A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • Хүчингүй болсон - САНГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Бүлэг: 1979
Засгийн газрын 2001 оны 75 дугаар тогтоолооор хүчингүй болсонд тооцсон
 
САНГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
 
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
 
1.1. Оршил
Сангийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр /цаашид "Хөтөлбөр" гэх/-т Сангийн сайд, Засгийн газрын Танхимын шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд чиглэсэн үндэсний хөгжил, эдийн засгийн аюулгүй байдал, төсөв, санхүүгийн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хөтөлбөр, үндсэн чиглэл боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтийг зохицуулах болон хэрэгжилтэд хяналт-шинжилгээ (мониторинг) хийх, үнэлгээ өгөх, холбогдох арга хэмжээг зохицуулах, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын асуудлыг хамарсан Сангийн яамны үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн загварыг тодорхойлов.
1.2. Үндэслэл
Хөтөлбөрийг Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл,  бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого"-ын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 205 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр", Засгийн газрын Удирдлагын хөгжлийн хөтөлбөрийн "Төрийн захиргаа, төрийн албаны өөрчлөлт, шинэчлэл" бүрэлдэхүүн хэсгийн МОН/94/102 төслийн хүрээнд боловсруулсан "Сангийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн ерөнхий загвар" төслийн тайланг тус тус үндэслэн боловсруулав.
1.3. Хууль тогтоомжийн орчин
Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:
Монгол Улсын Үндсэн хууль;
Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
Монгол Улсын Төрийн албаны тухай хууль;
Монгол Улсын Төсвийн тухай хууль;
Бусад хууль тогтоомж.
Арга зүй
Хөтөлбөрийг боловсруулахад олон улсын шилдэг туршлага, өөрчлөлтийн удирдлага,   үйл ажиллагаа (бизнес)-ны төлөвлөлт болон дахин инженерчлэл, байгууллагын өөрчлөлтийн зэрэг арга зүйг хэрэглэв.
1.5. Удирдлагын ерөнхий чиг үүргийн байгууллагын үүрэг хариуцлагын ерөнхий хуваарь
Засгийн газрын удирдлагын ерөнхий чиг үүргийн байгууллагын нэг болох Сангийн яам нь Засгийн газрын үйл ажиллагааны стратегийг хэрэгжүүлэх талаар үүрэг хариуцлага хүлээж, Ерөнхий сайд, Сангийн сайд, Засгийн газрын Танхимд бүх талын зөвлөлгөө, дэмжлэг үзүүлнэ.
Сангийн яам нь Засгийн газрын стратегийн бодлого, нэгдсэн төлөвлөлт болон бодлого, төсвийн зарцуулалтын тэнцвэр, харилцан уялдаа холбоог хангах асуудалд Засгийн газрын өндөрлөгөөс өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдахад анхаарлаа төвлөрүүлнэ.
Засгийн газрын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд оролцдог Засгийн газрын удирдлагын ерөнхий чиг үүргийн байгууллагын нэг болох Сангийн яам нь Засгийн газрын санхүү, эдийн засгийн зөвлөхийн үүрэг хариуцлагыг хүлээнэ.
1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Сангийн яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг зөв тодорхойлох нь тус яамны үйл ажиллагааны стратегийг үндэслэл сайтай тогтооход чухал ач холбогдолтой юм.
 
 
      Сангийн яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Засгийн газрын Танхим, Сангийн сайд байна.             
Сангийн яамны стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх олон төрлийн нарийн түвэгтэй харилцааг зохицуулахад  чиглэнэ.
Сангийн яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүрэг, төрийн албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
 
 САНГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ  СТРАТЕГИ     
                               
2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Сангийн яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, хөтөлбөр, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилго, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Сангийн сайдын үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.
2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Сангийн яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратеги, үндсэн чиглэл, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвлөлгөө, үйлчилгээгээр цаг тухайд хангах, Сангийн сайд, Засгийн газрын Танхимд үйл ажиллагаагаа үр нөлөөтэй, үр ашигтай явуулахад нь бүх талын дэмжлэг үзүүлэх;
Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, хөтөлбөрт тусгагдсан эдийн засаг, төсөв, санхүүгийн бодлогын арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлэхэд бусад яам, газруудын үйл ажиллагааг төвлөрүүлэн зохицуулах, эдийн засаг, төсөв, санхүүгийн удирдлага, төлөвлөлт, зохицуулалтад шаардлагатай зөвлөлгөө, үйлчилгээгээр цаг тухайд нь хангах;
Эдийн засаг, төсөв, санхүүгийн удирдлагын чадавхийг нэмэгдүүлж бүтэц, үйл ажиллагааг өөрчлөн, боловсронгуй болгох;
Эдийн засгийн шинэчлэл, зохицуулалт, бүтцийн өөрчлөлт, үүний дотор өмч хувьчлалын нэгдсэн бодлого явуулах, салбар, салбар хоорондын болон бүс нутгийн хөгжлийн бодлого боловсруулах;
Улс орны хөгжлийн ерөнхий чиг хандлага, бодлоготой уялдуулсан төсөв, санхүү, татвар, хөрөнгө оруулалт, даатгалын удирдлага, зохицуулалтыг хангах бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
Гадаадын зээл, тусламжийн талаар нэгдсэн бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох;
Нягтлан бодох бүртгэл, магадлал, санхүүгийн хяналт шалгалтын нэгдсэн бодлого, удирдлагаар хангах.
 
2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго
     
 
Сангийн яамны үйл ажиллагааны эрхэм зорилго
Үндэсний хөгжил, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах шаардлагад
нийцсэн макро эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх, Засгийн газрын санхүүгийн оновчтой удирдлагаар хангах
 
 
 
 
2.4.Үйл ажиллагааны стратегийн зорилт
 
 Сангийн яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны стратегийн дор дурдсан зорилтыг хэрэгжүүлнэ.
1.Стратегийн төлөвлөлт,бодлогын удирдамжаар хангах:
2.Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах:
3.Бодлогын хэрэгжилтийг зохицуулах:
4.Бодлогын хэрэгжилтийн явц, байдалд хяналт шинжилгээ /мониторинг/ хийх, үнэлгээ өгөх.
2.5.         Үйл ажиллагааны гол зорилт
Сангийн яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг дэвшүүлэн ажиллана:
1.0. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
1.1. Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, үндсэн чиглэл боловсруулахад зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх;
1.2. Макро эдийн засгийн үндсэн тэнцвэрт харьцааг хангахад зөвлөлгөө өгөх.
1.3. Төсөв, санхүү, татварын бодлогыг боловсруулахад зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх;
1.4. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого болон өмчийн бодлогыг боловсруулахад зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх;
2.0. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
2.1. Төрийн захиргааны удирдлагын манлайлал, дотоод үйлчилгээгээр хангах;
2.2. Хүний нөөцийг зохистой ашиглахад зөвлөлгөө өгөх, үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх;
2.3. Сайдад болон аппаратад  эрх зүйн  дэмжлэг үзүүлэх.
3.0. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
3.1 Улсын төсвийн хэрэгжилтийг зохицуулах:
3.2. Эдийн засгийн гадаад хамтын ажиллагааг хэрэгжүүлэх;
3.3. Улсын өрийн удирдлага, зохицуулалтаар хангах;
3.4. Санхүүгийн салбарын үйл ажиллагааг удирдлага зохицуулалтаар хангах:
3.5. Засгийн газрын санхүүгийн бүртгэлийн тогтолцоог бүрдүүлэх;.
3.6 Зах зээлийн зарчимд нийцсэн нягтлан бодох бүртгэлийн тогтолцоог бүрдүүлэх.
4.0 Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
4.1. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогын хэрэгжилтийн явц, байдалд хяналт-шинжилгээ (мониторинг) хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх;
4.2. Мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох, мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээллийн үйлчилгээ үзүүлэх.
2.6.         Үйл ажиллагааны зорилт
Сангийн яамны үйл ажиллагааны дээр дурдсан гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус яам тодорхойлж хэрэгжүүлнэ.
2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар
Сангийн яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдснаар тодорхойлж байна:
 
3.0. САНГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БҮТЦИЙН ЕРӨНХИЙ ТОГТОЛЦОО, САНАЛ БОЛГОЖ БУЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН  БҮТЭЦ, ТЭДГЭЭРИЙН ҮҮРЭГ, ЧИГ ҮҮРЭГ
3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим
Сангийн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, санал болгож буй зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримтлав.
Засгийн газрын үйл ажиллагааны стратегитай уялдсан тухайн яамны стратегийн зорилтыг тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь тус яамны үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх).
Эрх мэдлийн зааг ялгаа нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байх).
Үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал, тухайн яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь тус яамны үйл ажиллагааны стратегийг тусгасан байх).
Бүтцийн хувьд энгийн байх зарчим (тухайн яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл аль болох цөөн /гурваас илүүгүй/  шат дамжлагатай байх).
Тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (тухайн яамны үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох шуурхай удирдах, хянах боломжтой байх, үйл ажилагааны стратегийн зорилтыг аль болохоор оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх, үүрэг хариуцлагыг жигд хуваарилах боломжийг бүрдүүлсэн байх).
Улс төрийн хувьд төвийг сахисан байх зарчим (тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь сайд, Засгийн газар (Танхим), бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдэд улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй, төвийг сахисан өндөр мэргэшлийн зөвлөлгөө, үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх).
Хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн дүүрэн илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).
3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
Дээр дурдсан зарчим болон Сангийн яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загварыг санал болгож байна:
3.3. Зохион байгуулалтын бүтэц
Сангийн яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загвараас тус яамны зохион байгуулалтын бүтцийн дор дурдсан нэгж урган гарч байна:
1. Стратегийн удирдлага, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн   зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний  үндсэн  чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлага болон бүс нутаг, салбарын хөгжлийн бодлогыг  тодорхойлох, үндсэн чиглэл боловсруулах болон макроэдийн засгийн үндсэн тэнцвэрт харьцааг хангах асуудлаар зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх, тэдгээрийг төсвийн болон хөрөнгө оруулалтын бодлоготой уялдуулах, төлөвлөх, бүтцийн өөрчлөлт, өмч хувьчлалын бодлогоор дэмжих үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Сангийн сайд, Засгийн газрын Танхимын эдийн засаг, нийгмийн бодлогыг хэрэгжүүлэх ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ.
Энэ нь Сангийн сайд, Засгийн газрын Танхимаас улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын гишүүн, Сангийн сайдыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөлгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Тус нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Сангийн сайд, Засгийн газрын Танхим  байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь чиглэлийн яам, тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага байх болно.
Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Гадаад харилцааны яам, Хууль зүйн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байна.
2. Төрийн захиргааны удирдлага, эрх зүйн асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний    үндсэн чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайлалыг хангах үндсэн үүргийг хүлээж, яамны үйл ажиллагаанд удирдлагын шилдэг тэргүүний туршлага, арга зүйг нэвтрүүлэх, хүний нөөцийн удирдлага, хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог хөгжүүлэх болон эдийн засаг, санхүүгийн холбогдолтой  баримт бичиг боловсруулан гаргахад эрх зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь цомхон, чадварлаг төрийн албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн албаны хүчээр яамны тасралтгүй, хэвийн, жигд ажиллагааг хангахад чиглэнэ.
Энэ нь Сангийн сайдад болон яамны аппаратад шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд эрх зүйн дэмжлэг болон дотоод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөлгөө, дэмжлэгээр хангах, эдийн засаг, санхүүгийн салбарын бүх шатанд ажиллах мэргэжилтэнг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, тэдний нийгмийн баталгааг бий болгоход дэмжлэг үзүүлэх, удирдлагын соёл, чадавхийг дээшлүүлэх замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Сангийн сайд, Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны албан хаагчид байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг  хэрэглэгч нь холбогдох тохируулагч болон хэрэгжүүлэгч  агентлагууд, санхүүгийн хяналт шалгалтын байгууллага, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна.
Үйлчилгээ үзүүлэхэд оролцох гол түнш нь, Хууль зүйн яам, Гадаад харилцааны яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар сургалтын болон эрдэм шинжилгээний  байгууллага байна.
3.Эдийн засаг, төсөв, санхүү, татварын бодлогын хэрэгжилт
болон эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал
эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж,
түүний үндсэн чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд улс орны төсөв, санхүү, татвар, хөрөнгө оруулалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах, улс орны санхүүгийн нөөцийг гадаад, дотоод эх үүсвэрээс арвижуулах, түүнийг оновчтой зөв хуваарилж зохицуулах, Засгийн  газрын дансуудыг хөтлөх, тэдгээрийн урсгал зарцуулалтад хяналт тавих, төсөвт байгууллагуудын санхүү, бүртгэлийг хөтлөх, бүртгэлийн асуудлаар арга зүйн зөвлөлгөө өгөх, тайлан, тэнцлийн маягт, аргачлалыг боловсруулах, тайлан балансыг хүлээн авах, нэгдсэн тайлан гаргах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Монгол улсын төсвийн орлогын бүрдүүлэлтийг хангах, төсвийн зарлагын оновчтой бүтцийг бий болгох, төсвийн тэнцлийг хангах, Засгийн газрын дансны хөрөнгийн урсгал зарцуулалтыг хянах болон хөрөнгийн ашиглалтын тайлан, мэдээллийг цаг тухайд гаргуулах замаар төсвийн хөрөнгийг үр ашигтай ашиглахад чиглэгдэнэ. Энэ хүрээнд эдийн засгийн гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, санхүүгийн салбарын нөөц боломжийг нийгмийн эрх ашигт чиглүүлэх үйл ажиллагааг явуулах асуудлыг эрхэлнэ.
Энэ нь Сангийн сайд, Засгийн газрын Танхимын төсөв, санхүү, татвар, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэрэгжилтийг хангахад оролцож байгаа бүх байгууллагатай түншийн харилцаа тогтоож, тэдний үйл ажиллагааг бодлого, төлөвлөгөө хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах, зохицуулах, мөн төсвийн данснуудын талаархи шаардлагатай мэдээллээр хангах, дансны гүйлгээг гүйцэтгэх, ашиглалтын тайланг гаргуулах, тайлан тэнцлийн маягт, аргачлал болон холбогдох дансны заавар, журам боловсруулах, бүртгэлийн стандарттай нийцүүлэхтэй холбогдсон зөвлөлгөө, үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах  замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Сангийн сайд, Засгийн газрын Танхим, бусад яам, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь аж ахуйн нэгж, иргэд, бусад хэрэглэгч байна.
Үйлчилгээ үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байна.
 
4. Нягтлан бодох бүртгэл, магадлагааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн  нэгж, түүний үндсэн чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд улсын хэмжээнд нягтлан бодох бүртгэлийн асудлаар арга зүйн зөвлөлгөө өгөх үндсэн үүргийг хүлээж, зах зээлийн харилцааны зарчимд нийцсэн нягтлан бодох бүртгэл, магадлагааны тогтолцоог бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэл, тайлан, тэнцлийн маягт, аргачлалыг боловсруулах, арга зүйн зөвлөлгөө өгөх, шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадлагаа хийж, дүгнэлт гаргах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь улсын хэмжээнд нягтлан бодох бүртгэлийн асуудлаар бодлого боловсруулах, түүний арга зүйг зохицуулах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэнэ.
Энэ нь Сангийн сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгж, тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагт нягтлан бодох бүртгэлийн асуудлаар бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг сайжруулахтай холбогдсон зөвлөлгөө, үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Сангийн сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Засгийн газрын холбогдох тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, аж ахуйн нэгж, байгууллага байна.
Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байна.
 
5.Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж,  түүний үндсэн  чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх үндсэн үүргийг хүлээж, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явц, байдалд хяналт-шинжилгээ /мониторинг/ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, мэдээллийн сүлжээ, сан бүрдүүлэх, мэдээллээр үйлчлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэнэ.
Энэ нь Сангийн сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгж, тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагт бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг сайжруулахтай холбогдсон зөвлөлгөө, үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Сангийн сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Засгийн газрын холбогдох тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, аж ахуйн нэгж, байгууллага байна.
Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байна.
 
 
                                                     -------о О о--------