A

A

A

Бүлэг: 1979
БАРИЛГА, ТЕХНИКИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
/Засгийн газрын 1999.6.16-ны өдрийн 100 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
 НЭГ.Нийтлэг үндэслэл
     1.Барилга,  техникийн  улсын хяналтын зорилго нь тус улсын нутаг дэвсгэр  дээр Монголын болон гадаадын барилгын байгууллага,  аж  ахуйн нэгжээс  гүйцэтгэж  байгаа бүх төрлийн барилга байгууламж,  инженерийн шугам сүлжээ,зураг төсөл, инженерийн хайгуулын ажил, түүнчлэн барилгын материал, эдэлхүүний  үйлдвэрлэлт,   өргөх  байгууламжийн угсралт,ашиглалтын аюулгүй  ажиллагааны  байдалд  төрийн захиргааны хяналт явуулж хууль  тогтоомж,  барилгын  норматив  техникийн  баримт  бичиг (барилгын   норм,  дүрэм,  улсын  стандарт,  зураг  төсөл)-ийн мөрдөлтийг хангуулахад оршино.
     2.Барилга,  техникийн улсын хяналтыг барилга,техникийн улсын  хяналтын алба, аймаг, нийслэлийн барилга, техникийн хяналтын  улсын байцаагчид хэрэгжүүлнэ.
     3.Барилга,   техникийн  улсын  хяналтын  албаны  дарга  нь барилга, техникийн хяналтын улсын ерөнхий байцаагч байна. Барилга, техникийн хяналтын улсын ерөнхий байцаагчийг барилгын асуудал  эрхэлсэн  сайд томилж, чөлөөлөх бөгөөд улсын ерөнхий байцаагчийн эрхийг нь Засгийн газар олгоно.
     4.   Барилга,   техникийн  хяналтын  албаны  улсын   ахлах байцаагч, улсын  байцаагч  нарыг  барилга, техникийн хяналтын улсын  ерөнхий байцаагчийн  санал болгосноор барилгын асуудал эрхэлсэн  сайд  томилж, чөлөөлөх  ба  түүнд улсын байцаагчийн эрхийг олгоно.   
  Аймаг,  нийслэлд ажиллах барилга, техникийн хяналтын улсын байцаагчийг  аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөх  бөгөөд  улсын  байцаагчийн  эрхийг  нь барилгын асуудал эрхэлсэн сайд олгоно.
     5.  Ажил  төрлийн  онцлогоос  шалтгаалан  зарим яам,тусгай газарт барилга,  техникийн  хяналтын улсын байцаагч ажиллуулж болно.Тэдгээр байцаагчийг  сайд,  тусгай  газрын  дарга  нар нь томилж,чөлөөлөх бөгөөд улсын байцаагчийн эрхийг нь барилгын асуудал эрхэлсэн сайд олгоно.
     6.Барилга,  техникийн хяналтын ерөнхий байцаагч, улсын ахлагч байцаагч,улсын  байцаагч  /цаашид  энэ дүрэмд "байцаагч" гэх/ нь тухайн асуудлаар мэргэшсэн байна.
     7.  Барилга,  техникийн улсын хяналтын алба, байцаагчид нь үйл ажиллагаандаа  Монгол  улсын  холбогдох  хууль  тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.
     8.  Байцаагч  нь  Засгийн  газраас  загварыг  нь  баталсан үнэмлэх, хувийн  дугаар  бүхий  тэмдэг болон албан шаардлага, дүгнэлт, акт, торгууль, шийтгэврийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
      9.Аймаг,  нийслэлд   ажиллаж  байгаа байцаагчдыг мэргэжил, арга  зүйн удирдлагаар хангах, ажлыг нь шалгах, шалгалтын дүнг нэгтгэн  дүгнэлт гаргах,  шаардлагатай  асуудлаар  авах  арга хэмжээний санал боловсруулж шийдвэрлүүлэхийг барилга,техникийн улсын хяналтын алба хариуцан хэрэгжүүлнэ.
 ХОЁР.  Барилга,  техникийн  улсын хяналтын чиглэл
      10.Барилга,техникийн улсын хяналтыг дор дурдсан чиглэлээр хэрэгжүүлнэ:
         а/бүх төрлийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ/шинэ барилга, өргөтгөл, шинэчлэлт, их засвар/-ний угсралтын ажлын чанар, аюулгүй ажиллагаа;
        б/барилгын материал, эдэлхүүний чанар;
        в/хот   суурин   газрын   барилгажилтын  ерөнхий  болон нарийвчилсан  төлөвлөгөөний хэрэгжилт;
        г/   барилга  байгууламж, инженерийн  шугам сүлжээний ашиглалт;
        д/  өргөх  байгууламж/3 тонноос дээш даацтай, машинчийн бүхээг бүхий кран, 0,1 тонноос дээш даацтай цахилгаан шат/-ийн угсралт, ашиглалтын үеийн аюулгүй ажиллагаа;
        е/барилга  байгууламж, инженерийн шугам сүлжээний  зураг  төсөл,  инженерийн  хайгуулын  ажлын   чанар;
        ж/барилга байгууламж, зам, гүүрт гарсан нуралт, эвдрэл, өргөх байгууламжид  гарсан  аваарь, хүний амь хохироосон буюу хүнд, бүлэг ослын шалтгаан;
        з/барилгын  үйлдвэрлэл эрхлэх байгууллага,аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл явуулах зөвшөөрөл /лицензи/-ийн хэрэгжилт;
        и/барилга   байгууламж,  инженерийн  шугам сүлжээ, барилгын  материал,  эдэлхүүний  үйлдвэрлэлийн  норм, үнийн үндэслэл;
        к/барилга   байгууламж,  инженерийн  шугам сүлжээний угсралтын  ажлыг  эхлэх,  үргэлжлүүлэн   гүйцэтгэх зөвшөөрөл;
       л/барилгын материал, эдэлхүүний чанарын баталгаажуулалт;
       м/барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний  материал, эдэлхүүн, бүтээцийн чанарт шинжилгээ хийх үүрэг бүхий  улсын  экспертиз лабораторийн (холбогдох байгууллагатай хамтран) эрх олголт:
       н/өргөх  байгууламжийг  ашиглалтад оруулах техникийн  магадалгаа, улсын бүртгэл, ашиглах зөвшөөрөл.
 ГУРАВ.Барилга,техникийн  хяналтын  улсын  байцаагчийн үүрэг, эрх:
     11.Байцаагч нь дор дурдсан үүргийг хүлээнэ:
       а/энэ  дүрмийн  10  дугаар  зүйлд заасан чиглэлийн дагуу захиргааны хяналтыг хэрэгжүүлэх;
       б/хяналт  шалгалт  хийсэн  байгууллага, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, технологийн нууцыг чанд хамгаалах;
       в/хууль  тогтоомжийг  чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автах, байгууллага,  аж  ахуйн  нэгж, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
       г/хийсэн  шалгалт,  гаргасан дүгнэлт, бичсэн акт, танилцуулга,  албан  шаардлага,  тоо  баримтын  үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах.
12.Байцаагч нь дор дурдсан эрх эдэлнэ:
       а)хяналт  шалгалт  хийх  объектод  саадгүй нэвтрэн орох;
       б)холбогдох  байгууллагатай  нь тохиролцон зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай  асуудлыг магадлах зорилгоор лабораторийн буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;
       в)хяналт  шалгалтын  ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт,бусад   баримт   бичгийг     холбогдох байгууллага,аж  ахуйн нэгж, албан тушаалтнаас гаргуулан авах;
       г)бүтээгдэхүүний  дээж, загварыг тэмдэглэл үйлдэн захиргааны хяналтын  эрх бүхий байгууллагаас тогтоосон тоо хэмжээгээр үнэ  төлбөргүй авах, шинжлүүлэх;
       д)байгууллага,  аж ахуйн нэгж, иргэдийн хууль бусаар олсон  орлого, эд  хөрөнгийг акт үйлдэж  улсын орлогод оруулах, мөн   бусдад   учруулсан хохирлыг  нөхөн  төлүүлэх   асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;
       е)хяналт  шалгалтын  явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан  зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох  байгууллага,  аж  ахуйн  нэгж, албан тушаалтанд шаардлага тавьж,  хугацаатай  үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах;
       ж/барилга   байгууламж,  инженерийн   шугам сүлжээний зураг, хайгуул, угсралтын ажлын чанарт ноцтой зөрчил илэрвэл зөрчлийг арилгах хүртэл ажлыг түр зогсоох,шаардлагатай гэж үзвэл ажлыг дахин шинээр гүйцэтгүүлэх;
       з/улсын  стандарт,  барилгын  норм, дүрэм, зураг төслийн шаардлага хангаагүй  барилгын  материал, эдэлхүүн үйлдвэрлэх, нийлүүлэх,   ашиглахыг хориглох,  устгах,  зохих   шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, зөрчил нь  давтагдан  гарах нөхцөл бүрдсэн бол үйлдвэрлэлийг бүрмөсөн зогсоох,  асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх;
       и/өргөх  байгууламж  дээр хүний амь хохироох, бие махбодийг  гэмтээх,  эд  материалын  ихээхэн  хохирол  учруулахуйц ноцтой  осол,аваарь  гарч болзошгүй  байхаар бол ажиллуулахыг хориглох;
       к/өргөх   байгууламжийн   машинч,   операторчин    нарын сургалтад хяналт  тавьж  мэргэжлийн  комиссын  олгосон эрхийн үнэмлэхийг баталгаажуулах;
       л)ноцтой  осол  аюул  гарсан,  хүний амь нас, эрүүл мэнд хохирсон, их  хэмжээний хохирол учирсан, гэмт хэргийн шинжтэй зөрчил  илэрсэн тохиолдолд   шалгалтын  акт, холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлэх.
13.Байцаагч  нь  хууль  тогтоомж,  дүрэм, журам зөрчсөн, илэрсэн зөрчлийг  арилгуулах  талаар  тавьсан шаардлагыг биелүүлээгүй  гэм буруутай  байгууллага, аж ахуйн нэгж,этгээдийг Монгол  Улсын Захиргааны хариуцлагын тухай хууль,Төрийн хяналт шалгалтын  тухай  хууль, Хэрэглэгчийн  эрхийг хамгаалах тухай хууль   болон   холбогдох  бусад хууль  тогтоомжийн   заалтыг үндэслэн   дор   дурдсан  захиргааны хариуцлага   хүлээлгэнэ:
       а/барилгын  үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан байгууллага,  аж ахуйн нэгжийг 100000-200000 төгрөгөөр  торгох;
       б/барилга-угсралтын   ажлыг  эхлэх,  үргэлжлүүлж   барих зөвшөөрөл аваагүй   ажил   эхэлсэн  захиалагч,    гүйцэтгэгч байгууллага,  аж  ахуйн нэгжийг 50000-100000 төгрөгөөр торгох;
       в/барилга   байгууламж,  инженерийн   шугам сүлжээг ашиглах  дүрэм,  журмыг зөрчин бат бэх, тогтворт буюу найдварт  чанарыг бууруулах,  алдагдуулахад хүргэсэн байгууллага,  аж  ахуйн нэгжийг 50000-250000, албан тушаалтныг 30000- 50000, иргэнийг 20000-40000 төгрөгөөр торгох;
       г/барилга   байгууламж,  инженерийн   шугам сүлжээний зураг  төсөл,  хайгуул,  угсралтын  ажил,  барилгын материал   эдэлхүүний чанар  нь  түүний  бат  бэх,  тогтворыг алдагдуулахад   хүргэсэн байгууллага,   аж  ахуйн    нэгжийг 200000-250000,  албан  тушаалтныг 40000-50000  төгрөгөөр, бат бэх,   тогтворыг  бууруулсан  байгууллага,  аж ахуйн  нэгжийг 150000-200000,албан   тушаалтныг   20000-30000 төгрөгөөр, найдвартай   чанарыг  бууруулсан  байгууллага,  ахуйн  нэгжийг 50000-150000,албан  тушаалтныг  1000-20000  төгрөгөөр  тус тус торгох;
       д/хот  суурин газрын барилгажилтын ерөнхий болон нарийвчилсан төлөвлөгөөг  зөрчих  зэргээр  хот  байгуулалтын дүрэм, журмыг гажуудуулсан байгууллага,аж ахуйн нэгжийг 80000-150000, этгээдийг 10000-40000 төгрөгөөр торгох;
       е/барилга  байгууламж, инженерийн шугам сүлжээний  талаар үйлчилгээ үзүүлэхдээ улсын стандарт болон барилгын норм  зөрчиж,  хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд гэм  хор  учруулж  болзошгүй байдал  бий  болгож хэрэглэгчийн эрхийг   хохироосон  байгууллага,  аж ахуйн  нэгжийг  200000, иргэнийг  50000 хүртэл төгрөгөөр торгож, уг бүтээгдэхүүн,ажил, үйлчилгээний   борлуулалтын   орлогыг  хурааж  улсын орлогод оруулах;
       ж/барилгын  ажил  гүйцэтгэсний  дараа  зам,талбай, шугам сүлжээ болон  бусад  байгууламжийг  анх  байсан  байдлаар  нь сэргээн  засаагүй, эсхүл  дутуу буюу чанаргүй гүйцэтгэсэн бол зөрчил  гаргасан  байгууллага, аж ахуйн нэгжийг 150000, албан тушаалтныг  40000,  иргэнийг  30000 төгрөгөөр тус тус торгох;
       з/өргөх   байгууламжийн  ашиглалт,  аюулгүй  ажиллагааны журам зөрчсөн  нь  эрүүгийн  хариуцлага  хүлээлгэхээргүй  бол зөрчил  гаргасан байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-250000, албан  тушаалтныг 40000-60000, иргэнийг 10000-30000 төгрөгөөр торгох;
       и/барилга,  техникийн  хяналтын  улсын ерөнхий байцаагч, ахлах байцаагч нар хяналт шалгалтаас санаатайгаар зайлсхийсэн албан  тушаалтныг 5000-10000,  шаардлагатай  гэж үзсэн баримт бичгийг   танилцуулах,   түр хугацаагаар  хүлээлгэн   өгөхөөс зайлсхийсэн  албан  тушаалтныг  15000 хүртэл төгрөгөөр торгох;
       к)байцаагчийн   албан  шаардлагыг  эсэргүүцсэн,тогтоосон хугацаанд биелүүлээгүй,   шаардлагын   биелэлтийг     гаргаж ирүүлээгүй  албан тушаалтныг  5000-25000,  хянан  шалгах  үйл ажиллагаанд  саад учруулсан, гаргах дүгнэлт, шийдвэрт нөлөөлөхийг  оролдсон этгээдийг 35000 хүртэл,хяналт шалгалтын холбогдолтой  баримт бичгийг гаргаж өгөхөөс үндэсгүйгээр татгалзсан, гэмтээсэн,  устгасан,  хуурамч бичиг баримт гаргаж өгсөн албан тушаалтныг  30000-50000  төгрөгөөр  торгуулах асуудлыг шүүгчид тавьж шийдвэрлүүлэх.
 ДӨРӨВ.Бусад зүйл
      14.   Ашиглалтад   байгаа  болон  баригдаж  буй   барилга байгууламж, инженерийн  шугам  сүлжээнд   нуралт, эвдрэл, өргөх байгууламжид ноцтой аваарь, хүний амь хохироосон буюу  хүнд,  бүлэг осол  гарсан  тохиолдолд  аж  ахуйн  нэгж, байгууллагууд нь барилга, техникийн улсын хяналтын алба, хууль хяналтын байгууллагад нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
15.Барилга,  техникийн  улсын хяналтын алба,байцаагчийн шийдвэрийг байгууллага,  ажахуйн нэгж, албан тушаалтан,иргэн хугацаанд нь биелүүлж, хариуг албан ёсоор өгч байх үүрэгтэй.
     16. Шалгагдсан байгууллага,аж ахуйн нэгж,албан тушаалтан, иргэд хяналт  шалгалтын  явцад  хууль  тогтоомж  зөрчигдсөн, байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо шийдвэр  хүлээн  авсан өдрөөс  хойш 10 хоногийн дотор шалгалт хийсэн   байгууллагын  эрх  баригчид  буюу  дээд  шатны  улсын байцаагчид   гаргана.Гомдлыг  хүлээн  авсан албан   тушаалтан хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ.
 Хэрэв энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.
17.Байцаагч нь энэ дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болон  хууль тогтоомж зөрчсөн бол холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
 
------оОо------