A

A

A

Бүлэг: 1979
/Энэ тогтоолыг 2003 оны 37 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
 НЭГ. Нийтлэг үндэслэл
     1. Харилцаа холбооны улсын хяналтын зорилт нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс харилцаа холбооны салбарт мөрдөж байгаа хууль тогтоомж болон тэдгээрийг үндэслэн төрийн захиргааны эрх бүхий  байгууллагаас  харилцаа холбооны  салбарт мөрдүүлэхээр гаргасан дүрэм, журмын биелэлтийг хангуулахад оршино.
     2.Улсын  хяналтыг  харилцаа холбооны хяналтын алба, аймаг, нийслэлийн харилцаа  холбооны  байгууллагын  улсын байцаагчид хэрэгжүүлнэ.
     3.Харилцаа  холбооны  асуудал  эрхэлсэн  төрийн захиргааны төв байгууллагын харилцаа холбооны салбарын зохицуулах зөвлөлийн  ерөнхий зохицуулагч нь харилцаа холбооны улсын хяналтын албаны дарга, улсын ерөнхий байцаагч байна.    
 Улсын ерөнхий байцаагчийг харилцаа холбооны асуудал эрхэлсэн  сайд томилж, чөлөөлөх бөгөөд ерөнхий байцаагчийн эрхийг нь Засгийн газар олгоно.
     4.Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад  ажиллах  улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг ерөнхий байцаагчийн санал болгосноор харилцаа холбооны асуудал эрхэлсэн сайд, аж ахуйн нэгж, байгууллагуудад ажиллах харилцаа холбооны хяналтын улсын байцаагчийг харъяаллаас нь хамааруулан тухайн байгууллагын эрх баригчид болон аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөх ба улсын байцаагчийн нь эрхийг харилцаа холбооны асуудал эрхэлсэн сайд олгоно.
     5.Ажил  төрлийн  онцлогоос  шалтгаалан  зарим  яам, тусгай газар харилцаа  холбооны  хяналтын  улсын  байцаагч ажиллуулж болно. 
    Яам, тусгай  газарт  ажиллах  харилцаа  холбооны хяналтын улсын  байцаагчийг сайд,  тусгай  газрын  дарга  нар  томилж, чөлөөлөх  ба  улсын  байцаагчийн  эрхийг  нь харилцаа холбооны асуудал эрхэлсэн сайд олгоно.
     6.Харилцаа   холбооны  хяналтын  ерөнхий  байцаагч,  улсын ахлах байцаагч,  улсын байцаагч /цаашид энэ дүрэмд "байцаагч" гэх /нь тухайн чиглэлээр мэргэшсэн байна.
     7.Харилцаа холбооны улсын хяналтын алба, байцаагчид нь үйл ажиллагаандаа Монгол  Улсын холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.
      8.Байцаагч   нь  Засгийн  газраас  загварыг  нь   баталсан үнэмлэх, хувийн  дугаар  бүхий  тэмдэг болон албан шаардлага, дүгнэлт, акт,торгууль, шийтгэврийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
     9.Аймаг,    нийслэл,  бусад  байгууллагад  ажиллаж  байгаа байцаагчдыг мэргэжил,  арга зүйн удирдлагаар хангах, ажлыг нь шалгах,  шалгалтын  дүнг нэгтгэн дүгнэлт гаргах, шаардлагатай асуудлаар   авах  арга хэмжээний санал боловсруулж шийдвэрлүүлэхийг  Харилцаа  холбооны  хяналтын  улсын  ерөнхий байцаагч хариуцан хэрэгжүүлнэ.
 ХОЁР.  Харилцаа холбооны улсын хяналт явуулах чиглэл
      10.Улсын  хяналтыг  дор  дурдсан  чиглэлээр  хэрэгжүүлнэ:
        а)  харилцаа  холбооны  шугам, сүлжээ, тоног төхөөрөмж, ашиглалт,
 үйлчилгээний   стандарт,   технологийн    мөрдөлт;
        б)  харилцаа холбооны шугам, сүлжээ, тоног төхөөрөмжийн хамгаалалтын болон   үйлчилгээний  дүрэм,  журмын   мөрдөлт;
        в)   радио   долгионы   ашиглалтын  дүрмийн    биелэлт;
        г) шуудангийн үйлчилгээний чанар.
  ГУРАВ. Харилцаа холбооны хяналтын улсын байцаагчийн үүрэг эрх
     11.Байцаагч нь дор дурдсан үүрэг хүлээнэ:
        а)энэ  дүрмийн  10  дугаар зүйлд заасан чиглэлийн дагуу хяналтыг хэрэгжүүлэх;
        б/хяналт  шалгалт  хийсэн байгууллага, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, технологийн нууцыг чанд хамгаалах;
        в/хууль  тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автах, байгууллага, аж ахуйн нэгж, иргэний эрх,хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
        г/хийсэн  шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн акт, танилцуулга,  албан  шаардлага,  тоо  баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах.
                              12. Байцаагч нь дор дурдсан эрх эдэлнэ:
        а)хяналт  шалгалт  хийх  объектод саадгүй нэвтрэн орох;
        б)холбогдох  байгууллагатай нь тохиролцон зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай  асуудлыг магадлах зорилгоор лабораторийн буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;
        в)хяналт  шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт,бусад баримт бичгийг холбогдох байгууллага,  аж   ахуйн нэгж,  албан  тушаалтнаас  гаргуулан   авах;
        г)байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хууль бусаар олсон  орлого, эд  хөрөнгийг акт үйлдэж  улсын орлогод оруулах, мөн   бусдад   учруулсан хохирлыг  нөхөн  төлүүлэх   асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуушийдвэрлэх;
        д)хяналт  шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан  зогсоох, түүний шалтгаан,нөхцөлийг арилгах талаар холбогдох  байгууллага,  аж  ахуйн  нэгж, албан тушаалтанд шаардлага тавьж,хугацаатай  үүрэг  даалгавар  өгч, биелэлтийг хангуулах;
        е)   стандарт,   технологийн  шаардлага   хангаагүйгээс үйлчилгээг саатуулсан,  чанарын  гологдол гаргасан тохиолдолд холбогдох үйлчилгээний хураамжийг хэрэглэгчдэд буцааж олгуулах асуудлыг шийдвэрлэх;
        ж)ноцтой  осол  аюул  гарсан, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон, их  хэмжээний хохирол учирсан, гэмт хэргийн шинжтэй зөрчил  илэрсэн тохиолдолд   шалгалтын  акт, холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлэх.
     13.Байцаагч нь хууль тогтоомж, дүрэм, журам зөрчсөн, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэм буруутай  этгээдэд Захиргааны хариуцлагын тухай хууль, Төрийн хяналт  шалгалтын  тухай  хууль болон  холбогдох  бусад хууль тогтоомжийн заалтыг үндэслэн дор дурдсан захиргааны хариуцлага хүлээлгэнэ:
       а)харилцаа  холбооны  шугам,  сүлжээ, тоног төхөөрөмжийг эвдэж сүйтгэсэн,  харилцаа холбооны хэвийн ажиллагаанд саатал учруулсан,  эсвэл үйлчилгээний  дүрэм,  журам  ноцтой  зөрчиж холбооны   болон  холбоогоор үйлчлүүлдэг  байгууллага,иргэдэд хохирол  учруулсан,  шууданг  алдаж үрэгдүүлсэн,  төөрүүлсэн, замд нь задалсан этгээдийг 1500-35000 төгрөгөөр торгож, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх;
      б)харилцаа  холбооны  шугам,  сүлжээ,  тоног төхөөрөмжийн ашиглалт, үйлчилгээний  стандарт,  технологи,  радио долгионы ашиглалтын дүрмийг зөрчиж, хэрэглэгчдэд элдэв саатал учруулсан этгээдэд 20000-35000 төгрөгийн торгууль ногдуулах;
      в)  харилцаа   холбооны   хяналтын  улсын  ерөнхий, ахлах байцаагчид нь  хяналт шалгалтаас зайлсхийсэн албан тушаалтныг 5000-10000, шаардлагатай гэж үзсэн баримт бичгийг танилцуулах, түр хугацаагаар хүлээлгэн өгөхөөс зайлсхийсэн албан тушаалтныг 15000 хүртэл төгрөгөөр торгох;
      г)харилцаа  холбооны  хяналтын  улсын  байцаагчийн  албан шаардлагыг эсэргүүцсэн,  тогтоосон  хугацаанд  биелүүлээгүй, шаардлагын  биелэлтийг гаргаж  ирүүлээгүй  албан  тушаалтныг 5000-25000,  хянан  шалгах  үйл ажиллагаанд  саад  учруулсан, гаргах  дүгнэлт, шийдвэрт нөлөөлөхийг оролдсон этгээдийг 35000 хүртэл,  хяналт  шалгалтын  холбогдолтой баримт бичгийг гаргаж өгөхөөс  үндэсгүйгээр  татгалзсан, гэмтээсэн, устгасан, хуурамч бичиг   баримт  гаргаж  өгсөн  албан  тушаалтныг   30000-50000 төгрөгөөр торгуулах асуудлыг шүүгчид тавьж шийдвэрлүүлэх.
  ДӨРӨВ. Бусад зүйл
     14.  Харилцаа  холбооны  улсын  хяналтын  алба,байцаагчийн албан шаардлагыг  байгууллага,  аж  ахуйн  нэгж,иргэд,  албан тушаалтан хугацаанд нь мэдэгдэх үүрэгтэй.
     15.  Шалгуулсан  байгууллага,аж  ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан,  иргэд хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, байцаагчийн гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо  шалгалт  хийсэн  байгууллагын эрх баригчид шийдвэрийг хүлээн  авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор гаргана. Байгууллагын  эрх  баригч  уг гомдлыг 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Эрх баригчийн  гаргасан  шийдвэрийг  гомдол  гаргагч эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.
     16.Байцаагч  нь  энэ  дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болон хууль тогтоомж зөрчвөл холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих хариуцлага хүлээнэ.
-----оОо------