A

A

A

Бүлэг: 1979
/Засгийн газрын 2003 оны 256 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
 
УЛСЫН НЭР ТОМЪЁОНЫ КОМИССЫН ДҮРЭМ
     1.Улсын  нэр томъёоны комисс /цаашид "комисс" гэнэ/ нь тус улсын  дотор  дагаж  мөрдөх  орчин цагийн монгол хэлний үгсийн сангийн  дэд систем болох нэр томъёог шинжлэх ухааны үндэслэлтэй  тогтоон  баталж мөрдүүлэх, түүнийг нэг мөр болгон жигдлэх ажлыг эрхэлнэ.
     2.Комисс  нь  дарга,  нарийн  бичгийн даргаас гадна 13-аас доошгүй гишүүнтэй байна.
     3.Комисс  нь Монгол Улсын Шинжлэх ухаан, боловсролын яамны дэргэд ажиллана.
     4.Комиссын ажлыг комиссын дарга удирдаж, өдөр тутмын ажлыг комиссын нарийн бичгийн дарга эрхэлнэ.
     5.Комисс  эрхэлсэн  асуудлаараа хууль тогтоомжид нийцүүлэн тогтоол гаргана.
     6.Комисс  тогтоосон  журмын  дагуу  хийгдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
     7.Комисс дор дурдсан үүрэг хүлээнэ:
     а/ дэлхий нийтэд нийтлэг хэрэглэдэг нэр томъёог зохих хэмжээгээр харгалзан монгол нэр томъёог шинжлэх ухааны үндэслэлтэй  оновчтой  болгон тогтоож, жигдлэх, дэлгэрүүлэх, мөрдүүлэх ажил  эрхлэхийн хамт орчин цагийн монгол хэлний шинжлэх ухаан, технологийн нэр томъёоны судлалыг хөгжүүлэх;
     б/тогтоож  баталсан  нэр томъёо нь улс нийгмийн ба шинжлэх ухааны хөгжлийн шаардлага, хэрэгцээтэй хэрхэн нийцэж, амьдралд яаж  нэвтэрч байгааг судалж, зайлшгүй шаардлагатай өөрчлөлтийг цаг   тухайд  нь  хийж, олон  нийтэд  шуурхай  мэдээлж  байх;
     в/нэр  томъёоны  талаар  хийж байгаа ажлаа онол практикийн үүднээс тогтмол  нэгтгэн дүгнэж, монгол хэлэн дэх нэр томъёоны  судлалын  онол, арга  зүйг  боловсронгуй  болгож   байх;
     г/нэр  томъёо тогтоох, толилох, жигдлэх, дэлгэрүүлэх, мөрдүүлж хэвшүүлэх  ажилд  мэргэжлийн хүмүүс болон сэтгүүлч, орчуулагч,  зохиолчид, хэвлэл мэдээллийн ажилтан нарыг өргөнөөр татан  оролцуулах, тэдний санал, зөвлөлгөөг тогтмол авч байхын тулд  нэр  томъёо  судлалын онол практик, арга зүйн тулгамдсан асуудлаар  эрдэм шинжилгээний бага хурал, зөвлөлгөөн, семинар, дугуй  ширээний  ярилцлага  тэргүүтнийг  зохион байгуулж байх;
     д/гадаад  нэр  томъёог  оновчгүй хавтгайруулан монголчлох, эсвэл монголчлох  бололцоо  бүхий харь хэлний нэр томъёог тэр чигээр  нь хэрэглэх гэсэн хоёр туйлшралыг гаргуулахгүйг хичээж нэр  томъёо  тогтоох  ажилд шинжлэх ухааны үндэслэлтэй бүтээлч арга зүйг баримтлах;
     е/шаардлагатай  гэж  үзвэл зарим салбарын нэр томъёог холбогдох байгууллага, хүмүүстэй тохиролцсоны үндсэн дээр захиалж хийлгэх;
     ж/жилийн  ажлын  тайланг Шинжлэх ухаан, боловсролын яаманд гаргаж өгч байх;
8.Комисс дор дурдсан эрх эдэлнэ:
     а/мэргэжлийн   талаар   зайлшгүй  шаардлагатай   хүмүүсийг холбогдох байгууллагатай  тохиролцсоны  үндсэн  дээр  түр хугацаагаар  ажиллуулах;
     б/монгол улсын хэмжээнд дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжид  нийцүүлэн  нэр  томъёо тогтоох, жигдлэх асуудлаар заавар, арга  зүйн зөвлөмж боловсруулан холбогдох байгууллага, хүмүүст өгөх буюу хэвлүүлэн нийтийн хүртээл болгох;
     в/комиссоос  баталсан нэр томъёог хэрхэн дагаж мөрдөж байгааг байгууллага,  аж ахуйн нэгж дээр танилцан зааварлаж байхаас  гадна нэгэнт баталсан нэр томъёог буруу хэрэглэвэл тухай бүр залруулах;
     г/шинээр  тогтоосон  буюу  засч  жигдэлсэн нэр томъёог улс даяар мөрдүүлж байх зорилгоор тухайн салбарын санхүүгийн  тусламжтайгаар хэвлүүлж байх.
     9.Салбарын  эрх  бүхий байгууллагууд нь комиссоос баталсан нэр томъёог мөрдүүлж хэвшүүлэхийн зэрэгцээ шинээр хэрэглэх нэр томъёог тус комиссоор заавал хянуулан батлуулж байна.
----оОо-----