- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - АВТО ТЭЭВРИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
АВТО ТЭЭВРИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
/ЗГ-ын 1999 оны 156-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
НЭГ. Нийтлэг үндэслэл
1. Авто тээврийн улсын хяналтын зорилт нь улсын хэмжээнд авто тээврийн талаар мөрдөж байгаа хууль тогтоомж, түүнийг үндэслэн төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас авто тээврийн салбарт нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан дүрэм, журмын биелэлтэд хяналт тавих, тээврийн үйл ажиллагаа, авто тээврийн хэрэгслийн ашиглалтаас шалтгаалан тээвэрлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хохироох, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болох зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх, буруутай үйл ажиллагаа явуулж, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, хохирол зөрчлийг арилгуулахад оршино.
2. Авто тээврийн улсын хяналтыг авто тээврийн улсын хяналтын алба, тусгайлан эрх олгосон төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой авто тээврийн байгууллага, аймаг, нийслэлийн авто тээврийн байгууллагын улсын байцаагчид хэрэгжүүлнэ.
3. Тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тээврийн асуудал хариуцсан эрхэлсэн түшмэл нь авто тээврийн улсын хяналтын албаны дарга, улсын ерөнхий байцаагч байна.
Авто тээврийн хяналтын улсын ерөнхий байцаагчийг тээврийн асуудал эрхэлсэн сайд томилж, чөлөөлөх ба ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар олгоно.
4.Тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын авто тээврийн хяналтын улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг авто тээврийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн санал болгосноор тээврийн асуудал эрхэлсэн сайд томилж, чөлөөлж, байцаагчийн эрхийг нь
олгоно.
5. Аймаг, нийслэлийн авто тээврийн хяналт, зохицуулалт гүйцэтгэх эрх олгосон байгууллагад авто тээврийн улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллана. Авто тээврийн хяналт гүйцэтгэх төв, орон нутгийн байгууллага нь өөрийн үйлчлэх хүрээ, ажлын онцлогоос шалтгаалан улсын байцаагчийн эрхийг төрийн албан хаагчид олгуулан ажиллуулж болно.
6. Энэ дүрмийн 5 дугаар зүйлд дурдсан авто тээврийн хяналтын улсын ахлах байцаагчийг аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын байцаагчийг тухайн байгууллагын эрх баригч нь томилж, чөлөөлөх ба улсын байцаагчийн эрхийг тээврийн асуудал эрхэлсэн сайд олгоно.
7. Ажил төрлийн онцлогоос шалтгаалан зарим яам, тусгай газар авто тээврийн хяналтын улсын байцаагч ажиллуулж болно. Яам, тусгай газарт ажиллах авто тээврийн хяналтын улсын байцаагчийг сайд, тусгай газрын дарга нар нь томилж, чөлөөлөх бөгөөд тэдгээр байцаагчийн эрхийг тээврийн асуудал эрхэлсэн сайд олгоно.
8.Авто тээврийн хяналтын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч (цаашид энэ дүрмэнд "байцаагч" гэх) нь тухайн асуудлаар мэргэшсэн байна.
9. Авто тээврийн хяналтын алба, авто тээврийн хяналтын улсын байцаагчид нь үйл ажиллагаандаа Монгол улсын холбогдох хууль, тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.
10.Байцаагч нь Засгийн газраас загварыг нь баталсан үнэмлэх, хувийн дугаар бүхий тэмдэг болон албан шаардлага, дүгнэлт, акт, торгууль, шийтгэврийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
11.Аймаг, нийслэл, бусад байгууллагад ажиллаж байгаа байцаагчдыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, ажлыг нь шалгах, шалгалтын дүнг нэгтгэн дүгнэлт гаргах, шаардлагатай асуудлаар авах арга хэмжээний санал боловсруулж шийдвэрлүүлэхийг Авто тээврийн улсын хяналтын алба хариуцан хэрэгжүүлнэ.
ХОЁР. Авто тээврийн улсын хяналт явуулах чиглэл
12. Улсын хяналтыг дор дурдсан чиглэлээр хэрэгжүүлнэ:
а) улсын хэмжээнд авто тээврийн талаар мөрдөж байгаа хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, тэдгээрийг үндэслэн төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас авто тээврийн салбарт нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан дүрэм, журмын хэрэгжилт;
б) тээвэрлэлтийн болон тээврийн хэрэгслийн стандарт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагын биелэлт;
в) авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх, тээвэр экспедицийн болон зуучлах үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг явуулах зөвшөөрөл (лиценз)-ийн мөрдөлт;
г) улсын захиалга, даалгавар, цаг үеийн шуурхай тээвэрлэлтийн талаар гарсан хуваарь, гэрээ, захиалгын биелэлт;
д) улсын болон бүс нутаг, аймаг, нийслэлийн хэмжээнд зохих журмын дагуу эрх бүхий байгууллагаас зохион байгуулсан тээврийн дайчилгааны хэрэгжилт;
е) зорчигчдын нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл, цагийн хуваарийн мөрдөлт, зорчих журмын биелэлт;
ж) зорчигчдыг тав тухтай зорчих, ачаа тээшийг гэмтэл согоггүй тээвэрлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах шаардлагыг хангахуйц тээврийн хэрэгслийг бэлтгэж гаргах, тээвэрлэлтийг хугацаанд нь чанартай гүйцэтгэх ажиллагаа;
з) ачааг стандарт, чанарын шаардлагын дагуу тээвэрлэлтэд бэлтгэх, ачих буулгах ажлын зохион байгуулалт, тээврийн хэрэгслийн саатал, сул зогсолт гаргахгүй байх бэлтгэл хангалт, тээврийн хэрэгслийн болон тээвэрлэлтийн бичиг баримтын бүрдэлт;
и) авто тээврийн хэрэгслийн улсын үзлэг, тоо бүртгэлд хамрагдсан байдал, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгслийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдал;
к) тээврийн хэрэгслийг өөрчлөн тоноглосон нь хөдөлгөөний аюулгүй байдал, зорчигчид, хүн амын эрүүл мэнд, ачааны чанар, бүрэн бүтэн байдалд нөлөөлөх нөхцөл бүрдүүлсэн буюу хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх эвдрэл гэмтэлтэй тээврийн хэрэгслийг замд гаргаж буй эсэх;
л) авто зам,гүүр,тэдгээрийн хиймэл байгууламжийн бүрэн бүтэн байдал, тэдгээрт хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж болох эвдрэл гэмтэл байгаа эсэх;
м) авто тээврийн хэрэгсэл эзэмшигчид болон тээвэрлэгчдээс ой, ус, ан агнуур, байгаль орчныг хамгаалах болон гал түймэртэй тэмцэх талаар гарсан хууль тогтоомж, дүрэм, журмыг хэрэгжүүлж байгаа байдал.
ГУРАВ. Авто тээврийн хяналтын улсын байцаагчийн үүрэг, эрх
13. Байцаагч нь дор дурдсан үүрэг хүлээнэ:
а)энэ дүрмийн 12 дугаар зүйлд заасан чиглэлийн дагуу хяналтыг зохион байгуулах;
б/хяналт шалгалт хийсэн байгууллага, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, технологийн нууцыг чанд хамгаалах;
в/хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автах, байгууллага, аж ахуйн нэгж, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
г/хийсэн шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн акт, танилцуулга, албан шаардлага, тоо баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах.
14. Байцаагч нь дор дурдсан эрх эдэлнэ:
а)хяналт шалгалт хийх объектод саадгүй нэвтрэн орох;
б)холбогдох байгууллагатай нь тохиролцон зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор лабораторийн буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;
в)хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт,бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас гаргуулан авах;
г)байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хууль бусаар олсон орлогыг акт үйлдэж улсын орлогод оруулах, мөн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;
д) тээвэрлэлтийн үйл ажиллагаа, авто тээврийн хэрэгслийн ашиглалтаас хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа, учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, тэрчлэн хөдөлгөөний осол аюул гаргаж болох тохиолдолд тээврийн ажил, үйлчилгээг уг зөрчлийг арилгах хүртэл түр хугацаагаар зогсоох, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх;
е)ноцтой осол аюул гарсан, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон, их хэмжээний хохирол учирсан, илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй болон авто зам, гүүр, тэдгээрийн хиймэл байгууламжийн эвдрэл нь хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж болохоор байгаа, авто тээврийн хэрэгсэл эзэмшигчид, тээвэрлэгчдээс ой, ус, ан агнуур, байгаль орчныг хамгаалах болон гал түймэртэй тэмцэх талаар гарсан хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн, ачаа тээвэрлэлтийн явцад ачааны чанар, бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан зөрчил илэрвэл акт, холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх.
15. Байцаагч нь хууль тогтоомж, дүрэм, журам зөрчсөн, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар тавьсан шаардлага биелүүлээгүй гэм буруутай байгууллага, аж ахуйн нэгж, этгээдэд Захиргааны хариуцлагын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн заалтыг үндэслэн дор дурдсан захиргааны хариуцлага хүлээлгэнэ:
а) авто тээврийн талаар мөрдөж байгаа хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, тэдгээрийг үндэслэн төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас авто тээврийн салбарт нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан дүрэм, журам, тээвэрлэлтийн болон тээврийн хэрэгслийн стандарт, улсын захиалга, даалгавар, цаг үеийн шуурхай болон дайчилгааны тээврийн үед гарсан хуваарь, гэрээ, захиалга, зорчигчдын нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл, цагийн хуваарь,зорчих журам зөрчсөн,тасалбаргүй зорчсон,тээврийн хэрэгслийг удаан хугацаагаар сул зогсоосон, зорчигчдыг тав тухтай зорчих,ачаа тээшийг гэмтэл согоггүй тээвэрлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах шаардлагыг хангаагүй тээврийн хэрэгслээр тээвэр хийсэн, тээвэрлэлтийг хугацаанд нь чанартай гүйцэтгээгүй зөрчил гаргасан байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-100000, этгээдийг 300-25000 төгрөгөөр торгож, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх;
б)авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх, тээвэр экспедицийн болон зуучлах үйлчилгээг зөвшөөрөл (лицензи)-гүй гүйцэтгэсэн, энэ талаар мөрдөх журмыг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжид 50000-150000, этгээдэд 3000-30000 төгрөгийн торгууль ногдуулах, зөрчлийг давтан үйлдсэн бол тээвэр гүйцэтгэх зөвшөөрөл (лицензи)-ийг түр хугацаагаар хурааж,хууль бусаар олсон орлогыг улсын орлогод оруулах;
в)тээврийн хэрэгслээ авто тээврийн хэрэгслийн улсын үзлэг, тоо бүртгэлд хамруулаагүй, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгслийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын журмыг зөрчсөн буруутай этгээдэд 5000-25000 төгрөгийн торгууль ногдуулж, хохирлыг нөхөн төлүүлөх;
г) нийтийн тээврийн үйлчилгээ гүйцэтгэж яваа төрийн өмчийн тээврийн хэрэгслийн эд анги, тоноглол,төхөөрөмжийг санаатай эвдэж гэмтээсэн этгээдийг 3000-30000 төгрөгөөр торгож, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх;
д) нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо танхайрах, хулгай дээрэм хийх, бусдыг дайрч доромжлох зэргээр зорчигчдын тавтай зорчиход саад учруулсан этгээдийг уг тээврийн хэрэгслээр аль ойр байрлах цагдаагийн байгууллагад хүргэж, холбогдох зардал, хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх арга хэмжээ авах;
е) улсын ерөнхий болон ахлах байцаагч нар хяналт шалгалтаас зайлсхийсэн албан тушаалтныг 5000-10000, шаардлагатай гэж үзсэн баримт бичгийг танилцуулах, түр хугацаагаар хүлээлгэн өгөхөөс татгалзсан албан тушаалтныг 15000 хүртэл төгрөгөөр торгох;
ж) байцаагчийн албан шаардлагыг эсэргүүцсэн,тогтоосон хугацаанд биелүүлээгүй, шаардлагын биелэлтийг гаргаж ирүүлээгүй албан тушаалтныг 5000-25000, хянан шалгах үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан, гаргах дүгнэлт, шийдвэрт нөлөөлөхийг оролдсон этгээдийг 35000 хүртэл,хяналт шалгалтын холбогдолтой баримт бичгийг гаргаж өгөхөөс үндэсгүйгээр татгалзсан, гэмтээсэн, устгасан, хуурамч бичиг баримт гаргаж өгсөн албан тушаалтныг 30000-50000 төгрөгөөр торгуулах асуудлыг шүүгчид тавьж шийдвэрлүүлэх.
ДӨРӨВ. Бусад зүйл
16. Авто тээврийн хяналтын улсын алба,байцаагчийн шийдвэрийг байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан,иргэд хугацаанд нь биелүүлж, хариуг албан ёсоор өгч байх үүрэгтэй.
17. Зөрчил гаргасан этгээд түүнд ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийг тогтоосон хугацаанд нь улсын төсвийн орлогод оруулна.
18. Шалгагдсан байгууллага, аж ахуйн нэгж,албан тушаалтан, иргэд хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, байцаагчийн гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид шийдвэр хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногт багтаан гаргана.
Гомдлыг хүлээн авсан байгууллагын эрх баригч түүнийг авсан өдрөөс 30 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ.Хэрэв энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.
19. Байцаагч энэ дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болон хууль тогтоомж зөрчсөн бол холбогдох хууль,тогтоомжийн дагуу зохих хариуцлага хүлээнэ.
----оОо-----
Текст томруулах
A
A
A