A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1994 оны 31 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт

/Засгийн газрын 2003 оны 256 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
 
ЗОХИОГЧИЙН ЭРХЭД ХАМААРАХ БҮТЭЭЛ БҮРТГЭХ ЖУРАМ
     Нэг.Нийтлэг үндэслэл
     1.Монгол Улсын Зохиогчийн эрхийн тухай хууль /цаашид "хууль" гэнэ/-ийн дагуу зохиогчийн эрхийн байгууллагаас зохиогчийн эрхэд хамаарах бүтээл /цаашид "бүтээл" гэнэ/-ийг бүртгэхэд энэ журмыг баримтална.
     2.Бүртгэлийн үндсэн зорилго нь бүтээл зохиогчийн эрхээр хамгаалагдсаныг баталгаажуулж бүтээлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэхэд оршино.
     Хоёр.Бүтээл бүртгүүлэх тухай өргөдөл гаргах, холбогдох материалыг бүрдүүлэх, хянах
     3.Бүтээл бүртгүүлэх тухай өргөдөл /цаашид "өргөдөл" гэнэ/-ийг хуулийн дагуу зохиогчийн эрх болон түүнтэй холбогдох эрх эдлэх этгээд зохиогчийн эрхийн байгууллагад гаргана.
      4.Хамтарсан буюу нэгдсэн зохиогчид өргөдлөө хамтран гаргана. Харин бие даасан хэсэгт хуваагдах бүтээлийн хамтран зохиогч нь өөрт хамаарах хэсэгт зохиогчийн эрх эдлэх талаар бусад зохиогчтой гэрээ байгуулсан бол бие даан өргөдөл гаргаж болно.
     5.Бүтээл тус бүрт тухайлсан өргөдөл гаргана.
     Нэг зориулалттай нэгдмэл байдлаар ашиглагдах /тогтмол хэвлэл, цуглуулга, цогцолбор, цуврал зэрэг/ бүтээлд нэг өргөдөл гаргаж болно.
     6.Өргөдлийг зохиогчийн эрхийн байгууллагаас баталсан тусгай загвар маягтаар гаргана.
     7.Өргөдөлд дараахь зүйлийг тусгана:
     а/зохиогч өөрийн нэрээр бүтээл туурвисан бол овог нэр, иргэний харьяалал;
     б/хамтарсан буюу нэгдсэн зохиогчийн овог нэр, хаяг, иргэний харьяалал, хэрэв зохиогчийн хэн нэг нь нас барсан бол нас барсан он;
     в/зохиогч буюу зохиогчдын аль нэг нь бүтээлээ зохиомол /нууц/ нэрээр буюу нэргүйгээр нийтийн хүртээл болгосон бол иргэний харьяалал, байнга оршин суугаа газрын нэр;
     г/бүтээлийг албан үүргийн буюу гэрээний дагуу туурвисан бол энэ тухай мэдээлэл;
     д/өргөдөл гаргагч зохиогч биш бол зохиогчийн бүтээл ашиглах эрхийг хэрхэн шилжүүлж авсан тухай товч тайлбар;
     е/бүтээлийн нэр буюу нэрсийн жагсаалт, төрөл;
     ж/бүтээлийг туурвиж дуусгасан он, сар, өдөр, газар;
     з/бүтээл нийтийн хүртээл болсон он, сар, өдөр, улсын нэр;
     и/үүсмэл бүтээлийн хувьд ямар бүтээлийг ашигласан тухай товч тайлбар;
     к/бусад мэдээлэл.
     8.Өргөдөл гаргагч өргөдөлдөө үнэн зөв мэдээлэл дурдсаныг нотолж гарын үсэг зурна.
     9.Бүтээлийн хуулбар буюу түүнийг ирүүлэх боломжгүй тохиолдолд уг бүтээлийг илэрхийлж чадахуйц /гэрэл зураг, дуу авиа, дүрс бичлэг, загвар зэрэг/ баримт, түүнчлэн бүтээлийн товч тодорхойлолт, бүртгэлийн хураамж төлсөн тухай баримтыг өргөдөлд тус тус хавсаргана.
     10.Бүтээлийн гол агуулга, төрөл, хэлбэр, хэмжээ бүтцийг тодорхойлолтод товч дурдсан байна.
     11.Зохиогчийн эрхийн байгууллага өргөдөл, холбогдох материалыг хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан энэ журмын 6-9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ. Хэрэв дээрх шаардлагыг хангаагүй гэж үзвэл зохих нэмэлт, засвар хийлгэхээр өргөдөл, холбогдох материалыг өргөдөл гаргагчид буцааж болно.
     Гурав.Бүтээлд магадлагаа гаргах
     12.Бодит хэлбэрээр илэрхийлэгдсэн бүтээл нь зохиогчийн эрхэд хамаарах бүтээл мөн эсэхийг магадлан үзнэ.
     13.Хавсрага урлагийн бүтээл нь уран сайхны бүтээлч шийдлийг агуулсан эсэхийг магадлана.
     14.Магадлагаа гаргах явцад зайлшгүй шаардлага гарвал зохиогчоос нэмэлт тайлбар өгөхийг шаардаж болно.
     15.Магадлагааг өргөдөл хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор гаргана.
     Дөрөв. Бүтээл бүртгэх, бүртгэхээс татгалзах
     16.Бүтээлийг магадлан үзсэний үндсэн дээр Зохиогчийн эрхийн байгууллагын шийдвэрээр бүртгэж, гэрчилгээ олгоно.
      Харин энэ журамд заасан холбогдох материалыг зохих ёсоор бүрдүүлээгүй нөхцөлд бүтээлийг бүртгэхээс татгалзсан тухай зохиогчийн эрхийн байгууллагаас шийдвэр гаргаж, энэ тухай өргөдөл гаргагчид мэдэгдэнэ.
 Өргөдөл гаргагч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.
     17.Бүртгэсэн өдрийг өргөдөл хүлээн авсан он, сар, өдрөөр тогтооно.
     18.Зохиогчийн эрхийн байгууллага нь бүтээл бүртгэсэн тухай мэдээллийг хэвлэлд нийтэлнэ.
     Тав. Бүтээлийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх
     19.Зохиогчийн эрхийн байгууллага нь бүртгэгдсэн бүтээлийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлнэ.
 
---oOo---