A

A

A

Бүлэг: 1979
/Засгийн газрын 1999 оны 36 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Нийгмийн халамжийн тухай Монгол Улсын хуулийн 2 дугаар бүлгийн 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр зүйлд заасны дагуу нийгмийн халамжийн сан (цаашид "сан" гэж нэрлэнэ)-г бүрдүүлэх, зарцуулах, сангийн хөрөнгөд хяналт тавих, хөрөнгийг бүртгэх, тайлагнах үйл ажиллагааг энэхүү дүрмээр зохицуулна.
2.Сан нь мөнгөн хөрөнгийн сан байх бөгөөд төвлөрсөн болон орон нутгийн салбар сантай байна.Төвлөрсөн сан нь нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, орон нутгийн салбар сан нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт байна.
З.Нийгмийн халамжийн төвлөрсөн болон орон нутгийн салбар санд хөрөнгө хуримтлуулах, түүнийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах, хөрөнгийн ашиглалт, зарцуулалтад хяналт тавьж, мэдээ тайланг хугацаанд нь гаргуулж мэдээлэх үүргийг төвлөрсөн сангийн хувьд нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн салбар сангийн хувьд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар хариуцан зохион байгуулна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, тасаг, байцаагч нь Засаг даргын удирдлагын дор сангийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхэлнэ.
  Хоёр.Сан бүрдүүлэх, зарцуулах
4.Сан нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн сан, нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сан гэсэн төрөлтэй байна.
5.Сан дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ:
1/Хуулиар тогтоогдсон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, халамж, асрамжийн арга хэмжээнд зориулан тухайн төсвийн жилд зарцуулахаар төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс олгох хөрөнгө;
2/Сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг банкинд зохих гэрээний дагуу хадгалуулсны хүү;
З/Олон улсын байгууллага, гадаад улс, Монгол Улсын болон гадаад улсын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс санд нийгмийн халамжийн зориулалттайгаар олгосон хандивын орлого болон тусламжийн хөрөнгө;
4/Бусад эх үүсвэр.
6.Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид зориулан тухайн жилийн төсвийн хуульд тусгагдаж улсын төвлөрсөн төсвөөс олгогдох хөрөнгийг нийгмийн халамжийн төвлөрсөн санд; нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээ, хөнгөлөлтөд зориулан тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсны дагуу орон нутгийн төсвөөс олгох хөрөнгийг нийгмийн халамжийн салбар санд тус тус хуримтлуулан зарцуулна.Төсөв нь алдагдалгүй аймаг, сум,хот, дүүргийн хувьд нийгмийн халамжийн санд хуримтлуулах хөрөнгийг тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батална.Төвлөрсөн сангаас авах татаасыг нийгмийн халамжийн холбогдох салбар санд оруулж  зарцуулна.
7.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагууд санхүүгийн холбогдох байгууллагатай хамтран төв, орон нутгийн төсвөөс олгох хөрөнгийг улирал, сараар хуваарилж, уг хуваарийн дагуу сар бүр олгож байна.
8.Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн сангийн хөрөнгийг хууль тогтоомжид заасан нөхцөл, журмын дагуу дор дурдсан зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна:
1/Нийгмийн халамжийн тэтгэвэр;
2/Жирэмсний болон амаржсаны, хүүхэд асарсны, олон хүүхэдтэйн, нярай хүүхдийн арчилгааны, ихэр хүүхдийн болон бүтэн өнчин хүүхэд үрчлэн авч өсгөсний тэтгэмж;
З/Гурав болон түүнээс дээш ихэр хүүхдийг 4 нас хүртэл төрөөс асрамжлан өсгөж хүмүүжүүлэхтэй холбогдсон зардал;
4/Хууль тогтоомжид заасан бусад зардал.
9.Дээрх зардлыг уг сангаас санхүүжүүлэхдээ Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн З, 4, 5,6, 7, 8, 9, 10 дугаар зүйлийн холбогдох заалтыг үндэс болгоно.
1О.Жирэмсний болон амаржсаны, хүүхэд асарсны, нярай хүүхдийн арчилгааны тэтгэмжийг тухайн эхийн ажилладаг аж ахуйн нэгж, байгууллагаас олгож дараа нь аймаг, сум, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, тасаг (байцаагч)-тай тооцоо хийж нэхэмжлэн авна.
11.Нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангийн хөрөнгийг хууль, тогтоомжид заасан нөхцөл, журмыг баримтлан дор дурдсан зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна:
1/Ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний зардал;
2/Тахир дутуу хүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний зардал;
З/Нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээний зардал;
4/Хууль тогтоомжид заасан бусад зардал.
12.Дээрх зардлыг уг сангаас санхүүжүүлэхдээ Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийн 6, 7 дугаар зүйл, Тахир дутуу хүний нийгмийн хамгаалалт, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийн 9, 11 дүгээр зүйл, Нийгмийн халамжийн сангаас хүн амын эмзэг хэсэгт төрөөс үзүүлэх нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээний тухай хуулийн 2, З дугаар зүйлийн холбогдох заалтуудыг үндэс болгоно.
1З.Сангийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд ашиглахыг хориглоно. Харин нэг төрлийн сангийн зарцуулаагүй үлдэгдэл хөрөнгийг Нийгмийн халамжийн үндэсний зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр хөрөнгө дутагдалтай өөр төрлийн халамжийн санд 6 сараас дээшгүй хугацааны дотор түр шилжүүлэн зарцуулж болно.
  Гурав.Сангийн орлого, зарлагын төсөв зохиох, батлах, тайлан тэнцэл гаргах, тайлагнах, хяналт тавих
14.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллага нь нийгмийн халамжийн арга хэмжээнд хамрагдах хүний тоо, нэг хүнд олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний зардлын хэмжээ болон зардлын норм, нормативыг үндэслэн нийгмийн халамжийн сангийн орлого, зарлагын жилийн төсвийн төслийг зохиож, Төсвийн тухай хуульд заасан хугацааны дотор холбогдох санхүүгийн байгууллагад ирүүлнэ.
15.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага энэ дүрмийн 12-т заасан холбогдох хуулиудын заалтыг үндэслэн энэ дүрмийн 11-д заасан арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийг нарийвчлан төлөвлөж тухайн шатны санхүүгийн байгууллагатай зөвшилцөн орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг тохиролцсон байхын зэрэгцээ хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд төвлөрсөн санд тусгуулж хэрэгжүүлэх арга хэмжээний санал, түүний үндэслэл, шаардагдах хөрөнгийн тооцооны хамт нийгмийн халамжийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудад төсвийн төлөвлөлтийн хугацаанд ирүүлнэ. Алдагдалгүй төсөвтэй аймаг, нийслэл нь нийгмийн халамжийн тэтгэвэр,тэтгэмжийн болон нийгмийн халамж,асрамжийн үйлчилгээний арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг орон нутгийнхаа төсвөөс гаргана.
16.Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн болон нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангуудын орлого, зарлагын улирлын тайланг сум, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч тухайн улирлын дараа сарын 15-ны дотор аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчид, аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч тухайн улирлын дараа сарын 25-ны дотор нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус гаргаж ирүүлнэ.
17.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь сангийн улирлын нэгдсэн тайланг дараа улирлын 2 дахь сарын 10-ны дотор, жилийн эцсийн нэгдсэн тайланг дараа оны 2 дугаар сарын 20-ны дотор тус тус гаргаж, санал дүгнэлтийн хамт нийгмийн халамжийн үндэсний зөвлөлд танилцуулж, зохих журмын дагуу холбогдох санхүүгийн байгууллагад тайлагнана.
18.Сангийн анхан шатны бүртгэл, тайлан тэнцлийн маягт, тэдгээрийн заавар, журмыг санхүүгийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
19.Сангийн хөрөнгийн зарцуулалтад нийгмийн даатгал, нийгмийн халамжийн болон санхүүгийн хяналт шалгалтын байгууллага хяналт шалгалт хийнэ.
2О.Сангийн бүртгэл тооцоог будлиантуулсан, хөрөнгийг буруу олгосон, зориулалтын бус зүйлд зарцуулсан гэм буруутай албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр байвал нийгмийн даатгал, санхүүгийн улсын байцаагч хууль тогтоомжид заасан шийтгэл ногдуулна.
--------oOo--------