- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ХЭМЖИЛ ЗҮЙН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
ХЭМЖИЛ ЗҮЙН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Хэмжилзүйн улсын хяналтын зорилт нь Монгол Улсын хэмжээнд байгууллага, аж ахуйн нэгжийн харъяалал, өмчийн хэлбэрийг харгалзахгүйгээр хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль тогтоомж, түүнийг үндэслэн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон дүрэм, журмын биелэлтийг хангуулахад оршино
2.Хэмжилзүйн улсын хяналтыг хэмжилзүйн улсын хяналтын алба, аймаг, нийслэлийн хэмжилзүйн хяналтын улсын байцаагчид хэрэгжүүлнэ.
З.Хэмжилзүйн улсын хяналтын албаны дарга нь хэмжилзүйн хяналтын улсын ерөнхий байцаагч байна. Хэмжилзүйн хяналтын улсын ерөнхий байцаагчийг хэмжилзүйн асуудал эрхэлсэн сайд томилж, чөлөөлөх бөгөөд улсын ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар олгоно.
4.Хэмжилзүйн улсын хяналтын албаны улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг хэмжилзүйн хяналтын улсын ерөнхий байцаагчийн санал болгосноор хэмжилзүйн асуудал эрхэлсэн сайд томилж чөлөөлнө.
Аймаг, нийслэлд ажиллах хэмжилзүйн хяналтын улсын байцаагчийг аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөх бөгөөд улсын байцаагчийн эрхийг хэмжилзүйн асуудал эрхэлсэн сайд олгоно.
5.Ажил төрлийн онцлог байдлаас зарим яам, тусгай газарт хэмжилзүйн хяналтын улсын байцаагч ажиллуулж болно. Яам, тусгай газарт ажиллах улсын байцаагчийг сайд, дарга нар нь томилж, чөлөөлөх бөгөөд улсын байцаагчийн эрхийг хэмжилзүйн асуудал эрхэлсэн сайд олгоно.
6.Хэмжилзүйн хяналтын улсын байцаагчид нь хэмжилзүй, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын асуудлаар мэргэшсэн байна.
7.Хэмжилзүйн улсын хяналтын алба, хэмжилзүйн хяналтын улсын байцаагчид нь үйл ажиллагаандаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.
8.Хэмжилзүйн хяналтын улсын ерөнхий байцаагч, ахлах байцаагч, улсын байцаагч /энэ дүрэмд "Улсын байцаагч" гэх/ Засгийн газраас загварыг нь баталсан үнэмлэх, хувийн дугаар бүхий тэмдэг болон албан шаардлага, акт дүгнэлт, торгууль, шийтгэврийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
9.Аймаг, нийслэлд болон яам, газарт ажиллаж байгаа улсын байцаагчийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, ажлыг нь шалгах, шалгалтын дүнг нэгтгэн дүгнэлт гаргах, шаардлагатай асуудлаар авах арга хэмжээний санал боловсруулж шийдвэрлүүлэхийг хэмжилзүйн улсын хяналтын алба хариуцан хэрэгжүүлнэ.
Хоёр.Хэмжилзүйн улсын хяналтын чиглэл:
10.Хэмжилзүйн улсын хяналтыг дор дурдсан чиглэлээр хэрэгжүүлнэ:
а/хэмжлийн нэгдмэл байдлыг хангахтай холбогдож гарсан хууль тогтоомж, хэмжилзүйн дүрэм, журам, худалдаа, үйлчилгээний хүрээнд хэмжил гүйцэтгэх аргачлалын мөрдөлт;
б/хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 7-гийн 2-т заасан улсын баталгаажуулалтанд заавал хамрагдвал зохих хэмжих хэрэгслийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс үйлдвэрлэсэн буюу импортолсон нөхцөлд тэдгээрийг загварын туршилтанд хамруулж, улсын бүртгэлд бүртгүүлэн, загварын баталгаа олгосон эсэх;
в/хэмжих хэрэгслийг үйлдвэрлэл, засвараас гарсны дараа болон тэдгээрийг ашиглах, хадгалах явцад баталгаажуулалтад хамруулсан эсэх;
г/улсын баталгаагүй хэмжүүр, хэмжих хэрэгслийг худалдаа, үйлчилгээнд ашигласан, бусдад хэрэглүүлсэн болон худалдсан эсэх;
д/хэмжих хэрэгслийн улсын баталгааны хугацаа дууссан болон лац, тэмдэг нь хөндөгдсөн буюу арилсан, улсын баталгааны гэрчилгээг үрэгдүүлсэн, хуурамчаар үйлдсэн, эвдэрсэн буюу буруу заалттай хэмжих хэрэгслийг ашигласан эсэх;
е/худалдаа, үйлчилгээний тооцоонд хэрэглэхийг хориглосон хэмжүүр, хэмжих хэрэгслээр үйл ажиллагаа явуулж байгаа эсэх;
ж/хэмжлийн нэгж нь хэрэглэхийг зөвшөөрсөн нэгжтэй тохирч байгаа эсэх;
з/хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, техникийн бэлэн байдал болон хэмжих хэрэгслийн ашиглалтын нөхцөл нь баталсан загварын шаардлагад тохирч буй эсэх;
и/хэмжих хэрэгслийг баталгаажуулахад ашиглаж байгаа эталоны техникийн бэлэн байдал;
к/стандартчилсан загвар, түүний техникийн болон хэрэглээний байдал;
л/савласан болон боосон бүтээгдэхүүний хүнд, эзлэхүүн зэрэг тоон үзүүлэлт нь боодол дээр тэмдэглэсэн хэмжээ, зөвшөөрөгдөх хэлбэлзлийн хязгаартай тохирч байгаа эсэх.
Гурав.Хэмжилзүйн хяналтын улсын байцаагчийн үүрэг, эрх
11.Улсын байцаагч нь дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
а/энэ дүрмийн 10 дугаар зүйлд заасан чиглэлийн дагуу хэмжилзүйн улсын хяналтыг зохион байгуулж хэрэгжүүлэх;
б/хөндлөнгийн нөлөөнд үл автан, албан үүргээ шударгаар гүйцэтгэх, аж ахуйн нэгж, байгууллагын болон иргэний хувийн ашиг сонирхлыг төлөөлж, тэдгээрт ашигтай, давуу тал бий болгосон шийдвэр гаргахгүйгээр хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх;
в/хийсэн шалгалт, гаргасан дүгнэлт, тавьсан акт, торгууль, албан шаардлагын үнэн зөвийг бүрэн хариуцах;
г/хяналт, шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах.
12.Улсын байцаагч нь дор дурдсан эрх эдэлнэ:
а/хяналт, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, таслан зогсоох талаар аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, холбогдох хүмүүст шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах;
б/холбогдох байгууллагатай нь тохиролцсоноор зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт, шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор өндөр нарийвчлал бүхий тоног төхөөрөмжтэй байгууллагын хэмжүүрийн итгэмжлэгдсэн лабораториор дүгнэлт, харьцуулалт хийлгэх;
в/шалгалтанд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, баримт материалыг тухайн аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулж авах;
г/улсын баталгаажуулалтад хамрагдаагүй хэмжих хэрэгслийг тооцооны зориулалтаар ашиглахыг хориглох;
д/шаардлагатай үед өмчийн хэлбэрийг харгалзахгүйгээр аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээний байранд үзлэг, шалгалт хийх;
е/баталгаагүй, эсхүл загвар нь батлагдаагүй буюу баталсан загвартаа тохирохгүй байгаа хэмжих хэрэгсэл ашиглах, худалдах, бусдад хэрэглүүлэхийг хориглох;
ж/баталгаажуулалтын хугацаа дууссан буюу буруу заалттай хэмжих хэрэгслийн баталгааны лац, тэмдгийг хүчингүй болгож гэрчилгээг хураах;
з/аж ахуйн нэгж, байгууллага, холбогдох хүмүүс хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, засварлах, худалдах, бусдад хэрэглүүлэх журмыг зөрчсөн бол зөрчлийг бүрэн арилгах хүртэл зөвшөөрлийг хүчингүй болгохыг шаардах;
и/хэмжлийн зөрчил гаргаж нийгэм, хэрэглэгчийг хохироосон байгууллага, аж ахуйн нэгж, холбогдох хүмүүсийн хууль бус ажиллагааны талаар олон нийтэд зарлан мэдээлж, сэрэмжлүүлэг хийх;
к/хэмжих хэрэгслийн үйлдвэрлэл, засвар, тохируулгын ажлыг хууль бусаар үйлдэж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг хохироосон асуудлыг холбогдох баримтыг бүрдүүлэн хуулийн байгууллагад шилжүүлэх.
13.Хэмжилзүйн хяналтын улсын байцаагч нь хууль тогтоомж, дүрэм, журам зөрчсөн, тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэм буруутай этгээдэд Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, Захиргааны хариуцлагын, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиуд болон холбогдох бусад хуулийн заалтыг үндэслэн дор дурдсан захиргааны хариуцлага хүлээлгэнэ:
а/бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил, үйлчилгээ эрхлэхдээ Монгол Улсад хэрэглэхийг зөвшөөрснөөс өөр хэмжлийн нэгжийг хэрэглэсэн, хэмжлийн нэгжийн нэр, тэмдэглэгээ болон тэдгээрийг бичих, хэрэглэх журмыг зөрчсөн бол хууль бусаар олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгох;
б/хэмжилзүйн улсын байцаагч, хэмжүүрийн улсын шалгагчаас хяналт шалгалт явуулахад шаардагдах мэдээ материалыг буруу гаргаж өгсөн, хэмжилзүйн улсын байцаагчаас тавьсан шаардлага, хугацаатай үүргийг биелүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллагыг 50000- 100000, албан тушаалтныг 10000-20000, иргэнийг 5000-10000 төгрөгөөр торгох;
в/баталсан загвар, стандарт, техникийн болон ашиглалтын шаардлага хангаагүй хэмжих хэрэгсэл ашигласан, хэмжих хэрэгслийн шалгалт,тохируулга хийхдээ баталгаагүй эталоныг ашигласан бол хууль бусаар олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-150000, иргэнийг 5000-15000 төгрөгөөр торгох;
г/хэмжлийг УСТ, аргачлалын дагуу хийгээгүй, шаардагдах нарийвчлал, хэмжлийн хязгаарт тохироогүй хэмжих хэрэгсэл ашигласан, загварын туршилт хийлгэж баталгаажуулаагүй импортын хэмжих хэрэгсэл ашигласан, улсын баталгаагүй хэмжих хэрэгслийг худалдсан болон бусдад хэрэглүүлсэн, ахуйн зориулалттай хэмжих хэрэгслийг худалдаа, үйлчилгээнд хэрэглэсэн зэрэг зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-200000, иргэнийг 10000-20000 төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлогыг хураах;
д/савласан, боосон бүтээгдэхүүний тоон хэмжээ, хэлбэлзэх утгыг тэмдэглээгүй буюу буруу тэмдэглэсэн, эсхүл савласан, боосон жингийн тоон хэмжээ нь хаяг, шошгон дээр бичигдсэн хэмжээтэйгээ тохирохгүй байвал зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-200000, иргэнийг 10000-20000 төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлогыг хураах;
е/хэмжих хэрэгслийн үйлдвэрлэл, засвар, худалдаа, шалгалт, тохируулгын ажил үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг хэмжилзүйн төв байгууллагаас авалгүй ажил үйлчилгээг эрхэлсэн аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000 төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлогыг хураах;
ж/улсын ерөнхий байцаагч, ахлах байцаагч нь хяналт, шалгалтаас зайлсхийсэн албан тушаалтныг 5000-10000 төгрөг, шаардлагатай гэж үзсэн баримт бичгийг танилцуулах, түр хугацаагаар хүлээлгэн өгөхөөс зайлсхийсэн албан тушаалтныг 15000 хүртэл төгрөгөөр торгох;
з/хяналт, шалгалтын байгууллага, улсын байцаагчийн албан шаардлагыг эсэргүүцсэн, тогтоосон хугацаанд биелүүлээгүй, шаардлагын биелэлтийг гаргаж ирүүлээгүй албан тушаалтныг 5000-25000 төгрөг, хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулсан, гаргах дүгнэлт, шийдвэрт нөлөөлөхийг оролдсон этгээдийг 35000 хүртэл төгрөг, хяналт шалгалтад холбогдолтой баримт бичгийг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан, гэмтээсэн, устгасан, хуурамч баримт бичиг гаргаж өгсөн албан тушаалтныг 30000-50000 төгрөгөөр тус тус торгуулах саналаа шүүгчид тавьж шийдвэрлүүлэх.
Дөрөв.Бусад зүйл
14.Хэмжилзүйн улсын хяналтын алба, улсын байцаагчийн албан шаардлагыг байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, холбогдох хүмүүс хугацаанд нь биелүүлж, хариуг албан ёсоор өгч байх үүрэгтэй.
15.Байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, холбогдох хүмүүс улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо уг шийдвэр гаргаснаас хойш 10 хоногийн дотор тухайн шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргаж болно.
Уг гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянаж шийдвэрлэнэ.Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.Гомдол гаргах нь ноцтой зөрчлийг арилгахгүй байх үндэслэл болохгүй.
16.Улсын байцаагч үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүй, хууль тогтоомж зөрчсөн бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
-------oOo--------
Текст томруулах
A
A
A