A

A

A

Бүлэг: 1979
/Засгийн газрын 2001 оны 157 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/
 
СУМ /АЙМГИЙН ТӨВИЙН СУМААС БУСАД/-ЫН ХӨГЖЛИЙН САН БАЙГУУЛАХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Суманд жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээг өргөтгөх, орон нутгийн төсвийн орлогын баазыг нэмэгдүүлэх зорилгоор сумын хөгжлийн сан /цаашид хөгжлийн сан гэж нэрлэнэ/ байгуулах, зарцуулах үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Хөгжлийн сан нь тусгай данстай байх бөгөөд орлого, зарлага нь сумын төсвийн гүйцэтгэлийн сар бүрийн мэдээ, улирал, жилийн тайлан тэнцэлд тусгагдана.
1.3. Сумын Засаг даргын Тамгын газар нь хөгжлийн санд төвлөрүүлэх орлогыг нэр төрлөөр нь, уг сангаас зарцуулах хөрөнгийн хэмжээг арга хэмжээ тус бүрээр нь тооцон төлөвлөж, сумын төсвийн хамт жил бүр Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулан батлуулна.
  Хоёр. Хөгжлийн сангийн эх үүсвэр
2.1. Хөгжлийн сан нь дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ:
 а/төвлөрсөн төсвөөс нэг удаа олгох 5 /таван/ сая төгрөгийн зээл;
б/иргэд, төрийн өмчийн оролцоогүй аж ахуйн нэгж, байгууллагаас хөгжлийн санд хандивласан мөнгөн болон бусад хөрөнгө;
в/иргэд, аж ахуйн нэгжид хөгжлийн сангаас олгосон зээлийн хүү;
г/хууль, тогтоомжоор зөвшөөрөгдсөн бусад эх үүсвэр.
2.2. Хөгжлийн санд сум, аймгийн төсвийн хөрөнгө болон төрийн өмчийн оролцоотой байгууллагын төрийн өмчид ногдох хэсгийн хөрөнгөөс хандивлахыг хориглоно.
Гурав. Хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулах үйл ажиллагаа
3.1. Сумандаа жижиг, дунд үйлдвэр байгуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, үйлдвэрлэл, үйлчилгээг өргөтгөх чиглэлээр тодорхой төсөл боловсруулсан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулж, тухайн төсөлд зориулан хөнгөлөлттэй зээл олгоход хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулна.
3.2. Хөгжлийн сангаас хөнгөлттэй зээл авч, тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, өргөтгөх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын төслийг сонгон шалгаруулах үүрэг бүхий орон тооны бус ажлын хэсгийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргаар ахлуулан байгуулж ажиллуулна. Ажлын хэсэг нь таваас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд түүнийг үнэнч шударга, мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлнэ. Ажлын хэсгийг шаардлагатай бол шинэчлэн өөрчилж болно.
3.3. Хөгжлийн сангаас зээл авах иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг ил тод, шадаргаар сонгон шалгаруулах бөгөөд доорхи шаардлагыг хангасан байна. Үүнд:
а/иргэд,  аж ахуйн нэгж, байгууллага нь тухайн суманд бүртгэлтэй, цаашид тогтвортой оршин суух буюу ажиллахаа баталгаажуулсан байх;
б/хөгжлийн сангаас авсан зээлийг хугацаанд нь заавал төлөх;
в/зээлийн хөрөнгийн батлагааг зохих журмын дагуу гаргасан байх;
г/зээл авсны дараа уг зээлийг зөвхөн авсан зориулалтынхаа дагуу жижиг, дунд үйлдвэр байгуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, өргөтгөх чиглэлээр ашиглах;
д/авсан зээлээ үр ашиггүй зарцуулсан, хугацаа алдаж төлсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад зээл дахин олгохгүй байх.
3.4. Ажлын хэсгийн сонгон шалгаруулсан төслийг Засаг дарга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулан хэлэлцүүлж батлуулна.
3.5. Сумын Засаг дарга Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан төслийг "Сангийн яамнаас сумын иргэд, аж ахуйн  нэгж, байгууллагад сумын хөгжлийн сангаар дамжуулан олгох зээлийн гэрээ"-ний хамт Сангийн яаманд ирүүлнэ.
3.6."Хөгжлийн сангаар дамжуулан олгох зээлийн гэрээ"-нд зээлийн зориулалт, хэмжээ, хүү, эргэж төлөгдөх хугацаа, талаадын хүлээх үүрэг, маргаан шийдвэрлэх журам, хариуцлага зэргийг тусгахын хамт зээлийн хөрөнгийн баталгааг зохих журмын дагуу гаргаж хавсаргасан байна.
3.7. Зээлийн хэмжээ, түүний хүүг үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогийг харгалзан тогтоох бөгөөд хугацаа нь нэг жилээс илүүгүй хүүгийн хэмжээ нь сар тутам 5 хувиас илүүгүй байх бөгөөд үйлдвэрлэл үйлчилгээний онцлогийг харгалзан тавь хүртэл хувиар бууруулж болно.
3.8. Сангийн яам зээлийн гэрээг байгуулж, баталснаар уг төсөлд олгох хөрөнгийг тухайн сумын хөгжлийн санд шилжүүлнэ.
3.9. Хөгжлийн санд улсын төвлөрсөн төсвөөс хуваарилсан зээлийн хөрөнгийг гэрээнд заасан хугацааны дотор эгүүлэн төлөх бөгөөд түүний хүүгийн орлого ньтухайн сумын хөгжлийн санд үлдэнэ.
3.10. Хөгжлийн сангийн орлого, зарлагын гүйлгээ нь банкны байгууллагаар дамжин хийгдэнэ.
3.11. Хөгжлийн сангийн хөрөнгийг сумын төсвийн алдагдал нөхөх, төсөвт байгууллагуудын үйл ажиллагааг санхүүжүүлэх, байгалийн гамшиг, бэрхшээлээс учирсан хохирлыг нөхөх зэргээр энэхүү журмын 3.1-д зааснаас өөр зориулалтаар зарцуулахыг хатуу хориглоно.
  Дөрөв. Хөгжлийн сангийн үйл ажиллагаанд хяналт тавих
4.1. Хөгжлийн сангийн үйл ажиллагааг нийтэд ил тод явуулна. Хөгжлийн сангийн үйл ажиллагаанд холбогдох аймгийн засаг даргын Тамгын газар, сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, тухайн сумын иргэд хяналт тавих эрх, үүрэгтэй бөгөөд хяналт тавих ажлын хэсгийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр байгуулж, жилд хоёроос доошгүй удаа хөгжлийн сангийн үйл ажиллагаанд шалгалт хийлгэж, дүнг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэдээлж байна.
4.2. Хөгжлийн сангийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг цаг алдалгүй арилгаж, засах үүргийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга биечлэн хариуцна.
4.3. Сумдын хөгжлийн сангийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газар хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, гэм буруутай хүмүүст холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож ажиллана.
4.4. Сумын Засаг дарга хөгжлийн сангийн орлого, зарлагын мэдээ болон зарцуулалтын тайланг улирал бүр гаргаж, дараа улирлын эхний сарын 10-ны дотор аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлэх ба аймгийн Засаг даргын Тамгын газар энэ мэдээ, тайланг сум тус бүрээр нэгтгэж, дараа, улирлын эхний сарын 20-ны дотор Сангийн яаманд хүргүүлж байна.
 
----оОо----