- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ТӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН УЛСЫН БҮРТГЭЛ, ТООЛЛОГО ЯВУУЛАХ ЖУРАМ
ТӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН УЛСЫН БҮРТГЭЛ, ТООЛЛОГО ЯВУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн өмчийн үндсэн хөрөнгө, бараа, материалын үнэт зүйл, мөнгөн хөрөнгө, үнэт цаас, мал, амьтад, биет бус хөрөнгө, дуусаагүй үйлдвэрлэл /цаашид эд хөрөнгө гэнэ/-ийн 1997 оны бүртгэл, тооллого явуулах, төрийн өмчийн талаархи анхдагч мэдээг цуглуулан мэдээллийн сан бүрдүүлэхэд энэхүү журмыг баримтална.
2.Гадаад орон дахь төрийн өмчийн эд хөрөнгийг Гадаад харилцааны яамны нягтлан бодох бүртгэлд тулгуурлан тухайн орнуудад Монгол Улсаас суугаа дипломат төлөөлөгчийн газраас тоолсон материалыг үндэслэн бүртгэлд авна.
3.Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн өмчийн оролцоог уг этгээдийн нийт хөрөнгийг тоолсны дараа төрийн өмчийн оролцооны хэмжээтэй хувь нийцүүлсэн хөрөнгийн дүнгээр бүртгэнэ.
Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн нийт хөрөнгийг тоолохдоо уг этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлд мэдэгдсэн байна.
4.Батлан хамгаалах яам, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар болон Улсын аюулгүй байдлыг хангах газар нь харьяалалдаа байгаа төрийн өмчийн эд хөрөнгийн тооллогын мэдээг Засгийн газрын 1997 оны 29 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу дотоодын тооллогын үр дүнгээр бүртгэж Төрийн өмчийн эд хөрөнгийн бүртгэл, тооллогын улсын комисс /цаашид Улсын комисс гэнэ/-т тогтоосон хугацаанд ирүүлнэ.
5.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эд хөрөнгийн тооллогыг Үндэсний хөгжлийн газар /хуучин нэрээр/, Сангийн яамны 1994 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2/487, 0/591 тоотоор яам, тусгай газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн "Үндсэн хөрөнгийг дахин үнэлэх журам", Үндэсний хөгжлийн газрын даргын 1995 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 2/711 тоотоор яам, тусгай газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн "Үндсэн хөрөнгийг дахин үнэлэх итгэлцүүр"-ийг үндэслэн үнэлсэн үнэлгээгээр явуулна.
6.Төрийн өмчийн эд хөрөнгийн улсын бүртгэл, тооллогын явцад үндсэн хөрөнгийг данснаас хасах, актлан устгах, шилжүүлэх, худалдахыг хориглоно. Зайлшгүй шаардлагаар үндсэн хөрөнгийн хөдөлгөөн хийх тохиолдолд энэ тухай Улсын комисст заавал мэдэгдэж зөвшөөрөл авна.
7.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эд хөрөнгийн тооллогын бэлтгэлийг хангах, эд хөрөнгийн тооллогыг явуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 71, 73 дугаар зүйлийг баримтална.
Хоёр. Төрийн өмчийн эд хөрөнгийн бүртгэл, тооллогын ажлыг зохион байгуулах
8. Аймаг, нийслэл, сум, дүүрэг болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн эд хөрөнгийн бүртгэл, тооллогын комиссыг аймаг, нийслэлийн Засаг дарга томилно.
Төрийн өмчит хуулийн этгээдэд бүртгэл, тооллогын комисс томилохдоо Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтална.
Шаардлагатай тохиолдолд төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн бүртгэл тооллогын комиссын бүрэлдэхүүнд бусад хувьцаа эзэмшигчид буюу хувь нийлүүлэгчдийн төлөөлөгчийг оролцуулж болно.
9.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тооллогын комисс нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
10. Аймаг, нийслэл, сум болон дүүргийн тооллогын комисс нь өөрийн нутаг дэвсгэрт харьяалагдах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тооллогын ажлын бэлтгэл, түүний явц, чанар, үр дүнд хяналт тавьж ажиллана.
11.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тооллогын комисс нь Засгийн газрын 1997 оны 29 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын маягт 1а-гаас маягт 9-ийн дагуу тооллогын ажлыг эд хариуцагч, агуулах, цех, тасаг, объект бүрээр тоолж акт үйлдэн байгууллагын захирал /дарга/, ерөнхий нягтлан бодогч нарт хүлээлгэн өгнө. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн нягтлан бодогч нар тооллогын дүнг дансны үлдэгдэлтэй тулган хүлээн авч тооцоог тухай бүрт нь хийнэ. Тооцоо бодсон актыг тооллогын бүртгэлд хавсаргана.
12.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тооллогын комисс нь төрийн өмчийн эд хөрөнгийг биечлэн үзэж тоолно.
Биечлэн үзэж тоолох боломжгүй тохиолдолд холбогдох бичиг баримт, дансны үлдэгдлийг үндэслэн тоолж болно.
13.Бэлэн мөнгө, үнэт цаас, эргэлтийн хөрөнгийн тооллогыг явуулахдаа Сангийн яамны сайдын 1989 оны 207 дугаар тушаалаар баталсан "Улс, хоршоолол, олон нийтийн үйлдвэр, албан газар, байгууллагын эд хөрөнгийн тооллого явуулах журам"-ыг баримтална.Үнэт цаасны үнийг балансад тусгасан үнээр тогтооно.
14.Засгийн газрын шугамаар гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслийн хүрээнд бий болсон эд хөрөнгийг төслийн хэрэгжилтийн эцэст монголын талд хүлээлгэн өгсөн эд хөрөнгийн дүнгээр тоолж бүртгэнэ.
Гурав. Төрийн өмчийн эд хөрөнгийн улсын бүртгэл, тооллогын мэдээ, тайланг нэгтгэн гаргах
15.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь бүртгэл, тооллогын мэдээ, тайланг Засгийн газрын 1997 оны 29 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын маягт 1в, 4а, 4б, 4в, 4г, 8а, 8б-гээр нэгтгэн байгууллагын захирал /дарга/, ерөнхий нягтлан бодогч нарын гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажуулж сум, дүүргийн тооллогын комисст 1997 оны 3 дугаар сарын 10-ны дотор хүргүүлнэ.
16.Сум, дүүргийн Засаг дарга нар дэвсгэр нутагтаа байгаа төрийн өмчит хуулийн этгээдийн төрийн өмчийн эд хөрөнгийн улсын бүртгэл, тооллогын дүн мэдээг маягт 8а, 8б-гээр, услалтын систем, өрөмдмөл худаг, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлсэн төслийн хөрөнгийн бүртгэл, тооллогын дүнг маягт 4а, 4б, 4в, 4г-гээр, малын тооллогын дүнг 1в-гээр тус тус нэгтгэн эх материалын хамт аймаг, нийслэлийн тооллогын комисст 1997 оны 3 дугаар сарын 15-ны дотор, аймаг, нийслэлийн комисс сум, дүүргийн мэдээ, тайланг маягт 1в, 4а, 4б, 4в, 4г, 8а, 8б-гээр нэгтгэн төрийн өмчийн эд хөрөнгийн тооллого явуулсан тухай тайлангийн хамт Улсын комисст 1997 оны 3 дугаар сарын 20-ны дотор ирүүлнэ.
Аймаг, нийслэлийн мэдээ, тайланг аймаг, нийслэлийн төрийн өмчийн төлөөлөгч Улсын комисст биечлэн авчирна.
17.Төрийн өмчийн эд хөрөнгийн улсын бүртгэл, тооллогын ажлын явцад төрийн өмчлөлтэй холбоотой маргаан гарвал маргалдагч талууд өөрсдийн үндэслэл, тайлбарыг сум, дүүргийн Төрийн өмчийн эд хөрөнгийн бүртгэл, тооллогын комисст ирүүлнэ.
Сум, дүүргийн комисс уг асуудлыг газар дээр нь нягтлан үзээд, анхны материалыг өөрсдийн санал, дүгнэлтийн хамт аймаг, нийслэлийн Төрийн өмчийн бүртгэл, тооллогын комисст ирүүлнэ.
Аймаг, нийслэлийн комисс уг санал, дүгнэлтийг хянан үзэж комиссынхоо хурлаар хэлэлцэн аймаг, нийслэлийн Засаг даргад танилцуулж, тухайн асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох материалын хамт Улсын комисст ирүүлнэ.
Улсын комисс маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэх бөгөөд талууд уг шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо шүүхэд тавьж шийдвэрлүүлж болно.
-----оОо-------
Текст томруулах
A
A
A