- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
/Засгийн газрын 2003 оны 256 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Төмөр замын тээврийн улсын хяналтын зорилт нь төмөр замаар үйлчлүүлдэг байгууллагын өмчийн хэлбэр, байршил харгалзахгүйгээр төмөр замын тээврийн бүх үйл ажиллагаанд галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, хэвийн ажиллагааг хангуулах, түүнтэй холбогдох хууль тогтоомж, бусад дүрэм, журмын биелэлтэд тавих улсын хяналтыг хэрэгжүүлэхэд оршино.
2.Төмөр замын тээврийн улсын хяналтыг тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон улсын байцаагч нар хэрэгжүүлнэ.
З.Төмөр замын тээврийн улсын хяналтын улсын ерөнхий байцаагч нь Улаанбаатар төмөр замын Хэрэг эрхлэх газрын орлогч дарга байна.
4.Төмөр замын тээврийн улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч нар нь үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомж, төмөр замын техник ашиглалтын дүрэм болон төмөр замаар ачаа, зорчигч, тээш тээвэрлэх үндсэн дүрэм, энэ дүрэм, холбогдох бусад эрх зүйн актыг удирдлага болгоно.
Байцаагч нар нь тогтоогдсон журмаар хийсэн хувийн дугаар бүхий тэмдэг, үнэмлэхтэй байх бөгөөд торгуулийн хуудас хэрэглэж шийтгэвэр гаргана.
5.Төмөр замын тээврийн улсын хяналтыг дор дурдсан үйл ажиллагаанд тавина. Үүнд:
а/галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ачаа болон зорчигч тээврийг хэвийн явуулах, зохицуулах талаархи Монгол Улсын хууль тогтоомж болон тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, зааврын хэрэгжилтэд;
б/төмөр замын өртөө, буудал, төмөр замын зурваст аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байдалд;
в/төмөр замын бүх төрлийн хөдлөх бүрэлдэхүүн, зам төмөр /рельс/, холбоо дохиолол, эрчим хүч, ус хангамжийн сүлжээ, барилга, байгууламжийн ашиглалтад;
г/төмөр замын салбар, салаа зам эзэмшигч, түүгээр үйлчлүүлэгч өмчийн аль ч хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагаас төмөр замын техник ашиглалтын болон ачаа, зорчигч, тээш тээвэрлэх үндсэн дүрэм, холбогдох бусад зааврыг мөрдөж байгаа байдалд;
д/төмөр замаар үйлчлүүлэгч иргэд, тэрчлэн галт тэрэгний инженер-техникийн болон бусад ажилтан, эрх бүхий байгууллагаас тогтоосон дэг журмыг хэрхэн биелүүлж байгаад;
е/галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой төмөр замын алба, аж ахуйн нэгжийн дарга, орлогч, инженер, техникийн ажилтан, ажилчдын үүрэгт ажлаа мэргэжлийн түвшинд гүйцэтгэж байгаа байдалд.
Хоёр.Төмөр замын тээврийн улсын байцаагчийн үүрэг, эрх
6.Улсын байцаагч нь дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ. Үүнд:
а/энэ дүрмийн 5 дугаар зүйлд заасан хяналтыг хэрэгжүүлэх;
б/шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх.
7.Улсын байцаагч нь дор дурдсан эрх эдэлнэ.
а/төмөр замын тээврийн улсын хяналтыг хэрэгжүүлэхээр хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч, мөн түүгээр үйлчлүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрэн орох;
б/зөрчил гаргасан гэм буруутай этгээдэд Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу торгууль ногдуулах, хэрэг зөрчил гаргасан этгээдийн талаар хууль, хяналтын болон холбогдох байгууллагад мэдээлж, арга хэмжээ авахуулахаар санал тавих;
в/хяналт шалгалтын ажилд шаардагдах мэдээ, судалгаа, тодорхойлолт, бусад бичиг баримтыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, үйлчлүүлэгч иргэдээс гаргуулан авах;
г/төмөр замын техник ашиглалтын дүрмийн шаардлага хангаагүй төмөр замын бүх төрлийн хөдлөх бүрэлдэхүүн, кран, зам, холбоо, дохиолол, эрчим хүчний болон бусад барилга байгууламж, төхөөрөмжийг галт тэрэгний хөдөлгөөнд ашиглах, мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр төмөр замаар хөдлөх бүрэлдэхүүн явуулах, шаардлага хангаагүй салбар зам ашиглахыг хориглох;
д/галт тэрэгний хөдөлгөөний осол гаргасан, хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон, их хэмжээний хохирол учруулсан тохиолдолд түүний шалтгааныг тогтоож байх.
7/1/. Байцаагч нь хууль тогтоомж, дүрэм, журам зөрчсөн, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар тавьсан шаардлага биелүүлээгүй гэм буруутай этгээдэд Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн заалтыг үндэслэн дор дурдсан захиргааны хариуцлага хүлээлгэнэ:
(Засгийн газрын 1995 оны 212 дугаар тогтоолоор нэмэлт орсон)
а/төмөр замын хориотой бүсэд зөвшөрөлгүй нэвтэрсэн, галт тэрэгний хөдөлгөөн дунд бууж суусан бол 500-1000, галт тэрэг дур мэдэн зогсоосон, гишгүүр, дээвэр дээр зорчсон зэрэг төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн бол 2000-5000, гарцгүй газраар мал, ердийн хөсөг гаргасан, хамгаалалтын тор гэмтээсэн, хориг хашаанд мал оруулсан, суудлын вагоны хаалга, цонхыг санаатайгаар хагалж, эвдсэн бол 5000-10000, ачаатай вагоны хаалга, нээхийг дур мэдэн нээж ачаа асгарч нурахад хүргэж, төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн, бараа, эд зүйл нуух зорилгоор вагоны хана, тааз, суудлыг задалж гэмтээсэн бол 10000-15000, төмөр зам дээр галт тэрэгний хөдөлгөөнийг саатуулж болох зүйлсийг тавьсан, замын хамгаалалтын хаалт гэмтээсэн, гарцгүй газраар төмөр зам дээгүүр тээврийн хэрэгслээр гарсан бол 20000-25000, төмөр замын төхөөрөмж, хөдлөх бүрэлдэхүүний эд анги гэмтээсэн бол 50000 хүртэл, галт тэргээр тасалбаргүй зорчсон бол зорчсон зайнаас хамааруулан дотоодын галт тэргэнд 200-15000, олон улсын галт тэргэнд 40000 хүртэл төгрөгөөр буруутай этгээдийг торгох ба эдгээр зөрчлийг өөрөө гаргасан буюу гаргах бололцоо нөхцөл олгосон төмөр замын ажилтанд зөрчил гаргасан этгээдтэй нэгэн адил үзэж дурдсан хэмжээний торгууль ногдуулах;
(Засгийн газрын 1995 оны 212 дугаар тогтоолоор нэмэлт орсон)
б/төмөр замын тээврийн хяналтын улсын ерөнхий, ахлах байцаагч нар хяналт шалгалтаас зайлсхийсэн албан тушаалтанд 5000-10000, шаардлагатай гэж үзсэн баримт бичгийг танилцуулах, түр хугацаагаар хүлээлгэн өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн албан тушаалтанд 15000 хүртэл төгрөгийн торгууль ногдуулах;
(Засгийн газрын 1995 оны 212 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
в/шалгуулагч албан тушаалтан, иргэд төмөр замын тээврийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлагыг эсэргүүцсэн, тогтоосон хугацаанд биелүүлээгүй, шаардлагын биелэлтийг гаргаж ирүүлээгүй албан тушаалтныг 5000-25000, хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулсан, гаргах дүгнэлт, шийдвэрт нөлөөлөхийг оролдсон этгээдийг 35000 хүртэл, хяналт шалгалтын холбогдолтой баримт бичгийг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан, гэмтээсэн, устгасан, хуурамч бичиг баримт гаргаж өгсөн албан тушаалтныг 30000-50000 төгрөгөөр торгуулах асуудлыг шүүгчид тавьж шийдвэрлүүлнэ.
(Засгийн газрын 1995 оны 212 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
8.Улсын байцаагчийн тавьсан акт, шаардлагыг холбогдох байгууллага, албан тушаалтан, үйлчлүүлэгч иргэд биелүүлэх үүрэгтэй.
9.Улсын байцаагчийн тавьсан акт, торгуулийг эс зөвшөөрсөн тохиолдолд гомдлоо 7 хоногийн дотор улсын ерөнхий байцаагчид гаргана.
Улсын ерөнхий байцаагч уг гомдлыг нэг сарын дотор хянан шийдвэрлэнэ. Улсын ерөнхий байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.
1О.Төмөр замын тээврийн улсын байцаагч нь хяналт шалгалтыг хууль тогтоомжийн дагуу явуулж, зөрчил дутагдлыг бүрэн илрүүлсэн тухайгаа болон тавьсан шаардлага, гаргасан шийдвэрээ бүрэн хариуцна.
11. Төмөр замын хяналтын улсын байцаагч нь энэ дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болон хууль тогтоомж зөрчвөл холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих хариуцлага хүлээнэ.
(Засгийн газрын 1995 оны 212 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
-----oOo-----
Текст томруулах
A
A
A