- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТҮР ДҮРЭМ
/Засгийн газрын 2003 оны 72 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТҮР ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Монголын хөрөнгийн бирж нь /цаашид "бирж" гэх/ дотоодын болон гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын үнэт цаасыг худалдан арилжих, түүнтэй холбоотой үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх аж ахуйн нэгж мөн.
2.Бирж нь үйл ажиллагаандаа Монгол улсын Иргэний болон Үнэт цаасны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг удирдлага болгоно.
3.Монгол Улсын Үнэт цаасны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 12 болон 13 дугаар зүйлийн 1 дүгээр заалтыг үндэслэн биржийн дүрмийн санг эхний шатанд Засгийн газар дангаараа бүрдүүлэх бөгөөд энэ үндсэн дээр тус бирж төрийн өмчийн, ашгийн төлөө бус хуулийн этгээдийн журмаар ажиллана.
4.Биржийн үндсэн үйл ажиллагаа нь үнэт цаасны арилжааг шударга, ил тод зарчимд нийцүүлэн явуулах, үнэт цаас гаргагчдын болон хөрөнгө оруулагчдын нийтлэг эрх ашгийг хамгаалах, шударга арилжаа явагдах нөхцөлийг бүрдүүлэх, үүнтэй холбогдуулан хийх дотоод хяналт шалгалтын ажлыг эрхэлж, гарсан зөрчлийг арилгахад чиглэгдэнэ.
5.Засгийн газраас биржийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд эхний шатанд оролцох үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагч, арилжаанд оролцогч этгээдүүдийн төлөөлөгчдийг баталж, гүйцэтгэх захирлыг томилно.
6.Биржийн дүрмийн сангийн хэмжээг Засгийн газрын Өмч хувьчлалын комисс тогтоох бөгөөд тус комисс цаашид биржид төрийн өмчийн төлөөллийг гүйцэтгэнэ.
7.Бирж зохих журмын дагуу хийсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Хоёр.Биржийн удирдлага
А.Төлөөлөн удирдах зөвлөл
8.Биржийн эрх барих байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байх бөгөөд төлөөлөн удирдах зөвлөл нь Засгийн газрын Өмч хувьчлалын комисст ажлаа тайлагнана.
9.Дор дурдсан асуудлыг зөвхөн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ: -биржийн ойрын ба хэтийн төлөвтэй холбогдсон асуудал;
-жил, хагас жилийн тайлан тэнцлийг хэлэлцэж Засгийн газрын Өмч хувьчлалын комисст оруулах;
-гүйцэтгэх захирлын тайлан;
-өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргаж мөрдүүлэх үнэт цаасны үйл ажиллагаатай холбоотой журам, дүрэм;
-төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн урамшууллын хэмжээ болон гүйцэтгэх захирлын цалинг Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын санал авч тогтоох;
-хянан шалгагчийг эрх бүхий байгууллагаас нийтэд зарласан мэргэшсэн нягтлан бодогчдын дотроос сонгож, түүнд олгох хөлс, урамшууллын хэмжээг тогтоох, ажлын тайланг хэлэлцэх;
-биржийн үйл ажиллагаатай холбоотой бусад асуудал.
10.Биржийн төлөөлөн удирдах зөвлөл нь 11 хүний бүрэлдэхүүнтэй байна.Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагч болон арилжаанд оролцогч этгээдүүдийн төлөөлөгчдөөс гадна биржийн гүйцэтгэх захирал, Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын орлогч дарга, Сангийн яамны төрийн сангийн газрын дарга нар албан тушаалаараа орно.
11.Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг түүний гишүүдээс сонгох бөгөөд гүйцэтгэх захирал төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байж болохгүй.
12.Төлөөлөн удирдах зөвлөл нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
-биржийн тайлан тэнцэл, жилийн төсөв, төлөвлөгөөг хэлэлцэж Засгийн газрын Өмч хувьчлалын комисст оруулах;
-биржийн зохион байгуулалтын бүтэц, цалингийн сан болон урамшууллын журмыг Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын саналыг авч тогтоох;
-гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах;
-биржийн өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тогтоох;
-гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хяналт тавих, шаардлагатай тохиолдолд биржийн дотоод ажилд шалгалт хийх;
-төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлүүлэхээр саналыг Засгийн газрын Өмч хувьчлалын комисст оруулах;
-хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
13.Төлөөлөн удирдах зөвлөл сард 1-ээс доошгүй удаа хуралдана.
14.Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар хуралдуулж болох бөгөөд энэ тухай хурал хуралдахаас 10-аас доошгүй хоногийн өмнө зарласан байна.
15.Хурлаар хэлэлцэх асуудлыг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар тогтооно.
16.Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, материалыг гишүүдэд хурал хуралдахаас 7-гоос доошгүй хоногийн өмнө хүргэнэ.
17.Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг зөвлөлийн дарга удирдаж хуралдуулах ба түүний эзгүйд төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас томилсон гишүүн удирдана.
18.Зөвлөлийн гишүүдийн олонхи хүрэлцэн ирсэн тохиолдолд хурал хүчинтэйд тооцогдох бөгөөд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэр гаргана.
19.Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын явцын талаар тэмдэглэл хөтлөх ба хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргаж, дарга, гишүүд гарын үсэг зурна.
20.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд үнэт цаасны арилжаанд нөлөөлөх мэдээллийн нууцыг чандлан хамгаална.
Б.Гүйцэтгэх захирал
21.Гүйцэтгэх захирал нь энэхүү дүрэмд заасан үүргийг хүлээж, эрхийг нь эдлэх ба биржийн өдөр тутмын ажлыг удирдан явуулна.
22.Гүйцэтгэх захирал биржийн ажилтныг томилж, цалин хөлсийг тогтоох, шагнах, дээд газрын шагнал урамшуулалд тодорхойлох, ажлаас чөлөөлөх болон эрх мэдлийнхээ хүрээний бусад асуудлаар тушаал гаргана.
23.Гүйцэтгэх захирлын эзгүйд түүний үүргийг төлөөлөн удирдах зөвлөлийн даргатай тохиролцсоноор биржийн холбогдох ажилтан гүйцэтгэнэ.
24.Гүйцэтгэх захирал нь төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрснөөр биржийн тодорхой ажил үүрэг эрхэлсэн бүтцийн нэгжийг байгуулан ажиллуулж болно.
25.Гүйцэтгэх захирал төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрхийн хүрээнд мөнгөн болон бусад эд хөрөнгийг захиран зарцуулж биржийг төлөөлөн бусад байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдтэй гэрээ, хэлэлцээр байгуулан биелэлтийг хангах ажлыг зохион байгуулна.
26.Гүйцэтгэх захирал нь бусад аж ахуйн нэгжийг тэргүүлэн удирдахыг хориглоно.
Гурав.Биржийн гишүүн
27.Биржийн гишүүнээр Үнэт цаасны хорооноос үнэт цаасны арилжаа явуулах эрх олгосон, биржид суудалтай брокерийн пүүс байна.Гишүүн брокерийн пүүсүүд нь аж ахуйн нэгж, хоршоо, компанийн хэлбэрээр зохион байгуулагдана.Гишүүний асуудлыг төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
28.Брокерийн пүүсийн биржийн үйл ажиллагаанд оролцохтой холбогдсон журмыг Үнэт цаасны хороотой зөвшилцөн биржийн төлөөлөн удирдах зөвлөлөөс батална.
29.Биржийн гишүүд нь гишүүний хураамж, үнэт цаасны гүйлгээний шимтгэл төлөх бөгөөд тэдгээрийн хэмжээг төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж батална.
30.Гишүүд нь хөрөнгийн зах зээлийн аюулгүй байдлыг хангаж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах үүднээс аюулгүйн нөөцийн нэгдсэн санг төвлөрүүлэн байгуулж, санг тусгай журмын дагуу зарцуулж болно.Санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг төлөөлөн удирдах зөвлөл тогтооно.
31.Гишүүд нь үнэт цаасны зах зээлд нөлөө бүхий үйл ажиллагаанд оролцох болбол энэ тухайгаа 14 хоногийн өмнө биржид мэдэгдэж байна.
32.Гишүүд Монгол Улсын хууль тогтоомж, Үнэт цаасны хууль болон бусад дүрэм, нийтлэг журмыг ноцтой зөрчсөн нь тогтоогдвол түүний үйл ажиллагааг төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр түр хугацаанд зогсоож энэ тухайгаа Үнэт цаасны хороонд мэдэгдэнэ.
33.Дүрмийн гурвын 32 дугаар зүйлээр хүлээлгэсэн биржийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл холбогдох этгээд гомдлоо Үнэт цаасны хороонд гаргах бөгөөд Үнэт цаасны хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.
Дөрөв.Үнэт цаасны арилжаа
34.Биржид арилжаалагдсан үнэт цаас нь бүртгэлийн хэлбэрээр /биет хэлбэрээр бус/ тус биржийн төв хадгаламжид бүрэн төвлөрсөн байна.Үнэт цаасыг арилжаалах үйл ажиллагаанд дүрмийн гурвын 27 дугаар зүйлд заагдсан биржийн гишүүд оролцоно.
35.Үнэт цаасны арилжаа, түүнтэй холбоотой үйл ажиллагаа нь Үнэт цаасны хороотой зөвшилцөн биржийн төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан дор дурдсан журмуудын дагуу явагдана:
а/үнэт цаасны арилжааны журам;
б/төвлөрсөн хадгаламж, төлбөр тооцоо хийх журам;
в/Монголын хөрөнгийн биржид үнэт цаас бүртгэн авах журам.
36.Үнэт цаас гаргагч үнэт цаасны хууль, бусад хууль тогтоомж болон биржийн төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд бирж нь хөрөнгө оруулагчдыг хамгаалах үүднээс уг үнэт цаасны арилжааг зогсоож, тухайн үнэт цаас гаргагчид болон Үнэт цаасны хороонд мэдэгдэнэ.
37.Бирж нь бүртгэгдсэн үнэт цаас, үнэт цаасны арилжааны тухай мэдээллийг радио, телевиз, төвийн сонин, хэвлэл, бусад мэдээллийн хэрэгслээр дамжуулан дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид болон олон нийтэд тухай бүр хүргэж байна.
Тав.Санхүү, хяналт шалгалт
38.Бирж нь үнэт цаасны гүйлгээний шимтгэл, гишүүний хураамж болон хууль, дүрмээр зөвшөөрөгдсөн бусад үйл ажиллагаанаас олсон орлогоосоо санхүүжигдэж, зардлаа бүрэн нөхөж ажиллана.
39.Бирж нь ногдол ашиг хуваарилахгүй бөгөөд ашигтай ажилласан тохиолдолд түүний чөлөөт үлдэгдлийг улсын төвлөрсөн төсөвт шилжүүлж байна.
40.Гүйцэтгэх захирал нь биржийн орлого, зарлага болон хөрөнгө, түүний эх үүсвэрийн талаар төлөөлөн удирдах зөвлөлд тайлагнаж, тайлан тэнцэл, бусад мэдээг хууль тогтоомжид заасны дагуу зохих байгууллагад хугацаанд нь гарган өгч байна.
41.Бирж нь бүртгэл тооцоо, хяналт шалгалттай холбогдсон ажлыг санхүү, банк, статистикийн байгууллагаас гаргасан нийтлэг журмын дагуу гүйцэтгэнэ.
42.Сонирхогч болон хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах үүднээс гишүүд болон үнэт цаас гаргагч нь үнэт цаасны үйл ажиллагааныхаа талаар зохих тайлан мэдээллийг биржид тогтоосон хугацаанд нь ирүүлж байх үүрэгтэй.
Шаардлагатай нэмэлт мэдээ,тайланг бирж нь зохих журмын дагуу тэдгээрээс гаргуулан авч болно.
43.Бирж нь өөрийн гишүүд болон үнэт цаас гаргагчдын үнэт цаастай холбогдсон үйл ажиллагааг Үнэт цаасны хорооноос, эсвэл түүний зөвшөөрснөөр биржээс гаргасан журмын дагуу хянаж шалгана.
44.Биржийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хоёр жилд нэгээс доошгүй удаа эрх бүхий байгууллагаас шалгалт хийж байна.
45.Биржийн үйл ажиллагааг зогсоох, түүнийг татан буулгах, өөрчлөн байгуулах асуудлыг иргэний хуулийн дагуу шийдвэрлэнэ.
------oOo-------
Текст томруулах
A
A
A