатай байна. Нарийн бичгийн даргыг Зөвлөлийн дарга томилно.
5.Зөвлөлийн хуралдааныг Зөвлөлийн дарга удирдана.
6.Зөвлөлийн гишүүн нь өөрийн хариуцсан хүрээнд казиногийн асуудалтай холбогдсон санал, дүгнэлт, тогтоолын төслийг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлнэ.
7.Энэ дүрмийн 6-д заасны дагуу Зөвлөлд асуудал оруулж буй гишүүн саналаа Зөвлөлийн нарийн бичгийн даргад холбогдох үндэслэл, судалгаа, тооцооны хамт ирүүлнэ. Нарийн бичгийн дарга асуудлыг Зөвлөлийн даргад танилцуулах бөгөөд Зөвлөлийн дарга уг асуудлыг хуралдаанаар хэлэлцэх хугацаа, дарааллыг тогтооно.
8.Казиногийн үйл ажиллагаатай холбогдсон саналаа казиногийн үйл ажиллагаа эрхэлж байгаа болон аливаа сонирхогч этгээд Зөвлөлийн нарийн бичгийн даргад холбогдох үндэслэл, судалгаа, тооцооны хамт ирүүлнэ. Нарийн бичгийн дарга саналыг Зөвлөлийн даргад танилцуулах бөгөөд Зөвлөлийн дарга шаардлагатай гэж үзвэл уг асуудлыг хуралдаанаар хэлэлцэх хугацаа, дарааллыг тогтооно.
9.Зөвлөлийн хуралдааны явцын талаар тэмдэглэл хөтөлнө. Энэхүү тэмдэглэлд Зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурсан байна.
10.Зөвлөл эрх хэмжээнийхээ асуудлаар Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн тогтоол, Зөвлөлийн дарга тушаал гаргаж, биелэлтийг нь хангуулна.
11.Зөвлөл нь тогтоосон журмын дагуу үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ.
12.Зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдсон зардлыг Зөвлөлийн саналыг үндэслэн жил бүрийн улсын төсөвт тусгана.
13.Зөвлөлийн гишүүнд ажлын оролцоог нь харгалзан хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс тогтоосон жишгийг баримтлан улирал тутам урамшуулал олгож болно.
Хоёр. Зөвлөлийн бүрэн эрх
14.Зөвлөл Казиногийн тухай хуулийн 8.5-д зааснаас гадна дараахь эрхтэй байна:
а/казино ажиллуулах онцгой эрхийн зөвшөөрөл эзэмшигч казиногийн салбар нээх, тоглоомын төрөл, тоог нэмэгдүүлэхийг хүссэн өргөдлийг хүлээн авч, казиногийн салбар нээх, тоглоомын төрөл, тоог нэмэгдүүлэх зөвшөөрөл олгох;
б/казиногийн салбар нээх, тоглоомын төрөл, тоог нэмэгдүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгох;
в/өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжийн дагуу шинжээч, мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулах, Зөвлөлийн хуралдаанд урьж оролцуулах;
г/казиногийн үйл ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгох талаар санал боловсруулж холбогдох байгууллагад оруулах;
д/казиногийн асуудлаар төрийн бус байгууллага, гадаадын болон олон улсын байгууллагатай хууль тогтоомж, бүрэн эрхийнхээ хүрээнд хамтран ажиллах;
е/хууль тогтоомжид заасан бусад эрх.
15.Зөвлөл Казиногийн тухай хуулийн 8.5-д зааснаас гадна дараахь үүрэг гүйцэтгэнэ:
1/Казиногийн тухай хуулийн 8.4, 11.1-д зааснаас гадна дор дурдсан асуудлаар санал, дүгнэлт гаргаж, хуулийн 8.3-т заасан журмын дагуу Засгийн газарт оруулах:
а/казино ажиллуулах онцгой эрхийн зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан бичиг баримт Казиногийн тухай хуульд заасан шаардлагад нийцэж буй эсэх;
б/онцгой эрхийн зөвшөөрлийн хугацааг сунгаж болох эсэх;
2/казиногийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд хууль тогтоомж, тендерийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих;
3/Засгийн газраас үүрэг болгосны дагуу казино ажиллуулах онцгой эрхийн зөвшөөрлийг олгох далд тендерийн нөхцөл, болзлыг боловсруулах, тендерийг зарлах, дүгнэх;
4/казиногийн үйл ажиллагаатай холбоотой нийтлэг жишиг, зохих зөвлөмж, чиглэл гаргах, хэрэгжилтэд нь хяналт тавих;
5/казиногийн байр, тоглоомын хэрэгсэл, холбогдох тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг хууль тогтоомж, стандартад нийцэж байгаа эсэхийг шалгах;
6/казино ажиллуулах онцгой эрхийн зөвшөөрөл бүхий этгээд, түүний салбар, тоглоомын төрөл, тооны бүртгэл хөтлөх;
7/казиногийн үйл ажиллагааны талаар холбогдох байгууллагын тайлан, мэдээллийг хэлэлцэж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай асуудлаар зохих шатны байгууллагад санал оруулах;
8/хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
---оОо---
Текст томруулах
A
A
A