A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • Хүчингүй болсон - МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ ИРГЭД ШИЛЖИН СУУРЬШИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ БҮРТГЭХ, МЭДЭЭЛЭХ НИЙТЛЭГ ЖУРАМ
Бүлэг: 1979
Засгийн газрын 47 дугаар тoгтooлын xaвcpaлт
/Засгийн газрын 2002 оны 214 дүгээр тогтоолоор хүчингүйд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ ИРГЭД ШИЛЖИН СУУРЬШИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ БҮРТГЭХ, МЭДЭЭЛЭХ НИЙТЛЭГ ЖУРАМ
  Нэг.Ерөнхий зүйл
1.Монгол Улсын иргэд засаг захиргааны нэг нэгжээс нөгөөд шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэхэд энэхүү журмыг мөрдөнө.
2.Иргэд байнга оршин сууж байсан засаг захиргааны нэг нэгжээс нөгөөд 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухыг бүрмөсөн шилжин суурьших /цаашид "шилжин суурьших" гэнэ/, 180 хоног ба түүнээс доош хугацаагаар шилжин суухыг түр шилжих гэнэ. Бүх шатны сургууль, дамжаанд суралцах, эмчлүүлж  сувилуулахаар шилжигчид хугацаа харгалзахгүйгээр түр шилжсэнд тооцогдоно.
3.Иргэдийн аймгаас аймагт, аймгаас нийслэлд, нийслэлээс аймагт шилжин суурьших хөдөлгөөнийг зохицуулж бүртгэх, мэдээлэх ажлыг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар зохицуулна.
4.Иргэдийн аймаг болон нийслэлийн дотор шилжин суурьших хөдөлгөөнийг зохицуулж бүртгэх ажлыг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар зохицуулна.
5.Энэхүү журам нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суугаа харъяалалгүй хүмүүст нэгэн адил хамаарна.
  Хоёр.Иргэдийн шилжин суурьших тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх
6.Аймгаас аймагт, аймгаас нийслэлд, нийслэлээс аймагт шилжин суурьшихыг хүссэн иргэд аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, аймаг, нийслэлийн дотор шилжин суурьшихыг хүссэн иргэд сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт байнга оршин сууж байгаа баг, хороогоороо уламжлан өргөдөл гаргана.
7.Өргөдөлдөө овог, нэр, ам бүлийн байдал, өөрийнхөө болон гэр бүлийнхээ гишүүдийн эрхэлж байгаа ажил, мэргэжил, шилжих болсон шалтгаан, шилжээд хаана, ямар байгууллагад ажил эрхлэх, аль сум, дүүрэг, баг, хороонд оршин суух, амьдрах орон сууц, хаягийг тодорхой бичнэ.
8.Ажилд томилох тухай аж ахуйн нэгж байгууллагын албан бичиг, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тодорхойлсон зохих шатны Засаг даргын тодорхойлолт буюу шүүхийн шийдвэр, гэр бүлийн баталгааны нотариатаар батлуулсан хуулбар зэргийн аль тохирохыг өргөдөлд хавсаргана.
9.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь шилжин суурьших тухай иргэдийн хүсэлтийг "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай" Монгол Улсын хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
10.Аймгаас аймагт, аймгаас нийслэлд, нийслэлээс аймагт шилжин суурьших тухай иргэний хүсэлтийг шийдвэрлэхдээ зайлшгүй шаардлагатай бол шилжих, шилжүүлэх аймаг, нийслэл харилцан зөвшилцөж болно.
  Гурав.Иргэдийн шилжин суурьшихыг түр хойшлуулах
11.Иргэдийн шилжин суурьших хүсэлтийг дор дурдсан үндэслэлээр түр хойшлуулж болно:
а/шүүхийн тогтоолоор ял тэнссэн, засан хүмүүжүүлэх ажил хийж байгаа бол шийтгэлийн хугацааг дуустал;
б/гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан бол уул хэргийг шийдвэрлэгдтэл;
в/гэр бүлээ цуцлуулах өргөдөл өгсөн бол энэ тухай шүүхийн шийдвэр гартал;
г/ажиллаж байсан байгууллагадаа өр төлбөртэй бол түүнийг барагдуултал;
д/асран хамгаалагч, харгалзан дэмжигчээ орхиж буй бол түүнийг хэрхэхийг шийдтэл;
е/иргэний баримт бичгийн зөрчилтэй бол түүнийг арилгатал;
ж/хуульд заасан бусад үндэслэл.
12.Аймаг, нийслэл нь шилжин ирж байгаа иргэнд газар олгох, ажлын байраар хангах, нийгэм, ахуйн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх боломжгүй бол энэ тухай мэдэгдэж, шилжүүлэн авахаас тодорхой хугацаагаар татгалзаж болно.
  Дөрөв.Шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх
13.Иргэдийн аймаг, нийслэлийн дотор түр шилжин суурьших хөдөлгөөнийг тэдний хувийн хүсэлт, иргэний паспорт, хүүхдийн төрсний гэрчилгээг үндэслэн сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, аймаг, хот дотор шилжин суурьших хөдөлгөөнийг тодорхойлолт-ХААТР-22 маягтыг үндэслэн бүртгэнэ.
14.Иргэдийн аймгаас аймагт, аймгаас нийслэлд, нийслэлээс аймагт түр шилжин суурьших хөдөлгөөнийг тэдний хувийн хүсэлт, иргэний паспорт, хүүхдийн төрсний гэрчилгээг үндэслэн сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, аймаг, хотод бүрмөсөн шилжин суурьших хөдөлгөөнийг тодорхойлолт - ХААТР-24, аймаг, нийслэлд бүрмөсөн шилжин ирэх хөдөлгөөнийг тодорхойлолт - ХААТР- 2З маягтаар тус тус бүртгэнэ.
15.Түр шилжин суугчдын хөдөлгөөнийг дор дурдсан журмаар бүртгэнэ:
а/иргэдийн 30 хоногоос дээш хугацаагаар түр шилжин суурьших тохиолдолд байнга оршин суудаг нутаг дэвсгэрийнхээ бүртгэлд "түр эзгүй" гэсэн тэмдэглэл хийлгэж, түр оршин сууж байгаа нутаг дэвсгэртээ долоо хоногийн дотор бүртгүүлж "түр суугч" гэсэн тэмдэглэл хийлгэнэ;
Хэрэв иргэн түр оршин суух хугацаандаа байнга оршин суудаг нутаг дэвсгэртээ хүндэтгэх шалтгаанаар буцаж чадахгүйд хүрвэл түр оршин суух зөвшөөрлөө сунгуулж болно.
б/өөр аймаг, сумаас бүх шатны сургуульд суралцагчдыг сум, хороодын Засаг даргын Тамгын газар оршин суугаа хаягаар нь тусгайлан бүртгэж байна.
16.Шилжин суурьших хөдөлгөөнийг дор дурдсан журмаар мэдээлж байна:
а/шилжин ирэгсэд, явагсдын бүртгэлийг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар эрхлэн хөтөлж, сумын Засаг даргын Тамгын газар сар бүрийн мэдээг дараа сарын эхний 10 хоногийн дотор аймгийн Засаг даргын Тамгын газарт, аймгийн Засаг даргын Тамгын газар түүнийг мөн сарын эхний 15 хоногийн дотор Цагдаагийн ерөнхий газрын Иргэний бүртгэл, мэдээллийн төвд мэдээлнэ.                             
Нийслэлийн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар сар бүрийн мэдээг дараа сарын эхний 10 хоногийн дотор Иргэний бүртгэл, мэдээллийн төвд мэдээлнэ;
б/Иргэний бүртгэл, мэдээллийн төв шилжин суурьших хөдөлгөөний мэдээг хагас жил тутамд нэгтгэн Улсын статистикийн газарт гарган өгч байна.
  Тав.Хүлээлгэх хариуцлага
17.Энэхүү журмыг зөрчсөн иргэн, албан тушаалтанд сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, цагдаагийн эрх бүхий ажилтнууд Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу захиргааны хариуцлага хүлээлгэнэ.
-------оОо-------