- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - САНХҮҮГИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН ШАЛГАЛТЫН ДҮРЭМ
/Энэ тогтоолыг 2003 оны 37 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
САНХҮҮГИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН ШАЛГАЛТЫН ДҮРЭМ
1.Санхүүгийн улсын хяналт шалгалтын зорилт нь улсын төвлөрсөн болон нутгийн төсөв, тусгай зориулалтын сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, Засгийн газрын шугамаар авсан заал, тусламжийн хөрөнгийн ашиглалт, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсөвт болон төсвийн санхүүжилт авдаг байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэл, тайлан тооцоо, өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, үр ашгийн байдлыг үндсэн баримтаар нь шалгаж үнэлэлт, дүгнэлт гарган илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахад оршино.
2.Санхүүгийн улсын хяналт шалгалтыг Сангийн яам, түүний санхүүгийн хяналт шалгалтын алба, яам, Засгийн газрын үндсэн болон дэд бүтцийн газар /төслийн төвлөрүүлэн захирагчид/, аймаг, нийслэлийн санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчид хэрэгжүүлнэ.
3.Санхүүгийн хяналт шалгалтын албаны дарга нь санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч байна. Улсын ерөнхий байцаагчийг Сангийн сайд томилж, чөлөөлөх бөгөөд улсын ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар олгоно.
4.Санхүүгийн хяналт шалгалтын улсын албаны улсын байцаагчийг ерөнхий байцаагчийн санал болгосноор Сангийн сайд; яам, Засгийн газрын үндсэн болон дэд бүтцийн газарт ажиллах санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийг тухайн сайд, дарга; аймаг, нийслэлд ажиллах санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийг Засаг дарга тус тус томилж, чөлөөлөх бөгөөд тэдгээрт улсын байцаагчийн эрхийг Сангийн сайд олгоно.
5. Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжил эзэмшиж, эзэмшсэн мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажиллаж мэргэшсэн байна.
6. Санхүүгийн хяналт шалгалтын улсын алба, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчид үйл ажиллагаандаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.
7. Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий олон ахлах байцаагч, улсын байцаагч /цаашид энэ дүрэмд "улсын байцаагч" гэх/ нь Засгийн газраас загварыг нь баталсан үнэмлэх, хувийн дугаар бүхий тэмдэг болон торгууль, шийтгэврийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
8.Яам, Засгийн газрын үндсэн болон дэд бүтцийн газар, аймаг, нийслэлийн санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, тэдгээрийн ажлыг шалгах, шалгалтын дүнг нэгтгэн дүгнэлт гаргах, шаардлагатай асуудлаар арга хэмжээний санал боловсруулж шийдвэрлүүлэх ажлыг Сангийн яамны санхүүгийн хяналт шалгалтын улсын алба хариуцан хэрэгжүүлнэ.
9.Санхүүгийн хяналт шалгалтын алба нь төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсөвт болон төсвийн санхүүжилт авдаг байгууллагаас бусад аж ахуйн нэгж, байгууллагад өөрсдийнх нь хүсэлт захиалгын дагуу шалгалтыг төлбөртэй хийж болно. Төлбөрийн хэмжээг Сангийн яамнаас тогтоосон жишгийг үндэслэн хоёр талын гэрээний үндсэн дээр харилцан тохиролцоно.
10.Санхүүгийн хяналт шалгалтыг дор дурдсан чиглэлээр хэрэгжүүлнэ:
а/санхүү, төсвийн холбогдолтой хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон түүнийг үндэслэн төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас гаргасан журам, заавар, норм хэмжээний хэрэгжилт;
б/төсвийн хөрөнгийн зарцуулалт;
в/төрийн өмчийн ашиглалт, зарцуулалт, хадгалалт, хамгаалалт;
г/төсвийн орлого, зарлага, төрийн өмчтэй холбоотой анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт;
д/төсвийн орлого, зарлагын төлөвлөлт, бүрдүүлэлт, төвлөрүүлэлт, татварын ногдуулалт, төлөлт, түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагаа, түүний биелэлт;
е/аж ахуйн нэгж нь хууль зүйн дагуу байгуулагдсан эсэх, үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн хүрээнд явагдаж байгаа эсэх;
ж/тайлан тэнцэл гаргалт, тушаалтын байдал;
з/Засгийн газрын тусгай зориулалтын сан, төсвөөс олгосон санхүүгийн тусламж дэмжлэг, эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглуулж байгаа төсвийн хөрөнгө, олон улсын байгууллага, гадаад орны Засгийн газар, байгууллага, иргэдээс олгосон зээл, өгсөн хандив, тусламж, тэдгээртэй адилтгах хөрөнгийн ашиглалт, зарцуулалт;
и/төсвийн хөрөнгө оруулалтын ашиглалт, зарцуулалт;
к/төсвийн хөрөнгө, төрийн өмчийн ашиглалт, зарцуулалт, бүртгэлтэй холбогдсон бусад үйл ажиллагаа.
11.Улсын байцаагч дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
а/энэ дүрмийн 10 дугаар зүйлд заасан чиглэлийн дагуу улсын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх;
б/хяналт шалгалтын тухай танилцуулга, бусад баримт бичгийг /нэгдсэн акт, нэг бүрчилсэн акт/ зохих журмындагуу үйлдэж, хяналт шалгалт хийсэн улсын байцаагч гарын үсэг зурах;
в/хяналт шалгалтын акт, материалыг шалгуулсан этгээдэд танилцуулж, холбогдох баримт бичигт гарын үсэг зуруулах;
г/ хийсэн шалгалт гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, акт, тоо баримтын үндэслэл нотолгооны үнэн зөвийг хариуцах;
д/шалгалтын дүнгээр гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж, түүнийг хангуулах арга хэмжээ авах;
е/хяналт шалгалт хийсэн байгууллага, аж ахуйн нэгжийн талаархи мэдээллийн нууцыг зохих хууль тогтоомжийн дагуу чанд хадгалах.
12.Улсын байцаагч дор дурдсан эрх эдлэнэ:
а/хяналт шалгалт хийх газар, байгууллагын үндсэн хөрөнгө, бараа материал, үнэт зүйлс, мөнгөн хөрөнгөд тооллого хийлгэж, тооцоо бодуулах;
б/шаардлагатай үед зохих байгууллагуудтай тохиролцсоны үндсэн дээр холбогдох мэргэжлийн хүмүүсийг шалгалтанд татан оролцуулах;
в/хууль тогтоомж зөрчин улс, байгууллага, аж хауйн нэгж, иргэдэд учруулсан хохирол, төлөгдөөгүй, үндэслэлгүй тооцсон төлбөрт акт тогтоож төлүүлэх, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдалыг таслан зогсоох талаар холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтанд хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулж, хариу авах;
г/хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах.
13.Улсын байцаагч нь хууль тогтоомж, дүрэм, журам зөрчсөн, тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэм буруутай этгээдэд Төрийн хяналт шалгалтын тухай, Захиргааны хариуцлагын тухай, Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Валютын зохицуулалтын тухай, Банкны тухай хуулиуд болон бусад холбогдох хууль тогтоомжийн заалтыг үндэслэн дор дурдсан захиргааны хариуцлага хүлээлгэнэ:
а/төсвийн хөрөнгийг зээл буюу гэрээний үүргийн баталгаа болгох, бусдад хандивлах, ивээн тэтгэх, хувь нийлүүлэх, түр ашиглуулах болон Засгийн газраас тогтоосон журамд зааснаас бусад хэлбэрээр эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглуулах зэргээр төсвийн хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 3000-30000 төгрөгөөр торгох;
б/төсвийг түүний зүйлийн хооронд шилжүүлэн зарцуулахдаа төсвийн бусад зүйлээс цалинд, мөн Засгийн газрын тусгай зориулалтын санг өөр зүйлд шилжүүлэн зарцуулах зэргээр төсвийн хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 3000-30000 төгрөгөөр торгох;
в/бүрдүүлбэр дутуу төлбөр тооцооны баримтаар гүйлгээ хийсэн болон төлбөр тооцооны баримтаар дарагдуулсан буюу гүйлгээ саатуулсан бол банкны байгууллагын ажилтан, албан тушаалтныг 10000-50000, банкны байгууллагыг 100000-250000 төгрөгөөр торгох;
г/анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг зохих ёсоор хөтлөөгүй, тайлан тэнцэл гаргаагүй буюу хугацаа хожимдуулсан, баримт материалыг бүрдүүлээгүй, эсхүл нуун дарагдуулсан албан тушаалтныг 30000-60000, иргэнийг 20000-50000 төгрөгөөр торгох;
д/улсын ерөнхий байцаагч, ахлах байцаагч хяналт шалгалтаас зайлсхийсэн албан тушаалтныг 5000-10000, шаардлагатай гэж үзсэн баримт бичгийг танилцуулах, түр хугацаагаар хүлээлгэн өгөхөөс зайлсхийсэн албан тушаалтныг 15000 хүртэл төгрөгөөр торгох;
е/ажил олгогч шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатай бууруулсан орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж, зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-150000, иргэнийг 30000-50000 төгрөгөөр торгох;
ж/хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан болон үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг нөхөн төлүүлж 25000-50000 төгрөгөөр торгох;
з/татвар ногдох орлогоо нуусан буюу санаатайгаар бууруулсан бол нуусан буюу бууруулсан орлогтой тэнцэх хэмжээний торгууль ногдуулах;
и/орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуусан буюу түүний тоо хэмжээг санаатайгаар бууруулсан бол ногдох татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлсэн татвартай тэнцэх хэмжээний торгууль ногдуулах;
к/татвар ногдох зүйлийн тоо, хэмжээг болгоомжгүйгээр бууруулсан бол ногдох татварыг нөхөн төлүүлж, саатуулсан хоног тутам нөхөн төлүүлсэн татварын дүнгээс бодож 1 хувийн хүү ногдуулах /хүүгийн хэмжээ нь зохих татварын 50 хувиас хэтэрч болохгүй/;
л/татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнгээс бодож хоног тутам 0,3 хувийн хүү ногдуулах;
м/банкны салбарыг зөвшөөрөлгүй нээсэн бол хууль бусаар олсон орлогыг хурааж 150000 хүртэл төгрөгөөр торгох;
н/банкны бус байгууллага Монгол банкны зөвшөөрөлгүйгээр банкны үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон орлогыг хурааж 250000 хүртэл төгрөгөөр торгох;
о/төлбөр тооцооны баримтыг дарагдуулсан буюу гүйлгээг саатуулсан банкны байгууллагын ажилтан, албан тушаалтныг 10000-50000 төгрөгөөр торгох;
п/Сангийн яамны зөвшөөрөлгүйгээр гадаадаас валютын зээл авсан төрийн өмчийн болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгж, гадаадаас авсан зээлээ Монгол банкинд бүртгүүлээгүй бусад аж ахуйн нэгж, байгууллагыг тус тус 100000 хүртэл төгрөгөөр, иргэнийг 50000 хүртэл төгрөгөөр торгох;
р/гадаадад хөрөнгө байршуулах, зээл, тусламж олгохдоо Сангийн яаманд бүртгүүлээгүй байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-250000 төгрөг, иргэнийг 5000-50000 төгрөгөөр торгох;
с/гадаад валютаар бэлнээр буюу бэлэн бус төлбөрийн хэрэгслээр авсан орлогоо Монгол банкнаас эрх олгосон арилжааны банкинд уг орлогыг авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор худалдах буюу хадгалуулаагүй байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-100000 төгрөгөөр торгох;
т/гадаад валют худалдах, худалдан авах болон зээлдэх, шилжүүлэх ажиллагааг Монгол банк, түүнээс эрх олгосон арилжааны банкаар дамжуулан гүйцэтгээгүй аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөг, иргэнийг 20000-50000 төгрөгөөр торгох;
у/Монгол банкны зөвшөөрөлгүйгэээр буюу олгогдсон зөвшөөрлийн хүрээнээс гадуур валютын гүйлгээний үйл ажиллагаа явуулсан арилжааны банкны хууль бусаар олсон орлогыг хурааж, 50000-250000 төгрөгөөр торгох;
х/төсвийн шууд захирагчийн тухайн жилийн төсөвт тусгасан арга хэмжээ бүрэн хэрэгжээгүй, эсхүл норм, норматив, үнэ тариют өөрчлөлт орсноос хэмнэгдсэн төсвийн хөрөнгийг хураан авч харилцагч төсөвт оруулах, төсвийн хууль тогтоомж зөрчсөн төсвийн төвлөрүүлэн захирагч болон шууд захирагчийн данснаас зарлагын гүйлгээ хийхийг түр зогсоох асуудлыг төсвийн ерөнхий захирагчид тавьж шийдвэрлүүлэх;
ц/хяналт шалгалтын байгууллага, улсын байцаагчийн албан шаардлагыг эсэргүүцсэн, тогтоосон хугацаанд биелүүлээгүй, шаардлагын биелэлтийг гаргаж илрүүлээгүй албан тушаалтныг 5000-25000, хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулсан, гаргах дүгнэлт, шийдвэрт нөлөөлөхийг оролдсон этгээдийг 35000 хүртэл төгрөгөөр, хяналт шалгалтад холбогдолтой баримт бичгийг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан, гэмтээсэн, устгасан, хуурамч баримт бичиг гаргаж өгсөн албан тушаалтныг 30000-50000 төгрөгөөр тус тус торгуулах саналаа шүүгчид тавьж шийдвэрлүүлэх.
14.Энэ дүрмийн 13 дугаар зүйлийн "п", "р", "с", "т", "у"-д заасан торгууль, шийтгэвэрийг зөвхөн Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайдын шийдвэрээр валютын улсын байцаагчийн эрх олгосон санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч хэрэгжүүлнэ.
15.Санхүүгийн улсын хяналт шалгалтын алба, улсын байцаагчийн албан шаардлагыг байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, холбогдох иргэд тогтоосон хугацаанд нь биелүүлж, хариуг албан ёсоор өгч байх үүрэгтэй.
16.Шалгуулсан этгээд шалгалтын баримт бичигт заасан зүйлийг зөвшөөрөөгүй бол энэ тухай тайлбараа бичиж гарын үсэг зурна.
17.Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан улсын байцаагчийн гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо шийдвэр гаргаснаас хойш 10 хоногийн дотор хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид тавьж болно.
Уг гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо зохих журмын дагуу шүүхэд гаргаж болно.
18.Улсын байцаагч үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүй, хууль тогтоомж зөрчсөн бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---------оОо-----------
Текст томруулах
A
A
A