- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - НИЙТИЙГ ХАМАРСАН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2002 оны 31 дүгээр тогтоолоор хүчингүйд тооцсон
НИЙТИЙГ ХАМАРСАН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
Нэг Нийтлэг үндэслэл
1.Нийтийг хамарсан ажлыг зохион байгуулах,түүнд иргэдийг оролцуулахад энэхүү журмыг баримтална.
2.Орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих, дэд бүтцийг сайжруулахад чиглэгдсэн хөдөлмөр зарцуулалт ихтэй, мэргэжил, мэргэжлийн урьдчилсан бэлтгэл шаардахгүй, нийтээр ажиллах боломжтой хөдөлмөрийн үйл ажиллагаанд ажилгүй болон хөдөлмөр эрхлээгүй иргэдийг зохион байгуулалттайгаар оролцуулан ажиллуулахыг нийтийг хамарсан ажил гэнэ.
3.Нийтийг хамарсан ажил нь дараахь зорилтуудыг хангахад чиглэгдэнэ:
-түр хугацааны болон улирлын чанартай ажил гүйцэтгүүлэх замаар улс, орон нутгийн болон тухайн байгууллагын хэрэгцээг хангах, нийгэм-эдийн засгийн хөгжлийн бүсийн болон зорилтот хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх;
-хөдөлмөрийн хөлс /орлого/-ний хэлбэрээр иргэдэд материаллаг дэмжлэг үзүүлэх;
-удаан хугацаагаар ажилгүй байгаа болон мэргэжилгүй буюу ажлын дадлага, туршлага багатай иргэдийн хөдөлмөрлөх идэвхийг өрнүүлэх.
4.Нийтийг хамарсан ажлыг дараахь чиглэлээр хэрэгжүүлнэ:
-зам, гүүр барих, засварлах, ус дамжуулах, холбоо болон бусад шугам сүлжээ тавих;
-хөдөө аж ахуйн усжуулалтын болон ойн аж ахуйн ажил;
-хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг бэлтгэх, дахин боловсруулах, хадгалах;
-малын тэжээл, хадлан бэлтгэх, ургац хураах зэрэг хөдөө аж ахуйн ажил;
-байгаль орчныг хамгаалах болон байгальд учирсан хохиролыг нөхөн сэргээх ажил;;
-энгийн аргаар шахмал түлш үйлдвэрлэх, гар аргаар нүүрс олборлох, ой цэвэрлэн түлш бэлтгэх;
-нутаг дэвсгэрийг зүлэгжүүлэх, амралт, жуулчлалын бүсийг тохижуулах;
-хоёрдогч түүхий эд, хаягдлыг цуглуулах, дахин боловсруулах;
-хөдөлмөрийн бусад боломжтой хэлбэрүүд.
5. Нийтийг хамарсан ажлыг тодорхой төслийн үндсэн дээр зохион байгуулна.
6. Нийтийг хамарсан ажил нь ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардахгүй /үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмж зэрэгт хөрөнгө зарцуулахгүй/ бөгөөд нийтийг хамарсан ажилд зарцуулбал зохих нийт хөрөнгийн 50-иас доошгүй хувь нь хөдөлмөрийн хөлсөнд зарцуулагдахаар байвал зохино.
7. Шаардлагатай тохиолдолд Засаг даргын Тамгын газар нь Хөдөлмөр зохицуулалтын албатай хамтран нийтийг хамарсан ажилд тавигдах нэмэлт шалгуур үзүүлэлтийг орон нутгийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн байгууллагаар батлуулан хэрэглэж болно.
8.Нийтийг хамарсан ажлыг орон нутгийн Засаг даргын Тамгын газар хөдөлмөр зохицуулалтын албаны оролцоотойгоор зохион байгуулна.
Шаардлагатай тохиолдолд нийтийг хамарсан ажлыг тухайн нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагууд өмчийн хэлбэрийг харгалзахгүйгээр санаачлан зохион байгуулж болно.
9. Орон нутгийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн байгууллага, Засаг даргын Тамгын газар нь жил бүр хөдөлмөр зохицуулалтын албаны оролцоотойгоор орон нутгийн хэрэгцээ, шаардлага, хөдөлмөр эрхлээгүй хүн амынхаа тоо, бүтцийг харгалзан тухайн онд зохион байгуулах нийтийг хамарсан ажлын хэмжээ, хэлбэрийг тодорхойлно.Үүнийг үндэслэн нийтийг хамарсан ажил зохион байгуулах тухай шийдвэр гарган, нийтийг хамарсан ажил зохион байгуулахаар ирүүлсэн төслүүдийг сонгон шалгаруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах арга хэмжээг авч, энэ талаар нийтэд мэдээлж байна.
10.Нийтийг хамарсан ажлыг аж ахуйн нэгж, байгууллага /цаашид "байгууллага" гэнэ/ зохион байгуулсан тохиолдолд нутаг дэвсгэрийн Хөдөлмөр зохицуулалтын алба нь нийтийг хамарсан ажилд оролцогчдын эрх ашгийг төрийн зүгээс хамгаалах, хяналт тавих зорилгоор нийтийг хамарсан ажлыг зохион байгуулагч байгууллагатай гэрээ байгуулж ажиллана.
11. Хөдөлмөр зохицуулалтын алба болон нийтийг хамарсан ажлыг зохион байгуулагч байгууллагын хооронд байгуулах гэрээнд талуудын эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхой зааж өгнө.
Гэрээнд нийтийг хамарсан ажил явуулах нөхцөл, шинээр бий болгох ажлын байр буюу ажиллуулах нийт хүний тоо, гүйцэтгэх ажлын шинж чанар, уг ажлыг явуулах газар, ажил эхлэх, дуусах хугацаа, ажилтны хөдөлмөрийн хөлсний хэлбэр, хэмжээ, түүнийг олгох хугацаа, нийтийг хамарсан ажилд шаардагдах зардал, тэдгээрийг санхүүжүүлэх журам,эрүүл ахуй, хөдөлмөрхамгааллын нөхцөлийг хангах шаардлага зэргийг тодорхой тусгана.
Нийгмийн хамгаалал илүү шаардаж буй болон ажил олоход хүндрэлтэй байгаа иргэдэд тусгай нөхцөл бүрдүүлэх талаар гэрээнд зааж болно.
12. Хөдөлмөр зохицуулалтын алба нь нийтийг хамарсан ажлын талаар Хөдөлмөр зохицуулалтын албанд бүртгэлтэй хүмүүст мэдээлэх, нийтийг хамарсан ажилд иргэдийг татан оролцуулах үүрэг гүйцэтгэнэ.
13.Нийтийг хамарсан ажилд оролцох хүсэлтэй хүмүүсийг хөдөлмөр зохицуулалтын алба бүртгэж,тэднийг нийтийг хамарсан ажилд зохион байгуулалттайгаар оролцуулна.
Ажилгүйдлийн тэтгэмж авдаггүй болон 6 сараас дээш хугацаагаар хөдөлмөр зохицуулалтын албанд бүртгэлтэй байгаа ажилгүйчүүдийг нийтийг хамарсан ажилд тэргүүн ээлжинд оролцуулна.
Хөдөлмөр зохицуулалтын алба нийтийг хамарсан ажилд иргэдийг оролцуулах үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ.
14.Иргэдийг нийтийг хамарсан ажилд зөвхөн тэдний зүгээс зөвшөөрсний үндсэн дээр оролцуулна.
Нийтийг хамарсан ажил зохион байгуулагч нь нийтийг хамарсан ажилд оролцох иргэнтэй тодорхой гэрээ байгуулна.
Нийтийг хамарсан ажилд оролцох иргэнтэй байгуулах гэрээнд ажиллах нийт хугацаа, ажил, амралтын цаг, хөдөлмөрийн хөлсний хэлбэр, хэмжээ, түүнийг олгох хугацаа, гүйцэтгэх ажлын хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл,хөдөлмөр хамгааллын асуудал, талуудын харилцан хүлээх үүрэг зэргийг тодорхой заасан байна.
15.Нийтийг хамарсан ажилд оролцогч иргэд Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлнө.Орон нутгийн нийгмийн даатгалын байгууллага шимтгэл төлсөн тухай баримтыг нь үндэслэн нийтийг хамарсан ажилд оролоцгчдын нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж байна.
16.Нийтийг хамарсан ажилд оролцогчдод ажлын гүйцэтгэлээр нь хөдөлмөрийн хөлс олгох боловч Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байна.
Нийтийг хамарсан ажилд оролцогчдод хөдөлмөрийн хөлсийг нь өдөрт нь тооцон олгож болно.
17.Нийтийг хамарсан ажилд оролцогчдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг нийтийг хамарсан ажлыг зохион байгуулагч байгууллага бүрэн хариуцах бөгөөд нийтийг хамарсан ажилд оролцогчдод аюулгүй ажиллагааны талаархи заавар зөвлөмжийг зохих журмын дагуу өгнө.
18.Ажилгүйдлийн тэтгэмж авч буй ажилгүй хүн нийтийг хамарсан ажилд оролцох тохиолдолд түүний авч байсан тэтгэмжийг түр зогсоон, нийтийг хамарсан ажил дууссаны дараа ажилгүйдлийн тэтгэмжийг урьд тогтоогдсон хэмжээгээр нь тэтгэмж авбал зохих үлдсэн хугацаанд нь үргэлжлүүлэн олгоно.
19.Иргэнийг ажилд авсан тухай нийтийг хамарсан ажлыг зохион байгуулагчаас Хөдөлмөр зохицуулалтын албанд бичгээр өгсөн мэдэгдэл нь түүний ажилгүйдлийн тэтгэмжийг түр зогсоох үндэслэл болно.
20.Нийтийг хамарсан ажлыг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
а/ улс, орон нутгийн төсвийн хөрөнгө;
б/ гадаадын хандивлагч орон, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хандив;
в/ тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд зориулсан дотоод, гадаадын хөрөнгийн эх үүсвэр;
г/ тусгай зориулалтын сангуудын хөрөнгө;
д/ аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хандив, тусламж.
21. Хөдөлмөр зохицуулалтын алба нийтийг хамарсан ажилд оролцогчдын бүртгэлийг хөтөлж, нийтийг хамарсан ажлын үр дүнгийн тайланг нэгдсэн маягтын дагуу гаргана.
22. Нийтийг хамарсан ажлыг зохион байгуулж байгаа байдал, гүйцэтгэсэн ажлын үр дүн, төслийн хөрөнгийн зориулалт, зарцуулалтын байдалд орон нутгийн Хөдөлмөр зохицуулалтын алба холбогдох мэргэжлийн хяналтын албатай хамтран хяналт тавина.
-------оОо------
Текст томруулах
A
A
A