- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН ДҮРЭМ
Засгийн газрын 2001 оны 265 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон
ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл ба үйл ажиллагааны чиглэл
1.Цөмийн энергийн комисс нь (цаашид "комисс" гэнэ) цөмийн физикийн судалгаа явуулах, цөмийн технологи нэвтрүүлэх, хүн амын эрүүл мэнд, байгаль орчныг цацраг идэвхт бодис, ионжуулагч цацрагийн бусад үүсгүүр (цаашид "цацрагийн үүсгүүр" гэнэ)-ийн сөрөг нөлөөллөөс хамгаалах бодлого боловсруулах, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль, тогтоомж, норм, дүрэм, журам, цацрагийн хяналтын дүрэм, төр, засаг, мэргэжлийн байгууллагаас баталгаажуулсан цацрагийн хяналттай холбогдсон хөтөлбөр, стандартыг хэрэгжүүлэх, хяналт тавьж зохицуулах эрх бүхий Засгийн газрын байгууллага мөн.
2.Комисс нь цөмийн судалгаа явуулах, технологи нэвтрүүлэх, цацрагийн аюулгүй байдлыг хангах асуудлаар олон улсын байгууллага, гадаад орнуудтай хамтын ажиллагааг зохицуулж хэрэгжүүлнэ.
3.Комисс нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг мөрдлөг болгоно.
4.Цөмийн технологи нэвтрүүлэх. /2000 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоолоор зарим хэсгийг хүчингүй болсонд тооцсон./
5.Цацрагийн аюулгүй байдлыг хангах, цөмийн судалгаа, технологи, цацрагийн хамгаалалтын дэд бүтцийг (цаашид "дэд бүтэц" гэнэ) хөгжүүлж, тэдгээрийн шинжлэх ухааны арга зүйн түвшинг сайжруулж, материаллаг баазыг бэхжүүлж, цацрагийн хяналт, шалгалт, зохицуулалтын ажлын чанар, түвшинг системтэй дээшлүүлж, боловсон хүчнийг мэргэшүүлж, тогтвор суурьшилтай ажиллуулна.
6.Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны аливаа зөрчлийг арилгаж, цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудаас хэрэгжүүлж буй ажлын чанар, үр дүнд хяналт тавьж зохицуулж, хүн, малын эрүүл мэнд, байгаль орчинд аюул учруулж болох цацраг идэвхт бүтээгдэхүүн, цацрагийн үүсгүүр бүхий багаж, аппарат, тоног төхөөрөмж, технологид хяналт, зохицуулалт хийнэ.
7.Гадаад орчин, хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний барааны цацрагийн түвшинд байнгын хяналт тавьж, хүн, малын эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлөх сөрөг хүчин зүйлийг илрүүлж, түүнийг арилгах талаар шаардлагатай шуурхай арга хэмжээ авна. /2000 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
8.Монгол Улсын нутаг дэвсгэрт цацрагийн үүсгүүр, цацраг идэвхт хаягдал, цөмийн материал бусад улсаас хяналтгүй нэвтрэн орохоос хамгаалж, хилийн цацрагийн хяналтыг сайжруулж, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавина.
9.Комиссын бүтэц, үйл ажиллагаа, түүний мэдээлэл, тайлан бүртгэлийг боловсронгуй болгож, цацрагийн хяналтын ажлын зохион байгуулалт, мэргэжлийн арга зүйн удирдлагыг шинэ нөхцөл байдалд тохируулж өөрчлөн шинэчилж ажиллана.
10.Комиссын бүрэлдэхүүнийг Засгийн газраас томилогдсон комиссын дарга батална. Комиссын бүрэлдэхүүнд холбогдох яам, газар, хууль, хяналтын байгууллагын зохих албан тушаалтан, цөмийн технологи хэрэглэгч байгууллагын төлөөлөгч, тус комиссын ажилтан нар орно.
11.Комиссын дэргэд орон тооны бус Цацрагийн аюулгүйн зөвлөл (цаашид "зөвлөл" гэнэ) ажиллана. Зөвлөл нь цацрагийн хяналт, аюулгүй байдлын асуудлаар зөвлөмж боловсруулна. Түүний үйл ажиллагааг зөвлөлийн дүрмээр зохицуулна.Зөвлөлийн бүрэлдэхүүн,дүрмийг комиссын хурлаар батална.
12.Комисс нь улсын төсөв болон бусад эх үүсвэрээр санхүүжнэ.
13.Комисс нь хуулийн этгээд бөгөөд тогтоосон журмын дагуу хийгдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Хоёр.Комиссын үүрэг,эрх
14.Комисс нь дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/цөмийн судалгаа явуулах, цөмийн технологи нэвтрүүлэх чиглэлийг тодорхойлох, дэд бүтцийг боловсронгуй болгох, хэрэгжилтэд хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах; /2000 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоолоор зарим хэсгийг хүчингүй болсонд тооцсон./
б/Монгол Улсын нутаг дэвсгэр дээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон гадаад орон, олон улсын байгууллага цацрагтай холбогдсон үйл ажиллагааг хэрэгжүүлэх, түүнийг түр болон бүрмөсөн зогсоох зэрэг бүх төрлийн практик үйл ажиллагаа явуулах, түүний хүрээнд хэрэглэж болох их, бага хэмжээний аливаа нэгэн цацрагийн үүсгүүрийг олборлох, боловсруулах, дахин боловсруулах, зохион бүтээх, үйлдвэрлэх, угсрах, цуглуулах, олж авах, импортлох, экспортлох, хуваарилах, худалдах, зээлдэх, түрээслэх, хүлээн авах, захиалах, байрлуулах, ашиглалтад оруулах, эзэмших, ашиглах, хэрэглэх, засвар, үйлчилгээний болон шилжүүлэх шатанд байлгах, ашиглалтаас гаргах, задлах, салгах, тээвэрлэх, хадгалах, булшлахтай холбогдсон аливаа үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох; /2000 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
в/цөмийн судалгаа явуулах, цөмийн технологи нэвтрүүлэх,цацрагийн аюулгүй байдлыг хангах асуудлаар олон улсын байгууллага,гадаад орнуудтай гэрээ, хэлэлцээр байгуулах;
г/экспорт, импортын хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний барааны цацрагийн түвшинд байнгын хяналт хийх, хүн амын эрүүл мэндэд хохирол үзүүлэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах; /2000 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
д/цацрагийн хяналтын ажилд орчин үеийн шинэ технологи, нарийн мэдрэмжтэй,шуурхай шинжилгээний аргыг нэвтрүүлэх, судалгаа, шинжилгээний материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчний мэргэжил дээшлүүлэх, тусгай хөтөлбөрөөр цацрагийн хамгаалалтын мэргэжилтэн бэлтгэх талаар арга хэмжээ авах;
е/Монгол улсын болон хилийн ойролцоо улсын нутаг дэвсгэрт үүссэн цацрагийн бохирдолтын тархалтыг үнэлэх, хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хэрхэн нөлөөлөх талаар судалгаа дүгнэлт гаргах, цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, бохирдлыг арилгах арга хэмжээ авах, хилийн цацрагийн хяналтыг сайжруулахад төр, засаг, орон нутгийн удирдах байгууллагатай хамтран ажиллах;
ж/иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт, гэрээгээр хийх судалгаа, шинжилгээ, цацрагийн хяналт, шалгалт, хэмжилт болон хэрэглэгчдийн ашиглахгүй байгаа цацрагийн үүсгүүрийг хадгалах, тээвэрлэх, булшлах зэрэг шаардлагатай бусад үйлчилгээг хийж гүйцэтгэх;
з/цөмийн судалгаа, цөмийн технологи нэвтрүүлэх, цацрагийн аюулгүй байдлыг хангах ажлын явц, үйл ажиллагаанд дүгнэлт хийх, тэдгээрийг сайжруулах талаар баримтлах бодлого, цаашид авах арга хэмжээний тухай санал боловсруулж Засгийн газар, холбогдох яаманд танилцуулж, зохих шийдвэр гаргуулах;
и/цөмийн судалгаа, цөмийн технологи нэвтрүүлэх, цацрагийн аюулгүй байдлыг хангах асуудлаар олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх, техник, хамтын ажиллагааны тусламжийн үр дүнг дээшлүүлэх, цөмийн мэдээллийн санг бүрдүүлэх, хэрэглэгчдэд үйлчлэх механизмыг боловсронгуй болгох;
к/Комисс нь батлагдсан төсөв, хөрөнгийн зар-цуулалтын гүйцэтгэлийг улирал тутам, үйл ажил-лагааныхаа тайланг жилийн эцэст тус тус гаргаж тайлагнаж байна.
15.Комисс дор дурдсан эрх эдэлнэ:
а/Монгол улсын нутаг дэвсгэр дээр гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагад цацрагийн үүсгүүртэй холбогдсон аливаа практик үйл ажиллагааг эрхлэх бүх төрлийн зөвшөөрөл олгох, шаардлагатай бол үйл ажиллагааг түр зогсоох, хориглох; /2000 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
б/цацрагийн аюулгүй байдлыг хангах хууль эрхийн акт, цацрагийн аюулгүйн норм, цацрагийн аюулгүйн үндсэн дүрэм болон бусад дүрэм, заавар, журмыг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, олон улсын байгууллага, гадаадын иргэд, пүүсэд зохих хууль,тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх асуудлыг эрх бүхий байгууллагад тавих;
в/цацрагийн үүсгүүрийн тухай болон бусад мэдээ, материалыг холбогдох яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, гадаадын иргэд, пүүс, олон улсын байгууллагаас гаргуулан авах, мэдээлэл хийх; /2000 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
г/цацрагийн үүсгүүртэй холбогдсон аливаа практик үйл ажиллагаанд мөрдөгдөх норм, заавар, дүрэм, журмыг баталж мөрдүүлэх; /2000 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
д/үйл ажиллагааныхаа хүрээнд судалгааны ажил явуулах, лаборатори байгуулах,захиалгат төсөл гүйцэтгэх, орон тооны бус зөвлөл, ажлын хэсгийг байгуулж ажиллуулах, шинжээч томилох, лабораториудыг дайчлан ажиллуулах;
е/олон улсын хурал, зөвлөлгөөн, семинарт оролцох, туршлага судлах, эрдэм шинжилгээний бага хурал, зөвлөлгөөн, семинар зохион явуулах, боловсон хүчнийг сургах, давтан сургах;
ж/эзэмшилдээ байгаа үндсэн болон эргэлтийн хөрөнгө, санхүүгийн бусад эх үүсвэрийг хууль, тогтоомжийн дагуу ашиглах, захиран зарцуулах;
з/холбогдох асуудлаар тушаал, тогтоол гаргаж хэрэгжүүлэх, бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэнтэй шууд харьцан гэрээ байгуулж, хэлэлцээр хийх.
----оОо----
/2000 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоолоор орсон өөрчлөлтийг тусгав./
Текст томруулах
A
A
A