- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - СТАНДАРТ, ЧАНАРЫН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
СТАНДАРТ, ЧАНАРЫН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Стандарт, чанарын улсын хяналтын зорилт нь Монгол Улсын хэмжээнд байгууллага, аж ахуйн нэгжийн харъяалал, өмчийн төрөл, хэлбэрийг харгалзахгүйгээр Монгол улсын стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хууль болон хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаархи хууль тогтоомж, тэдгээрийг үндэслэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтийг хангуулахад оршино.
2.Стандарт, чанарын улсын хяналтыг стандарт, чанарын улсын хяналтын газар /цаашид "алба" гэх/, аймаг, нийслэлийн стандарт, чанарын хяналтын улсын байцаагчид хэрэгжүүлнэ.
З.Стандарт, чанарын улсын хяналтын албаны дарга нь стандарт, чанарын хяналтын улсын ерөнхий байцаагч байна. Стандарт, чанарын хяналтын улсын ерөнхий байцаагчийг стандартчиллын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд томилж, чөлөөлөх бөгөөд улсын ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газраас олгоно.
4.Стандарт, чанарын улсын хяналтын албаны улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг стандарт, чанарын хяналтын улсын ерөнхий байцаагчийн санал болгосноор стандартчиллын асуудал эрхэлсэн сайд томилж, чөлөөлнө. Аймаг, нийслэлд ажиллах стандарт, чанарын хяналтын улсын байцаагчийг аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөх бөгөөд улсын байцаагчийн эрхийг стандартчиллын асуудал эрхэлсэн сайд олгоно.
5.Ажил төрлийн онцлог байдлаас зарим яам, тусгай газарт стандарт, чанарын хяналтын улсын байцаагч ажиллуулж болно. Яам, тусгай газарт ажиллах улсын байцаагчийг сайд, дарга нар нь томилж, чөлөөлөх бөгөөд тэдгээр байцаагчийн эрхийг стандартчиллын асуудал эрхэлсэн сайд олгоно.
6.Стандарт, чанарын хяналтыг хэрэгжүүлэхэд хөдөлмөрийн нөхцөл, хүн, малын эмнэлэг, эм, биобэлдмэл, эрүүл ахуй, байгаль орчин, мал, амьтны үржил, үр, ургамал хамгаалал, эрчим хүч, уул уурхай, барилга, тээвэр, холбоо, худалдааны зэрэг захиргааны хяналтын албад оролцох бөгөөд энэ талаархи үйл ажиллагааг стандарт, чанарын хяналтын улсын ерөнхий байцаагч зохицуулна.
7.Стандарт, чанарын хяналтын улсын байцаагчид нь стандарт, чанарын асуудлаар мэргэшсэн байна.
8.Стандарт, чанарын улсын хяналтын алба, стандарт, чанарын хяналтын улсын байцаагчид нь үйл ажиллагаандаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, тэдгээрийг үндэслэн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон дүрэм, журам болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.
9.Стандарт, чанарын хяналтын улсын ерөнхий байцаагч, ахлах байцаагч, улсын байцаагч /цаашид энэ дүрэмд "Улсын байцаагч" гэх/ нь Засгийн газраас загварыг нь баталсан үнэмлэх, хувийн дугаар бүхий тэмдэг болон албан шаардлага, акт, торгууль, шийтгэврийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
10.Аймаг, нийслэлд болон яам, газарт ажиллаж байгаа стандарт, чанарын хяналтын байцаагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, мэргэжлийг дээшлүүлэх, эрх авсан лабораторийн үйл ажиллагаа, байцаагчдын ажлыг шалгах, шалгалтын дүнг нэгтгэн дүгнэлт гаргах, шаардлагатай асуудлаар авах арга хэмжээний санал боловсруулж шийдвэрлүүлэхийг стандарт, чанарын улсын хяналтын алба хариуцан хэрэгжүүлнэ.
Хоёр.Стандарт, чанарын улсын хяналтын чиглэл
11.Стандарт, чанарын улсын хяналтыг дор дурдсан чиглэлээр хэрэгжүүлнэ:
а/стандарт, чанарын талаархи хууль тогтоомж болон түүнийг үндэслэн эрх бүхий балйгууллагаас гаргасан дүрэм, журмын хэрэгжилт;
б/манай улс гишүүнээр элсч нэгдэн орсон олон улсын эрх бүхий байгууллагаас баталж, нийтлэг мөрдөж байгаа болон хоёр талын байгуулсан стандарт, чанарын холбогдолтой конвенци, гэрээ, эрх зүйн бусад баримт бичгүүдийн биелэлт;
в/хүн, мал, амьтан, байгаль орчинд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүний болон хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны чиглэлээр батлагдсан заавал мөрдөх улсын стандартын үзүүлэлт шаардлагын мөрдөлтийг тэдгээрийн зураг төслийг зохион бүтээх, үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, борлуулах, хэрэглэх болон хаягдал ашиглах үе шатыг хамруулан хяналт тавих;
г/аж ахуйн нэгж, байгууллага нь бүтээгдэхүүн, үйлчилгээндээ олон улс, бүс нутаг, гадаад улсын дэвшилтэт стандартыг мөрдөх тохиолдолд тэдгээрийг зохих журмын дагуу бүртгүүлэн хэрэглэж байгаа эсэх;
д/шинэ технологи эзэмшин, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний чанар, аюулгүйн үзүүлэлт шаардлага нь Монгол Улсад хэрэглэхээр заасан адил төстэй бүтээгдэхүүний үзүүлэлт шаардлагаас өөр байх тохиолдолд стандартчилал, баталгаажуулалтын төв, орон нутгийн байгууллагаас түр зөвшөөрөл авсан эсэх;
е/аж ахуйн нэгж, байгууллага нь улсын буюу байгууллагын стандартгүйгээр бүтээгдэхүүнийг бөөнөөр үйлдвэрлэх буюу эсвэл хүчин төгөлдөр бус стандарт хэрэглэж байгаа эсэх;
ж/аж ахуйн нэгж, байгууллага нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүндээ стандартын тэмдэглэгээг зөв хэрэглэсэн эсэх;
з/аж ахуйн нэгж, байгууллага нь хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй бүтээгдэхүүн болон экспорт, импортын бүтээгдэхүүнийг чанарын баталгаажуулалтад хамруулсан байдал;
и/чанарын гэрчилгээ, тохирлын тэмдэг хэрэглэх эрх авсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрхийг нь олгосон байгууллагатай хийсэн гэрээний биелэлтийн байдал;
к/бүтээгдэхүүний чанарын тодорхой үзүүлэлтийг сорьж турших чиглэлээр итгэмжлэл хүлээж, эрх авсан сорилтын лабораториудын дүрмийн болон гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлт;
л/экспортын бүтээгдэхүүнд чанарын гэрчилгээ, импортын бүтээгдэхүүнд худалдан борлуулах зөвшөөрөл олгох журмын мөрдөлт;
м/аж ахуйн нэгж, байгууллагын заавал мөрдөх улсын стандарт бүхий бүтээгдэхүүний чанарын ангилал, зэрэглэл нь үнэн зөв тогтоогдсон эсэх;
н/аж ахуйн нэгж, байгууллагын бөөнөөр үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний заавал мөрдөх улсын стандартын чанар, аюулгүй байдлын үзүүлэлт шаардлагын мөрдөлт, чанарын баталгаажуулалтын байдал;
о/импортын бүтээгдэхүүний хаяглалт, шошгололт, хадгалалт, тээвэрлэлтийн нөхцөлд тавигдах үзүүлэлт, шаардлагын хэрэгжилт;
п/бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний зориулалт, хэрэглээний чанар, аюулгүй байдал, хадгалах,хэрэглэх аргын талаар аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэглэгчдэд үнэн зөв мэдээлэл өгч байгаа эсэх.
Гурав.Стандарт, чанарын хяналтын улсын байцаагчийн үүрэг, эрх
12.Улсын байцаагч дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
а/энэ дүрмийн 11 дүгээр зүйлд заасан чиглэлийн дагуу улсын хяналтыг зохион байгуулж хэрэгжүүлэх;
б/байцаагч нь бусдын нөлөөнд үл автан, албан үүргээ шударгаар биелүүлж, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаатай холбоотой нууцыг хадгалж, хяналт, шалгалтыг бүрэн гүйцэд хийх;
в/хийсэн хяналт, шалгалт, гаргасан дүгнэлт, тавьсан акт, торгууль, шийтгэвэр, албан шаардлагынхаа үнэн зөвийг бүрэн хариуцах;
г/хяналт, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, таслан зогсоох, гарч болзошгүй зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах.
13.Улсын байцаагч нь дор дурдсан эрх эдэлнэ:
а/хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, таслан зогсоох талаар аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, холбогдох хүмүүст шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах;
б/холбогдох байгууллагатай нь тохиролцсоноор зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор сорилт шинжилгээг эрх бүхий байгууллагын итгэмжлэгдсэн лабораториор гүйцэтгүүлэх;
в/шинжилгээнд шаардагдах бүтээгдэхүүний дээж, загвараас тэмдэглэл үйлдэн холбогдох стандартад заасан тоо хэмжээгээр үнэ төлбөргүй авах;
г/шалгалтад шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар,магадлал, бусад баримт нотолгоог тухайн аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, холбогдох хүмүүсээс үнэ төлбөргүй гаргуулан авах;
д/шаардлагатай үед өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээний болон агуулах, бусад ажлын байранд үзлэг шалгалт явуулах;
е/хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа болон учруулж болох, түүнчлэн осол аюултай болох нь батлагдсан, чанар, хэрэглээний шаардлага хангахгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлсэн, хүлээн авсан, худалдсан, импортолсон, ажил үйлчилгээ гүйцэтгэсэн, улсын стандартад тохирохгүй эрүүл ахуйн болон хөдөлмөрийн нөхцөлд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн тохиолдолд тухайн үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг уг зөрчлийг арилгах хүртэл бүхэлд нь, эсвэл хэсэгчлэн түр зогсоох, бараа бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглон битүүмжлэх, шаардлагатай гэж үзвэл устгах, өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлж сэрэмжлүүлэх;
ж/заавал мөрдөх улсын стандартгүйгээр бөөнөөр үйлдвэрлэл явуулах, эсвэл хүчин төгөлдөр бус стандарт хэрэглэх болон заавал мөрдөх улсын стандартыг зөрчиж үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахыг хориглож, холбогдох арга хэмжээг авах хүртэл үйлдвэрлэл үйлчилгээг түр хугацаагаар зогсоох;
з/стандарт, чанарын талаар удаа дараа зөрчил гаргаж, тэр нь эрүүгийн шинж чанартай болсон байвал холбогдох материалыг бүрдүүлж хуулийн байгууллагад шилжүүлэх.
14.Стандарт, чанарын хяналтын улсын байцаагч нь хууль тогтоомж, дүрэм, журам зөрчсөн, тавьсан албан шаардлагыг биелүүлээгүй гэм буруутай этгээдэд Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын, Стандартчилал, чанарын баталгаажуулалтын, Хүнсний, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, Захиргааны хариуцлагын, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиуд болон холбогдох бусад хуулийн заалтыг үндэслэн дараахь захиргааны хариуцлага хүлээлгэнэ:
а/Стандартчилал, баталгаажуулалтын төв болон түүнээс чанарын баталгаажуулалт хийх эрх авсан байгууллагын холбогдох албан тушаалтан стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хууль тогтоомж зөрчиж үйл ажиллагаагаа явуулсан, шийдвэр гаргасан бол 5000-15000 төгрөгөөр торгох;
б/стандарт, чанарын төрийн захиргааны хяналтыг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдээ, мэдүүлгийг хуурамчаар гаргасан, стандарт, чанарын хяналтын улсын байцаагчаас өгсөн үүргийг хугацаанд нь биелүүлээгүй албан тушаалтныг 30000-150000, иргэнийг 20000-50000 төгрөгөөр торгох;
в/итгэмжлэгдсэн лаборатори нь сорилтын дүн, дүгнэлтийг зориуд буруу гаргасан, үүргээ биелүүлээгүй, эрхээ хэтрүүлсэн, эсхүл холбогдох стандарт, норматив-техникийн баримт бичгийг зөрчиж үйл ажиллагаагаа явуулсан бол 50000-100000 төгрөгөөр торгох;
г/бүтээгдэхүүний харилцан орлолт, хэмжлийн болон мэдээллийн нэгдмэл, үнэн зөв байдлын хангалт, зохион байгуулалт, арга зүйн нийтлэг шаардлага, байгаль орчны төлөв байдлыг болон бүтээгдэхүүн, хөдөлмөрийн нөхцөлийг шалгах, сорих, шинжлэх, хэмжих аргын УСТ-ыг зөрчсөн, аж ахуйн нэгж, байгууллага нь хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал,амьтанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй болон экспорт, импортын бүтээгдэхүүнийг чанарын баталгаажуулалтад хамруулаагүй бол зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагыг 50000- 100000, иргэнийг 5000-15000 төгрөгөөр торгох;
д/эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдол бүхий бүтээгдэхүүний заавал мөрдөх улсын стандартын үзүүлэлт шаардлагыг зөрчсөн, эсхүл улсын буюу байгууллагын стандартгүйгээр бүтээгдэхүүнийг бөөнөөр үйлдвэрлэх, хүчин төгөлдөр бус стандарт хэрэглэх, стандартын үзүүлэлт шаардлага хангаагүй бүтээгдэхүүнд стандартын тэмдэглэгээ хэрэглэсэн, бараа бүтээгдэхүүний чанарын ангилал, зэрэглэлийг зориуд өсгөсөн, улсын стандартын тэмдэглэгээ, чанарын гэрчилгээ, тохирлын тэмдгийг хууль бусаар ашигласан аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-150000, иргэнийг 15000-25000 төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлогыг хураах;
е/хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүний болон хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд мөрдөхөөр тогтоосон заавал мөрдөх УСТ-ын үзүүлэлт, шаардлагыг зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000, иргэнийг 25000-50000 төгрөгөөр торгож, уг бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг хураах;
ж/зориулалтын бус түүхий эд, тоног төхөөрөмжөөр согтууруулах ундаа үйлдвэрлэж, улсын стандартын үзүүлэлт шаардлага зөрчсөн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй худалдсан аж ахуйн нэгж, байгууллагыг 75000-250000, иргэнийг 40000-50000 төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлогыг хураах;
з/согтууруулах ундаанд шошгололт, хаяглалтын улсын стандартыг мөрдөөгүй, худалдах зорилгоор импортолсон согтууруулах ундаанд эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрөл аваагүй аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-150000, иргэнийг 20000-50000 төгрөгөөр торгох;
и/улсын ерөнхий байцаагч, ахлах байцаагч нь хяналт шалгалтаас зайлсхийсэн албан тушаалтныг 5000-10000 төгрөг, шаардлагатай гэж үзсэн баримт бичгийг танилцуулах, түр хугацаагаар хүлээлгэн өгөхөөс зайлсхийсэн албан тушаалтныг 15000 хүртэл төгрөгөөр торгох;
к/хяналт шалгалтын байгууллага, улсын байцаагчийн албан шаардлагыг эсэргүүцсэн, тогтоосон хугацаанд биелүүлээгүй, шаардлагын биелэлтийг гаргаж ирүүлээгүй албан тушаалтныг 5000-25000 төгрөг, хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулсан, гаргах дүгнэлт, шийдвэрт нөлөөлөхийг оролдсон этгээдийг З5000 хүртэл төгрөг, хяналт шалгалтад холбогдолтой баримт бичгийг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан, гэмтээсэн, устгасан, хуурамч баримт бичиг гаргаж өгсөн албан тушаалтныг З0000-50000 төгрөгөөр тус тус торгуулах саналаа шүүгчид тавьж шийдвэрлүүлэх;
л/согтууруулах ундааны шошгыг хуурамчаар үйлдэх, хууль бусаар хэрэглэх, худалдах ажиллагаа үйлдсэн аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-200000, иргэнийг 10000-40000 төгрөгөөр торгох асуудлыг шүүгчид тавьж шийдвэрлүүлэх.
Дөрөв.Бусад зүйл
15.Стандарт, чанарын улсын хяналтын алба, улсын байцаагчийн албан шаардлагыг байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, холбогдох хүмүүс хугацаанд нь биелүүлж, хариуг албан ёсоор өгч байх үүрэгтэй.
16.Байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, холбогдох хүмүүс улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо уг шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дотор тухайн шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргаж болно.
Уг гомдлыг хүлээн авснаас хойш З0 хоногийн дотор хянаж шийдвэрлэнэ. Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно. Гомдол гаргах нь ноцтой зөрчлийг арилгахгүй байх үндэслэл болохгүй.
17.Улсын байцаагч үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүй, хууль тогтоомж зөрчсөн бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
-------оОо--------
Текст томруулах
A
A
A