- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ПАТЕНТЫН ГАЗРЫН ДҮРЭМ
Засгийн газрын 1993 оны 180 дугаар тогтоолын хавсралт
/Засгийн газрын 2003 оны 256 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
ПАТЕНТЫН ГАЗРЫН ДҮРЭМ
НЭГ.Нийтлэг үндэслэл
1.Патентын газар нь /цаашид "Газар" гэнэ/ шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, оновчтой санал, барааны тэмдгийн асуудлыг улсын хэмжээнд хариуцан гүйцэтгэх байгууллага мөн.
2.Газрын үндсэн зорилт нь Монгол улсын хэмжээнд шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, оновчтой санал, барааны тэмдгийн талаар төрийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, Монгол улсын Патентын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т заасан чиг үүргийг гүйцэтгэхэд оршино.
3.Газар нь үйл ажиллагаандаа Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын Патентын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, шийдвэр, Монгол улсын олон улсын гэрээ болон энэ дүрмийг удирдлага болгон патентын ажилтай холбогдсон үйлчилгээний орлогоор бүрэн санхүүжиж ажиллана.
4.Газрыг байгуулах, татан буулгах асуудлыг Патентын хууль холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу Патентын асуудлыг эрхлэх Монгол улсын сайд /цаашид "хариуцсан сайд" гэнэ/-ын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.
5.Хариуцсан сайд газрын удирдлагын бүтцийг тогтоож, даргыг нь томилж чөлөөлнө.
6.Газрын зорилт, үүргийг хэрэгжүүлэх ажлыг газрын дарга хариуцсан сайдын өмнө хариуцаж хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ. Газар нь өдөр тутмын үйл ажиллагаагаа патентын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шуурхай удирдлага, зохицуулалтын дор явуулна.
7.Газар нь хариуцсан ажлын чиглэлээр улсын хэмжээнд мөрдүүлэх асуудлыг хариуцсан сайдын тушаал, шийдвэрээр хэрэгжүүлнэ.
Газарт шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, оновчтой саналын талаар дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл бэлтгэх болон газрын дотоод ажилтай холбогдсон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх үүрэгтэй зөвлөлийг байгуулан ажиллуулж болно. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг хариуцсан сайд хянаж батална.
8.Газрын дарга нь газрын дотоод ажлын хүрээнд хамаарах асуудлаар тушаал, шийдвэр гаргах бөгөөд патентын ажлын талаар хариуцсан сайдын гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллана.
9.Патентын үйлчилгээний орлого, түүний зарцуулалтын байдалд хариуцсан сайд хяналт тавьж, Газрын аппаратын тухайн жилийн зардлын төсвийн хязгаар, цалингийн санг батална.
10.Газар нь тогтоосон журмаар хийсэн тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
ХОЁР.Газрын үүрэг, эрх
11.Газар нь дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
а/улсын хэмжээнд шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, оновчтой санал, барааны тэмдгийн асуудлаар явуулж байгаа төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж биелэлтэд хяналт тавих;
б/шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, оновчтой саналын мэдүүлгийг хүлээн авч шүүлт хийсний үндсэн дээр дүгнэлт гаргах;
в/шинэ бүтээл, оновчтой санал, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдгийн мэдээллийн үндэсний болон олон улсын сан байгуулж патентын мэдээллээр аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг үйлчлэх;
г/Монгол улсын олон улсын гэрээний дагуу гадаадад шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг патентлах, аж ахуй нэгж, байгууллагын бүтээгдэхүүнийг барааны болон үйлчилгээний тэмдэгтэй болгох, ялангуяа гадаадад гаргах барааны тэмдгийг бүртгүүлэх тухай мэдүүлгийг монгол хэл дээр буюу гэрээ, хэлэлцээрт заасан орны хэл дээр бэлтгэж холбогдох байгууллагад тавих, санаачлагч байгууллагад туслах;
д/шинэ бүтээл, оновчтой санал, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, лицензийн гэрээний улсын бүртгэлийг эрхлэн хөтлөх;
е/шинэ бүтээл, оновчтой санал, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдгийн зохиогчийн эрхийн баримт бичгийн загварыг хууль тогтоомжид нийцүүлэн бэлтгэх;
ж/шинэ бүтээл, оновчтой санал, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдгийн мэдүүлгийг бүрдүүлэхэд шинийг санаачлагчдад арга зүйн туслалцаа үзүүлэх, байгууллага, иргэдийн захиалгаар зохих журмын дагуу хэлцэл, гэрээний үндсэн дээр холбогдох үйлчилгээ явуулах;
з/төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагуудаас шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, оновчтой санал, барааны тэмдгийн талаар зохиож байгаа ажилд хяналт тавьж уялдуулан зохицуулах, арга зүйн болон мэргэжлийн туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах.
Зохиогчийн эрхийн байгууллагатай үйл ажиллагаагаа уялдуулан явуулах;
и/патентын байгууллагад зориулан итгэмжлэгдсэн төлөөлөгч болон мэргэжилтэн бэлтгэх, сургалт сурталчилгааны ажил, үзэсгэлэн, яармаг зохион байгуулах;
к/патент, барааны тэмдгийн асуудлаар уралдаан зарлаж дүгнэх;
л/патент, лицензийн асуудлаар сонирхогч этгээдэд холбогдох бүх талын зөвлөмж туслалцаа үзүүлж, тэдний гомдол санал, хүсэлтийг хууль дүрэм, гэрээ, хэлэлцээрт заасан журмын дагуу хянан шийдвэрлэхэд туслах, патенттай холбогдсон маргааныг шийдвэрлэхэд лавлагаа гаргаж өгөх;
м/шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, оновчтой санал, барааны тэмдгийн улсын тайлан мэдээ гаргах, олон улсын байгууллагад илгээх, патентын мэдээллийг олон улсын гэрээний дагуу бэлтгэж патентын хэвлэлээр зарлаж нийтлэх, сонирхогч байгууллагатай патентын хэвлэл харилцан солилцох;
н/патентын асуудлаар гадаад орнуудтай хоёр ба олон талын гэрээ хэлэлцээр байгуулах, тэдгээрийг хэрэгжүүлэх асуудлаар санал бэлтгэх, судалгаа дүгнэлт хийх, олон улсын арга хэмжээнд оролцох;
о/патент, оновчтой санал болон барааны тэмдгийн гэрчилгээ олгох, түүний үйлчлэх хугацаа, нэр, хаягийн өөрчлөлтийг тухай бүр бүртгэн дотоод, гадаадад мэдээлэх, эдгээр баримт бичгүүдийг дууриалган үйлдэх, бусад этгээд хуурамчаар ашиглах зэрэг харш үйлдлээс зохиогчийн бүрэн эрхийг хамгаалахад туслах.
12.Газар нь дор дурдсан эрх эдэлнэ:
а/шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварт патент, оновчтой санал, барааны тэмдэгт гэрчилгээг хариуцсан сайдын шийдвэрийг үндэслэн шийтгэн олгох;
б/шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдгийн хайлт, шүүлт хийх, патент, гэрчилгээ олгохтой холбогдсон ажил үйлчилгээний үнэ, хөлсийг тогтоолгож мөрдөх;
в/патентын ажлын хүрээнд магадлан дүгнэлт гаргах, судалгаа хийх ажилд холбогдох байгууллагатай нь урьдчилан тохиролцсоны үндсэн дээр мэргэжлийн хүмүүсийг оролцуулах;
г/зохих хууль тогтоомжийн дагуу газрын дэргэд аж ахуйн нэгж байгуулах, түүний дүрмийг баталж, удирдлагыг томилох;
д/улс орны эдийн засгийн хөгжилд ач холбогдол бүхий шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, оновчтой санал гаргасан аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг урамшуулах;
e/салбар дундын ач холбогдолтой чухал шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, оновчтой саналыг түргэн ашиглахад дэмжлэг үзүүлэх зорилгоор сонирхогч байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран тэдгээрийн ажлын зураг, загвар хийлгэх, турших, үйлдвэрлэх ажилд туслах;
ж/холбогдох байгууллага, албан тушаалтнаас патентын улсын тайлан мэдээтэй холбоотой баримт материалыг гаргуулан авах.
---oOo---
Текст томруулах
A
A
A