- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ХӨДӨЛМӨРИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
/1999 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 122 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
ХӨДӨЛМӨРИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Хөдөлмөрийн улсын хяналтын зорилт нь өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол тус улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа хамтын болон гадаадын аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн стандартын шаардлагыг хангуулахад оршино.
2.Хөдөлмөрийн улсын хяналтыг хөдөлмөрийн улсын хяналтын алба, аймаг, нийслэлийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид хэрэгжүүлнэ.
З.Хөдөлмөрийн улсын хяналтын албаны дарга нь хөдөлмөрийн хяналтын улсын ерөнхий байцаагч байна. Хөдөлмөрийн хяналтын улсын ерөнхий байцаагчийг хүн амын бодлого, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн сайд томилж, чөлөөлөх бөгөөд хөдөлмөрийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газраас олгоно.
4.Хөдөлмөрийн хяналтын албаны улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг хөдөлмөрийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн санал болгосноор хүн амын бодлого, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн сайд томилж, чөлөөлнө. Аймаг, нийслэлд ажиллах хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийг аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөх бөгөөд тэдгээр байцаагчийн эрхийг Хүн амын бодлого, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн сайд олгоно.
5.Ажил төрлийн онцлог байдлаас шалтгаалан зарим яам, тусгай газарт хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ажиллуулж болно. Яам, тусгай газарт ажиллах хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийг сайд, тусгай газрын дарга нар нь томилж, чөлөөлөх бөгөөд тэдгээр байцаагчийн эрхийг нь хүн амын бодлого, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн сайд олгоно.
6.Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид нь хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй зэрэг хөдөлмөрийн асуудлаар мэргэшсэн байна.
7.Хөдөлмөрийн улсын хяналтын алба, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид нь үйл ажиллагаандаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.
8.Хөдөлмөрийн хяналтын улсын ерөнхий болон ахлах байцаагч, улсын байцаагчид /цаашид "байцаагч" гэх/ нь Засгийн газраас загварыг нь баталсан үнэмлэх, хувийн дугаар бүхий тэмдэг болон албан шаардлага, дүгнэлт, акт, торгууль, шийтгэврийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Хоёр.Хөдөлмөрийн улсын хяналтын чиглэл
9.Хөдөлмөрийн улсын хяналтыг дор дурдсан чиглэлээр хэрэгжүүлнэ:
а/Хөдөлмөрийн хууль, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдож Засгийн газар болон эрх бүхий бусад байгууллагаас гаргасан тогтоол, холбогдох бусад шийдвэрийн хэрэгжилт;
б/хөдөлмөрийн хөлс /орлого/, нэмэгдэл хөлс, нөхөн олговрын холбогдолтой хууль тогтоомж, холбогдох бусад шийдвэрийн мөрдөлт, хэрэгжилт;
в/хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлагатай холбогдсон хууль тогтоомж, холбогдох бусад шийдвэрийн мөрдөлт, хэрэгжилт;
г/ажиллах хүчний ашиглалт, хөдөлмөр эрхлэлтийн талаархи хууль тогтоомж, холбогдох бусад шийдвэрийн хэрэгжилт;
д/хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай Монгол Улсын хууль, түүнийг хэрэгжүүлэх талаар Засгийн газар, эрх бүхий бусад байгууллагаас гаргасан тогтоол, холбогдох бусад шийдвэрийн биелэлт;
е/хөдөлмөрийн стандартын хэрэгжилт,хөдөлмөрийн нөхцөл, техникийн аюулгүй ажиллагаа нь улсын стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхэд тавих хяналт, дүгнэлт;
ж/хөдөлмөр хамгааллын хийгээд бие хамгаалах зориулалтын хувцас, хэрэгслийн чанар, стандарт, хүрэлцээ хангамж, ариутгах болон цэвэрлэх бодис, угаах, хамгаалах бодисын хадгалалт, олголт, хэрэглээний байдал, хоол, сүү, ус, цай олгох шаардлага хэрэгцээ, түүнийг хангах талаар авч байгаа арга хэмжээг шалгаж зааварчлах, илэрсэн зөрчлийг арилгах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ;
з/тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааны шаардлагад тохирч байгаа эсэх, материал, түүхий эд, бүтээгдэхүүн нь ажиллагчийн биед хортой нөлөө үзүүлж байгаа эсэх, мэргэжлийн өвчлөлийн байдал, эрүүлжүүлэх арга хэмжээ, түүний үр дүн;
и/эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөр хамгаалалтай холбогдсон хууль тогтоомж, холбогдох бусад шийдвэрийн хэрэгжилт;
к/хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар хяналт тавьж, хүний амь үрэгдүүлсэн,хүнд, бүлэг үйлдвэрлэлийн ослын талаархи судалгаа, бүртгэл, дүгнэлт.
1О.Аймаг, нийслэлд ажиллаж байгаа байцаагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, ажлыг нь шалгах, шалгалтын дүнг нэгтгэн дүгнэлт гаргах, шаардлагатай асуудлаар авах арга хэмжээний санал боловсруулж шийдвэрлүүлэхийг Хөдөлмөрийн улсын хяналтын алба хариуцан хэрэгжүүлнэ.
Гурав.Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн үүрэг, эрх
11.Байцаагч дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
а/энэ дүрмийн 9 дүгээр зүйлд заасан чиглэлийн дагуу хөдөлмөрийн улсын хяналтыг зохион байгуулж явуулах;
б/үйлдвэр, аж ахуйн зориулалт бүхий барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах, технологийн тоног төхөөрөмжид туршилт, тохируулга хийхэд оролцож ашиглах буюу ашиглалтад хүлээн авах талаар зөвшөөрөл олгох;
в/үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн актыг судалж хянах, хүний амь нас хохироосон буюу хүнд, бүлэг ослыг газар дээр нь тусгайлан судалж бүртгэн акт тогтоох, ослын уршгийг арилгах арга хэмжээг зохион байгуулах;
г/хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн стандартын хэрэгжилтийн талаар дүгнэлт гаргах;
д/байгууллага, аж ахуйн нэгжийн дарга /эзэн/, ажилчдад хяналт шалгалтын үр дүнгийн талаар мэдээлэл, зөвлөлгөө өгөх, албан шаардлага гардуулж хугацаатай үүрэг өгөх;
е/хяналт шалгалт хийсэн байгууллага, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, технологийн нууцыг чанд хадгалах;
ж/хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд автахгүй байх, байгууллага, албан тушаалтны нэр хүндийг хүндэтгэх;
з/хяналт шалгалтын явцад хийсэн дүгнэлт, албан шаардлага, шалгалтын тоо баримтын үнэн зөвийг бүрэн хариуцах;
и/үйлдвэрлэлийн ослын мэдээг байгууллага, аж ахуйн нэгжээр гаргуулан авч нэгтгэх, мэдээлэх.
12.Байцаагч дор дурдсан эрх эдэлнэ:
а/байгууллага, түүний нэгжийн ажлын нөхцөл, машин, тоног төхөөрөмжийн ажиллагаа нь ажилтны амь бие, эрүүл мэндэд гэм хор учруулж болзошгүй байвал уг зөрчлийг арилгах хүртэл хугацаанд байгууллагын үйл ажиллагааг Хүн амын бодлого, хөдөлмөрийн яамны шийдвэрээр, түүний нэгжийн үйл ажиллагааг хөдөлмөрийн улсын байцаагчийн шийдвэрээр тус тус тодорхой хугацаагаар зогсоох;
б/хөдөлмөрийн нөхцөл болон стандартын шаардлагыг хангаагүй ажлын тусгай хувцас, бие хамгаалах хэрэгслийг ажилчин, албан хаагчдад олгохыг хориглох;
в/ноцтой аюул осол гарсан, хүний амь, эрүүл мэнд хохирсон, учруулсан хохирол нь нийгмийн хор аюул ихтэй бол шалгалтын акт, материалыг хуулийн байгууллагад шилжүүлэх;
г/байгууллага, аж ахуйн нэгжийн ашиглаж байгаа болон үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй байгаа нь шалгалтаар нотлогдвол түүнийг ашиглахыг зогсоож энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх;
д/албан үүргээ гүйцэтгэх зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээ явагдаж байгаа ажлын байр, талбайд саадгүй нэвтрэн орох;
е/хяналт шалгалтын ажилтай холбогдсон шаардлагатай бичиг баримт, дүгнэлт, мэдээ, судалгаа, тодорхойлолтыг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, албан тушаалтнаас гаргуулж авах;
ж/холбогдох байгууллагын удирдлагатай тохиролцсоны үндсэн дээр зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах, шинжээчийг томилон ажиллуулах;
з/хяналт шалгалтаар илэрсэн дутагдал зөрчлийг арилгах талаар байгууллага, албан тушаалтанд хугацаатай албан шаардлага өгч биелэлтийг хангуулах;
и/хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн стандартыг зөрчиж гаргасан байгууллагын шийдвэрийг мөрдөхийг түдгэлзүүлэх.
1З.Байцаагч нь хууль тогтоомж, дүрэм, журам зөрчсөн болон илэрсэн зөрчлийг арилгах талаар өгсөн албан шаардлагыг биелүүлээгүй байгууллага, аж ахуйн нэгж, гэм буруутай этгээдэд Хөдөлмөрийн хууль, Төрийн хяналт шалгалтын тухай, Захиргааны хариуцлагын тухай хуулиуд болон бусад холбогдох хууль тогтоомжийн заалтыг үндэслэн дор дурдсан хариуцлага хүлээлгэнэ:
а/үйлдвэрлэлийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн ашиглалт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн холбогдох дүрэм, журмыг удаа дараа зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан ажилтныг 1000-30000, албан тушаалтныг 3000-60000, байгууллага, аж ахуйн нэгжийг 80000- 250000 төгрөгөөр торгох;
б/тодорхой хугацаагаар зогсоосон үйлдвэрлэлийн байрны ажлын нөхцөл, машин, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны зөрчлийг арилгаж, зөвшөөрөл авахгүйгээр үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулсан тохиолдолд ажилтныг 15000-30000, албан тушаалтныг 10000- 80000, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-250000 төгрөгөөр торгох;
в/тэсэрч дэлбэрэх болон цацраг идэвхит бодис, хими, биологи, физикийн хортой нөлөөлөлтэй бодисыг хадгалах, ашиглах, тээвэрлэх, бэлтгэн нийлүүлэх журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан ажилтныг 1ООО- ЗОООО, албан тушаалтныг 5000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 60000-200000 төгрөгөөр торгох;
г/хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, журам зөрчигдөж үйлдвэрлэлийн осол гарсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол ажилтныг 5000-50000, албан тушаалтныг 15000- 60000 төгрөгөөр торгох;
д/байгууллага, аж ахуйн нэгжид болон хувиараа хөдөлмөр эрхлэх явцад хөдөлмөр хамгааллын журмыг сахин хангуулах эрх бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүй буюу хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчигдөж буйг таслан зогсоох талаар тодорхой арга хэмжээ аваагүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 5000-40000 төгрөгөөр торгох;
е/хөдөлмөрийн болон хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хууль тогтоомжийн холбогдох зүйл, заалтыг хэрэгжүүлээгүй, эсхүл эдгээр хууль тогтоомж зөрчиж ажилтны эрх ашгийг хохироосон бол зөрчил гаргасан албан тушаалтныг 1000-40000 төгрөгөөр торгох;
ж/үйлдвэрлэлийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж,ажлын тусгай хувцас, бие хамгаалах хэрэгслийн ашиглалтад аюулгүй ажиллагааны зөвшөөрөл авахаас үндэслэлгүйгээр татгалзсан албан тушаалтныг 5000-50000 төгрөгөөр торгох;
з/улсын ерөнхий байцаагч, ахлах байцаагч хяналт шалгалтаас зайлсхийсэн албан тушаалтныг 5000-10000, шаардлагатай гэж үзсэн баримт бичгийг танилцуулах,түр хугацаагаар хүлээлгэн өгөхөөс зайлсхийсэн албан тушаалтныг 15000 хүртэл төгрөгөөр торгох;
и/хяналт шалгалтын байгууллага, улсын байцаагчийн албан шаардлагыг эсэргүүцсэн, тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй, шаардлагын биелэлтийг гаргаж ирүүлээгүй албан тушаалтныг 5000-25000 төгрөгөөр торгох, хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулсан, гаргах дүгнэлт, шийдвэрт нөлөөлөхийг оролдсон этгээдийг 35000 хүртэл төгрөгөөр торгох, хяналт шалгалтад холбогдолтой баримт бичгийг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан, гэмтээсэн, устгасан, хуурамч баримт бичиг гаргаж өгсөн албан тушаалтныг 30000-50000 төгрөгөөр торгуулах саналаа шүүгчид тавьж шийдвэрлүүлэх.
Дөрөв.Бусад зүйл
14.Хөдөлмөрийн улсын хяналтын алба, байцаагчийн албан шаардлагыг байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан хугацаанд нь биелүүлж, хариуг албан ёсоор өгч байх үүрэгтэй.
15.Байцаагчийг байгууллага, аж ахуйн нэгжийн захиалга, дуудлагаар хяналт шалгалт, туршилт, ослыг судлан бүртгэх, дүгнэлт гаргах ажилд оролцуулбал тэдний зардал /унаа, байр болон бусад холбогдох/-ыг захиалга, дуудлагаар ажиллуулсан байгууллага хариуцна.
16.Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан байцаагчийн шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлоо 1О хоногийн дотор хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргаж болно. Уг гомдлыг хүлээн авснаас хойш ЗО хоногийн дотор хянаж шийдвэрлэнэ. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо зохих журмын дагуу шүүхэд гаргаж болно.
Гомдол гаргах нь ноцтой зөрчлийг арилгахгүй байх үндэслэл болохгүй.
17.Байцаагч үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүй, хууль тогтоомж зөрчсөн бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A