- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ГАДААДЫН ИРГЭДИЙН АСУУДАЛ ЭРХЛЭХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Засгийн газрын 1994 оны 107 дугаар тогтоолын хавсралт
ГАДААДЫН ИРГЭДИЙН АСУУДАЛ ЭРХЛЭХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Гадаадын иргэдийн асуудал эрхлэх зөвлөл /цаашид "Зөвлөл" гэнэ/-ийн үндсэн зорилт нь Монгол Улсаас гадаадын иргэдийн талаар баримтлах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд хяналт тавьж, төрийн захиргааны төв байгууллагуудын гадаадын иргэдийн эрх зүйн байдал, цагаачлалтай холбогдсон үйл ажиллагааг уялдуулан чиглүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэхэд оршино.
2.Зөвлөл нь үйл ажиллагаандаа Гадаадын иргэний эрх эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг удирдлага болгоно.
3. Зөвлөлийг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тэргүүлж, Зөвлөлийн зорилт, үүргийг хэрэгжүүлэх ажлыг Монгол Улсын Засгийн газрын өмнө хариуцна. Зөвлөлийн даргын эзгүйд түүний үүргийг Зөвлөлийн орлогч дарга гүйцэтгэнэ.
Зөвлөл ажлаа хагас жил тутам Засгийн газарт тайлагнаж байна.
Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь орон тооны байх бөгөөд зөвлөлийн дотоод ажлыг эрхлэн гадаадын иргэдийн холбогдолтой судалгаа, дүн шинжилгээг нэгтгэх ажлыг зохион байгуулна.
4. Зөвлөл эрх хэмжээнийхээ асуудлаар Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн тогтоол гаргаж, биелэлтийг хангуулна. Зөвлөлийн тогтоолыг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй.
5. Зөвлөл нь гадаадын иргэд, цагаачлалтай холбогдсон асуудлыг хэрэгжүүлэхдээ холбогдох бусад байгууллага, аж ахуйн нэгжтэй харилцан ажиллана.
6. Зөвлөл нь тогтоосон журмаар хийлгэсэн тамга, тэмдэг болон албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Хоёр. Зөвлөлийн үүрэг, эрх
7. Зөвлөл нь дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
а/Монгол улсад удаан хугацаагаар болон байнга амьдран суугаа гадаадын иргэд, цагаачдын талаар төрөөс баримтлах ойрын болон хэтийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээг чиг үүргийн дагуу зохион байгуулах;
б/тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэдийн эрх зүйн байдал, цагаачлалтай холбогдсон асуудлыг нэгдсэн удирдлагаар хангаж зохицуулах;
в/Монгол Улсын хүн амын тоо, нягтрал, газар зүйн байршил, хөгжлийн түвшин зэрэг хүчин зүйлтэй уялдуулан цагаач гадаадын иргэдийн тоо, бүтэц, хөдөлгөөний талаар санал боловсруулж зохих журмын дагуу шийдвэрлүүлэх;
г/цагаач гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох, түүнийг сунгах, хүчингүй болгох асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;
д/гадаадын иргэдийн эрх зүйн байдал, цагаачлалтай холбогдсон шаардлагатай мэдээ, судалгаа, баримт материалыг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжээс гаргуулан авах, дүгнэлт, шинжилгээ хийх;
е/гадаадын иргэний оршин суух хугацааг богиносгох, тэднийг Монгол улсаас албадан гаргах тухай шийдвэр гаргах;
ж/гадаадын иргэдийн тухай мэдээ, тайланг холбогдох яам, тусгай газраас улирал бүр авах.
8. Зөвлөл нь дор дурдсан эрх эдэлнэ:
а/гадаадын иргэдийн эрх зүйн байдал, цагаачлалтай холбогдсон асуудлыг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагууд тус тусын чиг үүргийн дагуу хэрхэн гүйцэтгэж байгаад хяналт тавьж, шаардлагатай асуудлаар үүрэг даалгавар өгч гүйцэтгүүлэх;
б/гадаадын иргэдийн эрх зүйн байдал, цагаачлалтай холбогдолтой хууль тогтоомжийн биелэлтийг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага хийгээд холбогдох бусад байгууллага, аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж зохих байгууллага, албан тушаалтанд хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг нь шуурхай хангуулах, шаардлагатай мэдээ, судалгаа, дүгнэлт, баримт материалыг гаргуулах;
в/холбогдох асуудлаар санал боловсруулах, цагаач гадаадын иргэдийн талаар баримтлах ойрын болон хэтийн бодлого, чиглэлийг тодорхойлох ажилд урьдчилан тохиролцсоны үндсэн дээр холбогдох байгууллага, мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулах;
г/Зөвлөлийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Зөвлөлийн гишүүд холбогдох байгууллагад нэвтэрч, зохих хүмүүстэй уулзаж, мэдээ, баримт авах;
д/Монгол Улсын хууль тогтоомжоор олгосон бусад эрхийг эдэлнэ.
Гурав. Зөвлөлийн ажиллах журам
9. Зөвлөл нь сард нэгээс доошгүй удаа хуралдана. Хуралдааныг гишүүдийн гуравны хоёр нь оролцсоноор хүчинтэйд тооцно. Хуралдааныг зөвлөлийн дарга удирдана.
10. Зөвлөл нь хэлэлцсэн асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ.
Зөвлөлийн гишүүн бүр нэг санал өгөх эрхтэй бөгөөд хэрэв санал хуваагдвал даргалж буй хүний саналаар шийдвэрлэнэ. Тогтоолд Зөвлөлийн дарга, хуралд оролцсон гишүүд гарын үсэг зурна.
11. Зөвлөл нь хурлын явцын талаар тэмдэглэл хөтөлнө. Энэхүү тэмдэглэлд Зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурна.
12. Зөвлөлөөс шалгалт, судалгаа хийлгэх, гишүүдийн албан томилолтын болон бичиг хэргийн зэрэг бусад зардалд шаардагдах хөрөнгийг Хууль зүйн яамны жилийн төсөвт тусгайлан тусган баталж санхүүжүүлнэ.
13. Зөвлөлийн гишүүн нь зохих журмаар хийлгэсэн үнэмлэхтэй байна.
Үнэмлэхийн загварыг Зөвлөлийн дарга батална.
----оОо-----
Текст томруулах
A
A
A