- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН АЛБАНЫ НИЙТЛЭГ ДҮРЭМ
Засгийн газрын 2000 оны 31 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт
Энэ тогтоолыг 2003 оны 37 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Энэ тогтоолыг 2003 оны 37 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН АЛБАНЫ НИЙТЛЭГ ДҮРЭМ
1.Нэг.Нийтлэг үндэслэл
1.Аймгийн мэргэжлийн хяналтын алба /цаашид "хяналтын алба" гэх/ нь нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, Засаг даргын захирамж болон эрх бүхий дээд байгууллагаас баталсан дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгуулах, улсын байцаагчийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий аймгийн Засаг даргын бодлого хэрэгжүүлэх чиг үүрэгтэй захиргааны хяналтын байгууллага юм.
2.2.Хяналтын алба нь үйл ажиллагаандаа Үндсэн хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, бусад хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.
3.Хяналтын алба нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, шударга ёсыг хангах, ил тод, бодитой байх зарчмыг баримтална.
4.Хяналтын алба нь хяналт шалгалтын ажлыг чиг үүргийнхээ хүрээнд байгууллагын харьяалал, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр графикт төлөвлөгөө, төв, орон нутгийн удирдах байгууллагын даалгавар, иргэдийн мэдээлэл болон холбогдох санал, гомдлыг үндэслэн явуулж дүгнэлт гаргана.
5.Хяналтын алба нь байр, унаа, техник хэрэгслээр хангагдсан, хөндлөнгийн хяналт байхаар зохион байгуулагдан холбогдох сайд, Засаг даргын өмнө ажлаа хариуцна.
6.Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага нь хяналтын албаны үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлж, шаардлагатай техник хэрэгсэл, мэдээллээр ханган холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллах үүрэгтэй байна.
7.Хяналтын алба нь тогтоосон журмын дагуу хийсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Хоёр.Хяналтын албаны удирдлага, зохион байгуулалт
8.Хяналтын албаны даргыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргатай зөвшилцөн аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө. Албаны даргаар улсын ахлах байцаагчийг ажиллуулна.
9.Хяналтын албанд улсын ахлах байцаагч болон улсын байцаагч ажиллана. Улсын ахлах болон улсын байцаагчийг албаны даргын саналыг үндэслэн тухайн салбарын ерөнхий байцаагчтай зөвшилцөн Засаг дарга томилж, чөлөөлөх бөгөөд улсын байцаагчийн эрхийг холбогдох сайд олгоно.
10.Хяналтын алба нь 5-7 хүний бүрэлдэхүүнтэй, улсын байцаагчаас бүрдсэн орон тооны бус зөвлөлтэй байж болно. Зөвлөлийг Засаг даргын захирамжаар байгуулна.
Гурав.Хяналтын албаны үүрэг
11.Хяналтын алба нь дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр болон Засаг даргын захирамж, эрх бүхий байгууллагаас баталсан журам, дүрмийн биелэлтийг нутгийн захиргааны байгууллага болон өмчийн бүх хэлбэрийн байгууллага, аж ахуйн нэгжид шалгаж гүйцэтгэлийг хангуулах;
б/нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн чиг үүргийн хэрэгжилт, албан тушаалтны үндсэн үүргийн биелэлтийг ажлын хариуцлага, сахилгатай нь холбон шалгаж зөрчлийг арилгуулах;
в/үндсэн үүргээ биелүүлээгүй, гэм буруутай болох нь шалгалтаар нотлогдсон албан тушаалтанд хуульд заасан шийтгэл ногдуулах санал тавих, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй болох нь илэрсэн тохиолдолд холбогдох материалыг хуулийн зохих байгууллагад шилжүүлэх;
г/хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр зөрчсөн буюу биелүүлээгүйгээс улсад учруулсан хохирлыг нөхөн тооцож улс, орон нутгийн төсвийн орлогод оруулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлж биелэлтийг хангуулах;
д/шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах талаархи саналаа зохих дээд шатны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргад танилцуулж шийдвэрлүүлэх;
е/хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах талаар авсан арга хэмжээ, хийгдсэн ажлын дүнг аймаг, нийслэлийн Засаг даргад тогтмол мэдээлж, улсын байцаагчдын хийсэн ажлын тайланг тогтоосон хугацаанд нь агентлагуудад гаргуулан өгч байх;
ж/төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг байгууллага, иргэдэд мэдээлж, сурталчилж байх;
з/шалгалтаар илэрсэн зөрчил, авсан арга хэмжээнийхээ талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэж байх.
Дөрөв.Хяналтын албаны эрх
12.Хяналтын алба нь дор дурдсан эрх эдэлнэ:
а/улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
б/шаардлагатай мэдээ, судалгаа, холбогдох бусад баримт материалыг байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, албан тушаалтнаас гаргуулан авах;
в/шаардлагатай үед Засгийн газрын тохируулагч агентлаг, улсын байцаагчаар шалгалт, шинжилгээ хийлгэх санал тавих;
г/хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;
д/хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчилтэй холбогдуулан гэм буруутай байгууллагын албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх;
е/улсын байцаагчийн ажлыг дүгнэх, шагнаж урамшуулах, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, төрийн албаны ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах;
ж/захиргааны хяналтыг хэрэгжүүлэхдээ нутаг дэвсгэртээ байгаа тухайн салбарын мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулж хяналт шалгалтын ажилд татан оролцуулж болно.
---оОо---
Текст томруулах
A
A
A