- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - “БӨӨНИЙ ХУДАЛДААНЫ СҮЛЖЭЭ” ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2001 оны 219 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.
"БӨӨНИЙ ХУДАЛДААНЫ СҮЛЖЭЭ" ХӨТӨЛБӨР
Нэг.Худалдааны өнөөгийн байдал
Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээр худалдааны төвлөрсөн сүлжээ задарч, төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын зэрэгцээ хувийн компани, байгууллага, жижиг худалдаачид олноор бий боллоо.
Төрийн өмчийн оролцоотой бөөний худалдааны 6 том компаниас гадна Улаанбаатар хот, Дархан-уул, Орхон аймаг, бусад томоохон хот, суурин газарт худалдааны төв, супермаркет, хүнсний болон барааны захууд нээгдэн үйл ажиллагаагаа явуулж байна. Зөвхөн Улаанбаатар хотод барааны зах 4, хүнсний зах 20, түүхий эдийн зах 3, техникийн зах 1, түлш, модон материалын зах 4, бөөний худалдааны цэг 38, их дэлгүүр 6 ажиллаж байна.
Гэвч улсын хэмжээнд худалдаа, үйлчилгээ жигд тогтвортой хөгжиж чадахгүй байна.
Хоёр.Бөөний худалдааны сүлжээг бий болгох нийгэм, эдийн засгийн шаардлага
1."Бөөний худалдааны сүлжээ" хөтөлбөр нь худалдааны талаар төрөөс баримтлах бодлогын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд бөөний худалдааны сүлжээг хөгжүүлэх нийгэм, эдийн засгийн шаардлага нь дараахь нөхцөл байдлаас урган гарч байна:
а/өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам нь сийрэг суурьшсан манай орны хувьд хөдөөгийн, ялангуяа алслагдсан бүс нутгийн хүн амын хэрэгцээг жигд хангаж, тэдэнд үзүүлэх худалдаа, үйлчилгээг тогтмолжуулж, тоо хэмжээг нэмэгдүүлэх;
б/үйлдвэрлэгч, хэрэглэгч, худалдагч, худалдан авагчийн хоорондын уялдаа холбоог сайжруулж, тухайн бүс нутгийн хөгжлийн онцлогтой уялдуулан худалдаа, үйлчилгээг зөв зохистой хөгжүүлэх.
Гурав. Хөтөлбөрийн зорилго, зорилт
2.Хөтөлбөрийн зорилго нь худалдаа үйлчилгээний мэдээллийн сүлжээ байгуулах замаар зах зээлийн зарчимд тулгуурласан бөөний худалдааны сүлжээний эдийн засаг, эрх зүй, зах зээлийн таатай орчин бүрдүүлэхэд оршино.
3.Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дор дурдсан зорилтуудыг шийдвэрлэнэ:
а/мэдээлэл хангамжийн таатай орчин бүрдүүлэх хүрээнд:
Манай улсад суурилагдсан орчин үеийн мэдээллийн техник, технологийн хүчин чадалд тулгуурлан худалдаа үйлчилгээний мэдээллийн сүлжээг бий болгож, хэрэглэгчид мэдээллээ чөлөөтэй солилцох боломжийг бүрдүүлэх;
б/эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх хүрээнд:
Мэдээллийн сүлжээгээр дамжуулан худалдаа үйлчилгээг түргэн шуурхай зохион байгуулах нөхцөлийг боловсронгуй болгох;
в/зах зээлийн таатай орчныг бүрдүүлэх хүрээнд:
Урьд өмнө суурилагдсан мэдээллийн сүлжээний үйлчлүүлэгчдийн тоог өргөжүүлэх;
г/эрх зүйн орчныг бүрдүүлэх хүрээнд:
Худалдаа эрхлэгчдийн мэдээллийн сүлжээ ашиглах үйл ажиллагааг боловсронгуй болгох, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх эрх зүйн баримт бичгийг боловсруулж хэрэгжүүлэх.
4.Хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэхэд дор дурдсан үйл ажиллагааг тэргүүн ээлжинд дэмжинэ:
а/худалдаа үйлчилгээний мэдээллийн сүлжээгээр дамжуулан хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутагт бөөний худалдааны сүлжээ байгуулах зорилгоор байгууллага, иргэд болон олон улсын байгууллагаас боловсруулсан хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх;
б/бүс, орон нутаг, сум, багийн худалдаа үйлчилгээний мэдээллийн салбар сүлжээнүүдийг байгуулах;
в/худалдаа, үйлчилгээний дэвшилтэт арга, техник технологийн сургалт, сурталчилгаа явуулах.
Дөрөв.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах үндсэн зарчим
5.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь үндсэн зарчмыг мөрдлөг болгоно:
а/худалдаа үйлчилгээний мэдээллийн сүлжээг 1 дүгээр зурагт үзүүлсэн байдлаар байгуулна;
б/сүлжээг байгуулахад иргэд, байгууллагын сайн дурын идэвхтэй үйл ажиллагаа, оролцогч талуудын ил тод, тэгш байдлыг эрхэмлэнэ;
в/хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэх шаардлагыг бүрэн хангасан аж ахуйн нэгжийг өмчийн хэлбэр үл харгалзан мэдээллийн төв байгууллагаар сонгоно.
Тав.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ
6.Худалдаа үйлчилгээний мэдээллийн сүлжээг байгуулахад төрөөс баримтлах бодлогын хүрээнд Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам дараахь арга хэмжээ авна:
а/бөөний худалдааны сүлжээг хэрэгжүүлэх мэдээллийн байгууллагыг сонгон тодорхой нөхцөл бүхий гэрээ байгуулж ажиллуулах;
б/"Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"-ыг харгалзан бөөний худалдааны сүлжээ байгуулах, зураасан кодын системийг хэрэгжүүлэх бодлогод эрх зүйн туслалцаа үзүүлэх, холбогдох журмыг боловсруулж хэрэгжүүлэх;
в/худалдаа үйлчилгээний мэдээллийн сүлжээ байгуулах зорилгоор иргэд, байгууллагаас боловсруулсан төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллах гадаад, дотоодын түнш олоход зуучлах, холбогдох байгууллагад уламжлах, хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг судлан Сангийн Яам, Монгол банктай хамтран шийдвэрлэх;
г/олон улсын худалдааны байгууллагын тэргүүний стандартыг өөрийн орны нөхцөлд зохицуулан хэрэглэх, одоо мөрдөж буй стандартыг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх ажлыг Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвтэй хамтран зохион байгуулах;
д/"Бөөний худалдааны сүлжээ" хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд аймаг, хот хоорондын тээвэр, холбоо, бусад төрлийн үйлчилгээг худалдаа үйлчилгээний мэдээллийн сүлжээгээр дамжуулан Дэд бүтцийн хөгжлийн яамтай хамтран зохион байгуулах, холбогдох мэдээлэл зуучлалын төвүүдийг байгуулж ажиллуулах.
7.Аймаг, нийслэлийн засаг захиргааны байгууллага:
а/аймаг, нийслэлийн түүхий эдийн нөөц, хэрэглээний бүтэц, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд үндэслэн бөөний худалдааны сүлжээ байгуулах дэд хөтөлбөрийг аймаг, нийслэл, сумын хэмжээнд боловсруулан хэрэгжүүлэх;
б/худалдаа үйлчилгээний мэдээллийн сүлжээний салбар төвүүдийг байгуулж, түүнд сонирхогч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг татан оролцуулах, төвийн сүлжээтэй холбох ажлыг зохион байгуулж, байнгын үйлчилгээгээр хангах;
в/мэдээллийн төвүүдийг түшиглэн бөөний худалдааны цэг, биржүүдийг иргэд, байгууллагын санаачилгад тулгуурлан байгуулах.
8.Төрийн бус байгууллагууд:
а/худалдаа үйлчилгээний мэдээллийн сүлжээнд шаардлагатай мэдээллийн санг дотоод, гадаадын төрийн болон хувийн өмчийн байгууллагуудын оролцоотойгоор бий болгох;
б/худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг сурталчлах, тэргүүний шилдэг хэлбэрийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд нь тусламж үзүүлж, холбогдох сургалт, семинарыг зохион байгуулах;
в/олон улсын байгууллага болон компаниудын харилцааг хөгжүүлэхэд идэвхтэй зуучилж, яармаг, үзэсгэлэнгийн талаархи танилцуулга, мэдээллийг нийтэд таниулах үйл ажиллагааг өргөжүүлэх.
9.Аж ахуйн нэгж, байгууллагууд:
а/аж ахуйн нэгж, байгууллагууд нь худалдаа үйлчилгээний мэдээллийн сүлжээ болон бүс, орон нутаг, хөдөөд худалдааны цэг, төв байгуулахад идэвхтэй оролцогч, хэрэгжүүлэгч үндсэн нэгж байна;
б/төрөөс баримтлах бодлогын хүрээнд худалдаа үйлчилгээний мэдээллийн сүлжээгээр дамжуулан өөрсдийн сонгон авсан бүс, орон нутагт худалдааны төв,цэг байгуулахад хөрөнгө оруулалт хийх, худалдаа үйлчилгээг өргөжүүлэх;
в/худалдаа, үйлчилгээний мэдээллийн сүлжээний үйл ажиллагааг өргөжүүлэх, мэдээллийн санг арвижуулахад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах;
г/төв, орон нутагт одоо ажиллаж буй худалдааны цэг, биржийг мэдээллийн сүлжээтэй холбох ажлыг зохион байгуулах;
д/худалдаа үйлчилгээнд штрих кодын системийг худалдаа үйлчилгээний мэдээллийн сүлжээтэй хамт хэрэгжүүлэх.
Зургаа.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, үе шат
10.Хөтөлбөрийг 1999-2004 онуудад дор дурдсан үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
1 дүгээр үе шат: 1999-2001 он. Худалдаа үйлчилгээний мэдээллийн төвийн сүлжээ байгуулах.
2 дугаар үе шат: 2002- 2004 он. Орон нутгийн худалдаа үйлчилгээний мэдээллийн сүлжээ байгуулах.
Долоо.Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт
11.Хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих асуудлыг Үндэсний зөвлөл гүйцэтгэнэ.
12.Үндэсний зөвлөл нь орон нутгийн салбар зөвлөлтэй байна. Орон нутгийн салбар зөвлөлийг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга байгуулна.
13.Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг түүний дүрмээр зохицуулна.
14.Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар орон нутгийн салбар зөвлөл эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хамт Үндэсний зөвлөлд хагас жилд нэг удаа, Үндэсний зөвлөл Засгийн газарт жилд нэг удаа тус тус тайлагнана.
15.Хөтөлбөрийн санхүүжилт
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэр нь худалдаа эрхлэгчид, сонирхогч байгууллага, иргэдийн өөрийн хөрөнгө байх бөгөөд мэдээллийн санг бий болгох, төрийн байгууллагыг сүлжээнд холбох зэрэг зарим арга хэмжээнд санхүүгийн дараахь эх үүсвэрийг ашиглана:
а/орон нутгийн төсөв;
б/олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл, тусламж;
в/бусад.
Найм.Хөтөлбөрийн үр дүн
16.Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүн гарна:
а/манай улсын аймаг, нийслэл, сум, дүүргийг хамарсан худалдаа үйлчилгээний мэдээллийн сүлжээ бий болно;
б/хөдөө, алслагдсан бүс нутгийн хүн амыг бараа, бүтээгдэхүүнээр найдвартай, тогтвортой хангах худалдааны бөөний төвүүд үүсэн байгуулагдахын хамт одоогоор үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагуудын үйлчилгээний хүрээ тэлж, хүн амын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг тогтмол хангах нөхцөл бүрдэнэ;
в/худалдааны салбарын бүтэц, зохион байгуулалт боловсронгуй болж, үйлчилгээний соёл дээшилнэ.
----оОо----
Текст томруулах
A
A
A