A

A

A

Бүлэг: 1979
ТӨЛБӨР ЗОХИЦУУЛАХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
НЭГ.Нийтлэг үндэслэл
1.Төлбөр зохицуулах үндэсний зөвлөлийн үндсэн зорилт нь Монгол Улсын санхүү банкны төлбөр тооцооны системийг зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд нийцүүлэн боловсронгуй болгох, банк болон байгууллага хоорондын төлбөр тооцоог түргэтгэх, өр авлага хураан барагдуулах, түүнийг үүсэхээс урьдчилан сэргийлэх талаар санал дүгнэлт гаргаж холбогдох газруудад оруулах, эдгээр асуудлаар гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхэд туслах явдал мөн.
2.Төлбөр зохицуулах үндэсний зөвлөл нь /цаашид Зөвлөл гэнэ/ хуулийн этгээд бөгөөд тогтоосон журмын дагуу хийсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
3.Зөвлөлийн төв нь Монголбанкны байранд үйл ажиллагаагаа явуулна.
 Аймаг, хотод Зөвлөлийн салбар байгуулж болно.
ХОЁР.Зөвлөлийн удирдлага, ажилтан
4.Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монголбанктай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газраас томилно. Монголбанк, Сангийн яам батлагдсан цалингийн сандаа багтаан зөвлөлийн ажил хариуцсан орон тооны ажилтантай байж болно.
5.Зөвлөлийн дарга дараахь эрхийг эдэлнэ:
      а/Зөвлөлийн орон нутгийн салбарыг байгуулах, түүний үйл ажиллагааг зохицуулах;
       б/Зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, Зөвлөлийн хурлыг удирдан хийлгэх, Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.
6.Зөвлөлөөс хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тушаалыг холбогдох аж ахуйн нэгж, банк дагаж мөрдөнө.
7.Зөвлөлийн гишүүд болон ажилтнууд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
       а/аж ахуйн нэгж, банкны ашиг сонирхлыг төлөөлөх;
       б/аливаа аж ахуйн нэгж, банкны данс, түүний гүйлгээтэй холбогдсон албан баримтыг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад танилцуулах.
ГУРАВ.Зөвлөлийн үүрэг, эрх
8.Зөвлөл дараахь үүрэг хүлээнэ:
       а/тооцооны дэвшилтэт хэлбэрүүд /чек, вексель, хадгаламжийн сертификат гэх мэт/-ийг судалж тэдгээрийг Сангийн яам, Монголбанк, арилжааны банкуудтай хамтран нэвтрүүлэх ажил зохион байгуулах;
       б/улс ардын аж ахуйн тооцоог банк хоорондын электрон сүлжээнд оруулах замаар түргэн шуурхай, үнэн зөв, найдвартай хийхтэй холбогдсон төслийг Монголбанк, арилжааны банкуудтай хамтран боловсруулж хэрэгжүүлэх;
       в/банк хоорондын клирингийн тооцоо хийх явцад дүгнэлт хийж, түүнийг боловсронгуй болгох талаар санал, дүгнэлт гаргах;
       г/аж ахуйн нэгж хооронд үүссэн өглөг, авлагын талаар судалгаа гарган, үүссэн шалтгаан, шийдэх арга зам, өр авлага бий болохоос урьдчилан сэргийлэх талаар судалгаа, санал зөвлөмж боловсруулан Сангийн яам, Монголбанкинд өгөх;
       д/банк, аж ахуйн нэгжийн зээл, төлбөр тооцоонд хяналт тавих, төлбөр, тооцооны хариуцлагыг дээшлүүлэх арга замыг боловсруулж нэвтрүүлэх;
       е/олон улсын санхүү банкны мэдээллийн электрон сүлжээнүүд /SWIFT гэх мэт/-д Монгол Улс нэгдэн орохтой холбогдолтой асуудлыг судлах;
       ж/арилжааны банкуудын зээлийн ангиллын байдалд судалгаа дүгнэлт хийж, холбогдох байгууллага, арилжааны банкинд танилцуулж байх;
       з/төсвийн төлбөр, зээл төлөлтийн байдалтай газар дээр нь танилцаж санал дүгнэлт гаргаж ажиллах.
9.Зөвлөл дараахь эрх эдэлнэ:
       а/Сангийн яам, Монголбанк, арилжааны банкууд болон бусад аж ахуйн нэгжүүдээс өөрийн ажилтай холбогдсон шаардлагатай баримт, материалыг гаргуулан авах;
       б/Сангийн яам, Монголбанкнаас гаргасан төлбөр тооцооны холбогдолдтой заавар, журмыг шалгаж буруу үйл ажиллагаа илэрсэн тохиолдолд банк, аж ахуйн нэгж, тэдгээрийн эрх баригчдад арга хэмжээ авах саналыг хуульд заасан журмаар Сангийн яам, Монголбанкинд тавих;
       в/арилжааны банкнаас найдваргүй болон эргэлзээтэй зээлд нөөцийн сан байгуулах, бүртгэлд тусгахад нь зөвлөлгөө өгөх;
       г/аж ахуйн нэгж, банкны төлбөр тооцооны үйл ажиллагаатай холбогдсон баримт материалыг газар дээр нь шалгаж танилцах;
       д/өөрийн эрхэлсэн ажлын чиглэлээр гаргасан санал дүгнэлтийг төр, засгийн аль ч шатны байгууллагад зохих журмын дагуу оруулж танилцуулах.
ДӨРӨВ.Зөвлөлийн хурал
10.Зөвлөлийн даргын дэргэд зөвлөлийн зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон аливаа асуудлыг хэлэлцэж, зөвлөх эрх бүхий хурал ажиллана.
11.Зөвлөлийн хурлыг сард нэгээс доошгүй удаа хийнэ. Зөвлөлийн хуралд гишүүдийн 60-аас доошгүй хувь нь ирсэн тохиолдолд Зөвлөлийг хуралдуулна.
12.Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Зөвлөлийн хуралд яам, тусгай газар, арилжааны банк, аж ахуйн нэгжийн зохих албан тушаалтныг оролцуулж байна.
13.Зөвлөлийн бичиг хэрэг, аж ахуйн зардлыг Монголбанкны жил бүрийн төсөвт тусгана. Зөвлөлийн гишүүдэд жилийн ажлын үр дүнг харгалзан мөнгөн шагнал олгож болно.
--oOo--