A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2003 оны 220 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон
 
ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ  НИЙГМИЙН ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
 
Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл 1.Хоршоог хөгжүүлэх нийгэм, эдийн засгийн шаардлага
                Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хоршоодын гүйцэтгэх үүрэг, байр суурийн талаар НҮБ-ын Ерөнхий  ассамблейн 1994 оны 49 дүгээр чуулган, нийгмийн болон хүнсний асуудлаархи Копенгаген, Ромын дээд хэмжээний уулзалтууд, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Олон улсын хоршооллын холбооны баримт бичиг, зөвлөмжүүдэд тодорхой заасан байдаг.
                Ядуурал, ажилгүйдэл, хүнс тэжээлийн хүнд асуудлыг даван туулахад болон улс орны хөгжилд хоршооллын хөдөлгөөн, түүний өргөн олныг хамарсан үйл ажиллагаа нь аль ч орны Засгийн газрын анхаарлыг татаж, эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байдаг.
                Иймд дэлхий дахинд нийгэм, эдийн засгийн ач холбогдол, үр дүнгээ нэгэнт өгсөн, материаллаг болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хувь хүмүүс сайн дураараа нэгдсэн, ардчилсан удирдлага, хяналт бүхий, хамтран өмчлөх дундын өмчин дээр үндэслэн аж ахуй эрхлэх хуулийн этгээд болох хоршоо болон хоршооллын хөдөлгөөнийг  дэмжин хөгжүүлэх шаардлага зүй ёсоор урган гарч байна.
2.Хоршооллын хөдөлгөөн ба түүний өнөөгийн байдал
                Монгол оронд хоршооллын хөдөлгөөн 1920-иод оноос эхлэн өрнөсөн түүхтэй бөгөөд 1921 онд Эд хэрэглэгчдийн, 1931 онд Үйлдвэрлэлийн, 1930-аад оны дунд үеэс Хөдөө аж ахуйн, 1980-аад оны эцэст Үйлдвэрлэл-үйлчилгээний хоршоодын холбоо, 1991 онд Ардын аж ахуйтны холбоо тус тус үүсчээ.Хоршооллын хөдөлгөөний хөгжил хэдийгээр 1920-иод оноос эхлэлтэй боловч тухайн үед улсын эдийн засагт бүх ард түмний социалист өмч давамгайлах үзэл ноёрхож байсны улмаас хувийн өмчийг хязгаарлах, хоршооллын хөдөлгөөн жинхэнэ  утгаараа үүсч хөгжөөгүйн дээр хоршоог төрөөс захиргаадан удирдаж, үйл ажиллагаанд нь шууд оролцож байлаа.
                1980-аад оны эцсээс өрнөсөн ардчилал, нийгмийн өөрчлөлт шинэчлэлийн үр дүнд хоршоод дахин сэргэж эхэлсэн юм.1998 онд батлагдсан "Хоршооны тухай" хууль нь хоршоо хөгжих эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чухал алхам болж байна.Гэвч эдийн засгийн хямралтай байдал, төр засгаас хоршооллын хөдөлгөөнийг тууштай, идэвхтэй  дэмжиж бодлого явуулаагүй, хоршоодын удирдлагын чадвар сул, санхүү, эдийн засгийн хувьд бэхжээгүй, гишүүд харилцагчдаас хоршоонд итгэх итгэл буурсан зэргээс шалтгаалан хоршооллын хөдөлгөөн өргөжин хөгжиж чадахгүй байна.
 
Хоёрдугаар бүлэг.Хоршоог хөгжүүлэх хөтөлбөрийн зорилго, зорилт, бодлого 3.Хөтөлбөрийн зорилго
Энэ хөтөлбөрийн зорилго нь ажлын байрыг шинээр бий болгох, ядуурлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх, хүн амыг худалдаа, үйлчилгээгээр найдвартай хангах, зах зээлийн харилцааг зүгшрүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн томоохон асуудлуудыг шийдвэрлэхэд оршино.
4.Хөтөлбөрийн зорилт
Дээрх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилтуудыг дэвшүүлж байна:
а/ хоршооны хөгжилд үйлчлэх эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх;
б/хоршоог дэмжих бүтцийг бий болгох
в/ хоршоог дэмжих банк санхүү, зээлийн таатай орчинг бүрдүүлэх;
г/ сургалт, мэдээлэл,  сурталчилгаа, зөвлөлгөө  өгөх зөөлөн дэд бүтцийг  хөгжүүлэх
5.Хоршооны хөгжлийг дэмжих бодлого
Монгол Улсын Засгийн газраас Олон Улсын Хоршооллын Манчестерийн Их хурлаас гаргасан хоршооллын хөдөлгөөний ХХI зуунд баримтлах үндсэн зарчмуудыг хүлээн зөвшөөрч байна.Үүнд:
а/ сайн дураар чөлөөтэй гишүүнээр элсэх
Хоршоо нь арьс өнгө, хүйс, нийгмийн гарал үүсэл, улс төрийн үзэл баримтлал, шашин шүтлэг зэргээр ялгаварлан гадуурхахгүй,хоршооны гишүүний үүрэг хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хоршооны үр шимийг хүртэх чадвартай хүн бүр чөлөөтэй элсч болох сайн дурын байгууллага мөн.
б/ Гишүүдийн ардчилсан хяналт
Хоршоо нь бодлого боловсруулах, шийдвэр гаргахад гишүүд нь идэвхтэй оролцдог хамтын хяналтын ардчилсан байгууллага мөн.Хоршооны удирдлагад сонгогдсон эрэгтэй, эмэгтэй гишүүд нь бусад гишүүдийн өмнө тайлагнана.Анхан шатны хоршоодод нэг гишүүн нэг санал өгөх эрхтэй бөгөөд бусад шатны хоршоо энэхүү ардчилсан зарчмыг баримтлан байгуулагддаг болно.
в/ Гишүүдийн эдийн засгийн оролцоо
Гишүүд нь хоршооны санд шударгаар хувь нэмэр оруулах ба ардчилсан зарчмын үндсэн дээр хяналт тавина.Хамтын хөрөнгийн нэг хэсэг нь хоршооны өмч байдаг.Хоршоонд элсэх нөхцөлд заасан  бол гишүүд нь хувь нийлүүлсэн хөрөнгийн тодорхой хувьтай тэнцэх нөхвөр авдаг.Гишүүд нь хоршооны хуримтлалыг дараахь зорилгыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хэрэгжүүлэхээр хуваарилдаг:
-хуримтлуулсан хөрөнгийн тодорхой хэсэг нь хоршооны өмч болох;
-нөөц хөрөнгө хуримтлуулах замаар хоршоог хөгжүүлэх;
-хоршооны үйл ажиллагаанд оролцсон байдлыг харгалзан гишүүдэд ашиг хуваарилах;
-гишүүдийн зөвшөөрсөн бусад үйл ажиллагааг дэмжих.
г/ Бүрэн эрхт бие даасан байдал
Хоршоо нь гишүүддээ туслах, хамтын хяналт бүхий бие даасан байгууллага мөн.Хоршоо нь Засгийн газар болон бусад байгууллагуудтай хамтран ажиллах, мөн түүнчлэн гадны эх үүсвэрээр хөрөнгөө нэмэгдүүлэх зэрэг тохиолдолд гишүүдийн хамтын ардчилсан хяналтыг хангаж, хоршооны бие даасан байдлыг хангана.
д/ Боловсрол, сургалт, мэдээлэл
Хоршоог хөгжүүлэхэд түүний гишүүд, удирдах ажилтан, ажилчдын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор хоршоо нь тэдгээрийн боловсролыг дээшлүүлж, төрөл бүрийн сургалтанд хамруулна.Хоршоо нь олон нийт, ялангуяа залуучууд болон удирдах хүмүүст хоршооны мөн чанар, түүний ашиг тусын талаар мэдээлнэ.
е/ Хоршоо хоорондын хамтын ажиллагаа
Хоршоо нь орон нутаг, үндэстэн, бүс нутаг, олон улсын түвшинд хамтран ажиллах замаар хоршооллын хөдөлгөөнийг бэхжүүлэн гишүүддээ илүү үр ашигтай үйлчлэхийг эрмэлзэнэ.
ж/ Бүлгийн ашиг сонирхол
Хоршоо нь гишүүдийнхээ баталсан бодлогыг хэрэгжүүлэх замаар тодорхой бүлгийн /хоршооны/ тогтвортой хөгжлийг хангахын төлөө ажиллана.
6.Хөтөлбөрийн "5"-д заасан зарчмуудыг хангасан бөгөөд дараахь чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хоршоог тэргүүн ээлжинд дэмжинэ:
а/ Мал аж ахуйн гаралтай түүхий эд болон байгалийн дагалт баялгийг бэлтгэн нийлүүлэх, боловсруулах хоршоо;
б/ Хангамж, худалдааны хоршоо;
в/ Хадгаламж, зээлийн хоршоо;
г/ Газар тариалан, бэлчээр усжуулалт болон мод, ургамал тариалалт, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ үйлдвэрлэлийн хоршоо;
д/ Үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээ болон барилгын хоршоо..
 
 
Гуравдугаар бүлэг.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа 7.Засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээ:
а/ Улс орны хөгжлийн стратегийн шинж чанар бүхий хөтөлбөр, төсөл боловсруулахдаа хоршооны хөгжлийн асуудлыг тусгаж байх;
б/ Хоршооны хөгжлийн таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, УИХ-д өргөн барих;
в/ Хоршооны удирдлага, гишүүдийн боловсрол болон мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтын төвүүдийг төв, орон нутагт байгуулах санаачлагыг дэмжих;
г/ Улсын нөөцийн бүрдүүлэлт, хуваарилалтад хоршоог хамааруулах..
        8.Төрийн захиргааны төв байгууллагуудаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам:
а/ Аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын тухай, Банкны тухай, Газрын тухай, Засгийн газрын тухай хуулиудад холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах, Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль боловсруулах шаардлагыг судалж хэрэгцээтэй бол төсөл боловсруулж Засгийн газарт оруулах;
б/ Хоршоодын үйлдвэрлэл, үйлчилгээнд шинэ техник, технологи нэвтрүүлэх бодлого хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
в/ Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн гишүүдийнхээ аж амьдралыг сайжруулахад хувь нэмэр оруулан, тогтвортой үйл ажиллагаа явуулж энэ хөтөлбөрийн 5-д заасан нөхцөлүүдийг хангасан хоршооны ажлын байр шинээр бий болгох, орлогоо нэмэгдүүлэхэд чиглэсэн төслийг "Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан"-гаас эхний ээлжинд зээл олгох замаар дэмжих;
г/ Үр бүтээлтэй ажилласан хоршоог шалгаруулах болзол гарган жил бүр дүгнэж,  урамшуулах;
д/ Худалдааны сүлжээнд хоршоог өргөнөөр оролцуулах бодлого баримталж, нөхцөлийг бүрдүүлэхэд туслах;
е/ Хоршоог бүсчлэн хөгжүүлэх арга замыг тодорхойлох, хоршооны зохистой хэлбэр, тоо хэмжээг сонгох зэрэг асуудлаар судалгаа хийх;
ж/ Хоршооны хөгжлийн байдалд дүн шинжилгээ хийж дүнг Засгийн газарт илтгэн шаардлагатай бол төр засгийн бодлогод тусгах.
Сангийн яам:
а/ Хоршооны хөгжилд үйлчлэх банк, даатгалын систем бий болгож, хадгаламж, зээлийн хоршоог байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх;
б/ Хөтөлбөрийг хэрэгжүүлэх жил бүрийн арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт тусгаж шийдвэрлүүлэх;
в/ Хоршооны санхүү, эдийн засгийн үйл ажиллагааны бүртгэл тооцооны системийг боловсронгуй болгох.
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам:
а/ Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хоршоог оролцуулах;
б/ нийгмийн эмзэг хэсэгт хамрах хүмүүсийн дунд Хоршооны тухай ойлголтыг сурталчлах ажлыг өргөжүүлэх.
Гэгээрлийн яам:
а/ Хоршооны тухай хичээлийг их, дээд сургууль, коллеж, төр захиргааны удирдах ажилтны сургалтын төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэх;
б/ Хоршоодод  ажиллах түгээмэл мэргэжлийн ажилчдыг бэлтгэх, давтан сургах урт, богино хугацаатай сургалтын тогтолцоог бий болгох.
Гадаад харилцааны яам:
а/ Гадаад орноос үзүүлж байгаа зээл, тусламж, хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг хоршоог дэмжин хөгжүүлэхэд зарцуулах талаар хандивлагчдад санал тавьж хэрэгжүүлэх;
б/ Хоршоодын холбоодыг Олон улсын болон бүс нутгийн орнуудын хоршоодын байгууллагатай холбож, тэдгээрийн гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд туслах.
Хууль зүйн яам:
-Хоршооны тухай хуулийн талаар Дээд шүүхийн тайлбар гаргуулах.
Дэд бүтцийн хөгжлийн яам:
-Нийтийн орон сууцны ашиглалтыг хоршооны сүлжээгээр дамжуулан сайжруулах.
Үндэсний статистикийн газар:
-Хоршоодоос нийгэм, эдийн засгийн хөгжилд орлуулж буй хувь нэмрийг тодорхойлох, тэдгээрийн үйл ажиллагааны тухай статистикийн мэдээ, мэдээлэл гаргах журам боловсруулж хэрэгжүүлэх.
Радио, телевизийн хэрэг эрхлэх газар:
а/ Хоршооны тухай хууль болон хоршоог дэмжих талаар төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хоршооны мөн чанар, хоршооны нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх ач холбогдол, үүргийг тогтмол сурталчилж  байх;
б/ Хоршооны хөгжилд үйлчлэх төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа, тэргүүний хоршооны арга туршлагыг олон нийтэд сурталчлах.
              9.Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын Тамгын газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ:
а/ Орон нутагтаа хоршоог хөгжүүлэх дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
б/ Орон нутгийн хоршооны байгууллагатай худалдаа, хадгаламж зээлийн байнгын сүлжээ бүрдүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар гэрээ байгуулан хамтран ажиллах;
в/ Үр тариа, хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэл эрхлэх хоршоонд зохих хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлж үйл ажиллагааг нь бүх талаар дэмжиж, үр дүнг тооцох;
г/ Аймаг, нийслэл, сум бүр нэгээс доошгүй загвар хоршоо байгуулж үйл ажиллагааг нь сурталчлах;
д/ Орон нутагт хэрэгжүүлэх төсөл болон арга хэмжээний төлөвлөгөөг гаргах.
10.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Хоршоодын холбоо, хоршоог дэмжигч байгууллагуудын оролцоо
а/ Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад шинээр үүссэн хоршоодын үйл ажиллагааг тогтмолжуулж, тэднийг бэхжүүлэхэд анхаарч, дэмжлэг туслалцаа үзүүлэх;
б/ Хоршоо нэртэй компаниудыг хуулийн дагуу шинэчлэн зохион байгуулах;
в/ Хоршоодын дотоод хяналтыг хүчтэй болгож, хоршоологчдын ашиг сонирхлын төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулах;
г/ Хоршоодын холбоод гишүүн хороодын тайлан, мэдээллийг жил бүр авч, үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгч, тэргүүний хоршоог шалгаруулж, олон нийтэд сурталчлах;
д/Засгийн газраас явуулах сургалтын зэрэгцээ өөрсдийн хүч бололцоонд тулгуурлаж сургалт, мэдээлэл, зөвлөлгөө өгөх төвийг байгуулах;
е/ Хоршоо байгуулж ажиллуулах арга зам, хэлбэрийг нарийвчлан заасан зөвлөмж, гарын авлага гаргах;
ж/ Хоршоодын холбоо, хоршоог дэмжигч байгууллагууд хоршооны хөгжлийн нийтлэг асуудлын талаар хамтран ажиллаж, хоорондын уялдаа, холбоогоо бэхжүүлж дундын зөвлөл байгуулах.
11.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хавсралтад заасан "Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн ажлын дараалал"-ыг баримтална.
 
 
 Дөрөвдүгээр бүлэг.Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, хугацаа 12.Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүргийг Үндэсний зөвлөл гүйцэтгэнэ.Үндэсний Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газраас батална.Монгол Улсын Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Үндэсний зөвлөлийг тэргүүлнэ.
Үндэсний зөвлөл нь орон нутгийн салбар зөвлөлтэй байна.Орон нутгийн салбар зөвлөлийг аймаг, нийслэлийн Засаг дарга тэргүүлэх бөгөөд уг зөвлөлийн бүрэлдэхүүнд нутгийн захиргаа, орон нутгийн хоршоодын холбоо болон хоршооллын хөдөлгөөнийг дэмжигч байгууллагуудын төлөөлөгчдийг оролцуулна.
13.Үндэсний зөвлөлийн бүрэн эрх:
а/ Хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах;
б/ Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад дүгнэлт хийх;
в/Хөтөлбөрт тодотгол өөрчлөлт хийх саналыг Засгийн газарт тавих;
г/Орон нутгийн салбар зөвлөлүүдийг арга зүйн ерөнхий удирдлагаар хангах;
д/ Хоршоодын холбоодын төлөөний байгууллагатай хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлаар харилцан ажиллах гэрээ байгуулж, биелэлтийг дүгнэх;
е/ Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулан олгож буй улсын төвлөрсөн төсөв, гадаадын хандивлагчдаас олгосон зээл, тусламжийг орон нутагт хуваарилах, хөрөнгө нөөцийг үр ашигтай зарцуулахтай холбогдсон асуудлаар шийдвэр гаргах;
ж/ Хөтөлбөрийн хэрэгжилтийг жил бүр дүгнэж Засгийн газарт тайлагнаж байх.
  14.Орон нутгийн салбар зөвлөлийн бүрэн эрх:
а/ Хөтөлбөрт тусгагдсан бодлого, арга хэмжээг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах;
б/ Үндэсний зөвлөлөөс хуваарилсан хөрөнгийг захиран зарцуулах, нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлыг тодорхойлох, төсөл болон арга хэмжээнд шаардлагатай хөрөнгийг хуваарилах, гүйцэтгэлд хяналт тавих;
в/ Орон нутагтаа хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан, гэрээ хийж, хамтран ажиллах;
г/ Хөтөлбөрийн хэрэгжилтэд нь хяналт тавин, үр дүнг яамд болон Үндэсний зөвлөлд тайлагнах.
15. Хөтөлбөрийн санхүүжилт
Хөтөлбөрт тусгагдсан төсөл, арга хэмжээнүүдийг дараахь эх үүсвэрээр санхүүжүүлнэ:
а/ Улсын төвлөрсөн төсөв болон орон нутгийн төсвөөс хуваарилсан мөнгө;
б/ Хөтөлбөрийг дэмжиж олон улсын байгууллага, гадаад орон, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс өгч буй зээл тусламж, хандивын хөрөнгө;
в/Бусад
16. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
а/ Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрийг 1998-2005 оны хугацаанд хэрэгжүүлнэ;
б/ Хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газар жилд нэг удаа, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар хагас жил тутам дүгнэж байна..
 
Тавдугаар бүлэг.Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гарах үр дүн 17.Ойрын үр дүн:
а/ Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд ажил эрхлэлтийн түвшин нэмэгдэнэ;
б/ Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг чанарын өндөр түвшинд бэлтгэж, түүхий эд бэлтгэн нийлүүлэх тогтолцоо сайжирч, дотоодын  үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах, бүтээгдэхүүний чанарын түвшинг дээшлүүлэх боломж бүрдэнэ;
в/ Малчид, тариаланчид баталгаатай хүнс, өргөн хэрэглээний барааг хямд үнээр авч, түүхий эд, бүтээгдэхүүнээ ашигтай борлуулна;
г/ Орон нутгаас төвд, төвөөс орон нутагт үйлчлэх зах зээлийн харилцаа боловсронгуй болно;
д/ Хоршоо хөгжих эрх зүй, санхүү, зээлийн таатай зөөлөн дэд бүтэц бий болно.
18.Хэтийн үр дүн:
а/ Хүн амын  орлого нэмэгдэж, орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж  амьдрах нөхцөл бүрдэнэ;
б/ Хот, хөдөөгийн эдийн засаг, ахуйн соёл, боловсролын түвшингийн ялгаа багасаж хөдөөд хүний хөгжлийг дэмжих боломж нээгдэнэ.
-------оОо-------
 
Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрийн хавсралт
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн ажлын дараалал
 
 
Хэрэгжүүлэх ажил
1998 он
1999 он
2000 он
2001-2005 он
Хэрэгжүүлэх байгууллага
А.Бодлогын хүрээнд
1."Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай", "Банкны тухай", "Засгийн газрын тухай" хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах болон "Хадгаламж зээлийн хоршооны тухай" хуулийн төсөл боловсруулах эсэхийг судалж хэрэв шаардлагатай бол боловсруулах
+
+
-
-
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам
2.Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, гишүүдийнхээ аж амьдралыг сайжруулахад онцгой хувь нэмэр оруулж, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа хоршоодын шинээр ажлын байр бий болгох, орлогоо нэмэгдүүлэх төслийг эхний ээлжинд зээлийн бодлогоор дэмжих
-
+
+
+
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам
3.Улсын нөөцийн бүрдүүлэлт, хуваарилалтад хоршоодыг хамааруулах
-
+
+
+
Засгийн газар
4.Гадаад орноос үзүүлж байгаа зээл, тусламж, хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг хоршоог дэмжин хөгжүүлэхэд зарцуулах талаар хандивлагчидад санал тавьж хэрэгжүүлэх
-
+
+
+
Гадаад харилцааны яам
Б.Удирдлага зохион байгуулалтын хүрээнд
1.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий Үндэсний зөвлөл болон салбар зөвлөлийг байгуулах
+
+
-
-
Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг дарга
2.Орон нутагт хоршооллыг хөгжүүлэх дэд хөтөлбөр боловсруулах
+
+
-
-
Аймаг, нийслэлийн Засаг дарга
3.Аймаг,нийслэл бүр нэгээс доошгүй загвар хоршоо байгуулах
+
+
+
+
Аймаг, нийслэлийн Засаг дарга
4.Хоршооллоос улсын нийгэм эдийн засагт оруулж буй хувь нэмрийг тодорхойлох, мэдээллийг өргөтгөх, тэдгээрийн үйл ажиллагааны тухай статистикийн мэдээ гаргадаг журмыг хэрэгжүүлэх
+
+
+
+
Үндэсний статистикийн газар
5.Хоршооны удирдлага, гишүүний боловсрол, мэргэжлийн чадварыг дээшлүүлэх сургалтын төвүүдийг төв, орон нутагт байгуулах үүсгэл санаачлагыг дэмжин туслах
+
+
+
+
Засгийн газар, Хоршоодын холбоод, дэмжигч байгууллага
6.Хоршооллын санхүү, эдийн засгийн бүртгэл, тооцооны системийг боловсронгуй болгох
-
+
+
-
Сангийн яам
7.Хоршооны тухай хичээлийг их, дээд сургууль, коллеж, төр захиргааны удирдах ажилтны сургалтын тогтолцоог бий болгож хөгжүүлэх
+
+
+
+
Гэгээрлийн яам
8.Хоршооны тухай хууль, хоршоог дэмжих талаар төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хоршооллын мөн чанар, хоршооллын нийгэм эдийн засгийн хөгжилд үзүүлэх ач холбогдол, тэргүүний хоршооны арга туршлагыг төр, засгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах
+
+
+
+
Радио, телевизийн хэрэг эрхлэх газар
9.Үр бүтээлтэй ажилласан хоршоодыг шалгаруулах болзол гаргаж, жил бүр дүгнэж, урамшуулах
+
+
+
+
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам
10.Хоршоо байгуулж ажиллуулах арга зам, хэлбэрийг нарийвчлан заасан зөвлөмж, гарын авлага гаргах
+
+
+
+
Хоршоодын холбоод, дэмжигч байгууллага
11.Хоршоодын холбоо, хоршоог дэмжигч байгууллагууд хоршооны хөгжлийн нийтлэг  асуудлын талаар хамтран ажиллаж хоорондын уялдаа холбоогоо бэхжүүлж дундын зөвлөл байгуулахыг зөвлөмж болгох
+
-
-
-
Хоршоодын холбоод, дэмжигч байгууллага
12.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх жил бүрийн арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан хөрөнгийн эх үүсвэрийг  улсын төсөвт тусгаж шийдвэрлүүлэх
+
+
+
+
Сангийн яам
--------оОо---------