- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - УЛСЫН "НЕФТЬ ИМПОРТ" КОНЦЕРНИЙ ДҮРЭМ
/Засгийн газрын 2003 оны 256 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
УЛСЫН "НЕФТЬ ИМПОРТ" КОНЦЕРНИЙ ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Улсын "Нефть импорт" концерн /цаашид концерн гэх/ нь аж ахуйн нэгжүүдийн нэгдэл мөн.
2.Концерний үндсэн зорилт нь нефтийн бүтээгдэхүүн, түүний сав, тоног төхөөрөмж, тосолгооны материалаар улс орны хэрэгцээг хангах, концерний бүрэлдэхүүнд орсон аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалах, тэргүүний техник, технологи нэвтрүүлэхэд оршино.
3.Концерний бүрэлдэхүүнд дор дурдсан салбар, компани, байгууллага орно:
-Нефть импорт "Цэцэрлэг" салбар;
-Нефть импорт "Баянхонгор" -"-
Нефть импорт "Арвайхээр" -"-
-Нефть импорт "Мандалговь" -"-
-Нефть импорт Даланзадгад" -"-
-Нефть импорт "Улиастай" -"-
-Нефть импорт "Алтай" -"-
-Нефть импорт "Ховд" -"-
-Нефть импорт "Дархан" -"-
-Нефть импорт "Эрдэнэт" -"-
-Нефть импорт "Чойр" -"-
-Нефть импорт "Чойбалсан" -"-
-Нефть импорт "Баруун-урт" -"-
-Нефть импорт "Өндөрхаан" -"-
-Нефть импорт "Сүхбаатар" -"-
-Нефть импорт "Булган" -"-
-Нефть импорт "Өлгий" -"-
-Нефть импорт "Багахангай" -"-
-Нефть импорт "Зуунмод" -"-
-Нефть импорт "Бор-өндөр" -"-
-Нефть импорт "Улаангом" салбар;
-Нефть импорт "Мөрөн" -"-
-Нефть импорт "Улаанбаатар" -"-
-Нефть импорт "Сайншанд" -"-
-Нефть импорт "Баруунхараа" -"-
-Нефть импорт "Тоноглол" компани;
-Нефть импорт "Угсралт" -"-
-Нефть импорт "Алтангагнуур" -"-
-Нефть импорт "Ганторх" -"-
-Нефть импорт "Аян" -"-
-Нефть химийн технологийн эрдэм шинжилгээний төв.
Энэ дүрмийг хүлээн зөвшөөрсөн аж ахуйн бусад нэгж концерний бүрэлдэхүүнд нэгдэн орж болно.
4.Концерн нь Монгол Улсын хуулийн этгээд бөгөөд үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол шийдвэр, энэ дүрмийг удирдлага болгоно.
5.Концерний бүрэлдэхүүн дэх нэгжүүд нь аж ахуйн бүрэн биеэ даасан байдал, хуулийн этгээдийн эрхээ хадгална.
Концерн нь улсын өмнө хүлээсэн үүргээс бусад тохиолдолд бүрэлдэхүүндээ орсон аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэвэл зохих үүргийг хариуцахгүй бөгөөд концерний бүрэлдэхүүнд орсон аж ахуйн нэгжүүд нь концерний гүйцэтгэвэл зохих үүргийг дээрхээс бусад тохиолдолд хариуцахгүй.
6.Концерн нь тогтоосон журмаар хийсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Хоёр.Концерний үүрэг, эрх
7.Концерн дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
а/бүрэлдэхүүндээ орсон аж ахуйн нэгжүүдийн жигд ажиллагааг хангаж тэдгээрийн байршил, хөрөнгө оруулалт, санхүүгийн нэгдсэн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх;
б/бүрэлдэхүүндээ орсон аж ахуйн нэгжүүдэд тэргүүний техник, технологи нэвтрүүлэх, улсын өмнө хүлээх үүргээ биелүүлэх, эдийн засгийн үр ашгаа дээшлүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх;
в/нефтийн бүтээгдэхүүний улсын болон аюулгүй нөөцийг бүрдүүлэх, шатахуун, тосолгооны материалын хангалт, тээвэрлэлтийн оновчтой хүрээг тогтоож мөрдүүлэх;
г/шатахууны үлдэгдэл, нийлүүлэлт, нөөцөд тулгуурлан түүний оновчтой хуваарилалтыг зохион байгуулж хяналт тавих;
д/нефтийн бүтээгдэхүүнээр байгаль орчныг бохирдуулахаас хамгаалах, галын аюулгүй ажиллагааг хангах ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;
е/бүрэлдэхүүнд орсон аж ахуйн нэгжид боловсон хүчин бэлтгэх, давтан сургахад туслах.
8.Концерн дор дурдсан эрх эдэлнэ:
а/Монгол улсын хууль тогтоомжийн дагуу гадаад эдийн засгийн үйл ажиллагааг бие дааж явуулах, өөрийн салбар, төлөөлөгчийн газар байгуулах;
б/үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны болон бусад үйл ажиллагааг зохих журмын дагуу явуулах;
в/импортоор авсан бараанд бөөний болон жижиглэн худалдаалах /улсаас үнэ тогтоохоос бусад/ үнэ тогтоох;
г/шаардлагатай тохиолдолд бүрэлдэхүүнд орсон аж ахуйн нэгжүүддээ санхүүгийн баримтын шалгалт хийж холбогдох арга хэмжээг авах;
д/бүрэлдэхүүнд орсон аж ахуйн нэгжүүдтэй тохиролцсоны үндсэн дээр худалдааны хорогдлын хувийг тогтоох, хөрөнгийн зарим хэсгийг төвлөрүүлэх.
Гурав.Концерний удирдлага
9.Концернийг Засгийн газраас томилсон ерөнхий захирал толгойлж, концерний зорилт, үүргийг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газрын өмнө бүрэн хариуцна.
10.Концерний бүрэлдэхүүнд орсон аж ахуйн нэгжийн дарга нарын саналыг үндэслэн байгуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй Захирлуудын зөвлөлтэй байна. Захирлуудын зөвлөлийг концернийн ерөнхий захирал толгойлно.
11.Захирлуудын зөвлөлийн хурлыг жилд 2 удаа хийнэ.
Зөвлөлийн ээлжит бус хуралдааныг ерөнхий захирлын саналаар буюу захирлуудын гуравны хоёроос доошгүйн саналаар хийж болно.
12.Захирлуудын зөвлөл нь дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байна.Үүнд:
а/концерний хэтийн бодлого, үйл ажиллагааны үндсэн чиглэл;
б/концерний ажлын аппаратын болон аж ахуйн нэгжүүдийн жил, улирлын тайлан тэнцэл, төлөвлөгөө төсөв, хөрөнгө оруулалт, санхүүгийн бодлого, ногдол ашгийн хуваарилалт;
в/концерний дэд захирлуудыг томилох, чөлөөлөх, тэдний цалин хөлсийг тогтоох тухай ерөнхий захирлын санал;
г/ концерний бүрэлдэхүүнд аж ахуйн нэгж, байгууллага оруулах, гаргах, салбар, төлөөлөгчийн газар байгуулах, татан буулгах;
д/концерний ерөнхий захирал болон захирлуудын зөвлөлийн гишүүдэд жил, улирлын ажлын үр дүнгийн шагнал олгох тухай асуудал.
13.Концерний ерөнхий захирал нь:
а/концерний үйл ажиллагааны бүхий л асуудлаар концернийг төлөөлж, итгэмжлэл олгоно;
б/концерний нэрийн өмнөөс гэрээ байгуулж, концерний хууль ёсны эрх ашгийг хамгаална;
в/концерний эд хөрөнгийг захиран зарцуулна;
г/концерний бүрэлдэхүүнд орсон улсын аж ахуйн нэгжүүдийн дүрмийг баталж иргэний гэрээний үндсэн дээр тэдгээрийн дарга, захирал болон концерний аппаратын ажилтнуудыг томилж, чөлөөлнө.
д/эрх хэмжээнийхээ асуудлаар Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, шийдвэрт нийцүүлэн тушаал гаргана.
14.Концерний ерөнхий захирал ажлын аппараттай байхын зэрэгцээ асуудлыг шуурхай шийдвэрлэхэд тусалж зөвлөх үүрэгтэй ерөнхий захирлын зөвлөлтэй байна.
Ерөнхий захирлын зөвлөлийн гишүүд, ажиллах журмыг ерөнхий захирал тогтооно.
Дөрөв.Концерний эд хөрөнгө, аж ахуйн харилцааны үндэс
15.Концерний эд хөрөнгө нь түүний бүрэлдэхүүнд орсон аж ахуйн нэгжүүдээс төвлөрүүлсэн болон концерний үйл ажиллагааны явцад бий болсон эд хөрөнгө, санхүүгийн нөөц, бусад эх үүсвэрээс бүрдэнэ.
16.Концерний бүрэлдэхүүнд орсон аж ахуйн нэгж түүнээс гарахдаа концернтэй эд хөрөнгийн тооцоог зохих журмаар хийсэн байна.
17.Концерн түүний бүрэлдэхүүн дэх аж ахуйн нэгжүүдийн хоорондын харилцааг Монгол Eлсын хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, шийдвэр, энэ дүрэм болон холбогдох эрхийн актаар зохицуулна.
-----------оОо------------
Текст томруулах
A
A
A