- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ХҮН, МАЛ, АМЬТНЫ БРУЦЕЛЛЁЗ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ТАЛААР 1996-2000 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ
/Засгийн газрын 2002 оны 129 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
ХҮН, МАЛ, АМЬТНЫ БРУЦЕЛЛЁЗ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ТАЛААР 1996-2000 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ
Нэг.Нийтлэг үндэслэл
Сүүлийн жилүүдэд бруцеллёз өвчнийг эрт илрүүлэн эмчлэх, голомтод авах арга хэмжээ зохих түвшинд хийгдэхгүй байгаагаас өвчлөлт, халдварлалт өсөх хандлагатай байна.Малчид,мал аж ахуйн мэргэжилтэн 40,2 мянган хүнд бруцеллёз өвчний үзлэг, түүвэр шинжилгээ хийхэд тэдний 30,9 хувь нь халдвар авсан байна.Хүн амын бруцеллёзын өвчлөлт, халдварлалтын түвшинг тогтоож голомтод иж бүрэн арга хэмжээ авах, өвчтэй хүмүүсийг эрт илрүүлэх, хүн амыг бруцеллёзын халдвараас сэргийлэх нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг болно. Бруцеллёз өвчтэй хүмүүсийг эмчлэх зардал үлэмж өссөөр байна.
Өмч хувьчлалаар сүргийн хөдөлгөөнийг мал эмнэлгийн хяналтгүй явуулснаас эрүүл, өвчтэй мал ихээхэн холилдсон нь уг өвчинтэй тэмцэх бодлого, арга хэмжээг шинээр хэрэгжүүлж эхлэх шаардлага бий болгов. Шинжилгээнд хамрагдсан 1260,5 мянган малын 1,1 хувь нь уг өвчний халдварлалттай гарсан байна.Төв,Сэлэнгэ аймагт малын бруцеллёз өвчний халдварлалт, тархалт бусдаас өндөр байна.Мал, амьтны бруцеллёз өвчний халдварлалт, тархалтыг аймаг, хот, сум, дүүргээр нь шинэчлэн тогтоож, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх тодорхой арга хэмжээ авах, шинжилгээгээр бруцеллёз өвчин илэрсэн хээлтэгч, хээлтүүлэгч малыг сүргээс тусгаарлаж хэрэгцээний чиглэлээр ашиглах, өвчтэй малын зарцуулалт, мах, сүү, түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, борлуулалтад тавих эрүүл мэнд, мал эмнэлгийн эрүүл ахуй, ариун цэврийн хяналтын системийг шинэ нөхцөлд уялдуулан зохицуулах, өвчтэй малыг олноор нь шаардлагаар нядлуулах тохиолдолд өмчийн эздэд нөхөн төлбөр олгох хууль, эрх зүйн үндсийг бүрдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Мал сүргийг бруцеллёз өвчнөөс эрүүлжүүлэх нь манай улсын гадаад худалдааны чөлөөт байдлыг баталгаажуулах гол нөхцөлийн нэг мөн. Хүн,мал,амьтны бруцеллёз өвчинтэй 1992-1995 онд тэмцэх үндэсний хөтөлбөр хөрөнгө мөнгөний гачаалаас бүрэн гүйцэд хэрэгжиж чадаагүй,бруцеллёз өвчний илрэлт ихсэж, олон хүн хөдөлмөрийн чадвар алдаж, эдийн засагт үлэмж хохирол учирч байгаа хийгээд бруцеллёз өвчинтэй тэмцэх ажилд хандивлагч орон, олон улсын байгууллагын тусламж авах шаардлагатай байгааг үндэслэн энэхүү төслийг боловсруулав. Хөрөнгийн эх үүсвэр хүрэлцээгүй байгаатай холбогдуулан бруцеллёз өвчинтэй тэмцэх энэхүү төслийг хүн, мал, амьтны бруцеллёз өвчний өвчлөл, тархалт бусдаас харьцангуй өндөртэй, зах зээлийн нөхцөлд цаашид халдварлалт ихсэж болзошгүй Төв, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотод хэрэгжүүлнэ.Энэхүү төслийг хэрэгжүүлэхээс бусад аймагт хүн,мал,амьтны бруцеллёз өвчинтэй тэмцэх талаар одоогийн явуулж буй арга хэмжээг орон нутгийн төсвийн хөрөнгөөр үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.
Хоёр.Төслийн зорилго
1.Төв, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотод хүн, мал, амьтны бруцеллёзтой тэмцэх байнгын ажлын хэсгүүдийг аймаг, нийслэлийн эрүүл мэнд, мал эмнэлгийн байгууллагын удирдлагын дор ажиллуулснаар энэ ажилд хүч хөрөнгийг төвлөрүүлэн зохион байгуулалттай хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
2.Хүн амын бруцеллёз өвчний өртөлт, өвчлөлт, халдварлалтын түвшинг тодорхойлж, голомтод авах арга хэмжээг оновчтой болгох, өвчтэй хүнийг эрт илрүүлэн орчин үеийн түвшинд эмчлэх,халдварлалтаас хамгаалах, сэргийлэх арга хэмжээ авна.
3.Төсөл хэрэгжүүлэх Төв, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын мал, амьтны бруцеллёз өвчний халдварлалтын байдлыг сум, дүүрэг, аж ахуйн нэгж, хот айл, айл өрх, малын төрөл бүр дээр шинэчлэн тогтоож мал, амьтныг эрүүлжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, энэ үндсэн дээр улсын хэмжээнд мал сүргийг эрүүлжүүлэх бодлого боловсруулна.
Гурав.Төслийн хүрээнд хийгдэх ажлууд
1.Хүн, мал, амьтны бруцеллёз өвчинтэй тэмцэх бодлого, төлөвлөгөөг орон нутгийн онцлог байдалтай уялдуулан боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын байнгын хэсгүүдийг ажиллуулах зардлыг Төв,Сэлэнгэ аймаг,Улаанбаатар хотын эрүүл мэнд, мал эмнэлгийн байгууллагын жил, жилийн төсөвт тусган хэрэгжүүлэх бөгөөд уг төсөвт тухайн хэсгүүдийг зайлшгүй шаардлагатай орон тоо, багаж, тоног төхөөрөмж, эм урвалж, уналга, бусад хэрэгслээр хангаж ажиллуулах асуудлыг тусган Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.
2.Бруцеллёз өвчинтэй тэмцэх мэргэжил, арга зүйн комиссыг Эрүүл мэндийн яамны дэргэд эрүүл мэнд, мал эмнэлгийн салбарын холбогдох удирдлага, эрдэмтэд, мэргэжилтний бүрэлдэхүүнтэй байгуулж, бруцеллёз өвчинтэй тэмцэх арга зүйг олон улсын стандарт, өөрийн орны онцлогт нийцүүлэн шинэчлэн боловсруулах ажлыг хянах, уг өвчинтэй тэмцэх ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах арга хэмжээг нэгдсэн журмаар зохион байгуулна.
3.Төслийн хугацаанд хүн,мал, амьтны бруцеллёз өвчнийг илрүүлэх, түүний тархалтын хүрээг тогтоох шинжилгээг төсөл хэрэгжүүлж буй аймаг, хотын сум, дүүрэг, баг, хороонд урьдчилсан судалгаа, мэдээнд үндэслэн жил бүр явуулна. Энэ зорилгоор Төв, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотод төсөл хэрэгжүүлэх хугацаанд наад зах нь 100,0 мянган хүн, 2,3 сая малд үзлэг шинжилгээ хийнэ.
4.Шинжилгээний нийтлэг хэрэглэдэг аргууд, урьдчилан сэргийлэх тарилга /Штамм-19, Рев-1 вакциныг түгээмэл хэлбэрээр, БНХАУ-ын Гахай-2 вакциныг Төв аймгийн нутагт хязгаарлагдмал тооны малд туршилтын журмаар/-ыг мал эмнэлгийн ариун цэврийн арга хэмжээтэй хослуулан хэрэглэх замаар бруцеллёз өвчний голомтыг устгах оновчтой хувилбар бий болгоно.
5.Шинжлэгч эмч нарыг бэлтгэх, тэднийг дадлагажуулан сургах ажлыг жил бүр зохион байгуулна.
6.Мал бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд мал, амьтны эрүүл мэндийн гэрчилгээ олгож, эрүүл малын цэвэр бүтээгдэхүүн борлуулах ажлыг урамшуулан дэмжих, мах, сүү, түүхий эд, бүтээгдэхүүнд тавих ариун цэврийн хяналтын зохион байгуулалтыг зах зээлийн нөхцөлд нийцүүлэн боловсронгуй болгоно.
7.Хүн,мал,амьтны бруцеллёз өвчний талаар хийгдэж буй эрдэм шинжилгээний ажлыг дэмжин бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх сурталчилгааны ажлыг төрөл бүрийн хэлбэрээр зохион байгуулна.
Дөрөв.Төслийг хэрэгжүүлснээр гарах үр дүн
1.Төсөл хэрэгжүүлэгч аймаг, хотын сум,дүүрэг, баг, хороо, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн мал, амьтны бруцеллёз өвчний халдварлалтын байдал тогтоогдож, бруцеллёзын голомтод авах арга хэмжээг оновчтой явуулснаар халдварлалтыг бууруулж, улмаар хүн амын өвчлөлтийг багасгах нөхцөлийг бүрдүүлнэ.
2.Нийт хүн ам бруцеллёз өвчний талаар тодорхой ойлголт, мэдэгдэхүүнтэй болж, уг өвчинтэй тэмцэх ажилд идэвхтэй, ухамсартай оролцдог болно.
3.Төв,Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотод хүн,мал,амьтны бруцеллёз өвчинтэй тэмцэх ажил материаллаг бааз, аж ахуй, зохион байгуулалтын хувьд бэхжиж, орон нутгийн хэмжээнд биеэ даан холбогдох арга хэмжээг авч явуулдаг болно.Бусад аймгуудад ч энэ ажлыг зохион байгуулах урьдчилсан нөхцөл бүрэлдэнэ.
4.Төв,Сэлэнгэ аймаг,Улаанбаатар хотын хөрөнгө, боломж, хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл тусламжийг ашиглан дээрх аймаг, хотын хүн,мал,амьтныг бруцеллёзоос эрүүлжүүлснээр манай улсад бруцеллёз өвчинтэй тэмцэх ажлын шинэ арга зүй боловсрогдож, уг өвчний голомтыг дэс дараатай устгах боломж бүрдэнэ.
Тав.Төслийн хандив
1.Төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах техник, лабораторийн тоног төхөөрөмж, эм урвалжаар хангах, сургалт, семинар зохион байгуулахад шаардагдах зардлыг хамтран ажиллах аль нэг улсын буюу олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгийн нэмэлт эх үүсвэр олж санхүүжүүлэх арга хэмжээ авна.
2.Хүн, мал, амьтны бруцеллёз өвчинтэй тэмцэх төслийг хэрэгжүүлэхэд хандивлагч орны эксперт мэргэжилтэн хоёрыг өөрсдийнх нь зардлаар жил бүр 3 хүртэл сарын хугацаагаар ажиллуулж, бруцеллёз өвчинтэй тэмцэх арга зүй боловсруулах, зээл тусламжийн зарцуулалт, үр дүнг тооцох үйл ажиллагаанд туслалцуулна.
Зургаа.Төслийг хэрэгжүүлэх нөхцөл,зохион байгуулалт
1.Төслийг амжилттай хэрэгжүүлэх нь орон нутгийн төсвөөс гаргах хөрөнгийн хэмжээ, байнгын ажлын хэсгүүдийн ажлын чадвар, боловсон хүчин, материаллаг баазын хангалт зэргээс шалтгаална.Мөн хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, тусламжийн эх үүсвэр чухал нөлөөтэй.
2.Энэ төслийг Төв, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын Засаг даргын шууд удирдлагын дор сум, дүүргийн Засаг дарга, мал бүхий аж ахуйн нэгж, байгууллага, малчдын дэмжлэг, тусламжтайгаар эрүүл мэнд, мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагууд хэрэгжүүлнэ.
3.Мэргэжил, арга зүйн комисс байгуулан ажиллуулах, бруцеллёз өвчинтэй тэмцэх эрх зүй, бодлого, арга зүйн асуудлыг тодорхойлон гаргах нь төслийг хэрэгжүүлэхэд чухал нөхцөл болно.
4.Төслийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын асуудлыг тухайн аймаг, хотын эрүүл мэнд, мал эмнэлгийн байгууллага, эмч, мэргэжилтэн нар болон аймаг, хот, сум, дүүрэг, хороодын Засаг дарга, төслийн бодлого, зохицуулалтыг Хүнс, хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэндийн яам тус тус хариуцна.
Долоо.Төслийн үе шат
Төслийг 1996 оноос эхлэн 2000 он хүртэл 5 жилийн хугацаанд 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ.Үүнд:
1.Төв, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын эрүүл мэнд, мал эмнэлгийн байгууллага, ажлын байнгын хэсгүүд нь 1996-1998 онд хүн, мал, амьтанд бруцеллёз өвчний үзлэг, шинжилгээ явуулж эрүүлжилтийн түвшинг айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага бүрээр тогтоож, өвчтэй хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх, өвчтэй мал, амьтныг нядлуулах, эрүүлийг нь урьдчилан сэргийлэх вакцинаар тарих, мах, сүү, түүхий эд, бүтээгдэхүүнд ариун цэврийн хяналт тавих систем тогтоох арга хэмжээг мэргэжлийн байгууллагын эмч, мэргэжилтний хүч бололцоог дайчлан авч хэрэгжүүлнэ.
2.Дээрх арга хэмжээг 1999-2000 онд үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүн, мал, амьтны бруцеллёз өвчинтэй тэмцэх талаар дараагийн аймаг, бүс нутгуудад хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулах, хяналтыг тогтворжуулах зэрэг арга хэмжээг авна.
Найм.Тайлагнах журам
Холбогдох аймаг, хотын эрүүл мэнд, мал эмнэлгийн байгууллага, ажлын байнгын хэсгүүд нь жил бүрийн ажлын явц, үр дүнг нэгтгэн аймаг, хотын Засаг даргын зөвлөлд хэлэлцүүлж, Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжил, арга зүйн комисст ирүүлнэ. Тус комисс дээрх тайланг Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яамны сайдын зөвлөлд танилцуулж, улмаар Засгийн газарт тайлагнаж байна.
Ес.Семинар, зөвлөлгөөн
1.Аймаг, хотын хэмжээнд сум, дүүргийн удирдлага, хүн, малын эмч, малчин оролцсон семинар, зөвлөлгөөнийг жил бүр 5 хүртэл хоногийн хугацаагаар явуулж дараагийн үе шатны зорилго, арга хэмжээний зохион байгуулалт, нэгдсэн арга зүйг тодорхойлно.
2.Шаардлагатай гэж үзвэл бруцеллёз өвчинтэй тэмцэх арга зүйн семинарыг Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам зохих төлөвлөгөө, төсвийн дагуу зохион байгуулж болно.
--------oOo-------
Текст томруулах
A
A
A