- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - АХМАД НАСТАНД ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ЖУРАМ
/Засгийн газрын 1999 оны 36 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
АХМАД НАСТАНД ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ЖУРАМ
Нэг.Ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт, түүний нөхцөл, хамрах хүрээ
АХМАД НАСТАНД ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ЖУРАМ
1."Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай" хуулийн 6, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөлөлтийг үзүүлэхэд энэ журмыг мөрдөнө.
2.Хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон,1939 оны Халх голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, улсын баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралтад оролцсон, төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан ахмад настан болон амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой ахмад настны эзэмшиж байгаа орон сууцны байрны (талбай, халаалт, цэвэр, бохир усны) хөлсний 50 хувь, гэр, ердийн галлагаатай сууцанд амьдардаг бол жилд нэг удаа 4 шоо метр түлээ, 4 тонн нүүрсний үнэ (тээврийн хөлсийг оруулж тооцсон)-ийн 50 хувийг тус тус нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангаас нөхөн олгоно.
З.Орон сууцны хөлсний хөнгөлөлтийн төлбөрийг орон сууц ашиглалтын байгууллагуудтай тохиролцсоны үндсэн дээр бэлэн бусаар хийж болно.
4.Түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлтийг сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр төлбөрийн нэхэмжлэл, мөнгө төлсөн баримтыг үндэслэн шилжүүлэх буюу бэлнээр олгохоос гадна түлээ, нүүрсийг биет байдлаар нь өгч болно. Түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлтөд түлээ, нүүрсийг бэлтгэсэн газраас борлуулах цэг хүртэлх тээврийн зардлыг оруулан тооцно.
5.Төрийн өндөр албан тушаалд доорхи албыг хашиж байсан ахмад настныг энэ журмын 2-т заасан хөнгөлөлтөд хамруулна:
5.1. -Монгол Улсын Ерөнхийлөгч;
-Улсын Их Хурлын дарга; -Монгол Улсын Ерөнхий сайд;
-Монгол Улсын Их Хурлын дэд дарга;
-Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч;
-Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга;
-Монгол Улсын Их Хурлын гишүүн;
-Монгол Улсын Засгийн газрын гишүүн, шадар сайд;
-Монгол Улсын сайд;
-Монгол Улсын ерөнхий прокурор;
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга;
-Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн захиргааны албаны зөвлөлийн дарга;
-Аймаг, нийслэлийн Засаг дарга; -Төрийн хянан шалгах хорооны дарга, Монгол банкны ерөнхийлөгч, Үнэт цаасны хорооны дарга.
5.2.Монгол Улсын шинэ Үндсэн хууль гарах хүртэлх хугацаанаас өмнө доорхи албан тушаалыг хашиж байсан ахмад настныг энэ журмын 5.1-д хамааруулан тэдэнд хөнгөлөлт үзүүлнэ:
-Улсын Бага Хурлын дарга, орлогч дарга, гишүүн;
-МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн товчооны гишүүн, орлогч гишүүн;
-МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга;
-МАХН-ын Төв Хорооны хэлтсийн эрхлэгч;
-Сайд нарын Зөвлөлийн дарга, орлогч, тэргүүлэгч, гишүүд;
-Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга;
-Сайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга, Сайд нарын Зөвлөлийн хэлтсийн дарга;
-Ардын хянан шалгах хорооны дарга;
-БНМАУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга;
-Улсын прокурор, Дээд шүүхийн дарга;
-Аймаг, хотын МАХН-ын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга;
-Аймаг, хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга.
6.1939 оны Халх голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, улсын баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралтад оролцсон ахмад настан болон түүнд амь үрэгдсэн дайчны эхнэр, нөхөрт Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсон нэг сарын хөлстэй тэнцэх хэмжээний тусламжийг дайнд оролцогчдын үнэмлэх, баг, хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр жилд нэг удаа нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангаас олгоно.
7.1939 оны Халх голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, улсын баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралтад оролцсон ахмад настан болон эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр рашаан сувилалд сувилуулах шаардлагатай болсон амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой ахмад настанд эх орны рашаан сувилалд явах унааны нэг талын зардал (оршин суугаа газраасаа рашаан сувилалд очих хүртэлх), зар бичгийн үнийн 50 хувийг зорчигчийн тасалбар, тийз, зар бичгийг үндэслэн сум, дүүргийн нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангаас жилд нэг удаа олгоно.
8.Нийслэлээс 1000 ба түүнээс дээш км-т алслагдсан газарт байнга оршин суудаг ахмад настан аймгийн мэргэжлийн эмнэлгийн эмч нарын хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд ирж эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд унааны нэг талын зардлыг хяналтын комиссын шийдвэр, зорчигчийн тийзийг үндэслэн орон нутгийн нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангаас жилд нэг удаа олгоно.
9.Ахмад настанд шаардагдах хөл, гар, шүд (үнэт металлаар хийхээс бусад), сонсох, харах эрхтэний протезыг дотооддоо хийлгэсэн тухай нэхэмжлэл буюу баримтыг үндэслэн уг зардлыг сум, дүүргийн нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангаас нэг удаа олгоно. Хэрэв ахмад настан мэргэжлийн эмнэлгийн байгууллагын дүгнэлтийн дагуу зайлшгүй шаардлагаар хөл, гар, шүд, сонсох, харах эрхтэний протезийг гадаад оронд хийлгэсэн бол зардлыг холбогдох баримтыг үндэслэн дотоодын жишгээр тооцож олгоно.
Хоёр.Ардын хувьсгалын партизан, Монгол Улсын баатар
ахмад настанд үзүүлэх нэмэлт хөнгөлөлт
10.Ардын хувьсгалын партизан, Монгол Улсын баатар ахмад настанд дор дурдсан нэмэлт хөнгөлөлт үзүүлнэ:
а/эзэмшиж байгаа орон сууцны байр (талбай, халаалт, цэвэр, бохир ус)-ны хөлс, гэр, ердийн галлагаатай сууцанд амьдардаг бол жилд хэрэглэх түлээ, нүүрсний үнийг тус тус 100 хувь нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангаас нөхөн олгоно.Энэ хөнгөлөлтийг олгохдоо партизан, улсын баатрын үнэмлэх, байрны ордер, гэр, ердийн галлагаатай байранд амьдардаг бол баг, хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэс болгоно;
б/Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсон нэг сарын хөлстэй тэнцэх хэмжээний тусламжийг улиралд нэг удаа нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангаас олгоно;
в/жилд нэг удаа эх орны рашаан сувилалд явах замын зардал (ирэх, буцах), зар бичгийн үнийг нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангаас зохих баримтын дагуу олгоно;
г/нийслэлээс аймаг, аймгаас нийслэлд ирэх, буцах замын зардлыг жилд нэг удаа нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангаас холбогдох баримтыг үндэслэн олгоно.
-------oOo------
Текст томруулах
A
A
A