- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ХҮН АМЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
Засгийн газрын 1993 оны 106 дугаар тогтоолын 1-р хавсралт
/Засгийн газрын 2001 оны 137 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/
/Засгийн газрын 2001 оны 137 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/
ХҮН АМЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
Хүн амын хөдөлмөр эрхлэлтийн үзэл баримтлал нь Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу тус улсын иргэдэд нийгэм болон гэр бүлийнхээ тусын тулд үр ашигтай хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хөдөлмөр эрхлэлтийн оновчтой бүтэц, удирдлага, зохион байгуулалт, нийгэм, эдийн засаг, эрх зүйн цогц тогтолцоог бий болгох онол, чиг бодлогын үндэслэл болно. Үр бүтээлтэй хөдөлмөрлөх нь иргэний журамт үүрэг бөгөөд ажил хийж амьдрах нь тухайн хүний өрх гэр, эцэг эх,үр хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлага мөн. Манай оронд ажил хийж амьдрах бодит нөхцөл бүрэн хангалттай.
Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг оновчтой зохицуулахын тулд:
Иргэн хүний бүх талын авьяас, чадавхийг хөгжүүлж, урамшуулах замаар тэдний ажиллах чадварыг дээшлүүлнэ. Бага наснаас нь хүүхэд, залуучуудад хөдөлмөрийг үнэлэх, хүндэтгэх, амьжиргааны үндсээ хөдөлмөр гэж ойлгох үзлийг гэрийн хүмүүжил, суурь боловсролоор олгоно. Ажлын дадлага, мэргэжил эзэмших, хөдөлмөрлөх ур чадвартай болох нь хүн бүрийн хөдөлмөр эрхлэх гол нөхцөл гэж үзнэ.
Мэргэжлийн өндөр ур чадвар, сэтгэл зүйн бэлтгэл нь ажиллах хүчний үнэлгээний үндэс болно.Хүний бие бялдар, гоо зүй, ёс суртахууны өндөр түвшин, сэтгэл зүйн хатуужлыг ажиллах чадвартай холбон үнэлнэ.
Хүн авьяас чадвар, ашиг сонирхлоо нийгмийн хэрэгцээтэй уялдуулан ажил, мэргэжилээ чөлөөтэй сонгох нөхцөл, боломжийг бүрдүүлнэ. Ажлын дадлага, мэргэжил, ур чадвар олгох тогтолцоог хүний авьяас сонирхол, хэрэгцээг харгалзан ялгавартай, нээлттэй, чөлөөтэй байлгаж авьяастан, нарийн мэргэшсэн өндөр ур чадвартай ажилтныг тодруулан хөгжүүлнэ. Ажлын дадлага, ур чадвар олгох сургалтын бүх хэлбэрийг дэмжин хөгжүүлнэ. Эмэгтэйчүүд, тэтгэврийн насны хүмүүс, тахир дутуу иргэдэд зориулсан сургалтын шинэ хэлбэрүүдийг бий болгоно.
Ажиллах хүчний эрэлт, хангалтыг оновчтой зохицуулна.
Ажиллах хүчний эрэлт, хангалт нь зах зээлийн харилцаагаар дамжин хэрэгжинэ. Ажлын байр, хөдөлмөрийн мэдээллийн сүлжээг бий болгож, ажиллах хүчний хэрэгцээг Засгийн газрын бодлого, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн захиалгыг үндэслэн зохицуулах тогтолцоог бүрдүүлнэ. Ажиллах хүчний эрэлт, хангалтыг зуучлагч төрийн захиргааны байгууллага нь хөдөлмөрийн зах байна. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас оруулах асуудлыг хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө оруулалт, салбарын бүтцийн болон технологийн бодлоготой уялдуулан санхүүгийн хөшүүрэг ашиглаж төрөөс чиглүүлэн зохицуулна.
Хүн амын хөдөлмөр эрхлэлтийн оновчтой бүтэц бүрдүүлнэ.
Материаллаг болон оюуны баялаг бүтээгчдийг нэмэгдүүлэх үндсэн дээр үйлдвэрлэл, нийгмийн хүрээний ажиллагчдын хөдөлмөр эрхлэлтийн оновчтой бүтцийг тогтооно.Ажиллах хүчний нутаг дэвсгэрийн зохистой байршлыг хангаж, хүмүүс шилжин суурьшиж хөдөлмөрлөх явдлыг дэмжинэ.Тэтгэврийн насны хүмүүс, эмэгтэйчүүдийг сайн дурын үндсэн дээр ажлын бүтэн бус өдрөөр ажиллах явдлыг дэмжинэ. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, олон хүүхэдтэй эмэгтэйчүүд, хөдөлмөрлөх боломжтой тахир дутуу иргэд, ерөнхий боловсролын сургууль төгсөгчид,бүтэн өнчин залуучууд зэрэг ажилгүйчүүдийг хөдөлмөр эрхлэхэд нь тэргүүн ээлжинд зуучлан тусална.Хөдөлмөр судлалыг хөгжүүлэх замаар хөдөлмөр эрхлэлтийн үндэсний уламжлалыг орчин үеийн дэвшилт арга барилтай хослуулан хэрэгжүүлнэ.
Ажилгүйдлийг аль болох бууруулж, зохицуулна.
Хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай, хөдөлмөрийн байгууллагад бүртгүүлэн ажил идэвхтэй хайж байгаа иргэдийг ажилгүй хүн гэж үзнэ.
Хөдөлмөрийн эрэлт болон ажлын байрны хэрэгцээг хангах хуримтлал-хөрөнгө оруулалтын бодлого явуулна. Дотоод нөөц бололцоог ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр ажлын байр олноор бий болгож буй аж ахуйн нэгж, байгууллагуудад санхүү, зээл, албан татвар, гаалийн хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх, иргэдийг бие дааж хөдөлмөр эрхлэх нөхцөл бүрдүүлэх, хөдөлмөрийн багаж хэрэгслээр хангах, шинээр ажлын байр бий болгох явдлыг урамшуулах зарчим баримтална. Ажилгүйдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ажил эрхлэлтийн даатгалын тогтолцоо бий болгоно. Ажиллагчдыг нэг байгууллагад гэрээгээр удаан хугацаагаар тогтвортой ажиллах, тухайн газраараа нийгмийн баталгаагаа хангуулах тогтолцоог судалж хэрэгжүүлнэ. Хүүхэд, залуучуудад мэргэжлийн баримжаа олгох, сургах, тэдний хөдөлмөрийн анхдагч хуваарилалтыг зохицуулна.
Ажиллах хүчний ашиглалтын үр ашгийг дээшлүүлнэ.
Ажиллах хүчний ашиглалтын гол хэмжүүр болсон нийгмийн хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт, хүн амын бодит орлогын түвшинд нөлөөлдөг бүх хүчин зүйлийг оновчтой ашиглана. Нийгмийн баялгийг үйлдвэрлэхэд оруулсан хувь нэмэр, бүтээл, үр дүнтэй уялдуулан хөдөлмөрийн хөлс төлөлт, орлого хуваарилалтын тогтолцоог бүрдүүлнэ.
Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг хууль зүйн баталгаагаар хангана.
Хөдөлмөрийн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг боловсронгуй болгож, олон улсын түгээмэл жишигт ойртуулна.Төрөөс тавих хөдөлмөрийн хяналтыг хүчтэй болгоно.
-------оОо------
Текст томруулах
A
A
A