- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ХҮНСНИЙ ЗҮЙЛИЙН УЛСЫН САНГИЙН ДҮРЭМ
/Засгийн газрын 2003 оны 256 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
ХҮНСНИЙ ЗҮЙЛИЙН УЛСЫН САНГИЙН ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 7 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасны дагуу хүнсний зүйлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж, хүнсний зүйлийн улсын нөөц бүрдүүлэх, "Монгол хүний хоол тэжээл" үндэсний хөтөлбөр болон төсөл хэрэгжүүлэхэд хүнсний зүйлийн улсын сангийн зорилго оршино.
Хоёр.Сангийн үндсэн үүрэг
Сангийн хөрөнгө дор дурдсан арга хэмжээнд зарцуулагдана:
1.Жил, жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан хүнсний зүйлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх зорилгоор зохих журмын дагуу эргэж төлөгдөх нөхцөлөөр зээлдүүлэх.
2.Хүнсний зүйлийн улсын нөөцийг бүрдүүлэх эх үүсвэр болгох.
З.Эх, нялхсын зориулалттай чанар сайтай хоол тэжээлийг байнга тогтвортой үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжид үйлдвэрлэлээ өргөтгөх хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэхэд нь зохих журмын дагуу зээл олгох.
Гурав.Сан бүрдүүлэх хөрөнгийн эх үүсвэр
Хүнсний зүйлийн улсын санг хөрөнгийн дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
а)улсын төвлөрсөн төсөв;
б)хүнсний зүйлийн улсын нөөцийн бүтээгдэхүүнийг борлуулсны орлого;
в)гадаад улс, олон улсын байгууллагаас Хүнсний зүйлийн улсын сан бүрдүүлэх зорилгоор олгосон зээл, тусламжийн хөрөнгө;
г)аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс оруулах хандив;
д)гадаадын байгууллага, иргэдээс оруулах хандив.
Дөрөв.Сангийн удирдлага
1.Монгол Улсын Хүнсний зүйлийн улсын сан нь Засгийн газрын мэдэлд, төвлөрсөн төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд захиалагч нь Хүнс, хөдөө аж ахуйн яам, Худалдаа, үйлдвэрийн яам байна.
2.Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалт, тайлагналтын үйл ажиллагаанд зохих журмын дагуу хяналт тавина.
З.Сангийн хөрөнгийг энэ дүрэмд зааснаас өөр зүйлд зарцуулах, зээлдүүлэх болон барьцаалах, хандив тусламжид ашиглахыг хориглоно.
4.Сангийн хөрөнгийн дансны гүйлгээг Хүнс, хөдөө аж ахуйн яамны саналыг үндэслэн Сангийн яам хариуцан гүйцэтгэнэ.
Тав.Сангаас зээл олгох
1.Сангийн хөрөнгөөс зөвхөн тендер зарлаж зохих журмын дагуу ил тодоор сонгон шалгаруулсан төсөлд эргэж төлөгдөх нөхцөлөөр зээл олгоно.Уг ажлыг захиалагч яамд хариуцна.
2.Тендерт шалгарсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй Хүнс, хөдөө аж ахуйн яам (улсын нөөцийн зарим бараанд Худалдаа, үйлдвэрийн яам), Сангийн яам зээл олгох тухай гурвалсан гэрээ байгуулна.
Гэрээнд зээл авах зориулалт, үр ашгийн тооцоо,зээлийн хүү, эргэж төлөгдөх хугацаа, гэрээг цуцлах үндэслэл болон гэрээний биелэлтийг тайлагнах журам, хүлээх хариуцлага, бусад нөхцөлийг тодорхой тусгана.
З.Гэрээний биелэлтэд захиалагч яам хяналт тавина.
4.Зээл олгогч нь зээлдэгч байгууллагын үйлчлүүлэх банкийг сонгох эрх эдэлнэ.
5.Сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд Монгол Улсын зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
-------oOo-------
Текст томруулах
A
A
A