- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ /ОРОН ТООНЫ БУС/-ИЙН ДҮРЭМ
Засгийн газрын 1996 оны 41дүгээр тoгтooлын xaвcpaлт
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ /ОРОН ТООНЫ БУС/-ИЙН ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Нийгмийн халамжийн Үндэсний зөвлөл /орон тооны бус/ /цаашид "зөвлөл" гэнэ/-ийн зорилго нь нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, нийгмийн халамжийн сангийн орлого, зарлагын байдалд хөндлөнгийн хяналт тавих, нийгмийн халамжийн асуудлаар санал, дүгнэлт, зөвлөмж гаргах, шаардлагатай асуудлаар зохих шатны байгууллагад санал оруулж шийдвэрлүүлэх, нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээтэй холбогдуулж иргэдээс гаргасан гомдлыг барагдуулах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахад оршино.
2.Зөвлөл нь нийгмийн халамжийн хуулиуд болон энэхүү дүрмийг удирдлага болгон үйл ажиллагаагаа явуулна.
3.Зөвлөл нь улиралд нэг удаа хуралдах бөгөөд хуралдааныг зөвлөлийн тэргүүн /зөвлөлийн тэргүүний эзгүйд орлогч дарга/ удирдана. Ажлын шаардлагаар зөвлөлийн ээлжит бус хуралдаан хийж болно.
4.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга /орон тооны бус/ хөтлөх ба түүнд хуралдааны дарга зөвшөөрч гарын үсэг зурна.
5.Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Хүн амын бодлого, хөдөлмөрийн яамны нийгмийн халамжийн хэлтсийн дарга байна.
6.Зөвлөл нь эрхэлж буй аливаа асуудлаар санал, зөвлөлгөө авах зорилгоор хуралдаанд мэргэжлийн хүмүүсийг урьж оролцуулж болно.
7.Зөвлөлөөс хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан зөвлөмжийг нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд хэрэгжүүлнэ.
8.Зөвлөл нь тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
9.Зөвлөлөөс үйл ажиллагаагаа явуулахтай холбогдуулан нийгмийн халамжийн тухай хуулиудад заасан зайлшгүй шаардлагатай зардлыг жил бүрийн төсвийг хянан батлах үед Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Сангийн яамнаас тогтоож өгч байна.
10.Үндэсний зөвлөлийн гишүүнд ажлын оролцоог нь харгалзан хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон жишгийг баримтлан улирал тутам цалингийн нэмэгдэл олгож болно.
Хоёр.Зөвлөлийн үүрэг, бүрэн эрх
11.Зөвлөл нь дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
1/нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, нийгмийн халамжийн сангийн орлого, зарлагын байдалд хөндлөнгийн хяналт тавих;
2/нийгмийн халамжийн үйл ажиллагааны талаар холбогдох байгууллагын тайлан, мэдээллийг хэлэлцэж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай асуудлаар зохих шатны байгууллагад санал оруулах;
3/иргэдээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, үйлчилгээтэй холбогдуулж гаргасан гомдлыг барагдуулах үйл ажиллагаанд хяналт тавих;
4/нийгмийн халамж, хамгаалалтын асуудлаар зөвлөмж гаргах, нийгмийн халамжийн үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар санал боловсруулж холбогдох байгууллагад оруулах;
5/нийгмийн халамжийн үйлчилгээг ивээн тэтгэх талаар байгууллага, иргэдийн санаачилга, хөдөлгөөнийг дэмжих;
6/олон улсын байгууллага, хандивлагч орнуудаас нийгмийн халамжийн сангаар дамжуулан хэрэгжүүлж байгаа төслийн хэрэгжилт болон уг санд оруулсан хөрөнгийн зарцуулалтын байдалд хөндлөнгийн хяналт тавих.
12.Зөвлөл нь дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/нийгмийн халамжийн сангийн хөрөнгийн хуваарилалт, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олголтын байдалд хяналт тавьж, шаардлагатай бол улсын төвлөрсөн төсвөөс нийгмийн халамжийн нэг төрлийн санд олгосон хөрөнгийн зарцуулагдаагүй үлдэгдлийг нөгөө санд шилжүүлэн зарцуулах талаар холбогдох байгууллагатай зөвшилцөх;
2/нийгмийн халамжийн сангийн хагас жилийн болон жилийн эцсийн тайлан тэнцлийг хянан хэлэлцэж дүгнэлт гаргах;
3/амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг өөрчлөх индексийн талаар санал боловсруулах;
4/орон нутгийн төрийн захиргааны болон нийгмийн даатгалын байгууллагуудаас нийгмийн халамжийн хуулиудыг хэрхэн хэрэгжүүлж байгаатай танилцаж, илэрсэн дутагдлыг арилгуулах талаар зөвлөмж гаргаж хэрэгжилтэд нь хяналт тавих;
5/нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээтэй холбогдсон журам, зааврын төсөлд санал өгөх, нийгмийн халамжийн салбар зөвлөлийн дүрмийг баталж мөрдүүлэх, нярай хүүхдийн арчилгааны тэтгэмжийн хэмжээг тогтоох;
6/нийгмийн халамжийн талаархи мэдээ, тайлан, судалгааг холбогдох байгууллагаас гаргуулан авах.
--------оОо---------
Текст томруулах
A
A
A